Монголын ойн салбарын шинэчлэл сургалт семинар боллоо
Үйл явдал
/
2024-08-22

Энэхүү сургалт-семинарыг Бүгд Найрамдах Словени Улсын элчин сайдын яамны дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Монголын ойн салбарын шинэчлэл” төслийн хүрээнд, Монгол оронд ойн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан зохион байгууллаа.

Энэхүү сургалт-семинараар Ой, модны салбарын эмэгтэйчүүд болон мэргэжилтнүүдийг чадавхжуулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх, түншлэл хөгжүүлэх, мэдлэг, чадвараа хуваалцах боломжийг бүрдүүлэхийг зорьж байна. Түүнчлэн, энэ салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн идэвх, оролцооны өнөөгийн байдал, хэрхэн ойн салбарын үйл ажиллагаа болон тогтвортой байдлын хэрэгжилтэд эмэгтэйчүүдийг түлхүү оролцуулах, мөн ойн салбарын эмэгтэйчүүдийн орлогыг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх, гадаадын туршлага, ололт-амжилтаас хуваалцах, хоорондоо мэдээлэл солилцож хамтран ажиллах түншлэлийг нэмэгдүүлэх өргөн хүрээнд энэхүү семинарыг зохион байгуулж байна. 

 

Зохион байгуулагчаар “Ой, тогтвортой байдал, эмэгтэйчүүд” холбоо, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Монголын ой модны мэргэжлийн холбоодын нэгдэл ажиллалаа.

“Ойн бодлого ба Тэрбум мод хөтөлбөр – Эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр ЗГХА Ойн газрын Ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн дарга Б.Ганзориг, “Ойн салбар дахь эмэгтэйчүүд ба хамтын ажиллагаа” сэдвээр “Ой, тогтвортой байдал, эмэгтэйчүүд” холбооны захирал Др. М.Хишигжаргал нар илтгэл тавив. 

Хүндэт зочдоор Бүгд найрамдах Словени улсын Ерөнхийлөгч эрхэмсэг хатагтай Др. Наташа Пирк Мусар, Монгол улсын Гадаад харилцааны сайд эрхэмсэг хатагтай Б.Батцэцэг, Монгол улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд эрхэмсэг хатагтай С.Одонтуяа нар зочиллоо.

Үйл ажиллагааг нээж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг, Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Ойн газрын дарга Др. Б.Оюунсанаа, Бүгд найрамдах Словени улсын Ойн хүрээлэнгийн захирал Др. Нике Кражнк, Булган аймгийн Ойн анги Н.Цасанчимэг нар оролцож, үг хэлэв. Сургалт, семинар маргааш мод үржүүлгийн газар, ойтой танилцах практик үйл ажиллагаагаар үргэлжлэх болно.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.165.68)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.