Б.БААСАНДОРЖ: Өмнө нь гишүүн байгаад ДАХИН СОНГОГДООГҮЙ 30 орчим хүнд 12 сарын ЦАЛИНТАЙ тэнцэх хэмжээний ТЭТГЭМЖ өгсөн
Үйл явдал
/
Уржигдар 13 цаг 25 мин

Бүрэн эрх нь дуусаж, УИХ-ын гишүүнээр ажиллахаа больсон гишүүд ажил эрхлээгүй бол 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авдаг УИХ-ын тухай хуульд тусгасан заалт олны шүүмжлэл дагуулаад байна.Тодруулбал, УИХ-ын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9-д "УИХ-ын гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа, тээшний хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно" гэж заасан байна. Энэ асуудлаар УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж мэдээлэл хийлээ.

       Тэрбээр "УИХ-ын гишүүдийн тэтгэмжтэй холбоотой асуудал цахим орчинд гараад байна. УИХ-ын гишүүнийг дөрвөн жилийн хугацаатай иргэд сонгодог. Нөгөө талаараа УИХ-ын гишүүн сонгуульд өрсөлдөөд сонгогдож гарч ирж байгаа сонгуульт албан тушаалтан. Ингээд УИХ-ын гишүүд хуулиар зохицуулагддаг эрх, үүргийг хүлээдэг. Ард түмний төлөөллийн үүргийг хэрхэн гүйцэтгэх вэ гэдгийг нь УИХ-ын тухай хууль болон Дэгийн тухай хуулиар зохицуулдаг. УИХ-ын тухай хуулийг 1992 онд баталсан. Энэ хуульд гишүүний эрх зүйн болон нийгмийн баталгаатай холбоотой заалт байсан. Үүнд "Хэрвээ УИХ-ын гишүүн дахин сонгогдоогүй, эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөн бол өмнө нь эрхэлж байсан албан тушаалд тавина. Албан тушаалд очих боломжгүй бол түүнтэй дүйцэх албан тушаалд томилно гэж заасан".

      Харин 1997 оны УИХ-ын тухай хуульд энэ заалт өөрчлөгдөж, Гишүүний  эрх зүйн байдлын тухай хууль гэж оруулаад "Гишүүнээр дахин сонгогдоогүй бол зургаа хүртлэх сарын тэтгэмж олно" гэж нэмж оруулж өгсөн байна. Харин 2006 оны Их хурлын тухай хуульд "Тухайн гишүүн дахин сонгогдоогүй, эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөн бол 12 сарын тэтгэмж олгоно. Өмнө нь эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн томилно" гэж заасан. Харин өнөөдрийн хэрэгжиж байгаа хуулийг өмнө парламент 2024 онд өөрчилсөн. Ингэхдээ "Өмнө нь эрхэлж байсан албан тушаалд томилно гэдгийг хасаж, "УИХ-ын гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа, тээшний хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно" гэж өөрчилсөн байна. Дэлхийн бусад улсад ч ийм жишиг байна. Харин 1992 оноос хойш хэчнээн гишүүн тэтгэмж авсан бэ гэдгийг би хэлж мэдэхгүй байна. Өмнөх парламентын 76 гишүүний 38 нь дахин сонгогдож, 38 нь сонгогдоогүй. Миний санаж байгаагаар 30 орчим нь өргөдөл өгч тэтгэмж авсан. Гэхдээ сар сардаа өргөдлөө өгвөл хуулийн дагуу тэтгэмжийг олгоод явна. Гишүүд бол олон эрх эдлэхээс гадна хүлээлэн үүрэг гэж бий. Харин орон нутгаас сонгогдсон гишүүдэд орон сууцны дэмжлэг олгодог хууль хүчингүй болсон" гэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.81.47)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.