Улаанбаатар хотод метро байгуулах төслийн хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний дагуу инженер-геологийн судалгааны өрөмдлөг хийх 40 цэгийг өнгөрсөн 2024 оны тавдугаар сард тэмдэгжүүлсэн. Энэ хүрээнд метро байгуулах төслийн инженер-геологийн судалгааны өрөмдлөгийн ажлыг эхлүүлээд буй. Тэгвэл өчигдөр /2025.01.12/ Хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар Метро төсөл дээр Английн Засгийн газар баталгаа гаргахаар болсон гэдгийг мэдэгдлээ. Иргэдийн зүгээс тус төслийг хэрэгжүүлэхэд таатай шийдвэрүүд гарч байгаа нь цаасан дээрх ажил товлосон хугацаандаа бодит болох боломжтой гэжээ.
Эргэн сануулахад, БНСУ-ын “Духуа инженеринг” түншлэлийн гишүүн “Сүүсон инженеринг” компани 2011 онд Улаанбаатар хотын метроны анхны ТЭЗҮ боловсруулах суурь судалгааг хийсэн туршлагатай. Улмаар 2013 онд ЖАЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр метроны урьдчилсан ТЭЗҮ-ийг хийсэн юм. Уг судалгаанд үндэслэн “Духуа инженеринг” түншлэл метроны ТЭЗҮ-ийг эцэслэн боловсруулах инженер, геологийн ажлыг 2-3 үе шаттай гүйцэтгэх юм.
Эхний үе шатанд судалгааны ажил хийхээр төлөвлөж буй чиглэлийн дагуу газрын гадаргуугийн геологи, газар зүйн онцлогт шинж чанарын бичиглэл хийж байна. Тогтоосон байршлын дагуу цооногуудад 30 метрийн гүнтэй өрөм тавьж, анхан шатны мэдээлэл цуглуулна. Үүний эхлэл болгож Энхтайваны өргөн чөлөөний дагуу гурван байршилд геологийн судалгааны өрөмдлөгийг эхлүүллээ. Тухайлбал, хотын зүүн хэсэгт Чулуун овооны тойрог, төвд Сүхбаатарын талбайн урд “Блью скай” орчимд, баруун хэсэгт Таван шарын Өлзий төв зогсоолд инженер-геологийн судалгааны өрөмдлөг хийж эхэлсэн.
Хоёрдугаар үе шатанд метроны ТЭЗҮ-ийг нарийвчлан гаргана. Өрөмдлөгийг 30, 50, 70 метрийн гүн хийх юм.
-
4 цаг 47 мин
-
Уржигдар 14 цаг 28 мин
-
Уржигдар 14 цаг 28 мин