Ж.Бат-Эрдэнэ: Үйлдвэрлэлийг дэмжихгүй мөртлөө ядуурлыг бууруулна гэж хий хоосон яриад байна
Ярилцлага
/
2020-02-23

-Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Таны хувьд ажлын хэсгийн ахлагчаар ажилласан шүү дээ. Энэ хуульд ямар өөрчлөлтүүд орсон бэ? Хуулийн ач холбогдлын талаар?

-Бид “Ус бол чандмань эрдэнэ” гэдэг мөртлөө төрийн захиргааны байгууллагын хүрээнд алдаа гаргаад байна. Нэг сонгуульт хугацааны хүрээнд шинэчлэл, бүтцийг хийж байна. Үүнд тавигдаж байгаа шаардлага нь төрийн албан хаагчдын тоог багасгах, зардлыг танах тал руу хэтэрхий их анхаарал хандуулаад яам болон төрийн захиргааны байгууллага хоорондын уялдааны хувьд алдаа гаргачихаад байгаа юм л даа.

Хуучин усны агентлаг гэж байсныг татан буулгасан. Усны асуудлыг орон нутгийн хэмжээнд бодлогоор тодорхойлж, Засгийн газрын тодорхой шийдвэрүүд гарган аймаг орон нутгийн хэмжээнд асуудлыг шийдээд явж байна. Бодлогыг нь хэрэгжүүлдэг, хяналт тавьдаг, зохион байгуулдаг байгууллага дунд нь орхигдоод байгаа юм. Хяналт тавьдаг, зохицуулах механизм нь байхгүй учир хэрэгжүүлэгч агентлаг байгуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж усны агентлагыг дахин байгуулсан.

Монгол Улсыг авч явах ганц зүйл бол ҮЙЛДВЭРЛЭЛ

-Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан боловч үйлдвэрлэлтэй холбоотой асуудлууд орхигдсон шүү дээ?

-Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль гэж байсан. Энэ хууль 2020 оны төсөв батлахад улсын төсөвтэй хамт орж ирээд цуцлагдлаа. Ингэснээр хууль бүр мөсөн байхгүй болсон. Мөн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухай хууль, Аж үйлдвэрийн паркийн тухай хуулийг Засгийн газар татах шийдвэр гаргачихлаа. Өөрөөр хэлбэл, “Үйлдвэр, технологийн парк байгуулах гэж байгаа бол тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх ёстой” гэж үзсэн учраас татвар дээр нь тодорхой дэмжлэг үзүүлэхийг зорьсон.

Гэвч Сангийн яам зөвшөөрөөгүй. Цаана нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх асуудал байгаа юм. Бид ядуурлаас гаргана л гэж яриад байна. “Ядуурлаас гаргая, дунд түвшний өрхийг бий болгоё, боломж бололцоогоор нь цалин хөлсийг нэмэгдүүлье, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмье” гэх мэт. Амьжиргааг дээшлүүлэх чиглэлийн зүйл ярьж байгаа ч өнөөдөр хэн гардаж, хэрэгжүүлэх юм бэ. Үүнийг аж ахуйн нэгжүүд л хийнэ шүү дээ.

Ажлын байрыг хэн шинээр бий болгох вэ гэхээр “тэд” бий болгоно. Түүнээс биш төрийн албан хаагчийн хэдэн орон тоог нэмэгдүүллээ гээд энэ асуудал шийдэгдэхгүй. Монгол Улсыг авч явах ганц зүйл бол үйлдвэрлэл, бүтээн байгуулалт. Энэ чиглэл рүү хандаж, дэмжлэг үзүүлэх явдал ерөөсөө байхгүй байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хууль нь гараад ирсэн. Одоо агентлагыг байгуулах хэрэгтэй. Үйлдвэрлэлийг дэмжих асуудал ерөөсөө ярихгүй байгаа мөртлөө ядуурлыг бууруулна гэж хий хоосон л яриад байна.

Ажлын байрыг нэмэгдүүлж, хүнээ дэмжиж чадвал бид хөгжинө

– Үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр Татварын тухай хуулийг шинэчлэн найрууллаа гэж байна. Энэ нь аж ахуйн нэгжүүдэд хэр боломж олгох вэ? Олон улсын жишигт нийцсэн хууль болж чадсан уу?

-Жижиг дунд үйлдвэрлэлийн хувьд хуулиуд дээр татварын хэмжээг тусгасан. Гагцхүү тодорхой хэмжээний дэмжлэг хэрэгтэй байна. “Загас барихыг нь зааж өг” гэдэг шиг амьдрах аргыг нь зааж өгчихөөд байхад гартаа барих хадуургүй, загасаа барих уургагүй бол боломж байхгүй. Ийм учраас тэр талын дэмжлэгийг үзүүлэх хэрэгтэй байна.

Жишээ нь, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд /ЖДҮДС/ өмнө жил 47 тэрбум төгрөг тавьсан. Үүнээс 21 тэрбум төгрөгийг аймаг, орон нутагт хуваарилсан. Аймгийн хувьд нэг тэрбум төгрөгийг маш нямбай хуваарилж, сонгон шалгаруулах журманд өөрчлөлт оруулсан. Үүн дээр ХХААХҮЯ маш сайн ажилласан. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх саналыг гаргасан.

Гэвч энэ жилийн хувьд ЖДҮДС-дулсын төсвөөс нэг ч төгрөг тавигдсангүй. Дэмжлэг байхгүй бол боломж байхгүй. Ажлын байрыг нэмэгдүүлж, хүнээ дэмжиж чадвал бид хөгжинө. Үндсэндээ ард иргэдээ улс нь тэжээх гээд яваад байна. Уг нь ард иргэд өөрсдийгөө тэжээдэг байх энэ боломжийг нь улс хангах ёстой байхгүй юу. Өмнөөс нь тэжээх биш. Монголчууд үнэндээ ядуу байна шүү дээ.

“Ажил голохгүй хийж, хөдөлмөрлөе гэдэг хандлага нь бага болчихсон байна”

-Ажил хийхгүй байгаа болохоор ядуу байгаа юм биш үү?

-Мөнгө байхгүй байгаа болохоор ажил хийхгүй байгаа юм. Яг үнэндээ мөнгөний сонирхол мэдэхгүй байхгүй юу. Тэртээ тэргүй болно гэж боддог. Бахархал нь давамгайлчихсан. Ажил голохгүй хийж, хөдөлмөрлөе гэдэг хандлага нь бага болчихсон байна. Зах зээлд шилжсэнээс хойш хэдэн “сэргэлэн” хүн нь компани байгуулаад, бизнес эрхлээд явж байгаа болохоос бусад нь нам суугаад л байж байна. Зах зээлээ нээж өгөхгүй байна.

Олон жилийн өмнө БНСУ-ын Ерөнхийлөгч асан И Мён Баг “Манай тэр компанийг дэмжээд өгөөч, танайд тийм бизнес хийх гэж байна” гэж хэлж байсныг сонсоод “Ямар лоббичин, муухай Ерөнхийлөгчтэй юм бэ” гэж бодож байв. Гэтэл үгүй. Гэр бүлийн хүрээнд эцэг хүн үр хүүхдээ тэжээж, сайхан амьдрахын тулд явдаг шиг дээдчүүл нь үндэсний компаниудаа, үйлдвэрлэлээ дэмжээд явах ёстой. Манай орны хувьд төр, засгийн удирдлагууд гадаад руу явлаа гэнэ. Сайхан тэврэлдээд, зургаа авахуулж, хундага тулгачихаад л ирнэ. Тэрийгээ “сайхан уулзалт боллоо” гэж яриад байдаг. Энэ бол үнэн шүү.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.161.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.