Эрчүүдийн сэтгэлзүйн онцлог, тэдний алдаа оноо, эмэгтэйчүүд эрчүүдийг хайрлахдаа гаргадаг алдаанаас эхлээд тэдэнтэй хэрхэн зөв харьцах вэ зэрэг олон сэдвийн хүрээнд сэтгэл судлаач Я.Батхүүтэй ярилцлаа.
-Сэтгэл зүйн зөвлөгөө авч байгаа хүмүүсийн хэдэн хувийг нь эрэгтэйчүүд эзэлж байна вэ?
-Сэтгэл зүйн зөвлөгөөг эмэгтэй хүмүүс их авдаг. Эрэгтэй хүмүүс бараг ирэхгүй. Ер нь өөрөө ирдэг эрэгтэй хүн гэж байхгүйтэй адилхан даа. Эхлээд ээж, эхнэр, найзууд нь ирж зөвлөгөө авдаг. Харин эрэгтэйчүүд сэтгэл зүйн зөвлөгөө авах хэрэгтэй гэдгийг ятгуулж, сэнхрүүлж байж л ирж зөвлөгөө авдаг.
-Хандаж буй эрчүүдийн тулгамдсан, сэтгэлийг нь зовоож буй асуудлуудын дийлэнх нь юу байдаг вэ?
-Тулгамдаж буй асуудлууд нь нэгд, гэр бүлийн асуудал, төрөл бүрийн харилцааны зөрчлүүд, араар тавилт зэрэг асуудлуудаар хамгийн их зөвлөгөө авч байна. Хоёрдугаарт, архины хамаарлын асуудал. Гуравт, санхүүгийн хүндрэл. Энэ нь ямар нэгэн байдлаар өр зээлд орсон, ажил орлогогүй болсон асуудлууд байдаг. Дөрөвдүгээрт, бэлгийн хөрөлтөд орсон эрчүүд ирж байна. Тавд, стрессээс болж сэтгэл зүйн дарамтад орж байна.
-Бид хүчирхийллийг ярихдаа зөвхөн эрчүүдийг хүчирхийлэгч гэсэн өнцгөөс ханддаг. Гэтэл эрчүүд ч гэсэн хүчирхийлэлд өртдөг. Энэ тал дээр сэтгэл зүйч хүний хувьд юу гэж бодож байна вэ?
-Нийгэмд хүчирхийллийн дийлэнх хувийг эрчүүд эзэлдэг гэдэг бол үнэн. Гэхдээ эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг хүчирхийлж байгаа үйлдлүүд сүүлийн үед нэмэгдсэн. Эмэгтэйчүүд эрчүүдийг санхүүгийн байдлаар нь мөн албан тушаал карьерын тал дээр илүүгээ нотолж сэтгэл санаагаар унагадаг. Түүнчлэн бие эрхтэнд нь хүчээр хүрэх гэсэн хүчирхийлэл гарч байна. Мөн эмэгтэйчүүд тодорхой хэмжээний нийгэмд эзлэх байр суурь нэмэгдсэнээс шалтгаалаад зан авирын өөрчлөлт орон догшин ширүүн авиртай болж хүчирхийлэл үйлдэх нөхцөл байдалд хүрдэг.
-Стрессээс үүдэн сэтгэл санааны гутралд орсон эрчүүд их ирдэг гэлээ. Тэгвэл эрчүүдийн стрессийг үүсгээд байгаа хүчин зүйлсийн талаар дэлгэрэнгүй хэлэхгүй юу?
-Нийгмийн байдал, гэр бүлийн харилцаа, санхүүгийн байдал, найз нөхдийн харилцаа, ажлын нөхцөл байдал гэх мэт маш олон зүйлсээс болж хүн стресст ордог. Гэвч эрэгтэйчүүд стрессээ гаргаж чадалгүй явсаар байгаад хэтэрхий хүндэрсэн тохиолдолд амиа хорлоход хүрдэг. Эрчүүдийн амиа хорлолт эмэгтэйчүүдийн амиа хорлолтоос 5 дахин илүү байдаг. Харин осол гэмтлээр нас барж байгаа нь гурав дахин илүү байна. Тэгэхээр эрчүүд яагаад ийм байна вэ гэдэг асуулт гарч ирнэ. Энэ асуудал ганцхан манай улсад ийм байгаа юм биш. Дэлхийн өндөр хөгжилтэй олон оронд энэ нь асуудал болж байгаа. Жишээ нь Швед, Норвеги, Финланд зэрэг скандиновын орнуудад эрчүүдийн амиа хорлолтын төвшин 70 хувьтай байдаг. Тэгэхээр улс орны хөгжлийн ялгаа гэхээс илүү эрэгтэй хүний сэтгэл зүйн онцлог мөн чанарт асуудлын гол оршиж байна. Нийгмийн хэвшмэл ойлголтоор эрчүүдийг стрессээ гаргадаггүй, хүнтэй асуудлаа хуваалцдаггүй, уйлж сэтгэлээ тайлдаггүй, хүнээс тусламж авдаггүй гэх зүйлсүүдийг ярьдаг. Гэвч эдгээр нь хамгийн энгийн зүйлс. Эдгээрийн цаана байгаа сэтгэл зүйн мөн чанарууд нь юу вэ гэхээр нэгд, эрэгтэй хүн ямар ч тохиолдолд хүнээс тусламж хүлээж авдаггүй. Тархины бүтэц нь өөрөө тийм байдаг. Хоёрт, өөрийгөө "мундаг" хүн гэж боддог. Бусад хүмүүс бол "тэнэг" би мундаг гэж үздэг. Дөрөвт, эрэгтэй хүн асуудлыг яг шатар нүүж байгаа юм шиг нарийвчилж авч үздэг. Ийм учраас асуудлыг ганцхан өөрөө шийдвэрлээд сурчихсан байдаг. Тиймээс хэнтэй ч ярьдаггүй, зөвлөдөггүй. Бараг хүмүүс яриад зөвлөөд өгвөл тэр шийдвэрийг хүлээж авах нь бага байдаг. Тийм учраас сэтгэл судлалд эрэгтэй хүнийг "агуйдаа орно" гэж хэлдэг. Агуйдаа орно гэдэг нь эрэгтэй хүн аль болох ганцаараа байх нөхцөл байдлыг хайж тэндээ өөрт тохиолдоод байгаа хэцүү асуудлуудаа бодож, дүгнэлт хийж асуудлуудаа нэг бүрчлэн шийдвэрлэхийг хэлнэ. Энэ үед хэнтэй ч харьцдаггүй аль болох ганцаараа байхыг л хичээдэг. Гэвч энэ үеийг эмэгтэйчүүд, гэр бүлийн гишүүд, ажлын хамт олон нь ойлгодоггүй. Эмэгтэйчүүд бол стресст орохоороо уйлна, бусдаас тусламж авна, хэдэн цагаар ч хамаагүй хэн нэгэнтэй ярилцаж стрессээ гаргадаг. Ер нь бол зовлонгоо 80 дахин ярих юм бол ямар ч асуудлаас ангижирч, сэтгэл хөнгөрдөг гэж ярьдаг. Тийм учраас эмэгтэйчүүд стресст орох нь бага байдаг. Ингээд гэр бүл болон ойр тойрны хүмүүс нь ойлгохгүйн улмаас эрэгтэй хүн стрессээ гэр бүлийнхээ хүмүүст гаргаад гэр бүл салалт үүсэх нөхцөлийг үүсгэдэг.
-Тэгэхээр яг энэ үед та ямар зөвлөгөө өгдөг вэ?
-Нэгд, эрэгтэйчүүд асуудалд ороод гэр бүл, хамт олон дотроо орж ирэхэд эрэгтэйчүүдийн хүсдэг зүйл бол хүн бүрийг чимээгүй, дуугүй байхыг хүсдэг. Тийм болохоор эмэгтэйчүүд, эхнэрүүдэд зөвлөхөд ер нь дуугүй байх нь зохимжтой гэж хэлнэ. Битгий олон юм ярь гэсэн санаа. Асуудал шийдэх гэж ядаж байхад нь энд тэнд жижигхэн хэрүүл хийгээд байх юм бол эрэгтэй хүн ганцхан юманд төвлөрч чаддаг учраас асуудлаа шийдвэрлэж чаддаггүй. Тийм учраас эрэгтэй хүнийг стресстэй байх үед аль болох чимээгүй байж агуйдаа орох нөхцөлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Харин эрэгтэйчүүдийн хувьд асуудлаа ярьж, хуваалцаж, хүмүүсээс зөвлөгөө авч, асуудлаасаа гарах гарцуудыг хайх хэрэгтэй. Түүнчлэн ном унших нь 65 хувиар стрессээс гаргадаг. Ямар нэгэн юм бичих нь 55 хувиар, ууланд алхах үед 35 хувиар стресс гадагшлуулдгийг хэлмээр байна.
-Эрүүл мэндийн асуудалтай, хөгжлийн бэрхшээлтэй болох зэрэг хурц зүйлд өртсөн эрчүүд сэтгэлээр унаж түүнтэйгээ тэмцэж буй хэлбэр эргээд хүчирхийлэл болоод байх шиг?
-Эрэгтэй хүний хувьд бусадтай өөрийгөө харьцуулах нь илүү давамгай байдаг. Эмэгтэйчүүд “Би хөөрхөн”, миний ямар нэгэн зүйл гоё гэж бодсон бол өөр хэн нэгнийг хараад би түүнээс дор гэж бодох нь ховор. Харин эрэгтэй хүмүүс илэрхийлдэггүй л болохоос өөрийгөө бусадтай харьцуулах нь их. Надаас илүү булчинтай, өндөр, ухаалаг, гоё машинтай, бүх зүйл нь надаас илүү гэх мэтээр бодонгуут өөрийгөө сул доройгоор мэдэрдэг. Тэр мэдрэмжээ ямар нэгэн зүйлээр нөхдөг. Хүн нэг зүйлээр дутвал дутуугаа үргэлж нөхөхийг оролддог, тэмцдэг амьтан. Тэр нөхөлтийн зөв арга нь илүү сайн хөдөлмөрлөе, мундаг болъё гэж бодох бодол бол, буруу нөхөлт нь асуудлаа хулгай хийх, зодох гэх мэтээр хүч хэрэглэсэн хууль бус аргаар шууд шийдэхийг сонгож, хүчирхийлэл үйлддэг тохиолдол бий. Үүнд эр хүний хэл ярианы төв нь хөдөлгөөний төвөөс дутуу хөгжсөнтэй холбоотой байдаг.
-Эмэгтэйчүүд бусадтай харьцуулах эсвэл хэтэрхий их магтаж, дэмжих нь эсрэгээрээ сөргөөр нөлөөлдөг гэдэг, энэ үнэн үү?
-Эхнэрүүд, эмэгтэйчүүдийн хамгийн буруу арга барил нь хань минь, хүү минь мундаг байгаасай, өөрт нь тийм боломж чадвар нь бий гэж боддог хэрнэ тэрийгээ Б шиг, Д шиг байгаач ээ гэж хэн нэгэнтэй харьцуулж хэлдэг. Эрэгтэй хүнийг хэзээ ч хэн нэгэнтэй харьцуулж болохгүй. Харьцуулмаар байгаа бол өнгөрсөнтэй нь харьцуул. Чи гурван жилийн өмнө ийм байгаагүй шүү гэж хэл. Өнгөрсөнтэй нь харьцуулсан тохиолдолд эрэгтэй хүн илүү бага хор нөлөөтэйгөөр асуудлыг хүлээн авч чадна. Арчаагүй, тийм ийм гэж үгэн хүчирхийлэл хэрэглэхэд эрэгтэй хүмүүс хүлээж авахгүй.
-Эрэгтэй хүнийг яриулах, сэтгэлийг нь уудлах, тэдэнтэй харьцах зөв арга зааж өгөөч гэвэл?
-Ханьтайгаа, найз залуутайгаа, хүүтэйгээ ярилц. Гэхдээ эрэгтэй хүн шууд харилцахад хаагдмал. Шууд бус харилцдаг. Жишээлбэл нүд нь наашаа харж байгаа боловч сэтгэл дотроо цаашаа харж байгаад амьдралынхаа чухал асуудлыг ярьдаг. Эмэгтэйчүүд өөд өөдөөсөө харж суугаад хамаг юмаа ярих гээд байдаг. Эрэгтэйчүүд шууд харилцаанд орох, өөрийг нь байцаасан, тулгасан асуултад дургүй. Тааваар нь байлгахад дуртай байдаг. Ээжийн гараас гараад эхнэрийн гарт орлоо гэж ярьдаг. Үүн дээр эхнэрүүдийн гаргадаг алдаа нь нөхрийнхөө ээж шиг нь байх гээд байдаг. Тэгээч ээ, ингээч ээ, тэгсэн үү, тэгээрэй гэдэг. Эмэгтэйчүүдэд хандаж хэлэхэд нөхрүүдийнхээ хоёр дахь ээж нь битгий бай гэж зөвлөх байна. Тэр хүнтэй гэрлэхээсээ өмнө ямар тохиолдолд яахаа нарийн ярь. Ээж шиг нь байгаад байвал эр нөхөр чинь насанд хүрэхгүй, үргэлж хүүхдээрээ байна. Ээжийн хайрын онцлог нь нөхцөл тавихгүй хайр байдаг. Чи хэн ч байсан би чамайг хайрлана гэдэг. Эхнэрүүд яг тийм хайрыг нөхөртөө үзүүлэх гээд байдаг. Хэрэв ингэж хайрлавал нөхөр чинь гэртээ хариуцлага хүлээхгүй, хүний амьдралын чухал асуудалд өөрөө оролцохгүй, бүх хариуцлагыг эхнэртээ даатгана. Эргээд хариуцлага хүлээлгэж буй хэрээрээ их юм шаардана, дураар аашилна гэх мэт сөрөг зүйл гардаг. Яг үнэндээ эр хүнийг хариуцлага хүлээх хандлага, шийдвэр гаргаж буй зориг нь улам хурцалж байдаг зүй тогтолтой. Эрэгтэй хүний хариуцлагатай, зорилготой байдал эхнэр хүнийг жаргалтай байлгадаг.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: http://itoim.mn/article/c5L5L/19854
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин