Н.УЧРАЛ: Төрийн оролцоотой 472 компаниас ТАВАН КОМПАНИ л АШИГТАЙ АЖИЛЛАСАН
Үйл явдал
/
Өчигдөр 15 цаг 01 мин

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмжийг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг боловсруулж, энэ хүрээнд өнөөдрийн хэлэлцүүлгийг МҮХАҮТ-д зохион байгууллаа. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой толгой 99, охин хараат компаниудыг оролцуулаад нийт 123 компани 2023 оны жилийн эцсийн байдлаар нийт 58,087 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулсан байна. Мөн хувьцаа эзэмшигчийн 100 хувийн эрхийг хэрэгжүүлж байгаа 42 хуулийн этгээд, Эрчим хүчний яам-27, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар-15 (Эрдэнэс Монгол нэгдэл), Сангийн яам-7, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам-1, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам-4, Зам, тээврийн хөгжлийн яам-3 хуулийн этгээд байна. Эдгээр компани, үйлдвэрийн газрууд нь 2023 онд нийт 23 их наяд 617 тэрбум төгрөгийн орлого, 16 их наяд 912 тэрбум төгрөгийн зардал, 4 их наяд 983 тэрбум төгрөг буюу 21.1%-ийн цэвэр ашиг, 64 их наяд 200 тэрбум төгрөгийн нийт хөрөнгө, 7.76%-ийн хөрөнгийн өгөөжтэй ажилласан байна.

Мөн 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 43% нь алдагдалтай ажилласан, тайланд оны нийт цэвэр ашгийн дүнгийн 92%-ийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-3.5 их наяд төгрөг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-803 тэрбум төгрөг, “Хөдөө аж ахуйг дэмжих корпораци” ХХК-101 тэрбум төгрөг, “Төрийн банк” ХК-94.7 тэрбум төгрөг, “МИАТ” ТӨХК-52 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан зэрэг цөөн хэдэн компани эзэлж байгаа юм.

Харин орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой 275 хуулийн этгээдийн хувьд 13 хувьцаат компани 21.6 тэрбум төгрөг, 31 хязгаарлагдмал хариуцлагатай компани 18 тэрбум төгрөг, 200 орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар 45.9 тэрбум төгрөг, 31 төсөвт үйлдвэрийн газар 1.6 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу нийт 87.1 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан дүн мэдээ гарсан.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас гаргасан 2023 оны тоон мэдээллээр төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд 99 байгаагаас ТӨХК-48, ТӨХХК-23, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд-11, төрийн өмчит үйлдвэрийн газар-17, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд өрхийн эмнэлэг, эм эргэлтийн сан, нөхөрлөл, аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрууд зэргийг багтааж тооцвол нийт 472 хуулийн этгээд байна.

Хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах зохицуулалтуудыг тусгасан. Үүнд төр, орон нутаг хувьцаа эзэмшигчийн эрхийг ард түмнийг төлөөлөн хэрэгжүүлж байгаагийн хувьд энэхүү онцлог байдалд нь нийцсэн, ил тод, хяналттай, эдийн засгийг зохицуулагчийн чиг үүргээ хувьцаа эзэмшигчийн чиг үүргээсээ салангид хэрэгжүүлэх боломжийг олгов. Төрийн болон орон нутгийн өмчит компани байгуулах үндэслэл, журмыг тусгасан. Ингэснээр төр, орон нутаг эдийн засгийн тооцоо, судалгаагүйгээр хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой салбарт төрийн болон орон нутгийн өмчит компани байгуулах хуулийн дагуу юм. Мөн Төрийн болон орон нутгийн өмчит компанийг эзэмшлийн хувь хэмжээгээр нь буюу төр, эсхүл орон нутаг компанийн гаргасан энгийн хувьцааг бүхэлд нь эзэмшдэг бол төрийн болон орон нутгийн өмчийн компани, төр, эсхүл орон нутаг компанийн гаргасан энгийн хувьцааны тодорхой хувийг эзэмшдэг бол төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани гэсэн хоёр төрлөөр компанийг ангилахаар тусгалаа. Төрийн өмчит Компанийн засаглалыг сайжруулж, хяналтын тогтолцоо, ил тод байдал, үүрэг хариуцлага, ашигт ажиллагаа нэмэгдэж, санхүүгийн үр ашиг, компанийн үнэ цэн өсөж, татварын орлого, төрийн эзэмшлийн ногдол ашиг сайжирна. Төр болон орон нутаг хувьцаа эзэмшигчийн эрхээ ил тод, шударга, хариуцлагатай, өрсөлдөөнд саад учруулахгүй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх олон талын ач холбогдолтой юм. Уг хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцүүлж, ойрын хугацаанд УИХ-д өргөн барихаар ажиллаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.164.100)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.