“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд Монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх & Чөлөөт бөх”-ийн хоорондох халз барилдаан гэнэтийн бэлэг, гал гарсан уран хурц барилдаанаар дүүрэн сайхан болж өндөрлөлөө. Тэртээ 1999 онд анх зохион байгуулагдсан тус халз барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд “Хайнаа”-г хагалж, долоон тойргийн дараах байдлаар 27:22 давааны харьцаатайгаар чөлөөт бөхийн баг яллаа.
Чөлөөт бөхийн багт улсын арслан Б.Орхонбаяр, улсын заан М.Лхагвагэрэл, улсын заан Д.Хүдэрбулга, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар, улсын харцага Г.Ганхуяг, улсын начин Э.Батмагнай, аймгийн арслан Ч.Алтангэрэл, аймгийн арслан М.Цэрэн, аймгийн заан Б.Бат-Эрдэнэ нар багтсан бол дасгалжуулагчаар нь МУГД Б.Баттулга, Монгол улсын начин Ж.Чулуунбат нар ажиллав. Ялсан баг 50 сая төгрөгийн бай шагнал гардлаа.
Харин жүдо бөхийн багт дархан аварга Н.Батсуурь, улсын заан Д.Анар, улсын заан Б.Серик, улсын начин Х.Цогтгэрэл, улсын начин Б.Лхагвадорж, улсын начин Б.Түвшинтөгс, улсын начин Э.Мөнхжаргал, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, аймгийн арслан М.Баяржавхлан, аймгийн начин Б.Гончигсүрэн нар барилдсан бөгөөд дасгалжуулагчаар нь МУХБ, жүдоч Х.Цагаанбаатар ажилласан юм. Тус баг 25 сая төгрөг гардав.
Мөн чөлөөт бөхийн шилдэг тамирчдын төлөөлөл МУГТ Т.Тулга, ОУХМ, сумын заан О.Сүлдхүү, З.Занабазар нар жүдо бөхийн багийн шилдгүүд болох МУГТ, сумын заан Д.Төмөрхүлэг, МУГТ Ё.Басхүү, Э.Ариунболд нартай үндэсний бөхөөр өрсөлдөж, 8:1 даваагаар мөн чөлөөт бөхийн баг ялалт байлуулж, тав болон гурван сая төгрөгийн шагналын эзэн боллоо.
-
Уржигдар 13 цаг 19 мин
-
Уржигдар 13 цаг 19 мин