А.Оюунчимэг: Дархлааг аливаа эм, витамин ууснаар дэмждэггүй 
Ярилцлага
/
2020-02-05

Шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор бага насны хүүхдүүд гэрийн хөл хорионд орсон. ХӨСҮТ-ийн дэргэдэх Томуугийн үндэсний төвөөс гаргасан тандалт судалгааны дүнгээс харахад 2019 оны эцсийн байдлаар томуугийн В хүрээний вирус зонхилж байсан бол он гараад А хүрээний Н3N2 вирус давамгайлж эхэлсэн байна. Энэхүү улирлын томуугийн вирус нь уушгины хатгалгаа үүсгэхээс гадна хүндэрвэл амь насанд аюултай гэдгийг эмч нар анхааруулж байна. Үүнтэй холбогдуулан эцэг, эхчүүд хүүхдийнхээ дархлааг хэрхэн дэмжих вэ гэдэгт анхаарал хандуулах болжээ. Тиймээс бид ЭХЭМҮТ-ийн Чанарын албаны дарга А. ОЮУНЧИМЭГТЭЙ энэ сэдвээр ярилцлаа.

 

-ЭХЭМҮТ-д бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд ихэвчлэн ямар шалтгаанаар хандаж байна вэ?

-Улирлын томуугийн улмаас ихэвчлэн ханддаг. Өндөр халуурч, ханиалгаж, амьсгал давчидсан шинж тэмдэгтэй хүүхдүүд их ирж байна.

 

-Томуугийн вирус жил бүр өөрчлөгдөн хувьсаж байдаг. Энэ жилийн хувьд ямар онцлогтой вирусийн гаралтай ханиад томуу их байна вэ?

-Томуугийн үндэсний төвөөс бидэнд тогтмол мэдээлэл ирүүлдэг. Сүүлийн мэдээллээр В хүрээний вирусийн өвчлөл өндөр гарсан байсан. Үүний дараа А хүрээний Н1N1 вирусийн гаралтай өвчлөл бүртгэгдэж байна. Хэдэн жилийн өмнө энэ вирус дэлхийд тархаж айлгаж байсан шүү дээ. Харин одоо бол улирлын томуугийн хүрээнд авч үзэж байна. Бидэнд энэ төрлийн вирусийн дархлаа тогтсон учраас хүндрэл бага гарч байгаа юм. Мөн энэ жилийн хувьд томуугийн А хүрээний НЗN2 гэсэн вирусийн өвчлөл гарч байна. Энэ үндсэн гурван вирусийн өвчлөл нь хүндэрсэн тохиолдолд уушгины хатгалгаа үүсгээд байгаа юм. А, В хүрээний вирусийн эсрэг вакциныг гаргасан. Энэ вакциныг оройтлоо гэхэд арваннэгдүгээр сард хийлгэчих хэрэгтэй. Вакциныг хийлгэсэн тохиолдолд тухайн өвчнөөр өвчилсөн ч хөнгөн тусч, хүндрэл багатай байдаг.

 

-Ер нь ямар тохиолдолд ЭХЭМҮТ-д хүүхдүүдийг хүлээн авч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг вэ?

-Эцэг, эхчүүд юуны түрүүнд харьяа өрхийн эмнэлэгтээ хандах учиртай. Зарим тохиолдолд ямар нэгэн шалтгаанаар шууд манай төвийн яаралтай тусламжийн тасагт хүрээд ирдэг. Энэ тохиолдолд бид тухайн хүүхдийг хүлээн авч эрэмбэлэн ангилалт хийж, дарааллын дагуу үзлэг хийдэг. Өөрөөр хэлбэл, ингэж ангилаад хүнд хүүхдийг харьяа хамааралгүй үзэж, сэхээний тасагт хэвтүүлэн эмчилдэг. Манай эмнэлэг, нярай, хүүхдийн, дотрын, эхийн, мэс заслын гэсэн сэхээний тасагтай. Бид ДЭМБ-ын зөвлөмжид заасны дагуу эрэмбэлэн ангилалт хийдэг. Улаан, шар, ногооноор ангилна гэсэн үг. Тухайлбал, манай төвийг зорин ирж буй хүүхэд өвчин маш хүнд бол улаан тэмдэг зүүлгэж, эмнэлгийн тусламж үйлчилгээг хамгийн түрүүнд үзүүлнэ. Үүний дараа шар тэмдэглэгээтэй хүүхдийг үзэж, хянаптдаа авч дараалалгүй тусламж үйлчилгээгээ хүргэнэ. Хамгийн сүүлд ногоон тэмдэглэгээтэй хүүхдийг дарааллын дагуу үзнэ. Ер нь манай эмнэлгийг зориод ирсэн хүүхэд бүрийг эмч үзэж, зөвлөгөө тусламж хүргэх ёстой.

ЭХЭМҮТ-ийн яаралтай түргэн тусламжийн тасгийн жилийн ачааплыгсүүлийн тав, зургаан жилээр гаргаж үзсэн. Гэтэл ногоон тэмдэглэгээтэй хүүхдийн үзлэг давамгайлсан байсан. Тэгэхээр иргэд манай төвийг зорих нь ихэссэн. Гэхдээ энэ нь биднийг зорилтот тусламж үйлчилгээ хүргэх ёстой бүлэгт хүрч ажиллахад бэрхшээл үүсгээд байгаа юм. Тухайн хүүхдийн биеийн байдлаас шалтгаалаад зарим тохиолдолд харьяа дүүрэг рүү нь хэвтэх бичиг хийж явуулдаг. Мөн дүүргийн эмнэлгээс 13 дугаар маягтаар манайд үзүүлдэг. Хөдөө орон нутгийн харьяалаптай бол манайх үйлчилгээ үзүүлдэг.

Өрхийн эмнэлэг тухайн хүүхдийн өсөлтийн түүхийг хамгийн сайн мэддэг урчаас зөв сонголт болно. Гэхдээ хүүхэд өндөр халуурч байгаа тохиолдолд түргэн дуудахаас гадна хамгийн ойр байрлах эмнэлэгт хандана. Илүү сайн эмнэлэгт үзүүлнэ гээд хол замд хүнд өвчтэй хүүхдийг тээвэрлэх нь буруу. Хүнд өвчтэй хүүхдийн хувьд тээвэрлэлт бүр амь насанд нь аюултай.

 

-Ханиад, томуугаар ямар тохиолдолд хүүхэд хүндэрч эмнэлэгг хэвтэж байгаа вэ?

-Хүүхэд бүхэн ханиад хүрч болно. Гэхдээ түүнийг давж гарах дархлаа хамгийн чухал. Гол нь ямар хүүхэд хүндэрч байна вэ гэхээр архаг, суурь өвчтэй байгаа юм. Архаг гэхээр төрөлхийн зүрхний гажигтай байх зэргийг хэлж болно. Харин суурь өвчинд хоол тэжээлийн дутагдал буюу тураал, рахит буюу Д витамины дутагдал, цус багадалт, жингийн илүүдэл буюу таргалалттай хүүхдүүдийг хэлнэ. Хүүхэд суурь өвчин тусахаас эцэг, эх урьдчилан сэргийлэх боломжтой. Дээр дурдсанчлан жингийн илүүдэл буюу таргалалтаас урьдчилан сэргийлэхэд хэцүү. Нэг настай хүүхдийн дундаж жин 10.5 кг байдаг. Жингийн илүүдэлтэй хүүхдийн сэрээ булчирхай томордог. Ингэж томрохоор илүү өвчлөмтгий болдог. Дээр дурдсанаас бусад тохиолдолд урьдчилан сэргийлэх боломжтой. Тухайлбал, цус багадалтаас урьдчилан сэргийлж болно. Жирэмсэн эх цус багадалтгүй, диатизгүй байх учиртай. Сульдаагийн нэгдүгээр зэргийн шинж тэмдгийг анхаарч ажиглаж болно. Хөлрөх, цочимтгой болох, шээсний үнэр хурц байх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Энэ үедээ өрхийн эмчдээ хандан зөвлөгөө авах хэрэгтэй. Дээр дурдсанчлан суурь өвчин байхгүй хүүхэд ямар ч өвчин туссан даван туулах дархлаатай байдаг.

 

-Эцэг, эхчүүд хүүхдүүдээ гэртээ байлгахдаа хэрхэн дархлааг нь дэмжих вэ. Ямар эм, витамин авч өгөх вэ гэж их асууж байна?

-Хүүхдүүд гэртээ амарсан биш хөл хорионд орсон гэдгийг эцэг, эхчүүд анхаарах хэрэгтэй. Хүүхдээ амарсан дээр нь тэгье, ингэе гээд гадуур дагуулж явах хэрэггүй. Гэртээ байгаа хүүхэд гадны ямар нэгэн халдвар авахгүй шүү дээ. Хүүхдээ ханиад томуугүй эрүүл хүнээр харуулах нь чухап байна. Өвчтэй хүнтэй нэг метрээс хол зайнд харилцахыг зөвлөдөг. Ер нь дархлааг ямар нэгэн эм, витаминаас авахаас илүүтэй энгийн аргуудаар сэргээж болдог. Ялангуяа нэг нас хүрээгүй хүүхдийн дархлаагаар битгий оролд. Нярай хүүхдийн хувьд дөнгөж төрсний дараах эхийн хар уураг биеийн эсэргүүцэл сайжруулах бодис агуулдаг. Энэ бодисыг орлуулсан бүтээгдэхүүнийг дэлхийн эрдэмтэд хийж чадахгүй байгаа юм. Тиймээс эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг сурталчлахыг хориглодог. Сүүлийн үед ээжүүд хөхний сүү багатай гэх шаптгаанаар нэмэгдэл хоолонд оруулах гээд байдаг сул талтай болсон. Ээжүүд миний сүү бага гэж бодохын оронд аль болох хүүхдээ зургаан сар хүртэл хөхөөрөө хооллох хэрэгтэй. Эх нь хүнд өвчтэй тохиолдолд нөхцөл байдал өөр байж болно. Зургаан сартайгаас дээш бор хоолонд оруулахад гойд анхаарна. Хэрхэн яаж оруулахаа мэдэхгүй бол эх хүүхдийн ягаан дэвтэр дээрээсээ шим тэжээлтэй хоол хэрхэн бэлтгэх аргуудтай танилцах хэрэггэй. Хүүхдээ хооллохдоо гэр бүлээрээ тойрч суух хэрэгтэй. Тэгэхгүй бол хүүхэд нь хоол унд идэж байгааг анзаарах сөхөөгүй утсаа оролдонгоо хооллох зэрэг буруу зуршил манайд их байна. Мөн өсвөр насны хүүхдийн өглөөний хооллолтод анхаарах хэрэгтэй.

 

Мөн хүүхдийн дархлаа биеийн эсэргүүцэлд эерэг нөлөө үзүүлдэг ДЭМБ-ын зөвлөдөг А, Д аминдэмийг уулгаж хэвшүүлэх хэрэгтэй. Д аминдэмийг эцэг, эхчүүд сайн мэдэж уулгадаг болсон. Харин А аминдэмийг мартчихаад байдаг. А аминдэмийг 4 нас хүртэл жилд тав, арваннэгдүгээр сард хоёр удаа өрхийн эмнэлгээсээ авч уулгах боломжтой.

 

А амин дэм бол хараа, арьс салст болон биеийн эсэргүүцэлд шууд нөлөөлдөг чухал амин дэм. Хүүхдийн дархлааг сайжруулах өөр нэг арга бол хүүхдийг маш сайн унтуулж амраах ёстой. 21.00-22.00 цагт хүүхэд унтсан байх ёстой. Эрт унтаж амарснаар дархлаа нь сэргэж байдаг. Өдрийн цагаар гэртээ агаарын солилцоо явуулах хэрэгтэй. Ингэж агаар сэлбэх явцад хүүхдийг өөр өрөөнд байлгэх шаардлагатай.

 

 

-Хүүхдийн асаргаатай холбоотойгоор эцэг,эхчүүдэд нэмж анхааруулж хэлэх зүйл юу байна вэ?

-Хүүхэд тань ханиад томуугаар өвчилсөн тохиолдолд өөрсдийн асаргаанд маш сайн анхаарах ёстой. Асарч байх хугацаандаа шингэн зүйлийг бага багаар тогтмол уулгана. Гэхдээ зөвхөн халуун бүлээн буцалсан ус, хярам зэргийг өгнө. Эмчийн бичиж өгсөн эмийг зааврын дагуу өгөх хэрэгтэй. Зарим эцэг, эх өдөрт гурваар гэж бичиж өгсөн байхад мартчихаад хүүхдээ шөнө сэрээж эм уулсах гээд байдаг. Өдрийн гурваар эм уулгах хамгийн тохиромжтой нь 23.00, 07.00, 15.00 цагг өгвөл хүүхдээ шөнө сэрээх шаардлага гарахгүй. Мөн ямар ч эмийг хүүхдэд өгөхдөө нунтаглаж усанд уусгаж өгөх хэрэгтэй. Аспирин, аналгинтай эмийг гэрийн нөхцөлд хүүхдэд өгч болохгүй. Халуурч байгаа хүүхдэд хамгийн түрүүнд парацетамол эмчийн заавраар хэрэглэхийг зөвлөдөг.

 

Г.Нямсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.29.90)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.