Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан УИХТГ, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс зохион байгуулсан "Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс", "Үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёлын уламжлал" сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд тусгай байр эзэлсэн нийслэлийн “Эрдмийн өргөө” сургуулийн 11и ангийн сурагч А.Энэрэлийн “Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс” бичвэрийг толилуулж байна.
Би эрх чөлөөт улсын иргэн... Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс гэсэн энэ хэдхэн үгэнд бидний амьдралын асар үнэтэй, юугаар ч орлуулшгүй үнэт зүйл оршин байдаг. Хүн өвдсөн үедээ эрүүл байхын сайхныг, үхэл үзэхээрээ элэг бүтэн байхын үнэ цэнтэйг, алдсан үедээ амар амгалангийн учрыг тунгаадаг шиг бид эрх чөлөөт улсад хүн болж төрсөн болохоор магадгүй эрх чөлөөтэй байхын үнэ цэнийг жинхэнэ утгаар нь мэдэрдэггүй юм болов уу. Тиймээс одоогийн нийгэмд бид чөлөөтэй сэтгэж, хэлэх үг, үзэл бодлоо хэнээр ч хаалгаж, боолгохгүйгээр илэрхийлж, төлбөрийн чадвартай л бол юу хүссэнээ авч чадаж байгаадаа талархах хэрэгтэй. Эрх эдэлж байгаа бол үүргээ ухамсарлах, эрхээ хэтрүүлэн эдлэх нь бусдын эрхийг зөрчдөг гэдгийг ухаарах нь энэ нийгмийн үед оршин тогтнох хамгийн зөв ухагдахуун. Эрх чөлөө, шударга ёс гэдэг хоёр ойлголт салшгүй бөгөөд харилцан хамааралтай оршин тогтнодог.
Хүний эрх гэдэг нь хүн бүрийг хүн гэдгээр нь хүлээн зөвшөөрч, тэгш байдлаар хамгаалах, амьд явах эрхээс эхлэн хувь хүн, эдийн засаг, соёл, улс төрийн бүхий л эрхүүдийг багтаасан ойлголт юм. Хүний эрхийг бодитой хэрэгжүүлэхэд чухал үзэл санаа бол эрх чөлөө. Эрх чөлөө нь бусдын эрхийг хөндөхгүйгээр хувь хүний өөрийн сонголтоо хийх, үзэл бодлоо илэрхийлэх боломжийг баталгаажуулдаг8.
Шударга ёс нь нийгэмд хууль, журам, ёс суртахууны хүрээнд тэгш боломж, адил хариуцлагыг хангасан байдлыг илэрхийлдэг. Шударга ёс хэмээх үг нь эртний Грекийн “Өшөө авалт” хэмээх үгнээс гаралтай. Шударга ёс байхгүй газарт эрх чөлөө үгүй. Хэдий хуульд шударга байх тухай заасан байдаг ч нийгэмд шударга бус зүйл оршсоор байдаг8.
Дэлхийн хаана ч шударга ёс бүрэн төгс хэрэгждэггүй бөгөөд бүх зүйл шударга үнэн байна гэдэг бараг л боломжгүй явдал. "Сайны хажуугаар саар оршдог" жамаар шударга бус явдал ил, далд ямар ч хэлбэрээр орших энэ үед тэмцэгч байх нь хамгийн чухал юм. Дэлхийн ихэнх улс орнууд эрх чөлөөг эрхэмлэн дээдэлдэг. Тиймдээ ч Нэгдсэн үндэстний байгууллагын Хүний эрхийн түгээмэл тунхаглал1, улс орнуудын өөрсдийн хууль тогтоомжид хүний эрх, эрх чөлөөг онцгойлон тусгаж, баталгаажуулсан байдаг.
“Хүн бүхэн заяагдмал эрхтэй" хэмээх санааг анх дэлхийн түвшинд тунхагласан Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь олон улсын болон бүс нутгийн хэмжээний хүний эрхийн олон улсын гэрээ, үндэсний хууль тогтоомжийн үндэс суурь билээ. Нэгдсэн үндэстний байгууллагын ерөнхий Ассамблей 1948 оны 12 дугаар сарын 10-нд хуралдан тунхаглалыг батлах үед 58 гишүүн орноос 48 нь хүлээн зөвшөөрсөн түүхтэй4, тус тунхаглалын нэгдүгээр зүйлд Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна, тавдугаар зүйлд хэнд ч эрүү шүүлт тулган, эсхүл хэнтэй ч хэрцгийгээр хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэх ёсгүй хэмээжээ.
Түүх сөхвөл тэртээ XIII зууны үед эрх чөлөөг тунхагласан анхны баримт бичиг нь Эрх чөлөөний харти байв. “Эрх чөлөөний Харти” нь хувь хүний эрхийн баталгааг хангаж өгсөн баримт бичиг бөгөөд анх 1215 онд Англи улсад энэхүү бичгээр дамжуулан Хаан болон эзний засгийн эрх хэмжээг хязгаарлаж, иргэний эрх, эрх чөлөөг зааж баталгаажуулснаараа Магна Хартигийн ач холбогдол оршдог ба дэлхийн анхны эрх чөлөөний баримт бичиг гэгддэг5.
Монгол Улсын Үндсэн хууль2-д хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх тухай эрхэм зорилго болгон тусгасан байдаг. Манай улс ардчилсан нийгмийг цогцлоож, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдлээд 34 жилийн нүүрийг үзэж байна. Энэ цаг үед бид эрхээ хэрхэн эдэлж байгаа вэ, шударга ёс тогтсон уу? Эхээс төрсөн цагаас нярай хүүхэд хамгийн эхэнд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй боловч Улаанбаатар хотын агаарын бохирдол үүнийг алдагдуулдаг. Цаашлаад цэцэрлэг сургуульд аюулгүй орчинд сурч боловсрох эрхтэй ч стандартаас давсан олон хүүхэд нэг ангид байх нь ханиад томуу, амьсгалын замын халдварт өртөхөөс эхлүүлээд маш олон эрсдэлийг дагуулдаг. Энэ бол ердөө эхлэл, өсөж томрох хирээр бидний эрх зөрчигдсөөр, шударга ёс алдагдсаар... Гэсэн ч бид сонгох, сонгогдох, үзэл бодлоо илэрхийлэх, сурч боловсрох гэх мэт олон эрхийг эдэлж бусдад байхгүй эх орон газар шороо, байгалийн баялаг, арвин их түүхтэй билээ. Энэ сэдвийг хөндсөн бол эсрэгцлийг нь орхигдуулж болохгүй. Бидний хувьд хамгийн ойр, тодорхой жишээ бол мэдээж Ардчилсан Солонгос улс. Тус улсын дарга Ким Жон Ил-ийг 2011 онд нас барах үеэр иргэдийн инээхийг хориглосон шийдвэр гарч байсан. Үүнээс гадна тус улс нь социалист нийгэмтэй, хэт эрх чөлөөг эсэргүүцдэг, ард иргэдийнхээ мэдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарладаг.
Манай улс орон ч нэгэн цагт социалист дэглэмтэй байсан түүх бий бөгөөд тухайн цаг үедээ иргэн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ боолгуулж, хүсээгүй нэгэн нь хүчээр ажиллаж, хүссэн нэгэн нь хүсээгүй ажлаа хийж дээрээс ирэх шаардлагыг ёсчлон биелүүлдэг байсан. Гэсэн ч аав ээж, эмээ өвөө, ах эгч нар минь өөрсдийн дуу хоолойг илэрхийлж, тус нийгмийг халан өнөөгийн энэ ардчилсан нийгмийн суурийг тавьж өгсөн ачтай билээ. Тэгвэл орчин цагийн төлөөлөл болсон бидний нүдээр социалист нийгэм нь сайн муу тал хоёул хосолсон ч хүний эрхийг хүндэтгэж, хамгаалах тал дээр дутагдалтай, ард иргэдээ бус улс орноо хөгжүүлэх талаар илүү анхаарч байсан мэт санагдана. Иймд хүний эрхийн хэрэгжилт тухайн улсын засаглалаас хамааран харьцангуй байх шиг. Улс орон бүр ямар нийгмийг бүтээж, тухайн нийгэмдээ хэрхэн оршин тогтнож, бусад улс орнууд болон дэлхийтэй хэрхэн харилцаа холбоо тогтоож, хамтран орших вэ гэдгээ дотооддоо тунхагладаг.
Хүний эрх, эрх чөлөө нь нийгмээсээ шалтгаалан өөр өөр мөн чанартай байдаг. Жишээ нь: Энэтхэг улс нь олон жилийн турш кастын тогтолцоотой оршсон бөгөөд энэ давхраажилт нь Энэтхэгчүүдийн ой тойнд бүрэн суусан бөгөөд одоо ч хэвээрээ. Каст давхраажилттай нийгэмд чи жорлон угаагч айлын хүүхэд болж төрвөл насаараа тэр ажлаа хийх ёстой бөгөөд өөр ажил хийхийг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ нь тухайн хүнийг төрсөн цагаас нь хэн болохыг нь тодорхойлж эрхэнд нь халдаж буй явдал, гэсэн ч энэ нийгмийн гишүүдийн дунд энэ нь байх ёстой үзэгдэл болсон. Харин нээлттэй нийгэм буюу бидний амьдарч буй нийгэмд хэн байхаа өөрөө шийдэж, байр сууриа өөрчлөх бүрэн боломжтой. Энэ явдал нь жирийн үзэгдэл боловч бидний эрхээ эдэлж буй явдал юм. Үүнээс бидний наад захын эдэлж буй эрх нь өөр улсад насаараа эдэлж чадахгүй мөрөөдөл нь болдог байна6. Нийгмийг бүтээж буй ард иргэд тэр нийгмийг хүлээн зөвшөөрөх үү, эс зөвшөөрөх үү гэдгээс хамаарч өөрчлөгдөн, түүхийг бүтээж байдаг.
Эрх чөлөө гэдэг цэвэр агаар, цэнгэг ус, цайдам тал, сүрлэг уулс, аз жаргалтай гэр бүл, хүүхдийн инээмсэглэл гээд тоочоод барамгүй аж. Дэлхийд, улс оронд эрх чөлөө яаж оршдог талаар чадлынхаа хирээр дурдсан бол одоо миний үе тэнгийнхэнд эрх чөлөө гэж юу юм бэ, би, бид эрх чөлөөтэй байж чаддаг болов уу гэсэн асуудлаар өгүүлье. Сошиал хөгжсөн энэ цаг үеийн өсвөр үеийнхэн бол азтай бас азгүй гэж би боддог. Хүссэн мэдээллээ авах боломжийн хажуугаар хүсээгүй дарамтад өртөх нь харамсалтай. Бидний үеийнхэнд хэтийдсэн сошиал хэрэглээ нь амжилтыг авч ирж болох ч түүнээс үүдэлтэй сэтгэл гутрал, өөртөө итгэлгүй байдал, амиа хорлолт гэх мэт сөрөг үр дагаврыг дагуулж байдаг.
Зөвхөн сошиал гэлтгүй өсвөр үеийнхний дунд хорт зуршлын хэрэглээ, дам өртөлт, үе тэнгийн дээрэлхэл, гэр бүлийн хүчирхийлэл, орчны бохирдол гэх мэт маш олон эрхийг минь зөрчсөн асуудлууд оршсоор байна. Нэн тэргүүнд гадаад дүр төрх, амьдралын нөхцөл байдал, царай зүсээр нь нэгнээ гадуурхан дээрэлхэх явдал нь өсвөр үеийнхэн бидний дунд их байна.
Монгол Улсын Боловсролын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6 дахь заалтад суралцагч “Бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, ялгаварлан гадуурхах, дарамтлах, доромжлох, нэр төр алдар хүндийг нь гутаах үйлдэл гаргахгүй байх” үүрэгтэй гэж заасан байдаг3. Гэвч төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн орчимд үйлдэгдсэн үе тэнгийн дээрэлхэл, ялгаварлан гадуурхах гэмт хэргийн тоо 2022 онд 108 байсан бол 2023 онд 115 болж өссөн байна7.
Бид нэг дэлхий, нэг тив, нэг улсад төрж өссөн, бид бүгд ижилхэн аав ээжийн хайртай үрс. Хэн нэгний аав мөнгөтэй эрх мэдэлтэй, хэн нэгний ээж төрийн том албан тушаалтан байх нь, чи царайлаг, бусдаас илүү авьяаслаг, сурлага сайтай байх нь, чи багадаа дутуу дулимаг өссөн, хүчирхийлэлд өртөж байсан гээд бусдаас хариу нэхэх нь чиний эрх биш, ийм эрхийг хэн ч чамд өгөөгүй. Хүүхэд ээж аавын толь байдаг, тиймээс үр хүүхдээ зөв хүн болгож, хайраар өсгөөсэй. Японд бусдад төвөг болгохгүй гэж хүмүүжүүлдэг бол манайд бусдын дор орохгүй байгаасай гэж хүмүүжүүлдэг. Үүнээс харахад асар том ухамсрын ялгааг олж харж болно.
Нэгэн аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн охидын дунд болсон явдлыг жишээ болгоё. Царайлаг нуруулаг хэсэг бүлэг охид нэгдэн нөхөрлөдөг бөгөөд найз нөхөдгүй бүрэг ичимхий охидыг ганц нэгээрээ явах үед нь дээрэлхэж, дарамтлан мөнгө нэхдэг байсан ба доод ангийнхаа нэгэн охиныг мөнгө өгсөнгүй хэмээн гуянд нь олон тооны зүү шигтгэсэн тухай яриа сургуулиар тархаж байсан. Тэдгээр охидыг хуулийн байгууллагад шалгуулж зохих шийтгэл ногдуулсан ч эрх нь зөрчигдсөн охидод ямар ч арга хэмжээ аваагүй өнгөрч байжээ. Одоогоос 20 гаран жилийн өмнө болсон эл хэргийг ээж минь надад сэрэмж болгон ярьж өгсөн юм. Одоо ч өсвөр үеийнхний дунд элдэв хэрэг төвөг гардаг. Үүнийг хэрхэн, яаж, хэн зогсоох вэ? Бидний эрхийг хамгаалах байгууллага нь асуудлыг хөндөж чаддаг билүү? Хүүхдүүд өөрсдийн эрхээ хамгаалахын тулд яах ёстой вэ?
Элеанор Рузвельт "Хүний эрх энгийн зүйлээс эхэлдэг. Та бидний амьдарч байгаа гэр, сургууль, ажил, найз нөхөд, гудамж талбай гэх мэт. Хүн эрхээ эдлэхийн тулд ямар эрхтэйгээ мэдэх хэрэгтэй." гэсэн байдаг. Дээр дурдсанчлан эрхээ эдлэхийн тулд ямар эрхтэйгээ мэддэг байх, шударга ёсыг эрхэмлэдэг байх, ёс журмаа дээдэлдэг, хүндэлдэг, чадвартай байж гэмээнэ бид өөрсдийгөө хамгаалах чадвар, дадалтай болно. Иймээс эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид хүүхдийг багаас нь сургах, дасгах, дадлыг эзэмшүүлэх шаардлагатай.
Өнөөгийн нийгэмд хүүхэд бүр сурч боловсрох эрхтэй, хүүхэд өөрөө хичээвэл улсын зардлаар гадаад дотоодын их дээд сургуульд сурч, мэргэжил эзэмших боломжтой мэт харагддаг ч энэ нь амьдрал дээр өрөөсгөл ойлголт юм. Боловсролын зээлийн сангийн төсвийн зарцуулалтаас үүнийг харж болно. Танил тал, мөнгө төгрөгтэй айлын хүүхэд биш бол энэ зээл олдохгүй, сурлагын түвшин муу байсан ч гэсэн энэ зээлийг аваад гаднын улс оронд сурсан нэр зүүгээд ирсэн олон жишээг бид бүгд харсан. Тиймээс бид шударга ёсыг нэхэх эрхтэй. Шударга бус энэ мэтчилэн үйлдэл нь олон олон ардын сурлага сайтай хүүхдүүдийн эрхийг хаасан, улс оронд ихийг бүтээх боломжийг боомилсон, манай улсын боловсролын салбарын хар түүх гэж би үздэг.
Шударга ёсны төлөө тэмцэгчдийн том төлөөлөл нь Пакистан охин Малала Юсуфзай билээ. Би боловсрол эзэмшиж чадахгүй байгаа 61 сая хүүхдийн түүхийг яримаар байна. Би бүх охид хөвгүүдийн суралцах эрхийг хамгаалахыг хүсэж байна. Учир нь энэ бол тэдний үндсэн эрх. “Нэг хүүхэд, нэг багш, нэг үзэг, нэг ном дэлхийг өөрчилж чадна” хэмээсэн байдаг5.
Хүн бүхэн хууль мэддэг байх албагүй ч гэлээ буруу зүйл, шударга бус үйлдэлд хариуцлага хүлээдэг гэдгийг хүүхэд байхаас нь ойлгуулах хэрэгтэй юм.
Мартин Лютер Кинг “Надад мөрөөдөл бий” илтгэлдээ “Миний дөрвөн хүүхэд нэгэн өдөр арьсны өнгөөр бус, өөрийн чадвар, чадлаараа үнэлэгдэх тийм улсад амьдраасай гэж би мөрөөддөг” хэмээн бичсэн байдаг.5 Тиймээ надад ч бас мөрөөдөл бий. Миний мөрөөдлийн ирээдүйд хүүхэд бүр аз жаргалтай байж эрх, эрх чөлөөгөө эдэлж чаддаг, хэнээс ч айдаггүй, хэнийг ч ялгаварлан гадуурхдаггүй тийм Монгол Улс оршдог. Би хүсвэл, бид хүсвэл ирээдүйг өөрчлөх хүч бидэнд бий.
-
10 цаг 48 мин
-
11 цаг 12 мин
-
14 цаг 57 мин
-
Уржигдар 17 цаг 13 мин
-
Уржигдар 16 цаг 12 мин
-
Уржигдар 16 цаг 09 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 11 цаг 36 мин
-
2025-01-04
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 18 мин