Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын даваа гаригийн ээлжит шуурхай зөвлөгөөний эхэнд цар тахлын тархалттай холбоотой хүндрэлтэй асуудлыг хэлэлцэж, тодорхой чиглэл гаргалаа. Үйлдвэрийн хэмжээнд сүүлийн 72 цагийн байдлаар 155 тохиолдол батлагдаж, Өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад 492 ажилтан байгааг Эрдэнэт сувиллын цогцолбороос мэдээлэв. Халдварын тархалт, ханиад томуу өвчин ихсэж байгаатай холбогдуулан үйлдвэрийн Шуурхай штаб, Эрдэнэт сувиллын цогцолбороос хувийн халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхийн зэрэгцээ дархлаажуулалтын 4-р тунд хамруулах арга хэмжээг эрчимжүүлж байгаа нь үр дүнгээ өгч байна. Иймээс одоогийн авч хэрэгжүүлж буй олон хэлбэрийн арга хэмжээг үргэлжлүүлж, бүтцийн нэгж газар, хэлтсүүд ажилтнуудынхаа халдвар хамгааллын дэглэмд онцгой анхаарал, хяналт тавьж ажиллахыг санууллаа.
Өнгөрсөн долоо хоногт үйлдвэрийн үйлдвэрлэл болон бусад үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөрчил доголдолгүй ажилласан байна. Харин олон үйл явдал өрнөсөн, олон асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн онцлог долоо хоног болсон байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл тэргүүтэй албаны хүмүүс Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, үүсээд буй зэсийн экспорт, ачилтын хүндрэл, өнөөгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан байна. Нийт 200-аад сая ам долларын өртөг бүхий зэсийн баяжмалын ачилтын асуудлыг нэн даруй шийдвэрлэж, холбогдох яам, газруудтай ярилцаж нэг мөр болгохоор болжээ. Энэ асуудлыг шийдвэрлэх хүртэл үйлдвэрийн 10 цэгт хадгалж буй зэсийн баяжмалыг хадгалалт, хамгаалалтын зөв горимд байлгах түр журам боловсруулж, цех нэгжүүдэд хариуцуулж, ажиллах болсныг Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх танилцуулав. Түүнчлэн овоолго ашиглах үйлдвэр барих төсөл, түүнд тусгах санал дүгнэлт, хэрэгжүүлэх арга зам, ажлын төлөвлөгөөг нэгтгэн, боловсруулж, ойрын хугацаанд танилцуулах үүрэг даалгавар өгснийг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн мэдээллээ.
Эрдэнэт үйлдвэр 2022 оныг Их бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, түүхэндээ хамгийн өндөр буюу 900-аад тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтын ажлууд хийхээр төлөвлөсөн. Иймд одооноос энэ ажлын нарийвчилсан төлөвлөгөөг цех нэгж бүр дээр маш тодорхой гаргаж, ирэх 3 дугаар сарын 1-нээс эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа шуурхайлж орохыг Ерөнхий захирал бүтцийн бүх нэгжийн удирдлагуудад анхааруулж, даалгалаа. БСШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан тус үйлдвэрт ажиллах үеэрээ өгсөн чиглэлийн дагуу төрийн өмчит их дээд сургуулиудыг нүүлгэн шилжүүлэх, Эрдэнэт цогцолбор дээд сургуулийг цаашид хэрхэн өргөжүүлж, хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэхэд чиглэл хариуцсан орлогч болон холбогдох мэргэжилтнүүд анхаарч ажиллах үүрэг авав.
Эрдэнэт үйлдвэрийн 2021 оны үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөний биелэлт, үр дүнгийн тайлангийн хурал өнгөрсөн долоо хоногт боллоо. Хурлын үйл ажиллагаа, үр дүнгээс гарсан шийдвэр, авах арга хэмжээ, үүрэг даалгаврын төлөвлөгөөг ойрын үед гаргаж, цех нэгжүүдэд танилцуулна. Мөн энэ удаагийн тайлангийн хурлаас ажилтны бүтээмжийг цалин урамшуулалтай хэрхэн уялдуулах, тодорхойлох аргачлалтай болохоор Хөгжлийн хэлтсээр ахлуулсан ажлыг хэсэг гаргасан байна.
М.Балжинням
Фото Б.Баттөгс
-
Өчигдөр 13 цаг 05 мин
-
Өчигдөр 12 цаг 46 мин
-
Өчигдөр 12 цаг 08 мин
-
Өчигдөр 12 цаг 00 мин
-
Өчигдөр 11 цаг 57 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
2024-12-19