УИХ-ын гишүүн асан М.Билэгттэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. Хувийн хөрөнгөөрөө барьж байгуулсан эмнэлгийн зориулалттай обьектийг Засгийн газар худалдан авч, Хавдрын эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжээ нэмэгдүүлэх боломжтой гэдгийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон бусад гишүүд илэрхийлээд буй билээ.
Сайн байна уу, та. Гишүүний ажлаа өгсөнөөс хойш даруй таван жил болж. Энэ хугацаанд хувийн бизнесээ өргөж чадав уу. Ковидын дараах эдийн засгийн хямралаас гарахад бас ч үгүй хугацаа шаардагдлаа шүү?
Сайхан өвөлжиж байна. Ковидын дараах хүндрэл, Хөгжлийн банкны маргаан гээд эдийн засгийн хувьд олон л даваа давлаа. Бизнес хийх чинь уналт, босолт ихтэй байдаг болохоор явах замаараа л явж байна.
Хөгжлийн банкны шүүх хурал, маргаан гэснээс таны асуудал яг ямар түвшинд байна вэ?
Олон жил шалгуулж, бизнестээ хориг тавиулсан хатуу өдрүүдийг давчихлаа. Би 2017 онд тухайн үеийн ханшаар Хөгжлийн банкнаас хамгийн өндөр буюу 10 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатайгаар 36 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний долларын зээл авсан. Түүнийгээ Японы стандарт, чанарт нийцсэн 10 мянга гаруй мкв талбайтай, орчин үеийн техник, тоног төхөөрөмж, орчин нөхцөлтэй эмнэлгийн зориулалттай барилга барьсан. Хэл ам, хэрүүл тэмцэл, улстөржилт дундуур зүтгүүлсээр байгаад арай гэж дуусгатал Хөгжлийн банктай холбоотой асуудалд хомрогдон шалгуулж явсаар одоо Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт төрийн барьцаанд хураагдчихсан нөхцөл байдалтай л байна.
Гэхдээ уг барилгад чинь “Дөрөвдүгээр эмнэлэг” гээд аж ахуй нэгж эрүүл мэндийн үйлчилгээ явуулж байна шүү дээ?
Хэдийгээр шүүхийн барьцаанд байгаа ч аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулах эрх нь нээлттэй юм билээ. Гэхдээ тэр түрээслэгч байгууллага анх тооцсон хэмжээндээ хүртэл үйл ажиллагаагаа явуулж, ашиг орлого олж чадахгүй л байгаа.
Анх Хөгжлийн банкнаас 36 тэрбумыг зээлсэн юм байна. Төслөө амжилттай хэрэгжүүлж дуусгаад, тэгээд Хөгжлийн банкинд хэдэн төгрөг төлөв. Ц.Гарамжав гуай та хоёрыг л тус банкнаас хамгийн өндөр хүүтэй авч, төслөө жин тан дуусгасан гэдэг шүү дээ?
Тийм. Төслөө ч дуусгасан, төлбөрөө ч нэг дахин нугалж төллөө. Эмнэлгээ ч барьцаанд нь өгчихлөө... Би 36 тэрбумын зээл аваад таван жилийн дараа гэрээний хугацаа дуусахад 75 тэрбум төгрөг Хөгжлийн банкинд төлсөн. Үндсэндээ авсан зээлээ нэг дахин нугалж, төрд төлбөр төллөө.
Долларын ханш өссөнтэй холбоотойгоор ийм өндөр хүү, төлбөр төлсөн үү?
Тийм. Анх авсан зээл чинь вальютын зээл учраас долларын ханш өсөхөөр савлагаанд орж, нэмэгддэг. Энэ хугацаанд би үндсэн 36 тэрбум төгрөгөө төлсөн. Мөн 40 орчим тэрбумыг хүүгийн төлбөрт төллөө. Ковидоос үүдэлтэйгээр бизнесийн үйл ажиллагаанд доголдол гарч, хөрөнгө оруулалтын зээл олдоогүй. Хөгжлийн банк иргэний шүүхээр шийдүүлээд, шийдвэр гүйцэтгэлийн үнэлгээ хийлгэн манай эмнэлгийг Хөгжлийн банк барьцаанд авчихсан. Үнэлгээ нь 88,9 тэрбум төгрөг гэж гарсан. Өөрөөр хэлбэл би Хөгжлийн банкнаас авсан зээлээ нэг нугалж төлөөд, нийгэмд маш хэрэгцээтэй байгаа эмнэлгийн барилгыг л босгосон хүн.
УИХ болон Засгийн газрын гишүүд Хавдрын шинэ эмнэлгийн тухай ярихдаа танай эмнэлгийг авчихъя гэдэг яриа гарсан нь хэвлэлд ил боллоо. Та эмнэлгээ төрд өндөр үнээр шахах гээд “хөөцөлдөөд” байгаа юм уу?
Үндсэн хуульд хүн хувийн өмчтэй байна гээд заасан. Хувийн өмчөө яаж захиран зарцуулж, хэнд өгөх, өгөхгүй нь миний дур. Заавал төр ав гээд гүйгээд байгаа зүйл огт байхгүй. Төр авбал авна биз. Шүүхээр үнэлгээ нь 88,9 тэрбум гэж гарсан. Үүнээс чинь Хөгжлийн банкинд 76 тэрбумыг нь шилжүүлнэ гэж тооцвол 10 гаруй тэрбумын л зөрүү гарна. Би өрөө төлөхийн тулд энэ үнэлгээгээр нь зарна. Шинэ эмнэлэг барьна гэхээр хугацаа алдана. Барих төсөв нь манай барилгынхаас ч өндөр гарна. Ийм л зүйл. Би эмнэлгээ өндөр үнээр төрд шахах гэж гүйгээгүй. Байгаа боломжоо зөв ашиглаасай л гэж хүсч байгаа. Энэ барилгыг би анхнаас л нь эмнэлгийн зориулалттай барьсан. Төр авахгүй гэвэл байж л байг. Өөрчлөөд худалдаа, үйлчилгээ, оффис, орон сууц болгож болно. Гэхдээ өдөрт хэдэн араваараа нас барж, хэдэн зуугаараа хэвтэх дарааллаа хүлээж буй иргэдээ хараад үнэхээр элэг минь эмтэрч байна. Манайх Хавдар судлалын төвийн яг хашаанд, 26 мет зайтай л байгаа. Орчин үеийн шинэ техник төхөөрөмж, өрөө тасалгаа, орчин нөхцөл, зай талбай гээд бүх стандартыг хангасан барилга. Нэг хоолойгоор шууд холбоход л болно. Өвдөж, шаналж байгаа иргэдээ бодвол авчихаасай. Эсвэл М.Билэгтийнх учраас авахгүй гээд улстөрийн нөлөөгөөр гацаана уу, төрийн л дур.
Үүнтэй холбоотойгоор тодруулъя. Хавдрын эмнэлэг өргөтгөлөө барих гэж байсан талбайг М.Билэгт гэдэг хүн дээгүүр доогуур гүйж байгаад газрыг нь аваад хувийн эмнэлэг барьчихсан гэдэг яриа олон жил явлаа даа?
Манайх энэ эмнэлгийг барихаар 2010 онд орон сууцны барилга барих гэж байсан талбайг авсан. Анх энэ хавийн газрыг ХСҮТ-д ажиллаж байсан Шагдаржав, Сандуйжав гэдэг элэгний хоёр гавьяат эмч эзэмшиж байсан юм билээ. Шагдаржав гуайн газар дээр орон сууц баригдсан. Сандуйжав гуйан газрыг хэсэг залуус эмнэлэг барьна гэж аваад орон сууц барих суурь цутгачихсан байсан. Би 2011 онд уг газрыг авч өнөөдрийн энэ эмнэлгийг барьсан.
Та түрүүн төрийн мөнгийг өсгөж төлсөн гэлээ. Эмнэлгийг төр авах тухай яриа гарахтай зэрэгцэн таныг хэт өндөр үнээр эмнэлгээ шахах гэлээ гэдэг эсрэг яриа ч гарсан. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
Манай барилгын өртөг тийм ч өндөр биш. Нэг эмч гишүүн л ийм яриа гаргаад, М.Билэгтийн эмнэлгийг төрд авч болохгүй гээд гүйгээд, “хор найруулаад” яваа юм билээ. Дүүргүүдэд баригдаж байгаа жишиг эмнэлгийн барилгыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барьж байгаа. Нэг метр квадратын үнэлгээ 2500 доллар. Улсын нэгдүгээр эмнэлгийн хашаанд “эрхтэн шилжүүлэх төв”-ийн барилгын шав тавьсан. Улсын төсвөөс 140 тэрбумаар санхүүжүүлэхээр болсон. Эдгээртэй харьцуулбал манай эмнэлгийн үнэ бага. Баригдсан барилга гэхэд мкв нь 2500 доллар. Хувийн хэвшил гэхэд хамаагүй хямд өртөг. Даанч хөрөнгө оруулалт нь зээлийн хүүгээрээ нугарчихдаг юм. Ямар ч гэсэн миний хувьд бэлэн барилга байна, үүнийг ашиглаж болно шүү гэдэг мэдээллийг л иргэдэд хүргэж байгаа юм. Өндөр гэж яриад байгаа нь “газрын үнэлгээний зардал, дэд бүтэц холболтын зардал, ТЭЗҮ, зээлийн хүүгийн төлөлт” зэргийг багтаасан үнэлгээ юм. Одоо энэ барилга чинь миний мэдэлд бус, шууд төрийн мэдэлд оччихсон байгаа юм.
Шүүхийн шийдвэрт байгаа барилгаа тэнд байлгаж байгаад түрээсээ аваад л явах сонирхол төлбөр төлөгч талд байдаг. Ашигтай шүү дээ. Гэтэл та эсрэгээрээ хурхан зарах гээд байх юм. Эсрэгээрээ царцаамаар юм...?
Тэгж царцааж, гацаагаад байвал надад ашигтай. Гэхдээ миний ашгаас илүү Монгол хүн өвдөж, хавдраар нас барж болохгүй. Хүний амь наснаас илүү үнэтэй барилга, ашиг хонжоо гэж хаана ч байх ёсгүй. Өвдөж, тэвдэж байгаа иргэд нэг хоног, нэг цагийн ч болов өмнө эмчилгээ хийлгэх нь чухал шүү дээ. Надад өөр ашиг сонирхол байхгүй.
-
Уржигдар 19 цаг 44 мин
-
Уржигдар 16 цаг 34 мин
-
Уржигдар 16 цаг 30 мин
-
Уржигдар 15 цаг 56 мин
-
Уржигдар 15 цаг 50 мин
-
Уржигдар 15 цаг 39 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин
-
Уржигдар 11 цаг 31 мин
-
Уржигдар 11 цаг 28 мин
-
Уржигдар 11 цаг 18 мин
-
Уржигдар 10 цаг 57 мин
-
Уржигдар 10 цаг 18 мин
-
Уржигдар 10 цаг 07 мин
-
2024-12-19
-
2024-12-19
-
Уржигдар 16 цаг 30 мин
-
2024-12-19
-
Уржигдар 10 цаг 18 мин
-
Уржигдар 16 цаг 34 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин