Д.Өнөрболор: Ирээдүй хойч үеэ түүхийн их хүчээс салгаж болохгүй
Ярилцлага
/
2020-03-04

Сэлэнгэ аймгийн Монголын эмэгтэйчүүдийн холбооны салбар зөвлөлийн тэргүүн Д.Өнөрболортой ярилцлаа.

-Та сүүлийн үед 1945 оны хоёрдугаар сард Крымд болсон их гүрнүүдийн удир­дагчид оролцсон Ялтын ба­га хурлын талаар сонирхол­той баримтуудыг нийтэлж, бас баримтат кино санаачилжээ. Энэ талаараа манай уншигчдад танилцуулна уу.

-Тухайн үеийн Холбоотон гүрнүүдийн төрийн тэргүүн И.В.Сталин, Ф.Рузьвелт, У.С.Черчилль нар оролцсон Ялтын бага хурлын түүхт 75 жилийн ой энэ жил тохиож буй юм.

Энэ бага хурлын түүхэн ач холбогдол ялангуяа монгол­чууд бидний хувьд асар өндөр. Дэлхийн хоёрдугаар дайны дараах дэлхийн дэг журмыг хэлэлцэх зорилготой хуралдаж түүхт Ялтын гэрээ батлагдсан байдаг.

Гитлерийн эвслийн эсрэг холбоотон улс орнуудын тө­рийн тэргүүн нар гарын үсгээ зурсан Ялтын гэрээ нь шинээр геопо­ли­тикийн орон зайг томьёолж гаргаж ирсэн “Алс дорнодын хувь заяа” гэдэг ухаг­дахууны хамгийн эхэнд Мон­голын хувь заяа яригдаж байсныг Монголын залуу үе мартаж болохгүй юм.

Тэр үеийн БНМАУ-ыг “Гадаад Монгол” хэмээн гео­политикийн нэ­рээр нь томьёолж Дундад иргэн улсаас (тэр үеийн Хятад) деюре тусгаарлах асуудлыг эцэслэн шийд­вэрлэсэн. Тэр тэмдэглэлт өдөр бол 1945.02.11-ний өдөр. Энэ өдөр өнөө­гийн монголчууд бидний эрх жаргалант амьдрал, туурга тусгаар Бүгд Найрамдах Улс болж хөгжиж цэцэглэхийн эхлэлийг тавьсан өдөр.

Түүнээс гадна Ялтын бага хурал дэлхийн хоёрдугаар дайны үед болж өнгөрсөн олон улсын хамгийн том хурал, дэлхийн том гүрнүүдийн хамтын ажиллагааны гарааны том жишээ, мөн НҮБ үүсч хөгжихийн эхлэл тавигдсан гээд дэлхий нийтийн томоохон ач холбогдолтой бага хурал юм.

Тиймээс энэ түүхт үйл явд­лын 75 жилийн ойд зориулж “Крымын зун” баримтат киног санаачлан, уран бүтээлчдийн баг ажиллуулж бүтээлээ.

 

-Та яагаад ийм кино бүтээх болсон бэ. Киноныхоо талаар ярина уу?

-Олон жил бидний сэтгэл зүр­хэнд оршиж ирсэн тусгаар тогт­нолын талаарх үзэл санаа, бодит байдал, өнгөрсөн түүх, хувь заяа, ирээдүйн бодрол энэ бүхнийг нэгт­гээд тусгаар тогтнолын сэдвээр нэгэн уран бүтээл бүтээхийг хүссэн юм. Энэ бол миний олон жил хүсч мөрөөдөж явсан хүсэл мөрөөдөл минь юм даа.

