Хэлж ярьж буй нь ч, хэлбэр хийц, төрх байдал нь ч улстөрч гэхээсээ илүү механикч байрын харагддаг нэгэн улстөрч бий. Ингэж ярихаар төр түшиж буй хүнд зохимжгүй зүйрлэл хэрэглэсэн мэт, эсвэл үл ялиг доромж утга шингээсэн мэт ойлгогдож магадгүй. Тэгвэл үгүй шүү. Нэгдүгээрт, энэ хүн үнэхээр анх нүүрсний уурхайд засварчин, механикч байсан юм. Хоёрт гэвэл, улстөрчийг механикчтай адилтгах нь доромж биш, харин ч өргөмжлөл юм. Механикч хүн аливаа техник, тоног төхөөрөмжийн гэмтэл согогийг мэдлэгийн хүчээр оношлон, засварлаж чаддаг тул улстөрчтэй утга дөхөх учиртай.
Д.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотод 1959 онд төрсөн. Түүний аав Дондогдорж Зүүнхараад ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн эрхлэгч, баг, сэхээтэн хүн байжээ. Д.Эрдэнэбат ОХУ-ын Эрхүү хотын дээд сургуулийг авто инженер, механикийн мэргэжлээр 1983 онд төгссөн байна. ХБНГУ, Японд мэргэжил дээшлүүлсэн. Ийм л даруухан намтартай хүн хожмоо улс төрийн тавцан дээр “агсам” тавьдаг нэгэн болно гэж хэн санах билээ. Энэ тухай хойно өгүүлнэ. Тэрбээр Багануурын нүүрсний уурхайгаас ажлын гараагаа эхэлж, 1999-2000, 2008 онд Нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч зэрэг албан тушаал хашиж байжээ. Багануурын Засаг даргаар хоёр ч удаа томилогдон ажилласан гэхээр түүний удирдах чадвар, олон нийтэд эерэг сэтгэгдэл үлдээх чанар тун сайн гэдгийг илэрхийлнэ. Тэрбээр хот болон дүүргийн ИТХ-д арван хоёр жил сонгогдсон, УИХ-д хоёр удаа нэр дэвшээд үзсэнийхээ дараа улс төрд сая нэг юм нэр тодорсон юм.
Улстөрчид гэхээр л үсээ толийтол самнасан, үг хэлээ цэгнэсэн, албархуу, гял цал нөхөд байх ёстой мэт ойлголтыг Д.Эрдэнэбат шууд эвдсэн. Борог бааздуу төрх, түс тас үг яриа, дүлзэн дух, өргөн түүшин гээд “Хөдөөх эр”-ийн имиж нь түүний улс төрийн амьдралд ямар ч сөрөг нөлөө үзүүлээгүй. Харин эсрэгээрээ хэний ч танихгүй нөхөр улс төрд орж ирсэн гэхэд огт бишүүрхээгүйгээр үл барам өөрийн хурц дайчин байдлаараа олон нийтэд танигдаж чадсан.
2012 оноос хойш УИХ-ын гишүүнээр ажиллахдаа Ардчилсан намын гол кадруудын нэг болсон арга тактикийг магтах ёстой. Тиймдээ ч 2016 онд Ардчилсан намын даргад МҮДН гэх фракцийг төлөөлж өрсөлдөж байсан нэгэн. Нам дотроо тов тодорхой байр суурь, нэр хүндтэй.
Түүний арга тактик, онцлогийг шинжилж үзвэл популист хэв шинжит улстөрч гэж тодорхойлж болно. Олон нийтэд таалагдаж, танигдаж ирсний нууц нь энэ. Өөрөөр хэлбэл, ард иргэд юу сонсохыг хүсч байна, түүнийг ярьдаг, хэлдэг төрлийн улстөрч юм.
“Ноён” группын ерөнхий захирал, “Залуучууд зочид буудал” ХХК-ийн ТУЗ-ийн дарга хийж явсан хүнийг улс төрд уруу татсан хүн бол яах аргагүй Д.Дорлигжав. Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг Д.Дорлигжаваас хүлээж авсан. Түүнээс өмнө хүмүүс Д.Эрдэнэбатыг биш, харин түүний үүсгэн байгуулсан “Ноён” багийг илүү мэддэг байлаа. Монголын волейболын холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж, Монголын волейболын төрөлжсөн анхны ангийг нээсэн гээд спортын төлөө чамгүй ихийг хийж бүтээсэн нэгэн. Гар бөмбөгийн спортод тун дуртайн дээр Монголын шагайн харвааны холбооны тэргүүлэгчээр ажилладаг байна.
Түүний улс төрийн карьерт “Залуучууд зочид буудал”-ыг эзэмшдэг нь тун ашиг тусаа өгсөн гэдэг хөгжилтэй яриа байдаг. Учир нь 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Ц.Элбэгдоржийн сонгуулийн штаб тус зочид буудлыг бүрэн эзэгнэж, улмаар буудлын эзэн энд хамаг л улс төрийн холбоотнуудтайгаа уулзаж, хор найруулахад суралцсан гэдэг.
Д.Эрдэнэбатыг МАХН-ын угшилтай улстөрч гэсэн ойлголт мэр сэр бий. Харин үүнийг Д.Эрдэнэбат ор тас үгүйсгэдэггүй ч “Улс төр орсноос хойш үзэл бодол ижилтэй намаа сонгох зайлшгүй шаардлагаар би ардчиллыг, Ардчилсан намыг сонгосон. Улс төрийн амьдрал намайг орон нутгаа хөгжүүлэх тэмүүлэл рүү түлхэх болсон" гэж Багануурын Засаг дарга байхдаа нэгэнтээ хэлж байжээ. Багануурыг бие даасан хот болгох, баялгаа иргэддээ хүртээх боломж олж авахын төлөө өөрийн санал бодлоо төр засагт байнгын тусгасаар ирсэн гэж Засаг даргаар ажилласан он жилүүдээ дүгнэдэг юм билээ.
Харин АН-ын генсек болсноор тэр орон нутаг, нэг дүүргийн хэмжээнд сэтгэх биш, илүү өргөн хүрээнд сэтгэх шаардлагатай тулгарав. Тэр тусмаа АН бол маш олон үзэл бодолтой хүмүүсийн эрх ашгийн уулзвар болдог улс төрийн хүчин гэдгээрээ онцлог. Тиймээс борог бааз нэгэн гэхээсээ илүү торгон, нарийн мэдрэмжтэй нэгнийг шаарддаг албан тушаал. Магадгүй яг энэ шалгуураар 2008-2012 онд генсекээр ажиллаж байсан Д.Эрдэнэбат, 2016 оноос хойш ажиллаж буй Ц.Туваан нарыг хөндлөнгийн үзэгч, ажиглагчид голонгуй, чамлангуй нүдээр хардаг байх. Гэвч харагдах байдал, үр дүн хоёр урвуу хамааралтай байж болно.
Д.Эрдэнэбат генсекээр ажилласан он жилүүддээ улс төрийн нэмэх оноог АН-д авчирч чадсан хүмүүсийн нэг. Сонгуульд ялагдсан атлаа ялсан намтай нийлж, хамтарсан Засгийн газар байгуулав. Бүх л ажил руу улаан гараараа дайраад орчихдог генсектэй байсны ачаар АН дараагийн сонгуульд буюу 2012 онд ялалт байгуулсан гэхэд болно.
Гавьяа байгуулсан тул түүнийхээ үр шимийг хүртэж, УИХ-ын гишүүн, улмаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга болов. Энэ үеэс л тэр бүхнээс илүү чанга, илүү тод, илүү эрх мэдэлтэй хүний дуугаар ярих болсон юм. АН-ын ялалтыг өнөөдрийн МАН-ын 65 суудал авсан үнэмлэхүй ялалттай харьцуулах аргагүй байсан ч эрх мэдлийн сүр хүч, дээрэнгүй байдлаараа өнөөдрийнхөөс хол илүү, бүр шунаг тачаал дүүрэн байсныг олон хүн мартаагүй. Мартах ч аргагүй байсан юм шүү. Эзэрхэг, түрэмгий байдлаараа бүхнийг эз дийлэх гэсэн З.Энхболд, Д.Эрдэнэбат гэх хоёр хүний адайр ааш, хэдэр үг, гашуун тохууг МАН-ынхан хэзээ ч мартахгүй биз. Тэднийг дөрвөн жилийн турш арга барагдан, арчаагүйгээр буйдан дээр жагсаал хийсэн нэртэй цаас бариад суухад хүргэсэн хүчинг хэрвээ хүнээр төлөөлүүлбэл ердөө л алх барьсан З.Энхболд, аашилж загнах дуртай Д.Эрдэнэбат хоёр юм.
Д.Эрдэнэбат үнэхээр л өөрийгөө эрх мэдлийн эзэн хаан мэт төсөөлж байсан болов уу гэж одоо санагддаг. Бүлгийн дарга байхдаа “Парламентад суудалгүй намуудыг татан буулгах эсэх дээр манай намын бүлгийнхэн санал нэгдсэн” гэж мэдэгдсэн. Энэ мэдэгдэл нь л түүний хэрхэн эвдэрснийг бэлээхэн харуулах баримт юм. Өөрөөсөө бусдыг үл тоон, нухчин дарахыг санаархаж эхэлсэн гэсэн үг. Болчимгүй энэ мэдэгдэл нь олон хүний дургүй, уур унтууг хүргэсэн нь мэдээж. БНН-ын дарга Б.Жаргалсайхан “Д.Эрдэнэбат гэж муу хогийн шүгэл юу гээд байгаа юм бэ. Хэн юм тэр. МАХН-ын Удирдах зөвлөлд л байсан юм билээ. Хувьсгалт намын тагнуул байсан юм билээ. Одоо АН-ын нэр нүүрийг гутаагаад л явж байна. Багануурын хамаг тендерийг хамдаг юм гэсэн. Нэг баар ажиллуулдаг гэнэ лээ. Телевизээр нэг халзан толгойтой нөхөр данхалзаад л, даналзаад л байх юм. Тэр хэн юм, тэрнээс хэн айх юм” гэж бухимдаж байсан. Түүний хэлсэн үгэнд хэд хэдэн үнэний ортой баримтууд бий. Юун түрүүнд, Д.Эрдэнэбат халзан, тэгээд тэр үед үнэхээр ч телевизээр байнга гарч, гарах бүрдээ захирч, загнаж, сүржин мэдэгдэл хийдэг байсан нь үнэн юм. Удаад нь, баар ажиллуулдаг байсан нь үнэн. Харин тэр Багануурын хамаг тендерийг хамдаг, Хувьсгалт намын тагнуул хоёрт эргэлзээтэй гэхээсээ илүү болгоомжтой хандаж байна. Тийм ч байж болох, үгүй ч байж болох юм. Гэхдээ түүнийг МАХН-ын онц их хурлын төлөөлөгч байсныг нотлох зураг, баримт хэвлэлүүдэд дэлгэгдэж байсан.
Мөн түүний болчимгүй, хариуцлагагүй мэдэгдлүүд сонины хуудсан дээр хадгалагдан үлдэж, харин өөрийнх нь ой санамжаас арчигдан устдаг нь харамсалтай баримт. Улстөрч хүн чамгүй сайн ойтой байх учиртай. Гэтэл Д.Эрдэнэбат өчигдөр ярьснаасаа өөрийг өнөөдөр ярьж, бүр хийхээс ч сийхгүй хүн. Дээрх намуудыг татан буулгах санаагаа хожим нь тайлбарлахдаа “Бусад намууд сэрсэн бол маш зөв. Яг үнэнийг хэлэхэд энэ хэдэн намыг сэрээе гэдэг үүднээс би хэлсэн юм. Сэрсэн бол их баярлалаа” гэж тавлаж байв. Иргэд үүнд илт зэвүүцэж, төрийн өндөр сэнтийд очиж суучихаад юу дуртайгаа ярьж, бодлогогүй хариуцлагагүй мэдэгдлүүд хийж таарахгүй гэдгийг байнга сануулдаг. Гэвч Д.Эрдэнэбат үргэлжлүүлэн ярьсаар л, ноцтой, хохиролтой мэдэгдлүүд хийсээр л байсан юм.
Д.Эрдэнэбат “Ямар ч хөрөнгөгүй, ямар ч баялаггүй компани орж ирээд дэлхийн зах зээл дээрээс хэдэн тэрбумаар нь мөнгө босгож байхад... бид зээл авах эрхээ хасуулж болохгүй” гэж хэлсэн нь гадны хөрөнгө оруулагчдын нүдийг орой дээр нь гаргажээ. УИХ-ын гишүүн хүн Монголд хөрөнгө оруулсан хамгийн том хөрөнгө оруулагчаа гутаан, басамжлан байж өөрсдийгөө дөвийлгөсөн жишээ хэлсэн нь улстөрчийн зангараг суух болоогүй л байгаагийн жишээ болж үлдсэн дээ. Тэрбээр АН-ын бүлгийн дарга байхдаа, Аж үйлдвэрийн сайд болоод байхдаа ч мэдэгдэл хийх дуртай байсан бөгөөд түүний байр суурийг хэн ч хаанаас нь ч тайлбарласан АН-ын байр суурь, эрх баригчдын шийдвэр гэж ойлгоно гэдгийг ухаараагүй байсаар албан тушаалаасаа буусан билээ. Үүнээс нь болж, Монголд дарангуйлал тогтчихлоо гэсэн яриа хүртэл гарсан. Ардчилсан нам төрийн эрх барьж байх он жилүүдэд шүү дээ. Үүний тайлбарийг зарим нь Д.Эрдэнэбатын мөнөөх коммунист угшилтай холбон тайлбарлаж, егөөдөж байв.
Хэлэх гэснээ шулуухан хэлдэг шударга гэсэн нэр хүнд бий болгохын тулд амны зоргоор ярьж, тэр нь хожим өөрийнх нь толгой дээр гай барцад болон буух тохиолдолтой олон удаа тулгарсан улстөрч бол Д.Эрдэнэбат. 2015 оны гуравдугаар сард “Худлаа ярьж байгаа юм биш. Ам.долларын ханш 1000 төгрөгөөс бууна” гэж “Өдрийн сонин”-ы хуудсан дээр том дуугарсан нь өнөөдрийг хүртэл түмний элэг доог, тохуутай жишээдийн нэг болсоор байна.
Эрх барьж ахуйдаа ийнхүү эрээгүй, хээгүй, ил задгай хэнхэглэсэн Д.Эрдэнэбат 2016 онд намаа навс ялагдахад том хувь нэмэр оруулсан нэгэн. Нарийвчилбал, Ардчилсан нам эрх барьж ахуйдаа Засгийн газраа огцруулж, засаглах чадамжгүй нам гэдэг дүр төрхийг олны дунд дахин бататгасан. Д.Эрдэнэбатын хувьд Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагахад оролцсон. Бүлгийн дарга учраас намын гишүүдээ хайрцаглах боломж түүнд байсан. Гэвч дараагийн Засгийн газарт сайд болохын тулд Н.Алтанхуягийн засгийг огцруулахад уухайлан дэмжсэн. Ингэснийхээ хариуг хэдхэн хоногийн дараа хүртэж, Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Аж үйлдвэрийн сайдаар томилогдож байсныг хэн бүхэн мэднэ.
Ардчилсан нам 2016 оны сонгуульд ялагдсаны дараа Д.Эрдэнэбат хариуцлага хүлээхийн оронд харин ч намын даргын сунгаанд оролцоод давхиж явсан. Харамсалтай нь С.Эрдэнэд ялагдсан. Одоо тэр өөрийнхөө эсрэг буюу өнгөрсөн дөрвөн жилийнхээ эсрэг ажиллах, үг хэлэх хүнд үүрэгтэйгээр УИХ-ын танхимд сууж байна. Эрх барьж буй МАН-ыг шүүмжлэхийг оролдох тусам дөрвөн жилийн өмнөх өөрийгөө шүүмжилж байгаа мэт эвгүй, ижил мэдрэмж авч байгаа учраас зоригтой, зангарагтай дуугарч хараахан чадахгүй л сууна. Түүнээс биш Д.Эрдэнэбат хэлэмгий доломгойгоороо чамгүй алдаршиж байсан билээ.
Эрх мэдэл хүнийг эвдэх, эсвэл үнэхээр эрх мэдэлтэй нэгэн болсон мэт эндүүрэлд автуулдаг идтэй эд. Өнгөрсөнд Аж үйлдвэрийн сайдын албыг хашиж байхдаа эрх мэдлээ хэтрүүлсэн цөөнгүй баримт байдаг. АН-ын төрийн эрх барьсан 2012-2016 оны хооронд төрийн мөнгийг ямар ч хараа хяналтгүй, баруун солгойгүй цацаж үрсэн, завшиж хөлжсөн хүмүүсийн нэг нь Д.Эрдэнэбат гэж үзэх үндэслэлийг доорх баримт харуулдаг юм.
Тэрбээр Аж үйлдвэрийн сайд байхдаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг ганцаараа эзэрхийлж, эрх мэдэн олгодог байсан баримт бидний гарт байна. Тодруулбал, 2016 оны 03 сарын 22-ны өдөр эрхэм сайд “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох журам”-ыг шинэчлэн баталсан тушаал гаргажээ. Түүнд “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь Аж үйлдвэрийн сайдын тушаал болон банкны зээлийн хорооны шийдвэрийг үндэслэн төслийн зээлийг олгоно” гэж цагаан дээр хараар бичээд баталчихсан байх юм. Өөрөөр хэлбэл, хэнд хэчнээн хэмжээний зээл олгохыг Аж үйлдвэрийн сайд дур мэдэн тушаана гэсэн заалт оруулжээ.
Тун удалгүй үүнийхээ хэргийг харин ч нэг баруун солгойгүй ашигласан байгаа юм даа. 2016 оны 04 сарын 15-нд “Хоёр тэрбум 652 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг шууд олгохыг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал Б.Болор-Эрдэнэд даалгасугай” гэсэн тушаалыг Д.Эрдэнэбат үзэглэжээ. Зүй ёсоороо бол Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хэнд зээл олгохыг Аж үйлдвэрийн сайд байтугай, сангийн захирал нь ч бие даан шийдэх эрхгүй. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийг тусгай комисс хуралдаж байж хэнд олгохыг шийддэг номтой. Гэтэл “Хоёр тэрбум төгрөгийн зээлийг шууд олгохыг тушааж байна” гэж мундагдаж байсан байх нь. Энэ мэтээр маш олон тэрбум төгрөгийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас дур мэдэн олгожээ.
Эдгээр зээл нь цөм жилийн 5 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл байгаа нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийн мөчлөгтэй тун сайн уяж өгсөн шинж байдал харагдана. 2016 олгосон зээлийн хугацаа 2021 онд дуусна. Энэ хугацаанд аль ч нам, хүчин, хүн төрийн эрх барьсан нэгэнт олгосон зээлийг яаж ч чадахгүй гэсэн үг ээ. Ингэснээр өөрийн хамаарал, уялдаа холбоотой ч байж мэдэх олон бизнесийг арын хаалгадах, мундагдах байдлаар шууд хөхиүлэн дэмжсэн байж мэднэ.
Бүх л хууль тогтоомж, шат дамжлагыг зөрчин байж зээл нэрээр олгосон 7.5 тэрбум төгрөгийн хувь заяа чухам хэрхсэн нь тун ч тодорхойгүй. “Утаагүй шахмал түлшний үйлдвэрийн төсөл”, мөсний үйлдвэрийн төсөл, авто цогцолбор төсөл, зуун тоорой гахайн мах үйлдвэрлэл төсөл гээд ёстой л аманд орсон төслийн нэрээрээ Д.Эрдэнэбат сайдтан мөнгө цохисон байгаа юм. Мөс үйлдвэрлэхэд зориулж 500 сая төгрөг олгосон гээд л бод.
Өөрөө үүнд тайлбар өгөхдөө “Аж үйлдвэрийн сайдын ажил үүрэг ийм” гэж тайлбарлаж байна билээ. Аж үйлдвэрийг хөгжүүлэх бодлогыг баталж, дэмжлэг үзүүлэх нь зүйн хэрэг. Гэхдээ энэ нь эрх мэдлээ давуулан ашиглаж, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг хэн дуртайдаа эрх мэдэн олгох эрхтэй гэсэн үг хараахан биш юм.
УИХ-ын чуулганы танхимд тэр нэгэнтээ “Хайран ч Монголын төр, хайран ч Монголын ард түмний итгэл. Би 10 сарын өмнө “Та нар арай л бярдаад байна даа, хүссэн хүсээгүй та нар бидний туулсан замыг туулна даа” гэж хэлж байсан. 600 тэрбум долларын баялгийн нөөцтэй, гуравхан сая хүн амтай орны улстөрчид ийм арчаагүй байх гэж дээ...” хэмээн ярьж байлаа. Яг энэ үгийг дөрвөн жилийн өмнө өөртөө хэлж үзсэн ч болоосой гэж жуумалзаж байгаа хэн нэгнийг өдгөө олоход амархан. Өөртэйгээ, эсвэл өөр хэн нэгэнтэй ийм адилхан гэдгийг нь Д.Эрдэнэбатад хэлж өгөх өдрүүд олон л тохиох бололтой. Тэр үед магадгүй манай эзэрхэг түшээ хээгүй, гүдэс шулуухан механикчтай дахин таарах л байх даа...
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин