С.Бямбадэлгэр: Би хоёр ертөнцийн дунд 'гүүр' болж яваа хүн
Ярилцлага
/
2020-02-21

Дохионы хэлний хэлмэрч, орчуулагч С.Бямбадэлгэртэй ярилцлаа. Тэрээр дохионы хэл сураад 25 жил болжээ. Шинэ коронавирусийн өвчлөлийн мэдээллийн талаарх өдөр бүрийн Хэвлэлийн бага хурлаар монголчууд С.Бямбадэлгэрийг эчнээ таньдаг, ур чадварыг нь үнэлэн хүндэтгэдэг болсон юм.

-Шинэ коронавирус гарсантай холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас өдөр бүхэн цаг үеийн мэдээллийг хүргэж байгаа. Та сонсголгүй иргэдэд зориулж дохионы хэлмэрчээр орчуулан хүргэж байгаа. Тэдэнд өвчний талаар мэдээлэл хэр хүрч байгаа бол?

-Гамшгийн үед сонсголгүй иргэдэд шаардлагатай мэдээллийг хүргэхгүй бол нийгмийн хэсэг бүлэг хүмүүс орхигдоно. Сонсголын бэрхшээлтэй иргэд бол хэсэг бүлэг хэлний цөөнх. Мэдээллийг ингэж хэлмэрчээр дамжуулж түгээснээр эдгээр хүнд хүрэхээс гадна тэднээр дамжуулаад оюуны хоцрогдолтой болон удаан ойлгодог, сурах чадварын алдагдалтай, сонсгол нь буурсан хүмүүс ч мэдээлэл авдаг. Өнгөрсөн жил МҮОНРТ-ээс гамшгийн үеийн зарлан мэдээллийг бүтэн зургаан цагийн турш хүргэсэн. Тухайн үед би зургаан цаг тасралтгүй эфирт сууж, сонсголын бэрхшээлтэй иргэдэд мэдээлэл дамжуулсан. Гамшгаас хамгаалах зарлан мэдээллийг гудамжинд цагаан хоолойгоор хүргэхэд сонсголын бэрхшээлтэй иргэд “Энэ юу вэ” гээд л хараад өнгөрдөг. Харин өнгөрсөн жил гамшгаас хамгаалах сургалтаар сонсголын бэрхшээлтэй иргэд маш их мэдээлэл авсан. Ялангуяа онцгой байдлын үед авч байгаа арга хэмжээнүүд болон гамшиг ослоос урьдчилан сэргийлэх мэдээллүүдийг дохионы хэлтэй явуулаасай гэж хүсдэг. Тэр жишгээр үзэхэд Эрүүл мэндийн яамны өдөр бүрийн мэдээлэл сонсголын бэрхшээлтэй иргэдэд сайн хүрч, тэд маань ч мэдээллийн дагуу өөрийгөө хамгаалж, бас нийгэмдээ хувь нэмрээ оруулж байгаа.

-Манай улсад сонсголын бэрхшээлтэй хэчнээн хүн байдаг вэ?

-2010 оны тооллогоор сонсголын бэрхшээлтэй 12800 хүн байна гэж дүн гарсан. Зарим хүмүүс гурван сая хүний 12 мянгад нь л үйлчлэх юм байна гэж ойлгодог. Тийм биш. ЭМЯ, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Сэргээн засах сургалт үйлдвэрлэлийн төв хамтран гамшгийн үеийн мэдээллийг сонсголгүй иргэддээ хүргэж байгаа. Олон улсад халдварт өвчин гарч, манай улс ч урьдчилан сэргийлэх ажил хийж, мэдээллийг анх өгч эхлэхэд сонсголгүй иргэд “Энэ юу болов оо, бидэнд хамаагүй юм уу” гэж бачуурч эхэлсэн. Над руу олон хүн хандаж “яг юу болоод байна, мэдээлэл нь ямар байна. Сонсголгүй хүмүүст хамааралгүй юм яриад байгаа юм уу” гэж байсан. Ер нь жаахан сандарч эхэлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газар, телевиз рүү хандсан.

-Эрүүл мэндийн яам мэдээлэл өгч эхэлснээс хэд дэх хоногоос дохионы орчуулгатай мэдээллийг хүргэсэн бэ?

-Гурав дахь өдрөөс нь хэлмэрчтэй явуулсан. Онцгой байдлын мэдээ явснаас хойш сонсголын бэрхшээлтэй иргэд, ялангуяа хүүхдүүд эрүүл мэндийн талаарх мэдээлэл нь илт сайжирсан. Маск зүүх, гараа тогтмол угаах, олон нийтийн газраар шаардлагагүй бол явахгүй байх гэх мэт олон мэдээллийг бусдын адил авч, дадал хэвшил болгож эхэлсэн. Үүнд сонсголгүй иргэд маш их талархалтай байгаа. Ер нь нийгэмд ямар нэгэн гамшиг, осол боллоо гэхэд тэдгээр хэсэг бүлэг хүмүүс мэдээллээс хоцрохгүй, хаягдахгүй байх ёстой бөгөөд тийм эрхтэй.

