Г.БОЛДХУЯГ: Залуусдаа үлгэр дуурайлалтай ажиллахыг хичээдэг
Ярилцлага
/
2020-02-12

Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн тээрмийн машинч Ганболдын Болдхуяг бригадын даргаар ажилладаг. Тэрээр хамт олноо удирдан 3, 4, 6, 7–р тээрмийн барабаныг шинээр сольж угсрах суурилуулах, тохируулах, хоёрдугаар шатны нунтаглалтын уян схем шинээр турших, үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг гүйцэтгэсэн юм. Түүнээс гадна бүтээмж чанарын дугуйлан, сайн саналын систем, 5С зэрэг бүтээмжийн хөдөлгөөний ажлуудад ч идэвх санаачилгатай оролцож иржээ. Түүний хэрэгжүүлсэн төсөл, санаачилсан ажил хөдөлмөр хөнгөвчлөх, ажлын байрны эрсдэл бууруулахын зэрэгцээ эдийн засгийн үр ашиг өгсөөр... Г.Болдхуяг аюулгүй ажиллагчийн жагсаалтад дөрөв дэх удаагаа бичигдэж үйлдвэрийн зардлаар Бээжинд аялсан шилдэг ажилтан. Түүгээр ч зогсохгүй саяхан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ үеийн нөхдөө үлгэрлэж, үр бүтээлтэй ажилласан Г.Болдхуягт орон сууц бэлэглэсэн юм. Залуу хүн завгүй байх сайхан гэж ярих түүнтэй цөөн хором хөөрөлдлөө.

-Төрсөн нутаг хаана вэ?

-Би 1985 онд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн. Эрдэнэтэд 1990 онд аав, ээжтэйгээ шилжиж ирсэн. Аав маань 80-аад оны эхээр Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсэгт ажиллаж байсан гэдэг. Дунд нь түр завсарлаад эргэж ирэхдээ Өөрөө нунтаглах хэсэгт бутлуурчнаар ажилласан. Тэгээд 2013 онд аав маань гавьяаны амралтад гарсан даа.

-Өөрөө аавынхаа ажлыг залгамжилсан уу?

-Аавын оронд манай дүү Г.Нямаа бутлуурчнаар ажилд орсон. Би 2007 онд Эрдэнэт үйлдвэрт ажилд орсон ш дээ. Аавтайгаа мөр зэрэгцэн ажиллаж байснаараа бахархдаг. Миний амьдралын хамгийн сайхан, мартагдашгүй түүх юм даа.

-Уурхайчин хүний хүүхэд байсан дурсамжаа хуваалцаач?

-Би дөрвөн хүүхэдтэй айлын том. Биднийг бага байхад аав маань ээлжээс бууж ирээд олигтой амарч чаддаггүй байсан байх. Би томхон болоод дүү нартаа “Аав маань хүнд ажил хийдэг, шөнө нойргүй хонодог” гэж хэлж ойлгуулаад чимээгүй байлгах гэж их хичээдэг байж билээ. Хүүхэд байхдаа аавынхаа ажлыг очиж үзээд аварга техник, сүрдмээр тоног төхөөрөмжүүдийг хараад дуу алдан бахархаж билээ. Эцэстээ энэ ажил мэргэжлийг сонгоход тэр бахархал нөлөөлсөн хэрэг.

-Сурлагаар хэр хүүхэд байв?

-Би тавдугаар 10-н жилийн сургуулийг 2003 онд ангийн дарга, Онц сурлагатан туузтай төгссөн. Тэгээд ШУТИС-ийн хэвлэлийн график дизайны ангид элсэн суралцах хуваарь авсан юм. Тухайн үед санхүүгийн боломжгүй шалтгаанаар сургуулиасаа жилийн чөлөө авсан. Тэгээд аавтайгаа зөвшилцөж байгаад Эрдэнэт үйлдвэрийнхээ дэргэдэх Технологийн сургуулийн баяжуулагчийн нэг жилийн курст суралцаж мэргэжил эзэмшсэн. Ер нь Эрдэнэт үйлдвэрт ажиллах далдхан хүсэлтэй явсан л даа. Төгсөхдөө шалгалтандаа хамгийн өндөр оноо авснаар Эрдэнэт үйлдвэрт ажиллах үүд нээгдсэн гэж хэлж болно. 2007 оны зургадугаар сард сонгон шалгаруулалтаар ажилд орж байлаа.

-Ажилд орсон анхны сэтгэгдэл ямар байв?

-Хүүхэд байхдаа үйлдвэрийн автобусны цуваа харах их дуртай байсан болохоор ажлын анхны өдөр автобусандаа суугаад үйлдвэр рүү “өгсөхөд” сэтгэл огшсон. Цагдаагийн машинаар хамгаалуулсан автобусны цувааг бусад машин хүндэтгэн зогсож өнгөрөөхийг үзээд Монголын бахархалт үйлдвэрт ажилд орсондоо үнэхээр баярлаж хичээнэ дээ л гэж бодож явсан.

-Тэр бодол тань одоо өөрчлөгдсөн үү?

-Улам лавширсан. Одоо би Эрдэнэт үйлдвэрт 13 дахь жилдээ ажиллаж байна. Анх баяжуулагч Н.Эрдэнэцогт ахыгаа дагалдаад алдаа гаргачихгүй юмсан гэж хичээж явсан бол одоо өөрөө хэд хэдэн шавьтай болчихлоо. Үйлдвэрийн нэгэн бүтэн үе шинэчлэгдэж дүү нар ажилд орж байна. Тэдэнд үлгэр дуурайлалтай ажиллахыг хичээдэг. Хүнд шаардлага тавиад, хэлж ярихаас илүү биеэрээ үлгэрлээд үзүүлчихье л гэж боддог доо.

-Олон шавьтай юу?

-Гурван шавьтай. Нэг нь ажлаасаа гарчихлаа. Золжаргал, Шинэбаяр гээд хоёр шавь маань өөр өөр ээлжинд ажиллаж байгаа. Ер нь багш шавийн барилдлагагүй ч сурч хөгжихийг хүссэн хүн бүрт зөвлөн тусалж ажиллахыг зорьдог. Угаасаа бие биедээ хэлж зааж, зөвлөж ажиллахгүй бол үйлдвэрийн үйл явц тоглоом биш.

-Үндсэн ажлынхаа зэрэг-цээ бүтээмжийн хөдөлгөөнд оролцдог уу?

-Бүтээмжийн хөдөлгөөнд 2009 оноос идэвхтэй оролцож ирсэн. Сайн саналын системээр дамжуулан 400 гаруй санал гаргасан. Эндээс 350 орчим нь үнэлэгдсэн. Жилд хамгийн багадаа хоёр төсөл хэрэгжүүлж, хоёроос гурван сайжруулалтын ажил хийдэг.

-Томхноос нь дурдвал...?

-Тээрмүүдийн араанд хэрэглэдэг нигролын тос доошоо шууд хаягддаг. Тэр нь хөдөлмөрийн аюулгүй байдал талаасаа доод талбай цэвэрлэхэд хальтиргаа гулгаа үүсгэдэг. Тэр нь насосоор шахагдаад баяжуулалтад сөрөг үр дагавар үзүүлдэг байсан. Үүний шийдлийг олж төсөл хэрэгжүүлснээр бүх тээрэм дээр энэ хүндрэл арилсан.

-Дан эрчүүдтэй ажиллах онцлогтой байх?

-Тээрмийн машинч бол эрчүүдийн л мэргэжил. Манай бригадад эмэгтэй хүн ажилладаггүй. Эрчүүд баг болж чаддаг, бие биеэ ойлгож мэдэрдэг. Ээлжийн хүмүүст нэг нь илүү ажиллалаа гэсэн ойлголт байдаггүй. Бүх ажлаа хуваагаад хийчихнэ. Бэрхшээл тохиолдоход бүгдээрээ хамт даваад л гарна. Тийм болохоор нэг хүнд тийм их ачаалал ирдэггүй.

-Бригад ахалж ажиллахад хариуцлага өндөр үү?

-Өмнө нь бригадын даргыг орлодог байсан. Жинхлэгдээд дөрвөн жил болж байна. Хариуцлага өндөр шүү. Хүмүүсийнхээ ажлыг зохион байгуулна, багаа удирдана. Ажилд өөрөө манлайлж оролцдог.

-Ажлаас гадна урлаг, спортын ямар нэгэн төрлөөр хичээллэдэг үү?

-Би сагс, волейбол тоглодог байсан юм. Баяжуулах үйлдвэрийнхээ тэмцээнд хэсгээ төлөөлж амжилттай тоглодог байсан. 2013 онд өвдгөндөө шөрмөсний гэмтэл авснаас хойш зааланд тоглохыг хорьсон. Тэгээд жин нэмсэн дээ. /инээв/

-Одоо жингээ яаж барьж байна?

