Н.Учрал: Эрдэс баялгаас улс орон, ард иргэдэд хүртээх үр өгөөжийг нэмэгдүүлнэ
Үйл явдал
/
2024-10-04
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөөдөр (2024.10.04) “Монгол Улсын уул уурхайн долоо хоног” арга хэмжээнд оролцож, “Үндэсний баялгийн сангийн тухай хууль аж үйлдвэрлэлийг дэмжих нь” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Үндэсний баялгийн сан нь төрөлжсөн гурван сантай байхаар уг хуулиар зохицуулагдсан. Эдгээр сангуудаар дамжуулан улс орон, ард иргэдэд хүртээх үр өгөөжийг нэмэгдүүлнэ.
Ирээдүйн өв сан нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор хуримтлуулах, хуримтлагдсан хөрөнгийг олон улсын зах зээлд хөрөнгө оруулалт хийх замаар үнэ цэнийг өсгөх, арвижуулах зориулалттай. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгийн 65 хувь, сангийн хөрөнгө оруулалтын орлогоос сангийн эх үүсвэр бүрдэнэ. Ирээдүйн өв санд 2024 онд 833 тэрбум төгрөг, 2030 он гэхэд 1 их наяд 117 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төсөөлж буй.
Хөгжлийн сан нь Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт туссан нийгэм, эдийн засгийн нэн чухал төслийг хэрэгжүүлэх замаар иргэдэд шууд бусаар өгөөж хүртээнэ. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай гарсан тохиолдолд гол нэр төрлийн эрдэс баялгийн үнэ тухайн жилийн төсөвт тооцсон тэнцвэржүүлсэн үнээс өндөр байснаас нэмэгдэж орох төсвийн орлогын 50 хувиас Хөгжлийн сангийн сангийн эх үүсвэр бүрдэх бөгөөд тус санд 2024 онд 257 тэрбум төгрөг, 2030 он гэхэд 508 тэрбум төгрөг төвлөрнө гэж тооцсон.
Хуримтлалын сан нь өнөөгийн иргэдийн нийгмийн суурь хэрэгцээ болох боловсрол, эрүүл мэнд, орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэний эрүүл, аюулгүй̆ орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах нөхцөлийг бүрдүүлэх юм. Үүний эхлэл болгож “Эрдэнэс Монгол” нэгдэл 2024 онд 500 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд шилжүүлснээр 10,000 айл өрхийг орон сууцны хөтөлбөрт хамруулах боломжийг бүрдүүлсэн. Тус санд дунд хугацаанд өссөн дүнгээр 1.5 их наяд төгрөг, 2030 он гэхэд 3.5 их наяд төгрөг төвлөрөх урьдчилсан тооцоололтой байна.
Уул уурхайн салбарын төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид чуулдаг #MINING_WEEK_2024 арга хэмжээ 2024.10.02-05-ны өдрүүдэд Налайх дүүрэгт гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.242.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.