-Манай улсад тантай адилхан дохионы хэлний хэлмэрч хэд байдаг вэ. Аль байгууллагад харьяалагдаж явдаг бол?

-Одоогоор дохионы хэлний хэлмэрч, орчуулагч 10 гаруй хүн байна. Сэргээн засах, сургалт үйлдвэрлэлийн төвийн Мэргэжлийн боловсрол олгох сургуульд хоёр хүн байна, Хэлмэрч орчуулагчдын холбоонд бас хоёр хүн байна. Мөн аав, ээж нь сонсголгүй дохиогоор маш сайн ярьдаг залуучууд ч бий. Нөхөр нь сонсголгүй өөрөө хэлмэрч хийдэг ч хүмүүс байгаа. Хүн болгон англи хэлтэй боловч хүний чихэнд наалдацтай, ойлгомжтой, дикцтэй хүнд хүргэвэл хүмүүс илүү сайн олгодог. Яг үүнтэй адил дохионы хэлний хэлмэрчдийн хэлмэрчилж байгааг сонсголгүй иргэд хараад илүү ойлгож, утга агуулгыг нь хүлээж авч байх нь чухал. Энэ бол хараан дээр суурилсан, амьд хэл. Дохионы хэл бусад хэлний нэгэн адил бүтэц, бүрэлдэхүүнтэй, тогтсон дүрэмтэй. Нүдээр хараад, сэтгэлээр сонсдог, дүрслэл утга төгөлдөр хэл гэж манай Соёлоо хэлж байсан. Би энэ үгийг хэлэх дуртай.

-Дохионы хэлмэрчдийн үнэлэмж манайд хэр байдаг вэ. Төрөөс сонсголын бэрхшээлтэй иргэдээ бодож энэ чиглэлийн мэргэжлийн хүний амьдрах баталгаа, цалин урамшууллыг сайтар хангаж өгөх ёстой байх. Тэгж чаддаг уу?

-Дохионы хэлмэрч бол сэтгэлийн дуудлагаар хийх ажил. Дохионы хэл өөрөө багш, эмч, инженер шиг мэргэжлийн индекст ороогүй, энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг сургууль манай улсад байхгүй. Зөвхөн сайн дурын үндсэн дээр хийгддэг ажил. Түүнээс биш, ийм ажил хийгээд их мөнгө олдог гэсэн зүйл байхгүй. Өөрөө л очих газраа очиж туслаад, ажиллаад явна. Яах вэ, сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэдэг шиг л амьдардаг. Англи хэлээр нэг нүүр орчуулахад тодорхой хэмжээний тарифтай байдаг бол бидний хувьд тийм юм байхгүй. Би төрийн байгууллагад ажилладаг. Төрийн албан хаагч хаана ямар орчуулга хэрэгтэй байна тийшээ явж ажилладаг.

-Тэгвэл дэлхий нийтэд дохионы хэлмэрчдийн байр суурь, үнэлэмж ямар байдаг бол?

-Би Сонсголгүй иргэдийн дэлхийн бага хуралд Унгар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн үр чадварын тэмцээнд 11 тамирчинтай Францад, судалгааны ажлаар БНСУ, АНУ руу явж байсан. Тэнд сонсголгүй иргэд бусдын адил эрх тэгш төр, болон хувийн үйлчилгээ авдаг юм билээ. Тухайлбал, сонсголгүй иргэн ямар ч байгууллагаар үйлчлүүлсэн тухайн байгууллага шууд дохионы хэлмэрч авчраад тухайн хүнтэй харилцдаг. Энэ болгоныг том компаниуд өөрсдөө шийддэг, эсвэл халамж үйлчилгээний байгууллагууд тухайн хүнд орчуулагч авах тодорхой цагийн лимит өгдөг. Сонсголгүй иргэн хэлмэрчээ эмнэлэг явахдаа авч явна уу, банк руу авч явна уу өөрийнх нь эрх. Мөн бүх төрлийн үйлчилгээний газар, машин засвар, кино театрууд, угаалгын газар хүртэл сонсголгүй хүн ирэхэд дүрст дуудлагаар холбогдоод орчуулгыг нь хийж өгдөг юм билээ.


-Харин манайд эсрэгээрээ, сонсголгүй иргэн нь өөрөө төрийн үйлчилгээ ч юм уу, ямар нэгэн үйлчилгээ авахдаа заавал дахиад нэг хүн дагуулж явдаг байх?

-Тэгнэ. Хаашаа ч явсан заавал гэр бүлийн нэг хүн дагуулж явдаг. Харин сонсголын бэрхшээлтэй иргэд бүх л ажлыг хийж чадна. Компаниуд сонсголын бэрхшээлтэй иргэдийг ажилд давах сонирхол ихтэй. Гэхдээ ганц нэгээрээ ажилд авахаар харилцах хүнгүй хэцүү болдог. Нээлттэй харилцаа байхгүй болохоор ажиллахад хүнд шүү дээ. Тиймээс хоёр, гурваар нь, олноор нь нэг газарт ажиллуулах юм уу, орчин тойрны хүмүүс нь дохионы хэл сурвал тэд илүү баяртайгаар ажилладаг. Бүтээлч, хөдөлмөрч хүмүүс байдаг.

-Таныг дохионы хэлний хэлмэрч орчуулагчийн стандартыг тогтоочихсон гэж зарим хүн хэлэх юм билээ. Тан шиг дохионы хэл сурах, ажиллах хүсэлтэй залуус хэр их хандаж байна вэ?

-Тодорхой хэмжээнд хандана. Бид ажил үүргийнхээ хүрээнд дохионы хэл заах, хүмүүст туслах клуб ажиллуулдаг. Хүүхдүүд их ирдэг. Гэхдээ үүнийг чин сэтгэлээсээ ажил болгоод явъя гэсэн нь цөөн. Хэлгүй хүний хэл, хөлгүй хүний хөл бол гэсэн үг байдаг. Энэ ажлыг мөнгөний нүдээр харж байгаа хүмүүс зөндөө л таардаг. Хэрвээ мөнгөний нүдээр харах л юм бол чадвахжих, чадвар суух, ард түмэн хүлээж авна гэдэг хэцүү. Сайн сайн хүүхдүүд гарч ирж байгаа. С1-ийн мэдээний хэлмэрч, орчуулагч Энхжаргал гэж маш мундаг охин бий. Аав, ээж хоёр нь хоёулаа сонсголгүй. Мөн Гоомарал гэж аав нь сонсголгүй охин байна. Мөнхжаргал гээд маш сайн залуу гарч ирж байна. Гэхдээ энэ ажлыг арай өөр нүдээр хараад байгаа учраас шинэ үе өшөө давалгаалж гарч ирж чадахгүй байна. Сонсголгүй иргэд нүдээрээ хүнийг уншдаг. Тиймээс хүн өөрөө зөв сэтгэлтэй байх хэрэгтэй. Ганцхан дохионы хэлний орчуулгын ажил биш, аль ч ажлыг хүн чин сэтгэлээсээ л хийвэл үр дүнг нь үзнэ.

-Та хэдэн жил дохионы хэл хэрэглэж байна вэ?

-Би дохионы хэл сурч, хэрэглээд 25 жил болж байна. Сонсголгүй найз нөхдөөсөө сурдаг. Найзууддаа бүгдэд нь баярлалаа гэж хэлмээр байна. Тэд надад дохиог харамгүй зааж өгдөг. Би өдөр бүхэн энэ хүмүүсээс шинэ зүйл сурдаг. Одоо ч сурсаар л байгаа.

-Энэ олон жил сонсголгүй иргэдтэй ойр ажилласан хүний хувьд дэлхийн улс орнуудаас үүнийг нь л Монголдоо нутагшуулчих юмсан гэсэн зүйл хэр байна вэ?

-Би яг дохионы хэлний чиглэлээр гаднын улс оронд очиж үзээгүй. Олон улсын хуралд л явж байсан. Хамгийн харамсалтай нь хүмүүс энэ чиглэлээр сурна гээд Засгийн газрын тэтгэлэг авчихаад очоод мэргэжлээ солиод ирдэг, эсвэл сурсан мэргэжлээрээ Монголдоо ажиллахгүй байгаад их харамсдаг. Оронд нь биднийг явуулаасай гэж хүсдэг. Бид тэнд очоод арай өөр зүйлийг Монголын хөрсөнд буулгаад, ядаж дохионы хэлээ мэргэжлийн индекстэй болгох, дохионы сургалтуудыг явуулах гэх мэт маш олон ажлыг сонсголгүй иргэдээрээ дамжуулж хийх юмсан гэж хүсдэг. Бид хийхээс илүү сонсголгүй иргэд өөрсдөө хийж, өөрсдөө хөгжих тусам тэдэнд тулгардаг асуудлууд шийдэгдэнэ. Би сонсголгүй иргэдийн дуу хоолойг нийгэмд хүргэгч хүн. Түүнээс биш, тэдний өмнөөс хийдэг хүн биш. Мөн нийгмийн дуу хоолойг сонсголгүй иргэдэд хүргэдэг. Хоёр ертөнц, хоёр өөр хүмүүсийн дунд “гүүр” болж яваа л хүн. Тэр утгаараа энэ “гүүр” маань бат бөх байгаасай. Миний “гүүр”-ээр дамжуулаад маш олон хүн зөв, эерэг мэдээлэл авч, олон хүн тал, талдаа хөгжөөсэй. Төр, засаг маань ч сонсголгүй хүмүүст ийм үйлчилгээ хэрэгтэй юм байна, бид хүргэх ёстой юм байна гэдгийг хараасай гэж хүсдэг. МҮОНРТ гэхэд уриалаад дохионы хэлтэй нэвтрүүлгийг авна, өөр нэвтрүүлэг авахгүй гэдэг ч юм уу, бодлогодоо оруулж эхэлж байна. Цаашдаа Монгол Улс дохионы хэлийг хөгжүүлэх, судлах дохионы хэлний зөвлөлтэй байх хэрэгтэй гэж боддог.

-Улс орны хэл бүхэн өөр, өөр дохионы хэлтэй байх уу?

-Орон орон өөрийн гэсэн дохионы хэлтэй. 50-60 хувь нь Америк, Англи дохион дээр суурилж бусад орны дохионы хэл бүтсэн олон улсын дохионы хэл гэж байдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд маань намайг ингэж ярилцлагад урихаасаа илүү манай сонсголгүй иргэдийг урьж байгаарай. Хэрвээ сонсголгүй иргэдийг оруулна гэвэл та бүхэнд сайн дураараа орчуулга хийж өгнө. Биднээс гадна сонсголгүй маш мундаг хүүхдүүд, залуучууд байдаг шүү.

-Мэдээ мэдээлэл болон дууг дохионы хэлээр хүргэх юугаараа ялгаатай вэ?

-Ялгаатай байлгүй яах вэ. Би өөрөө дуу хөгжимд их дуртай. Дээрээс нь дуун дотор байгаа үг, ая, агуулгыг сэтгэхүйдээ буулгаад дохиогоор гаргана гэдэг хүнд. Дуу гэлтгүй дохионы орчуулга хүнд хэлэнд ордог. Хичээл заах өнгө аясаар сургалт орчуулах, ямар нэгэн байдлаар шүүхийн захирамжийн зүйл орчуулах, урлаг уран сайхны зүйл орчуулах нь бүгд өөр өөрийн ньюанс, өнгө төрхтэй. Хэлмэрч хүн яг тухайн нөхцөл байдалдаа орох хэрэгтэй. Хүн уйлаад ярьж байвал би тэр шинжийн сэтгэл зүйг өөртөө барьж байж орчуулгаа хийвэл илүү хүнд хүрнэ. Хүн уйлж яриад, хэцүү зүйл болж байхад би инээгээд орчуулж болохгүй. Тэгэхээр маш олон зүйлийг мэдрэх шаардлага гардаг.

-Сүүлийн үед дуучдын дууг дохиогоор орчуулж байгаа таны бичлэг нийгмийн сүлжээгээр их явж байгаа. Сонсголын бэрхшээлтэй иргэдээс дууны орчуулга хийлгэх хүсэлт их ирдэг үү?

-Гадуур ажлаа хийж байгаа бичлэгийг фэйсбүүкт тавьчихсан байдаг. Түүнээс биш, яг тодорхой дуучны дууг зориулж орчуулж байгаагүй. Харин Төмөрхуяг гуайн хүү санал болгоод “Ухаарч амьдрах хорвоо” дууг Сонсголгүй иргэдийн олон улсын эрхийн өдөр зориулан гаргаж байсан. Манай сонсголгүй иргэд дуунд их дуртай. Сүүн сонсголтой залуучууд хөгжмөө маш чанга дээр нь тавьж байгаад “дууг уйлаад сонссон, амьдрал ийм гоё гэгээтэй байдаг юм уу” гэдэг. Сонсголтой ээж, аавтай хүүхдүүд, сонсголгүй аав, ээжтэй хүүхдүүд тэр дуун доторх дохиог сураад бие биетэйгээ харилцах харилцаа хүртэл сайхан болдог. Нэг нэгэндээ “хайртай шүү, баярлалаа миний хүү, уучлаарай” гэх эерэг, халуун дулаан мэндчилгээнүүдийг хүргэж, тэндээс суралцаж байгаад нь баяртай байдаг. Ер нь дуунаас их зүйл сурлаа гэсэн сэтгэгдэл маш их ирдэг. Баярлалаа, хайртай шүү, амжилт хүсье, уучлаарай гэсэн гоё үгнүүдийг бие биедээ хэлдэг байгаасай гээд таван дохио сураарай гэсэн челленж явуулсан. Та бүхэн ч гэсэн сураарай.

-Ярилцсан танд баярлалаа.

Сэтгүүлч Л.Одончимэг

Эх сурвалж: itoim.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.19.203)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.