-Зуны улиралд дугуйгаар ажилдаа ирж буцдаг. Хамт олонтойгоо дугуйн аялал зохион байгуулдаг. Сүүлийн үед усан спортоор хичээллэж байна. 2018 онд сонирхогчдын усан сэлэлтийн тэмцээний өврөөр даллах, мэлхий сэлэлт, багийн төрөлд оролцож нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн.

-Урлагийн ямар авьяастай вэ?

-Эрдэнэт үйлдвэрт ажилд ороод л урлагаар амьсгалж эхэлсэн дээ. 2010-2013 онд Баяжуулах үйлдвэрийн дэргэдэх цэнгээнт бүжгийн “Эрдэнэс” хамтлагт бүжигчин байсан. Тэр жилүүдэд “Хаврын баяр”-т манай хамтлаг дандаа түрүүлдэг байлаа. Бид нэг сар ажлаас чөлөөлөгдөөд есөн бүжиг дэглээд тайлан тоглолтоо хийж байлаа шүү дээ.

-Сурагч байхаасаа бүжиглэсэн үү?

-Үгүй ээ. Уурхайчин болоод л бүжиг рүү орсон ш дээ. Манай боловсон хүчин байсан Энхцэцэг эгч нэг өдөр намайг өрөөндөө дуудаад “Чи бүжиглэдэг үү?” гэж асуусан. Би “Ёстой чадахгүй” л гэлээ. Тэгсэн “Одоо сурнаа, маргааш зааланд очоорой. Ажлаас чинь чөлөөлсөн” гэдэг юм. Бүжиглэнэ гэхээр үнэндээ санаанд багтахгүй байсан. Тэгээд сурдаг л юм билээ. /инээв/ Урлаг, спорт надад их зүйлийг өгсөн. Хөдөлгөөний эв дүйтэй болсон. Адаглаад л вальс эргээд сурчихлаа ш дээ. Манай Эрдэнэт үйлдвэр шиг ажилчдаа бүх талаар хөгжүүлдэг газрыг би лав мэдэхгүй. Үнэхээр сайхан орчин нөхцөл бүрдсэнд баярладаг. Гол нь ажилчид идэвхтэй байх хэрэгтэй. Зарим ажилчид дэндүү сэтгэл ханасан, тоомжиргүй байгаа ажиглагддаг. Аль нэг юманд явж л байх хэрэгтэй. Тэгэж байж өөрийн сонирхлоо олно шүү дээ.

-Чиний сэтгэлийн эмзэглэл юу вэ?

-Ялангуяа залуус өөрийгөө жаахан дайчлаасай гэж хүсдэг. Амьдралынхаа зорилгыг тодорхойлоод харах өнцөг, чигтэй, төлөвлөгөөтэй байгаасай. Сүүлийн үеийн залуус ихэнх чөлөөт цагаа фейсбүүкт өнгөрөөж байгаад харамсдаг. Үүний оронд би юу хийвэл хөгжих вэ гэдгээ л олох хэрэгтэй.

-Бухимдсан үедээ тайтгарлыг хаанаас олдог вэ?

-Гэр бүлээсээ. Эхнэртэйгээ ханилаад 10-аад жил амьдарч байна. Манайх хоёр хүүтэй. Манай хүн Солонгост магистр хамгаалсан солонгос хэлний багш. МУИС-ийн Орхон салбарт солонгос хэлний багшаар ажиллаж байсан. Солонгос хэлний анги нь хаагдчихсан. Дараа нь Орхон цогцолбор сургууль дээр Койка шугамаар солонгос хэлний сонгоны анги нээгдэхэд бас багшилсан. Одоо хүүхдүүдээ хараад гэртээ байгаа. Аман болон бичгийн орчуулга хувиараа хийдэг.

-Хүүхдүүд нь хэдтэй вэ?

-Том нь нэгдүгээр ангийн сурагч. Бага нь ирэх жил сургуульд орно. Гэрийнхээ үүдээр ороход л бухимдал, стресс, ядаргаа бүгд тайлагдах шиг болдог доо.

-Цаг зав гаргасанд баярлалаа. Таны ажил, амьдралд сайн сайхныг хүсье.

М.Одгэрэл

Фото: Б.Баттөгс

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.141.155)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.