Д.ЗОРИГТХҮҮ: Үйлдвэрлэл, сургалт, судалгааны амьд холбоог хөгжүүлж чадварлаг инженер бэлтгэнэ
Ярилцлага
/
2020-02-19

Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал Д.Зоригтхүүтэй ярилцлаа.

-Өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар тоймлон ярина уу?

-Манай сургуулийг Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөс гурав дахь удаагаа магадлан итгэмжилсэн. Чанарын менежментийн тогтолцоог ISO 9001:2015 стандартын дагуу нэвтрүүлсэн байгууллагын гэрчилгээгээ магадлах аудитад орж дахин баталгаажуулсан. Гурван удаа бие дааж магадлан итгэмжлэгдсэн, чанарын менежментийн тогтолцоо нэвтрүүлсэн их, дээд сургууль хуруу дарам цөөхөн. Ер нь орон нутагт үйл ажиллагаа явуулж буй цорын ганц байгууллага бол манай сургууль. 2019 онд судалгаа, шинжилгээний төслүүдээс олох орлого мэдэгдэхүйц нэмэгдсэн. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажлын төлөвлөгөөнд орсон гурван ажил хийлээ. Хоёр ажил дуусах шатандаа явж байна. Оюу толгой ХХК-иас хоёр төсөл авч хэрэгжүүллээ. Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй гурван төсөл авч гүйцэтгэлээ. Мөн гадаадын санхүүжилттэй төсөл, хөтөлбөрт хамрагдахаар болсон байгаа. Үүнд, ХБНГУ-ын Засгийн газрын гурван жилийн хугацаатай 1,8 сая еврогийн төсөвтэй, хаягдлыг агаараас тандан судлах төсөл эхлээд явж байна. БНХАУ-ын Шинжлэх ухаан технологийн яам, Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн сан хамтран 1.5 сая юанийн санхүүжилттэй, гурван жилийн хугацаатай төсөл хэрэгжихээр болсон. Төслөөр баяжуулах процессын хаягдлаар галд тэсвэртэй, керамик барилгын материал үйлдвэрлэх боломжийг судлах юм. Германы хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ болон Шахтбау ногдхаусэн ХХК-ийн хамтарсан тусламжаар гагнуурын сургалтын төвийн тоног төхөөрөмж, сургалтын хөтөлбөр, сургагч багш нараа олон улсын жишигт нийцүүлнэ. Уг төслөөр 120 мян.еврогийн тоног төхөөрөмжийг Шахтбау ногдхаусэн ХХК нийлүүлж, 120 мян.еврогийн тусламжаар сургагч багш нарыг Монгол болон Герман улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулна. Цаашид гадаад, дотоодын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллана.

-Та чанарын менежментийн тогтолцоо нэвтрүүлсэн, магадлан итгэмжлэгдсэн сургууль гэдгээ тодотголоо. Бүр орон нутагт байгаа цорын ганц сургууль гэсэн. Энэ бүхэн танай сургуулийн хувьд яагаад чухал вэ?

-Монгол улс хүн ам цөөтэй учраас тоогоор юм уу, үнээр хэзээ ч дэлхийд өрсөлдөж чадахгүй. Бид зөвхөн чанараар өрсөлдөж тэргүүлж чадна. Чанарыг бий болгохын тул тогтолцоо маш чухал юм. Түүнийгээ хөндлөнгийн байгууллагаар магадлан итгэмжлүүлэх нь бас чухал. Хүн төрөлхтөн хөгжихөд тогтолцоо хамгийн чухал болохыг хоёр удаагийн туршилтаар баталчихсан байдаг. Эхнийх нь 1945 онд Германыг уртрагаар нь зүүн, баруун болгож хуваагаад хоёр өөр тогтолцоогоор хөгжүүлсэн. Хүн амын үүсэл гарал, хэл, соёл, хоол унд, амьдарч байгаа цаг уур гээд бүх юм адилхан байхад хөгжлийн асар зөрүү гарсан. Дараа нь 1953 онд Солонгосыг 38-р өргөргөөр өмнөд, хойд гэж хуваагаад хоёр өөр тогтолцоогоор хөгжүүлсэн. Одоо хөгжлийн түвшин нь тэнгэр газар шиг ялгаатай байгааг бид мэднэ. Энд өмнөд Солонгосчууд нь илүү хүчтэй, ухаантай, хөдөлмөрч биш шүү дээ. Зөвхөн тогтолцооны ялгаанаас хөгжлийн асар зөрүү гарсан. Тиймээс би манай сургууль чанарын менежментийн тогтолцоог олон улсын ISO 9001 стандартын дагуу нэвтрүүлсэн байгууллага гэдгийг тодотгож хэлээд байгаа юм. Манай сургуулийг сонгоорой гэж уриалж байгаа юм.

-Танай лицей сургуулийн ангид Кэмбрижийн хөтөлбөр хэрэгжих болсон. Энэ талаар...?

-Кэмбрижийн хөтөлбөр хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийгдэж байна. Өнгөрсөн оны наймдугаар сараас хичээл заах багш нараа сургалтад хамруулж эхэлсэн. Тус хөтөлбөрийг урьд нь хоёр сургуульд хэрэгжүүлсэн туршлагатай зөвлөх авсан. Францад докторын зэрэг хамгаалсан багш Gregory Boils англи хэл дээр математикийн хичээлийг манай сургуулийн багштай хамтран орж эхэлсэн. Кэмбрижийн хөтөлбөр 9-12-р ангид хэрэгжинэ. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр манай ахлах сургуулийг төгссөн хүүхдийн диплом дэлхийн 130 гаруй оронд хүлээн зөвшөөрөгдөнө. Өөрөөр хэлбэл тухайн хүүхэд олон улсын аль ч их, дээд сургуульд элсэж, тэтгэлэг авах боломж нээгдэнэ. Монголын ерөнхий боловсролын сургуулийн цөм хөтөлбөрийг давхар судлах тул дотоодын их, дээд сургуулиудад элсэн ороход хүндрэл үүсэхгүй. Ангиасаа хамааран 4-6 хичээлийг англи хэл дээр нэмэлтээр үзэх тул англи хэлний мэдлэг маш сайн болж төгсөнө. Кэмбрижийн хөтөлбөртэй ахлах сургуульд жил бүр наймдугаар анги төгссөн 20 сурагч элсүүлэхдээ англи хэл, математик, байгалийн ухааны хичээлээр элсэлтийн шалгалт авна.

-Технологийн сургуулийг “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль болгох БСШУС-ын сайдын тушаал гарсан. “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль болсны давуу тал юу вэ?

-Засгийн газрын 2019 оны 6-р сарын 5-ны 224-р тогтоолоор Технологийн сургуулийн үйл ажиллагааг өргөтгөж “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль болгох шийдвэр гарсан. Уг тогтоолын дагуу 2020 оны 1-р сард БСШУС-ын сайдын тушаал гарсан байгаа. Цогцолбор болсноор ерөнхий боловсролын ахлах сургууль, мэргэжлийн, техникийн, дээд боловсрол гээд бүх шатны боловсролыг цогцоор нь олгодог болно. Энэ жилээс үйл ажиллагаа маань олон улсын Кэмбрижийн хөтөлбөртэй ахлах сургууль, техникийн боловсрол олгох Политехник коллежоор өргөжих юм. Цаашдаа бие дааж магисрийн зэрэг олгодог болж хөгжих учиртай. Ингэснээр боловсролын салбарт цогц сургалт явуулдаг байгууллага болон хөгжих боломж бүрдэнэ.

-Цаашдын зорилт юу вэ?

-“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль судалгаанд суурилсан сургууль болж хөгжих ёстой. Манай сургууль тоогоор бус чанараар өрсөлдөх шаардлагатай. Энэ нь судалгааны ажилд суурилж, өөрийн хөрсөнд таарах инновацийн шийдлүүдийг гарган үйлдвэрлэлд хэрэгжүүлдэг болохын төлөө ажиллана гэсэн үг. Ерөнхий захирал 2020 онд “Шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх” зорилт дэвшүүлэн тавьсанд маш их баярлаж байгаа. Энэ зорилтын хүрээнд бид үйлдвэрлэл, эрдэм шинжилгээ, сургалт судалгааны уялдаа холбоог сайжруулахад өндөр ач холбогдол өгч үйлдвэрлэлийн цехүүдтэй хамтран ажиллахаар төлөвлөөд байна. 2020 оны 10-р сарын 1-нд манай сургуулийн 45 жилийн ой тохиож байгаа тул үйлдвэрлэл-эрдэм шинжилгээ-сургалтын үйл ажиллагааны амьд холбоог улам бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Энэ амьд холбооны нэг жишээ нь Б.Хээрийнбаатар багшийн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн төсөл юм. Уг төслөөр оюутны дотуур байрыг нарны сэргээгдэх цахилгаан эрчим хүчээр хангасан. Тэнд цахилгааны ангийн оюутнуудад бодитоор дадлага хийлгэх нарны 14 фото үүсгүүр байрлуулж сургалт явж байна. Мөн Орхон аймгийн нарны эрчим хүчний бодит боломжийн талаар судалгаа хийгдэж байна. Давхар жилд 1.6 сая төгрөгийн эрчим хүчний үйлдвэрлэл явж байна. Энэ бол шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг тод харуулсан бодит жишээ юм. Цаашид Үйлдвэрлэл-Сургалт-Судалгааны амьд холбоог улам сайн хөгжүүлж өндөр чадвартай инженер бэлтгэх таатай орчныг бүрдүүлэх шаардлагатай. Байгалийн нөөц бол хэзээ нэгэн цагт шавхагдана. Харин оюуны бүтээл, инженерийн шийдэл гаргах бол шавхагдашгүй нөөц юм. Иймээс байгалийн нөөц буй цагт боловсон хүчнийхээ чадвар чадамжийг сайжруулж, шавхагдашгүй нөөцийг бий болгох хэмжээнд хөгжүүлж бойжуулах ёстой.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Т.Батчулуун

Фото: Б.Баттөгс

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.198.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.