Би өөрөө мөрөөдөхөөс илүү хойч үедээ түүхийн үнэнийг ба­римт түшиглэж ойлгуулах, ба­римт­­­жуулж үлдээх, улмаар эх оронч үзэл төлөвшүүлэх, хүн бүрийн сэтгэл зүрхэнд эх орноо хайр­­­­лах үзлийн галыг бадраах нь амьд­ралын үнэ цэнэтэй туршлага хуримт­­луулсан, хуримтлуулж яваа бидний үеийнхний зайлшгүй хийх ёс­той ажил гэж боддог. Тиймээс энэ баримтат киног бүтээхэд санхүү­гийн бүх талын дэмжлэг үзүүлж, са­­­наачилга гаргаж, хамтарч ажил­лалаа.

Нөгөө талаар бид ялангуяа за­луу үе эх орноо өнгөрсөн түүх хэ­мээх өндөрлөг дээрээс үнэт зүйл дээрээ тулгуурлаж, ирээдүйн бол­зошгүй сэрэмж анхаарал сэлтээ нийлүүлэн, тунгааж бодож үзэж байх ёстой гэж би боддог.

Энэ жил агуу их эх орны дайны түүхт 75 жилийн ой тохиож бай­на. Хүн төрөлхтөнд хүний амь, энх тайван цагийн үнэ цэнийг да­хин сануулах, ард түмний эр зориг, баатарлаг үйлсийн тухай ой са­намжийг хад­галах, хүүхэд залуучуудын эх оронч үзлийг хөгжүүлэхэд манай киноны ач холбогдол оршиж байгаа юм. Ирээдүй хойч үеийг түү­хийн их хүчээс салгаж болохгүй.

Ийм сэтгэл, зоригоор “Крымын зун “ баримтат кино бүтсэн гэж үзэж болно.

Манай киноны баг ОХУ-ын Крымын Бүгд Найрамдах Улсад очиж зураг авалтаа хийсэн. Оросын эзэн хаадын эртний зуслан Ливадий тосгоноос, түүхэн үйл явдал өрнөсөн Ялта хотод зураг авалт маань голлож хийгдсэн.

1945 онд монголчууд яг Цагаан сараа тэмдэглэж байх үед энд бидний цаашдын хувь заяаг шийд­сэн онцгой шийдвэр гарсан би­лээ. Дэлхийн гурван их гүрний удир­дагчдын уул­залтаар ЗХУ, И.В.Сталин биеч­лэн, туйлбартай байр суурь баримталсны үр дүнд Их Британи, АНУ, улмаар Хятад улс Монголын тусгаар тогтнолыг “де юре” хүлээн зөвшөөрсөн юм. Энэ нь мон­голчууд тусгаар тогтнолынхоо тө­лөө 40 жил уйга­гүй тэм­цэж, өөрийн ганц түшиг тулгуур Зөв­лөл­тийн ард түмнийг дайны бэрх жи­лүүдэд чин сэтгэлээсээ дэмжиж, түү­хэндээ анх удаа өлсгөлөнд нэрвэгдтлээ эд материалын харамгүй тусламж үзүүлж байсны бас шагнал байсан гэдгийг мартаж болох­гүй юм.

Хятадын тавьсан сүүлийн шаард­лага нь “Монголын ард түмэнсанал асуулгаар өөрсдөө тусгаар тогтнохоо илэрхийлэх ёстой” гэсэн юм. Харин бид бүх ард түмнээрээ “Тийм” гэж хүсэл зорилгоо илэрхийлсэн билээ.

Бид Тусгаар тогтнолын үнэ цэ­нийг дэндүү мэддэг ард түмэн.

Харин Крымын ард түмэн өнөөд­рийн амьдралынхаа та­лаар юу бодож байна? гэдгийг ч бас энэ кинон­доо тодорхой тусгахыг оролд­сон юм.

“Крымын зун”-аар зочилсон монголчууд үүнийг л харж, үүнийг л монголчууддаа хүргэхийг бас зорьсон.

 

-Крым Монголын түү­хийн маш их эд өлгийг, түүхийг тээж байдаг газар. Та энэ талаар сонирхолтой ямар баримтуудыг олж харав?

-Бидний бас нэг том зо­рилго бол домогт Хар тэнгис хавийн газар нутгийн түүх, соёл тэр дундаа ма­най монгол­чуудын түүхтэй холбоо­той түүхэн газар орноор очиж ээдрээ­тэй намтар түүхийг, байгалийн үзэмж гоо сайхныг, тэнд амьд­ран сууж буй хүмүүсийн санаа бодлыг сонсч, үзэж тод томруун гаргаж үзэгчдэд хүргэх гэсэн оролдлого байлаа.

Сая гаруй жилийн өмнө хүн суурьшиж байсан ул мөртэй энэ газар эртний скифүүд, Грек, Ромын соёл, иргэншил, эртний нүүдэлчин овог аймгуудын дурсгалыг хадгалж байдаг. Монголчуудын дээд өвөг Хүннү нар ч энэ газрыг дайлж, тэдний хойчийг залгамжлагч Түрэгийн хаант улс ч нэгэн үе энэ хойгийг эзэгнэж байлаа. Монголын байлдан дагуулагчид болон тэдний удам угсаа Крымын түүхэнд хамгийн тод ул мөрийг үлдээсэн үндэстний нэг юм.

Домогт Алтан ордны улсын үед байгуулагдсан Хуучин Крым хотод ч очлоо. Энэ хотын татар нэр Кырым бөгөөд Крымын хойгийн нэрний үүсэлтэй холбоотой гол таамгийн нэг нь энэ л хоттой холбоотой гэж судлаачид үздэг юм билээ. Алтан ордны улсыг залгамжлагч Крымын хаант улсын олон дурсгал энд байдгаас нэгэн цагт тэдний нийс­лэл болж байсан Бахчисарай хо­тыг дурдахад хангалттай. “Бах­чиса­райн оргилолт булаг” хэмээх алдарт бүжгийн жүжиг шинэ цагийн Монголын тайзан дээрх хамгийн анхны дэлхийн сонгодог бүтээл болж тоглогдож байсан нь мөн л гайхамшиг.

Шинэ цагийн монголчууд­тай холбоотой өөр олон түүх Крымд бий. Энд Монголын үе үеийн удир­дагчдаас гадна пионер хүүхдүүд амарч байлаа. Алдарт Артект хамт олноороо амрах эрхийн төлөө “Бид Артект явна” нэртэй орос хэл­ний уралдаан 1970-1990 онуудад үндэсний хэмжээний хөдөлгөөн болж байсан бөгөөд дэлхийд өөр ижил үгүй энэ төсөл монголчууд орос хэлийг төгс эзэмшиж, өнөөг хүртэл мартаагүйн нэг учир шалт­гаан болов уу.

Крымын хаант улсын түүх 1783онд Оросын эзэнт гүрэнд дагаар орсноор дуус­гавар болсон юм. Энэ үйл явц Орос, Туркийн хооронд 1735-1774 онуудад болсон олон удаа­­гийн, сунжирсан дайн, геопо­литикийн ээдрээтэй тоглоомын үр дүн байлаа. Энэ бүс нутагт Орос, Турк хоёр нэг бус удаа тулгарсан асуудлаа хүчээр шийдэж байсан юм. 1854-1855 оны Крымын дайны нэгэн цуст талбар нь Севастополь хот бөгөөд стратегийн онцгой чухал өндөрлөг болсон энэ хот өнөөдөр оросын ард түмний эх оронч үзэл, эр зоригийн бэлгэ тэмдэг болон сүндэр­лэжбайна. Бид өнөөх алдарт 35 дугаар баттерейд зочилсон.

Энэ бүхнийг багтаасан өндөр чанартай зураг авалтууд завсаргүй хийг­дэж манай багийнхан боги­но­хон хугацаанд мэргэжлийн өндөр түвшинд ажилласанд талархууштай.

Манай киноны зохиолч, ерөнхий найруулагчаар ба­римтат кинонд хүч түрэн орж амжилт олж байгаа, авьяас­лаг найруулагч Б.Бадрал ажил­ласан ба Ардын жүжигчин Г.Равдан оролцсон, зураг­лаачаар манай нэртэй залуу уран бүтээлчид ажилласанд би сэтгэл өег байна.

 

-Одоогоос тав зургаан жилийн өмнө дэлхий дахинаа Крымын хавар гэх онцгой үйл явдал өрнөснийг бүгд мэднэ. Та энэ талаар юу өгүүлэх вэ?

-Украин Орос улсад нэгд­сэний түүхт 300 жилийн ой­гоор, 1954 онд Н.С.Хрущев Крымыг Украинд “бэлэглэсэн” юм.

1990-ээд онд Крымыг эргээд Орост нэгдэх асуудал анх удаа хурцаар тавигдсан билээ.

Харин 2014 онд үйл явдал эрчимтэй өрнөж, Крым Оросын бүрэл­дэхүүнд багтлаа. Дэлхийн улс төрд нэлээдгүй маргаантайд тоо­цогдох энэ асуудалд жирийн киноны уран бүтээлчид бид дүгнэлт өгөх утгагүй.

Гэхдээ, хөндлөнгөөс ажиг­лахад хэдхэдэн зүйл гарцаагүй анхаарал татна. Үйл явдал ийн өрнөхөд тухайн үед нэг талаас, Украины эрх баригчдын явуулж байсан алдаатай бодлого, шуурхай бус арга хэмжээнүүд, нөгөө талаас, Оросын төрийн болон Крымын өнөө­­гийн удирдлагын шийдэмгий, туйл­­бартай алхамууд аль аль нь гайхшрал төрүүлнэ. Үүнд, ОХУ-ын ЕрөнхийлөгчВ.Путин, их гүрний хүчирхэг удирдагчийн хувьд, эр зоригтой, алсын хараатай шийд­вэр гаргаж, ажиллагааг төгс зохион байгуулж, өөрийн орны аюул­гүй байдалд асар нөлөөтэй, геополи­тикийн онцгой бүсийг авч үлдэж чадсаныг үнэлэхээс өөр аргагүй. Дэлхий нийт эдгээр үйл явдлыг ээдрээтэйгээр хүлээн авсан ч Крымын асуу­дал Оросын ч, Путины ч нэр хүндэд асар эерэгээр нө­лөөлж чадсан гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.

Мөн Крымын БНУ-ын одоогийн удирдлагууд болон энгийн иргэдтэй ярилцлага хийж бодит байдлын талаар санал бодлыг нь сонссон юм.

Бас хамгийн чухал нь Крымын ард түмэн өөрсдөө хүсэл зоригоо нэгтгэж, өөрсдөө бүх нийтийн санал асуулга явуулахыг шаардаж, өөрсдөө Орос улсын бүрэлдэхүүнд багтахыг хүссэн байдаг.

Ийнхүү бүх ард түмнийсанал асуулгаар бас нэгэн ард түмний хувь заяа хэрхэн шийдэгдэж байс­ныг ч бас үзэгч олонд харуулж чадсан гэж бодож байна.

Монголчууд бид ч тусгаар тогт­нолоо яг ийм санал асуулгаар 1945 онд шийдэж байсан билээ.

 

-“Крымын зун” баримтат кино хэзээ үзэгчдийн хүртээл болох вэ?

-Бид уг нь гуравдугаар сард ки­ногоо үзэгч­дэд хүргэхээр төлөвлөж байсан ч шинэ төрлийн COVID-19 вирусийн халдвар дэлхий нийтэд тархаж байгаа, хорио цээ­рийн дэглэм нэгэнт тогтсон уч­раас дөрөвдүгээр сард болгон хойш­луулсан.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл доор хийх “Ялтын гэрээ-1945 он: түүх, орчин үе” сэдэвт олон улсын эрдэм шинжил­гээний хуралтай хамтатган “Крымын зун” баримтат киноны нээлтээ хийхээр төлөвлөж байна.

-Баярлалаа танд цааш­дынх нь ажил, бүтээлд өндөр амжилт хүсье.

Д.ХҮСЛЭН

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.107.78)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.