
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын хөтөлбөрт багтсан нэгэн онцлог үйл явдал бол тус улсын үндэсний музейд “Чингис хаан” үзэсгэлэнг дэлгэсэн явдал байв. Энэ түүхэн үйл хэргийг сэдэж, хөөцөлдөж, ажил хэрэг болгож, ерөнхийлөгчийн айлчлалын үеэр дэлгэж, Европ тивд Их хааны нэр хүнд, суу алдар, байлдан дагуулалт, Их Монгол улсаас өнөөг хүртэлт эзэн гүрний оршин тогтнолыг агуулсан дэглэлт бүхий үзмэрүүдийг дэлгэх санаачилгыг ажил хэрэг болгосон эрхэм бол “Чингис хаан” үндэсний музейн захирал, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Сампилдэндэвийн Чулуун доктор юм. Энэ эрхэм хүнтэй Чех улсад нээлтээ хийсэн “Чингис хаан” үзэсгэлэнгийн талаар цөөн хором ярилцлаа.
Мянганы суут хүн ЧИНГИС ХААНЫ суу алдрыг дуургасан үзэсгэлэн Чех улсын үндэсний музейд дэлгэгдлээ. Үүнийг сэдэж санаачилж, хоёр жилийн хугацаанд хөөцөлдөж өнөөдөр бодит үйл хэрэг болгосон гол хүн нь та. Ийм түүхийг олон хүн бичихгүй л дээ. Та анхны шангаас өнөөдрийн нээлт хүртэл дурсахгүй юу?
Чехийн үндэсний музей 200 жилийн түүхтэй Европын таван том музейн нэг. Манайх хоёр жил болж байгаа ч Азийн таван том музейн нэгд тооцогддог. Хоёрдугаарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж байгуулсан “ЧИНГИС ХААН” үндэсний музейг өнөөдөр дэлхий сонирхож байна. 1895 онд байгуулагдсан энэ том музейд Монголын музейн үзмэрүүд дэлгэгдэнэ гэдэг бол “алтан боломж”. Энэ том давлагаа тийм ч удаан үргэлжлэхгүй. Дайнтай учраас дэлхий нийтээрээ энх тайвныг тогтоосон аугаа Чингис хааныг сонирхож эхлээд байна. Ийм ховор цаг үе. Чех улсын Ерөнхийлөгч үзэсгэлэнгийн нээлтэд хэлсэн үгийнхээ төгсгөлд “Чингис хаан” байлдан дагуулагч байсан ч гэсэн Путин шиг биш байсан шүү гэсэн. Манай их хаан өрнө дорныг холбосон, энх амгаланг тогтоосон, соёлын өвийг бий болгосон түүхэн гадвьяатай нэгэн. Засаг захиргаа, дипломат бодлогын үндэс суурийг ямархан зөв тавьсан бэ гэдгийг одоо дэлхий даяар судалж, сонирхож байна.
Өнгөрсөн жил Парист гарсан үзэсгэлэнгээс Чех улсад дэлгэж байгаа үзэсгэлэнгийн агуулга, хэлбэр, үзэл санаа нь мэдээж өөр байна. Энэ удаад ямар үзэл санааг чухалчилж, Еврпын ард түмэнд сонирхуулахаар байгаа юм бэ?
Парист гарсан “Чингис хаан” үзэсгэлэнг таван сарын хугацаанд 250 мянган хүн үзсэн. Чехийн үндэсний музейг нэг жилд нэг сая 250 мянган хүн үздэг гэж байна. Тэгэхээр бид энд үзэсгэлэн гаргаснаараа Монгол улсын тухай, Чингис хааны тухай ойлголтыг нэг сая 250 мянган хүнд хүргэх том боломж нээгдлээ гэж харах хэрэгтэй. Дараа жил Германы алдартай үндэсний музейд нь бас энэ үзэсгэлэнг гаргана. Энэ үзэсгэлэнгүүдийн нэр нь адилхан боловч агуулга нь өөр өөр. Өмнө нь Францад гаргасан үзэсгэлэнгээр Чингис хааныг өрнө дорныг холбосон соёлын том солилцоог бий болгосон гэж гаргасан бол Чех улсад дэлгэж байгаа нь Хүннү гүрнээс өндөр гэгээн хүртэл урт удаан жилийн түүхтэй шүү гэдгийг харуулах зорилготой. Ирэх жил Берлинд гаргах үзэсгэлэнг Чингис хааны байгуулсан “ХАРХОРУМ” бол дэлхийн нийслэл шүү, үүнийг Германчууд судалсан гэдэг агуулгаар гаргана. Өөрөө хэлбэл агуулга, үзмэр, үзэл санаа, дэглэлт болгон нь ондоон байна. Хамгийн чухал тухайн улсын үндэсний музейд гаргах, тэнд байгаа ховор нандин, түүхийн үзмэрийг гаргуулах зорилготой. Энд л гол учир нь бий юм. Чингис хаан бол дэлхийн хүн гэдгийг одоо л хаа хаанаа ойлгож байна.
Төрийн тэргүүний айлчлалын хөтөлбөрт улстөр, нийгэм, бизнесийнхнээс гадна соёл урлагийнхан багтаж дуу хөгжим, үзвэр үйлчилгээгээ дэлхийд сурталчлан таниулж байгаа нь цаагуураа ЧИНГИС ХААНЫ ҮР САД ӨНӨӨДӨР Ч ГЭСЭН ИЙМ ХҮЧИРХЭГ ХЭВЭЭРЭЭ ШҮҮ гэдгийг таниулж байгаа нэг хэлбэр гэж бодож байна. Та санал нийлэх үү?
Берлиний өглөөний сонинд гарсан нэгэн нийтлэлд “Чингис хаан” байлдан дагуулагч бус соёл сэргээгч нэгэн байсан гэдгийг Морин хуурын аялгуу мэдрүүллээ гэж бичсэн байна лээ. Манай улс үзэсгэлэн, дуу хөгжмөө хамтад нь төрийн айлчлалын хүрээнд дэлхийд гаргаж байсан тохиолдол ховор л доо. Энэ бол Ази дотроо онцгой хэв маягтай, дахин давтагдашгүй. Ерөнхийлөгчийн гадаад бодлогын нэг хэсэг нь Монголын өв соёл болж байгаа нь том хувь зохиол. Европ бол музей үзэх соёл, сонгодог урлагийн соёл өндөр хөгжсөн учраас бид нэг үзмэрийнхээ тайлбар зүүлт бүрийг хянаж байх ёстой. Яагаад гэвэл Монголын түүхийг гажуудуулсан зүйл байж болохгүй шүү дээ. Өнгөрсөн жил Францад гарсан үзэсгэлэн Европын топ үзэсгэлэн болсон. Чингисийн байлдан дагуулалтын үед Европ тэр чигтээ л чичирч байсан цаг үе.
Чех улсад үндэсний түүхийн музейд нь их хааныхаа нэрээр овоглосон үзэсгэлэнг дэлгэлээ. Польш улсад ямар гойд сонин зүйл гарах вэ...?
Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд бид Бүгд найрамдах Польш улс, тэр дундаа өнө эртний түүхтэй Краков хотод очно. Тэнд Богд хаант Монгол улсын 1915 оны хүн амын тооллогын баримт бичиг бий. Энэ материалыг би түүхч хүний хувьд хувийн харилцаагаар хөөцөлдсөөр байгаад 10 жилийн өмнө авсан. Түүнийгээ ном болгон эмхэтгэж, нэг нь 1000 хуудас бүхий 9 боть ном хэвлүүлсэн. Энэ номын нээлтийг хийнэ. Монгол, Орос хэлээр хэвлэгдсэн ном юм. Монголч эрдэмтэн Котвеч гэж хүний хувийн архивд Ерөнхий сайд асан Намнансүрэн, Да лам Цэрэнчимэд, Ханддорж, Галдан бошгот хааны хувийн захидлууд зэрэг тухайн үеийн төр засгийн зүтгэлтнүүдтэй ойр харилцаатай байсан юм билээ. Энэ болгоныг би судалж, олж мэдсэн. Өөрөөр хэлбэл би Монголын түүхийг зардаг биш харин Монголд түүхийг нь олж ирдэг хүн шүү гэдгийг хэлэх гэсэн Би 7800 хуудас материалыг Польшоос авсан шүү.
Чингис хаан гэснээс танай музейн гол үзмэр нь “ЧИНГИС ХААНЫ АЛТАН ХӨШӨӨ” боллоо. Нээлтээ хийснээс хойш хэл ам, шүүмжлэл дагууллаа. Та нэг ч удаа тайлбар, зөвтгөл хийсэнгүй.
Чингис хаан бол Монголчуудын бахархал. Бид энэ хүнээр бахархаж, омогших ёстой. Бид энэ алтан хөшөөг Гиннесийн номд бүртгүүлэх гэж байгаа. Бид чинь ЧИНГИСИЙН МОНГОЛ биз дээ. Чингис хааны алтан хөшөөний тамга нь цул алт. Энэ бол бахархал, энэ бол омогшил шүү. Энд гурван гол үндэслэл бий. Нэгдүгээр бид дэлхийн ХААДЫН ХААНЫГ яаж хүндэлдгээ энэ улсуудад гайхуулж байгаа юм. Хоёрдугаарт эзэн чингис хааны энэ хөшөө бол үзмэр биш ШҮТЭЭН. Гуравдугаарт энэ бүтээлийг бий болгохын төлөө маш олон хүн цаг нар, ажил амьдралаа зориулсан. Дөрөвдүгээрт энэ хөшөөнөөс нэг грамм ч алт дуталгүй улсын санд бүртгэгдсэн. Тавдугаарт манай Монголчууд онцгой сонин сайхан зүйлийг хүлээж авахаа больчихож. Бид ийм байж болохгүй. Бидэнд бахархал, омогшил хэрэгтэй байна. Нэг зүйлийг хатуухан хэлэхэд бид бахархалгүй болчихсон. Эзэн Чингис хааныхаа нэрээр нэрлэгдсэн музейг байгуулъя гэхэд эсэргүүцэж байсан хүн цөөгүй байсан гээд бод... Аймар байгаа биз.
Таныг нэр бүхий хэвлэлээр “Түүхээ худалдсан түүхч” гээд бичсэн. Баримт сэлттэй нэвтрүүлэг ч гарсан. Тантай уулзсаных энэ шуугианд нэг хариулт авчихмаар байна?
Би түүхийн нэг ширхэг хуудас ч зарах эрхгүй хүн. Намайг шүүмжилж байгаа хүмүүс миний хийсэн шиг түүхийн бүтээл ядаж нэг ботийг хийчих. Өөрийн үзсэн, судалсан, олсон болон түүхийн мэдлэг, судлалын ажил хийдэг хүний хувьд “Чингис хаан” үндэсний музейг өдий зэрэгт хүргэлээ. . Сэтгүүлч хүн чинь яг л түүхч хүмүүстэй адил. Та нар худлаа юм ярьж, бичиж нийтэлбэл тэр чинь түүх болоод үлдэнэ. Ялгаагүй. Намайг холбож бичиж байгаа энэ зүйл бол цэвэр атаархал гэж би боддог. Ер тоодоггүй шүү дээ.
Түүхч, судлаач хүний хувьд дэлхийд тархсан монгол өв соёл нэртэй 12 боть ном гаргасан. Одоо ер нь судлагдаагүй үлдсэн зүйл бий юу...?
Байж болох бүхий л өвийг дэлхийн өнцөг булангаас олж судалж, цуглуулсан. Одоо ер нь гүйцсэн дээ.
Энд ч ийм өв байна, тэнд ч тийм өв байна гээд л бичиж, ярьж нийтэлдэг. Тэдгээрийг монгол эх оронд нь авчирч залж яагаад болдоггүй юм бэ?
Маш олон жилийн үүх, түүхийг агуулсан гайхамшигтай бүтээлүүд энд тэнд байдаг. Тэдгээрийг дандаа л гараас гар дамжуулж арилжааны шугамаар зарсан, хулгайлсан зүйлс байдаг нь харамсалтай.
Ойролцоогоор тоймлож хэлбэл хэчнээн мянган олдвор, түүхийн баримт, эх сурвалж байдаг бол?
Дэлхий дахинд ойролцоогоор Монголчуудын түүх, өв соёлын агуулгатай 30 орчим мянган олдвор 60 –д музей, архивд байна.
Монголчууд музей байгуулаад, иргэддээ нээлттэй үзүүлээд л байна. Үр дүн гарах нь уу?
Энэ ард түмнийг нэг л өдөр гэнэтхэн ухааруулж, сэхээрүүлчихнэ гэж байхгүй. Аажимдаа бага сага юм мэддэг болох нь л үр дүн. Бид нар соёл, үзвэр, музей гээд шинэлэг зүйлд суралцаж яваа улс. Үр дүн нь хожим мэдэгдэх биз ээ...






Холбоотой мэдээ
-
Өчигдөр 10 цаг 23 мин
-
Өчигдөр 10 цаг 21 мин
-
Өчигдөр 09 цаг 30 мин
-
Уржигдар 17 цаг 16 мин
-
Уржигдар 14 цаг 16 мин
-
Уржигдар 10 цаг 29 мин
-
Уржигдар 09 цаг 48 мин
-
Уржигдар 09 цаг 41 мин
-
2025-03-28
-
Уржигдар 17 цаг 16 мин
-
Уржигдар 09 цаг 37 мин
-
Уржигдар 14 цаг 16 мин
-
2025-03-28