Короанвирусийн эрсдлийн улмаас улсын бүх цэцэрлэг, ерөнхий боловсролын болон их дээд сургуулийн үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээг авсан. ЕБС, цэцэрлэгийн хүүхдүүдэд телевизүүдийн сувгаар теле хичээл хүрч байгаа бол оюутнууд өөрийн харьяалагдах их сургуулиас өгч буй нэгдсэн системээр буюу цахимаар хичээлээ үзэж байгаа юм. Танхимын сургалт 90 гаруй хувийг эзэлдэг манай улсын хувьд энэ нь нэг төрлийн шинэ туршлага болоод байгаа аж.
Сургууль бүрийн цахим хичээлээ хүргэх арга нь харилцан адилгүй байгаа бөгөөд энэ талаарх мэдээллийг хүргэхээр жишээ болгон ХААИС-ийг сонголоо. Тус сургуулийн багш нар Google Classroom системийг ашиглаж оюутнууддаа хичээлээ зааж байна. Энэ талаар бид ХААИС-ийн Инженер Технологийн сургуулийн Математик физик, Мэдээллийн технологийн тэнхимийн багш Э.Даваадуламтай ярилцлаа.
БАГШИЙН ЧАДВАР МАШ ЧУХАЛ
-Танай сургууль нийт хэдэн оюутантай болон тэдэнд цахим хичээлээ хэрхэн хүргэж байна вэ?
-Манай сургууль нийт 8000 гаруй оюутантай. Оюутнуудын хувьд цахимаар хичээлээ үзэх нь шинэлэг зүйл болж байгаа ч манай сургуулийн хувьд хоёр жилийн өмнөөс эхлэн цахим хичээлийн хөтөлбөр боловсруулж, энэ төрлийн аргачлалыг аль хэдийнэ нэвтрүүлээд байсан юм. Цахим хичээл нь онолын мэдлэг рүү илүүтэй чиглэсэн байдаг. Тиймээс лабораторид эсвэл механик эд анги дээр ажилладаг буюу биетээр туршилт хийх боломжгүй нэг сул талтай ч цахим хичээлийн давуу тал их.
Дэлхий нийтээрээ цахим хичээлийн систем рүү шилжсэн ч манай улсын хувьд энэ нь шинэлэг зүйл хэвээр байгаа юм.
Миний хувьд цахим хичээлийн төсөл дээр ажиллаад хоёр жил болж байна. Дэлхий нийтээрээ цахим хичээлийн систем рүү шилжсэн ч манай улсын хувьд энэ нь шинэлэг зүйл хэвээр байгаа юм. Харин коронавирусээс шалтгаалан үүсээд буй нөхцөл байдлын улмаас яах аргагүй энэхүү төрлийн сургалтын хэлбэр рүү түр шилжлээ.
ХААИС-ийн хувьд Google Classroom програмыг ашиглан оюутнууддаа хичээлээ зааж байна. Манай сургуулийн хувьд энэхүү програмыг ашиглах заавар бүхий гарын авлагыг 2018 онд гаргасан. Үүнийг дэлхий нийтийн маш олон орон тэр дундаа Америк болон Европын орнуудад ихээхэн ашигладаг. Бид хоёр жилийн өмнө өөрсдийн багш нар болон оюутнуудаа Google Classroom програмын сургалтад хамруулчихсан нь давуу тал боллоо.
-Оюутнууд цахим хичээлдээ хэр их хамрагдаж байгаа болон ирц бүртгэх, даалгавар шалгах гэх зэргийг хэрхэн хийж байна вэ?
-Энэхүү програм маань өөртөө бүх төрлийн файл оруулах боломжтой гэдгээрээ давуу талтай. Миний хувьд одоогоор нийт 23 оюутантай ажиллаж байгаа ба хичээлээ Zoom аппликэйшнийг ашиглан live /шууд/ хүргэдэг.
Ингэхдээ фейсбүүкт групп чат үүсгэн давхар мэдээллээ түгээж аль болох сошиал орчин дахь бүх үүсвэрээр холбогдож Classroom програм дээр давхар мэдээллээ оруулдаг. Мөн энэ хугацаанд хэн онлайнд байсныг хянаж, даалгаваруудаа өгч, шалгаж дүгнэх байдлаар ажилладаг юм.
Хичээлээ цахимаар шууд бичлэг хийн заахад хэн, хэн байгаа нь харагдана, мөн оюутан ойлгомжгүй зүйлээ багшаасаа шууд асуух давуу талтай
Тухайн үед онлайн байгаагүй оюутнуудад зориулж бичлэгээ нийтэлж, хичээлтэй холбоотой даалгавраа өгдөг ба гүйцэтгэсэн даалгаврыг файлаар нь авч шалгах, эссэ бичүүлэх гэх мэтээр дүгнэдэг. Мөн Google -ийн бусад давуу талуудыг muls.edu.mn албан ёсны хаягаараа дамжуулан ашиглаж байна.
-Хичээлээ шууд дамжуулалтаар заах нь бичлэг хийн оруулахаас илүүтэй үр дүнтэй юу?
-Тэгэлгүй яах вэ. Бичлэг хийгээд оруулахаар тухайн оюутан үзсэн эсэх нь мэдэгдэхгүй, эргэх холбоогүй буюу яг тухайн хичээлийг оюутан ойлгосон эсэх нь тодорхойгүй байдаг. Харин хичээлээ цахимаар шууд бичлэг хийн заахад хэн, хэн байгаа нь харагдана, мөн оюутан ойлгомжгүй зүйлээ багшаасаа шууд асуух давуу талтай.
Гэхдээ аливаа зүйлд давуу болон сул тал байдгийн хувьд зарим оюутанд бага зэрэг хүндрэл гарч байна. Жишээ нь, сурагчид бол теле хичээлээ телевизээр үнэ төлбөргүй үзчихэж байгаа юм. Харин оюутнуудын хувьд цахим хичээлээ үзэхийн тулд хувиасаа дата ашиглах, wifi-тай орчинд зайлшгүй байх шаардлага тулгарч байна. Хөдөө орон нутагт байгаа, дата ашиглах боломжгүй оюутан цөөнгүй бий. Тиймээс датаны хэрэглээний төлбөрийг тодорхой хэмжээгээр хөнгөлөх талаар манай үүрэн телефоны операторууд анхаараасай гэж багш хүнийхээ хувьд бодож байна.
Оюутнууд сошиал, интернетийн орчинг үр дүнтэйгээр ашиглаж, багшийн өгсөн материалыг бусад эх сурвалж, материалуудтай харьцуулан судалж, дүгнэлт гаргах ур чадварт давхар суралцаж байна.
Оюутнууд сошиал, интернетийн орчинг үр дүнтэйгээр ашиглаж, багшийн өгсөн материалыг бусад эх сурвалж, материалуудтай харьцуулан судалж, дүгнэлт гаргах ур чадварт давхар суралцаж байна. Идэвх чармайлттай санаачлагатай оюутнууд багштайгаа өөрөө холбогдон хичээлтэй холбоотой ойлгоогүй сэдвээ ярилцах, дараагийн хичээлийг сэдвийг урьдчилж судлаад live хичээлийн үеэр асууж, ярилцах гэх мэт судалгаа хийж, бие даан ажиллаж сурч байгаа юм.
Гэхдээ цахим сургалтын явцад тухайн оюутны бие даах чадвар хэр сайн байна вэ гэдэг нь шууд харагдаж эхэлж байгаа юм. Анги танхимд бусдын тусламжаар хичээллэдэг, ангийн хүүхдүүдээсээ лавлаж хичээллэдэг оюутнууд идэвх нь буурах, хоцрох магадлалтай байна.
Нөгөөтэйгүүр багшийн удирдах арга барил, оюутны идэвх чармайлт хоёр нэгдэж байж энэ сургалт үр дүнтэй болно. Аль нэг нь идэвх сул байхад үр дүнгүй болж байна. Мөн үүсээд байгаа нөхцөл байдлыг үл харгалзан “Сургалтын төлбөрөө нэгэнт төлчихөөд ийм аргаар хичээлээ үзмээргүй байна” гэх гомдол гаргаж байгаа оюутнууд мэр сэр байна. Угтаа бол хөл хорионы дэглэмтэй үед цахим хичээлээс өөр арга сонголт бидэнд байхгүй шүү дээ.
-Тэгвэл багш хичээлээ цахимаар заахад ямар нэгэн ур чадвар шаардаж байна уу?
-Цахим сургалт нь зөвхөн техник технологитой холбоотой асуудал биш багшийн заах арга барил, чадвартай нягт холбоотой байдаг. Нэг үгээр дэлгэцийн цаана сууж байгаа оюутныг өөрийнхөө ярианд хэрхэн татах, хичээлээ хэрхэн зөв ойлгуулах вэ гэдэг нь их чухал. Цахим хичээлийг заах багшийн арга барилын талаар сургалтын тусгай хөтөлбөр ч боловсруулах шаардлагатай байгааг анзаарлаа. Танхимд оюутан 1,5 цаг суухдаа хичээлдээ бүрэн төвлөрч чаддаг бол цахим хичээлийн үед тэд ихэвчлэн гэртээ байдаг учир өөр зүйлд сатаарах гээд байдаг. Тиймээс цахим хичээлд багшийн заах арга зүй, оюутны бие даах чадвар, идэвх гээд тал талын хичээл зүтгэл чухал юм.
Цахим сургалт нь зөвхөн техник технологитой холбоотой асуудал биш багшийн заах арга барил, чадвартай нягт холбоотой байдаг. Нэг үгээр дэлгэцийн цаана сууж байгаа оюутныг өөрийнхөө ярианд хэрхэн татах, хичээлээ хэрхэн зөв ойлгуулах вэ гэдэг нь их чухал.
Багшийн зүгээс оюутнуудаа цахим хичээлдээ идэвхтэй байлгахын тулд багагүй чармайлт шаардаж байгаа. Миний хувьд ямар нэгэн бэрхшээл одоогоор байхгүй, өмнө нь танхимын хичээлд заадаг байсан шигээ онлайнаар хичээлээ явуулж байна. Аливаа зүйлд дасан зохицоход мэдээж цаг хугацаа, ойлголт шаарддаг.
Цахим хичээл зааснаар багш нарын техник технологитой харилцах чадвар улам сайжирч байна. Өөрөөр хэлбэл төрөл бүрийн технологийн судалгаа хийн туршиж, хичээлээ удирдаж явуулах үр дүнтэй арга технологиудыг судалж тэр хэмжээгээр ур чадвар нэмэгдэж байгаа юм. Нөгөөтэйгүүр багш нар цахим орчинд оюутнаа хэрхэн удирдан сургалтаа зохион явуулах арга барилд илүү суралцаж байна. Харин мэргэжлийн лаборторийн орчинд туршилт, дүгнэлт хийдэг оюутнууд онолын мэдлэгийг л сурч байгаа учир багшийн зүгээс ур чадвар мэдлэгийг дүгнэхэд бага зэрэг хүндрэл гарч байгаа юм.
-Ер нь цахим сургалтын давуу талууд юу байдаг вэ?
-Гол давуу тал нь та дэлхийн хаана ч байсан та цахимаар мэдлэг авах боломжтой. Өнөө цагт гэртээ суугаад магистрын зэрэг ч хамгаалж байна шүү дээ. Тэгэхээр энэ бол цахим сургалтад хамрагдах чадвараа нэгэнт эзэмшчихсэн хүний хувьд бол асуудалгүй зүйл. Харин техник технологид суурилсан цоо шинэ зүйлд суралцаж буй хүний хувьд эхэндээ хүндрэл үүсэх ч яваандаа сурна шүү дээ.
Олон судлаачдын тайлан судалгааг харьцуулан унших, өөрөө бие даан судалгаа хийх хэрэгтэй болдог. Оюутнууд маань “Багш аа, би ийм бичлэг, мэдээлэл олж харлаа” гээд судалсан зүйлээ үзүүлж хамтдаа хэлэлцэх давуу талтай байдаг. Мөн оюутнууд подкаст их сонсдог болсон. Тиймээс багш нар хичээлээ подкастаар дамжуулах хүргэх ч боломж бий.
-Ярилцсанд баярлалаа.
Э.Даваадулам багш дараах флатформуудыг цахим сургалтанд давхар ашиглах нь үр дүнтэй байдаг хэмээн зөвлөлөө.
- Youtube, Google meet, Zoom app -Live хичээл цаг тохирон хийж, саналаа солилцох, ярилцах боломжтой.
- Google suite -ийн Slide, Sheet, Doc -оор оюутнууд гар утсан дээрээ бие даалт, эссэгээ бичиж, онолын тэмдэглэл, дүгнэлтээ илгээхэд үр дүнтэйгээр ашиглагдаж байна.
- Подкаст хийдэг үнэгүй олон аппликейшнууд байна. Soundcloud, Anchor app, Soundtrap гэх мэт хичээлийнхээ агуулгыг аудиогоор бичиж хадгалаад онлайн ангидаа хуваалцах боломжтой.
- Google form, Google Classroom Form, Kahoot- хурдан хугацаанд мэдлэг шалгахад үр дүнтэй.
- Remind.com мөн онлайн анги үүсгээд ашиглах боломжтой Google classroom-тэй адилаар ашиглах боломжтой.
- Flipgrid ашиглан богино хугацааны 1-5 минутын бичлэг хийгээд Classroom дээрээ хуваалцаж сонирхолтой байдлаар хичээлийн танилцуулга, нэрт томъёоны тайлбар зэргээ бэлтгэн хийх боломжтой.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин