
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Хүний эрхийн Үндэсний Комиссоос Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг өнөөдөр (2025.03.31) өргөн мэдүүллээ.
Хүний эрхийн Үндэсний Комиссоос тус илтгэлээ “Сонгох, сонгогдох эрх: 2024 оны сонгуулийн үйл ажиллагаа”, “Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал”, “Хүний эрх ба цахим технологи”, “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн өнөөгийн байдал, анхаарах асуудал”, “Эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн зарим асуудал”, “Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилт” гэсэн 6 бүлгийн хүрээнд боловсруулжээ.
Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид “Сонгох, сонгогдох эрх: 2024 оны сонгуулийн үйл ажиллагаа” бүлгийн хүрээнд 2024 оны Монгол Улсын Их Хурал болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулиар сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, шууд, тэгш эрхийн үндсэн дээр саналаа чөлөөтэй, нууцаар гаргах үндсэн зарчмыг хэрэгжүүлсэн байдалд дүн шинжилгээ хийсэн талаар танилцуулав.
“Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал” бүлэгт шаардлагатай судалгааны үр дүндээ тулгуурлан өмгөөлөгч, сэтгүүлчийн аюулгүй байдал, хуулийн хүрээнд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах боломж, баталгааг нэмэгдүүлэхэд чиглэсэн санал, шийдлийг дэвшүүлсэн гэлээ.
“Хүний эрх ба цахим технологи” бүлгийн хүрээнд хүний хувийн мэдээлэл, түүнд агуулагдах хувийн нууц, халдашгүй байх эрхийг хамгаалах чиглэлээр дүгнэн илтгэсэн байна. Түүнчлэн, “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн өнөөгийн байдал, анхаарах асуудал”-ын хүрээнд цахим технологид ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн өнөөгийн байдал, анхаарах асуудал, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулжээ.
Мөн “Эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн зарим асуудал”-д тусгайлан судалгаа хийж, хүүхдийн эрхийн асуудлаар мэргэшсэн судлаач, шинжээч, хохирогчдод тусламж үзүүлж буй мэргэжилтнүүдтэй уулзалт, ярилцлага хийжээ. Тоон мэдээлэл, хяналт шалгалтын үр дүнд үндэслэн хүүхдийн эрх, хамгааллын талаар эн тэргүүнд анхаарах асуудлын талаар санал дүгнэлт боловсруулсан байна.
“Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилт” бүлэгт аливаа иргэн эрүүгийн хэрэгт татагдсан үеэс эхлэн ял шийтгэл эдэлж дуусах хүртэлх үе шатыг хамруулсан байна. ХЭҮК-т ирүүлсэн нийт гомдол, мэдээллийн 50 гаруй хувь нь шударгаар шүүлгэх эрх зөрчигдсөн талаарх байдаг учраас холбогдох баримт мэдээлэлд үндэслэн цаашид авах арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулсан талаар танилцууллаа






Холбоотой мэдээ
-
9 цаг 26 мин
-
10 цаг 52 мин
-
Уржигдар 16 цаг 50 мин
-
Уржигдар 16 цаг 18 мин
-
Уржигдар 14 цаг 29 мин
-
Уржигдар 13 цаг 54 мин
-
Уржигдар 11 цаг 44 мин
-
Уржигдар 16 цаг 50 мин
-
2025-03-28
-
2025-03-28
-
Уржигдар 11 цаг 44 мин