Ц.Билэгтсайхан:  Омикроны тархалт 90 хувьд хүрээд байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-01-20

ХӨСҮТ-өөс коронавируст хувилбарын нөхцөл байдал, халдварын тархалтын талаар мэдээллийг өглөө.

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан “Сүүлийн өдрүүдэд тохиолдлын тоо эрс нэмэгдэж байна. Тохиолдлын тоог илтгэдэг нэг гол үзүүлэлт бол PCR шинжилгээ. PCR шинжилгээгээр эерэг илрэх хувь байдаг. Оны өмнө энэхүү эерэг илрэх хувь 4 хувьтай байсан бол одоо 20 хувь болж нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Өдөрт илрэх эерэг тохиолдлын тандалтын хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд ажлын газар  болон гэр бүлээс халдвар авч буй тохиолдол нийт тохиолдлын 80-90 хувийг эзэлж байна. Мөн сүүлийн таван хоног үйлчлүүлсэн газруудыг танадаж үзэхэд дэлгүүр, эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, томоохон худалдааны төвүүдээр явж байхдаа халдвар авах эрсдэл байна. Халдвар авсан хүмүүсийн 60 хувь нь олон нийтийн газруудаар үйлчлүүлэх явцдаа ойрын хавьтал болсон гэсэн судалгаа байна.

Бидний тооцоогоор тохиолдлын тоо нэгдүгээр сарын сүүл хоёрдугаар сарын эхэн үед оргилдоо хүрнэ. Энэ үед манай уламжлалт Цагаан сарын баяр давхцаж байна. Үүний дараа мөн хүүхдүүдийн хичээл сургуулийн үйл ажиллагаа эхэлнэ. Энэ болгон дээр бид тооцоо судалгаагаа хийж УОК-т саналаа өгсөн байгаа.

ХӨСҮТ дээр коронавирусийн хувилбарын тандалтын шинжилгээ хийгддэг. Оны өмнөх шинжилгээгээр нийт тохиолдлын 1-3 хувь нь Омикрон хувилбар байсан. Он гарсны дараах эхний долоо хоногт 40-50, хоёр дахь долоо хоногт 60-70 болж ихэссэн байна. Хамгийн сүүлд 1 дүгээр сарын 17-ны шинжилгээнээс харахад Омикроны тархалт 90 хувьд хүрсэн байна” гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.1.38)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.