ТБХ: ҮНДЭСНИЙ БАЯЛАГИЙН САНГИЙН ХУУЛЬД өөрчлөлт оруулахыг дэмжлээ
Үйл явдал
/
Уржигдар 12 цаг 37 мин

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.01.07/-ийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Мөн хуралдаанаар байнгын хорооны хоёр тогтоолын төслийг хэлэлцэв.

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Зөөвч овоо, Дулаан уулын ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг улсын хөгжлийн бүтээн байгуулалтын 14 мега төслийн нэг болгон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн билээ.

Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Цөмийн энергийн тухай хуульд заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх зэрэг хувилбараар орлуулах тохиолдолд орлогыг Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд төвлөрүүлэх эрх зүйн зохицуулалтыг тодруулан тусгасан байна.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд заасан ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр, Цөмийн энергийн тухай хуульд заасан нэмэгдүүлэн тооцсон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Хуримтлалын санд төвлөрүүлэх зохицуулалтыг нэмж тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар байгалийн баялгаас олсон орлогыг Хуримтлалын сангаар дамжуулан иргэдэд тэгш, шударга хүртээх Үндсэн хуулийн суурь зарчим хангагдах нөхцөл бүрдэх юм.

"Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт байрлах "Дулаан-Уул", “Зөөвч-Овоо”, “Өмнөт” гэсэн талбайд цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Бадрах Энержи” ХХК-ийн төрийн эзэмшлийн 34 хувийн хувьцааг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр болон 10 хувийн төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаанд хөрвүүлж, орлуулах асуудлыг тусгажээ.

Хуулийн төслүүдтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Батжаргал асууж тодрууллаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.183.77)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.