2020 оны парламентын сонгуулийг олон мандаттай томсгосон мажоритар тогтолцоогоор явуулах тухай хуулийг УИХ-аас баталсан билээ. Харин тойрог, мандатын хуваарилалтыг сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-нээс өмнө тодорхой болгох ёстой. Энэ талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатараас тодрууллаа.
-Сонгуулийн тойрог, мандатыг хуваарилах ажил ямар шатандаа явж байгаа вэ?
-УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар хоёрдугаар сарын 1-нээс өмнө 2020 оны сонгуулийг товлон зарлах тогтоолыг батлах ёстой. Сонгууль товлон зарлах тогтоолыг СЕХ-ноос удахгүй өргөн барих байх. Сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөнтэй холбоотойгоор зарим тойргийн мандатын тоо өөрчлөгдөж үүнийг дагаад тойргийн хуваарилалт хийгдэнэ. Ер нь 1992 оны Үндсэн хууль батлагдсанаас хойш үндсэн гурван зарчим баримталж ирсэн. Энэ удаад ч гэсэн доорх гурван зарчмыг баримталж тойргийн хуваарилалт хийнэ. Нэгдүгээрт, хүн амын тоо, хоёрдугаарт, нутаг дэвсгэрийн төлөөллийн зарчим, гуравдугаарт, тухайн тойргийн хил тасралтгүй байх гэдэг зарчмууд юм. Эдгээр зарчмыг баримтлан тойрог, мандатын хуваарилалтыг батална. Ирэх долоо хоногт парламентаар хэлэлцэнэ.
-Урьдчилсан байдлаар тойргийг хэрхэн хуваарилж байгаа вэ. 26 тойрогтой байх хувилбар яригдаж байгаа гэсэн?
-1992 оноос хойш сонгуулийн тойрог, мандаттай холбоотой өөрчлөлтийг сонгуулиас зургаан сарын өмнө бүрэн зогсоодог байсан. Харамсалтай нь 2016 оны Их хурлын сонгуулиас нэг сарын өмнө тойрог, мандатыг хуваарилж, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж нэлээд бужигнуулсан. Дээр дурдсан тойрог, мандат хуваарилдаг үндсэн зарчим өмнөх сонгуулийн үеэр алдагдсан. Хотоос сонгогдсон гишүүд болон зарим судлаач Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг 5-6 мандаттай байгаад тэр хэмжээгээр иргэд сонголтоо хийхэд хүндрэл гарах юм биш байгаа гэдэг зүйлийг хэлж байгаа. Сонгуультай холбоотой асуудалд иргэдийн сонгох, сонгогдох эрхийг л нэгдүгээрт тавих ёстой. Мэдлэг боловсролтой иргэд ч бий, бичиг үсэггүй, мэдээллээс хол иргэн ч бий. Тиймээс Монгол Улсын иргэн болгон сонгох, сонгогдох эрхээр хангагдах хялбаршуулсан, ойлгомжтой байдлаар сонгуулийг явуулах ёстой.
-Хот, хөдөөгийн сонгогчдын тоо харилцан адилгүй байдаг. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
-Өмнөх сонгуулиудын жишгээс харахад хөдөөд 20 гаруй мянган сонгогчид нэг мандат, Улаанбаатарт 30 гаруй мянган сонгогчид нэг мандат гэсэн харьцаатай явж ирсэн. Хэрэв хот, хөдөөгөөр ялгахгүй, тэгшитгээд хуваачих юм бол Улаанбаатар улс болно. Тийм учраас нийслэлийн зарим мандат орон нутаг дахь нэг мандаттай тойрогт очих магадлалтай. Тодруулбал, өнгөрсөн сонгуулиар нэг мандаттай байсан дөрвөн аймаг, хоёр мандаттай болно. Орон нутгийн иргэдийн төлөөллийн зарчим гэж байна. Улс даяараа жигд хөгжие гэвэл парламент дахь төлөөллийн зарчмыг жигд хангах ёстой. Яг одоогоор өргөн баригдах эцсийн хувилбар бэлэн болоогүй байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин