Ц.Болорчулуун: Гурилын үйлдвэрүүл өөрсдийн хөрөнгөөрөө БУУДАЙ ИМПОРТЛОНО
З.Батхуяг
Ярилцлага
/
2020-03-08

Улаан буудайны хуваарилалт хэрхэн хийгддэг талаар болон импортоор оруулж ирэх асуудалтай холбоотойгоор ХХААХҮЯ-ны  Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунаас тодрууллаа.

- Өнгөрсөн жил тариалсан улаанбуудайнаас хэдэн хувийг нь гурил үйлдвэрлэхэд зарцуулсан бэ?

- Бид сүүлийн жилүүдэд улаанбуудайгаар дотоодын хэрэгцээгээ тогтвортой хангаж ирсэн. Дэлхий нийтэд тулгамдаж буй асуудал болох уур амьсгалын өөрчлөлт, дулаарал нь Монгол Улсад ч нэлээд хүчтэй тусаж байна.   

Өнгөрсөн жилийн наймдугаар сард гэхэд тариалангийн бүс нутгуудад хур тунадас ихтэй байснаас болж тариа хэнзлээд, чанарт асуудал гарсан. Гэсэн хэдий ч 2019 оны ургацаас 407 мянган тонн улаан буудай хурааж авснаас гурил үйлдвэрлэлд 246.4 мянган тонн буудай нийлүүлэгдсэн. Үүгээр манай улсын 2020 оны жилийн хэрэгцээний 80 хувийг хангах гурил үйлдвэрлэх боломжтой. Ингэснээр 55.6 мянган тн хүнсний улаан буудай дутагдах тооцоо гарсан юм. 

Иймд Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс 2020 онд 60 мянган тонн хүнсний улаан буудайг импортлох шийдвэрийг 2019 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр гаргасан байдаг. 

Манай улсын хүн амын 2020 оны хэрэгцээнд 227 мянган тонн гурил шаардлагатай. 

Тухайн жилийн хурааж авсан улаанбуудайн 65-70 орчим хувь нь гурил үйлдвэрлэлд нийлүүлэгддэг. Үлдэгдлийг нь дараа жилийн үрийн нөөцөд авч үлддэг. Мөн тэжээл, спирт рүү нэг хэсэг нь шилждэг. Дээрээс нь цэвэрлэгээний үеийн хаягдал, хорогдол гэж гардаг. Ийнхүү улаан буудайны хуваарилалт хийгддэг.

- Энэ жилийн гурилын хэрэгцээгээ хангахад 60 мянган тонн улаан буудай дутсан. Энэ дутагдлаа нөхөхийн тулд импортоор авахаар шийдэж, тендер зарлаад аж ахуйн нэгжүүд эрхээ авч, түрүүчээсээ оруулж ирж байна гэж Ч.Улаан сайд хэлсэн. Энэ талаар нэмж тодруулахгүй юу?

- Энэ хүрээнд гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд дотоодын хэрэгцээгээ хангахад шаардлагатай 60 мянган тонн буудайныхаа квотыг зарлаад гурилын үйлдвэрүүддээ өгчихсөн. 

Дээрээс нь хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, аюулгүйн нөөцийг бүрдүүлэх шаардлага үүссэнтэй холбогдуулан нэмэлтээр 100 мянган тонн хүнсний улаан буудай (үүнээс, гурил үйлдвэрлэлд 90 мянган тонн, спиртийн үйлдвэрлэлд-10 мянган тонн) импортлох шийдвэрийг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн 2020 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаас гаргасан.

COVID-19 халдвар дэлхий нийтийг хамарч байгаатай холбоотойгоор аж ахуйн нэгжүүд, ченжүүд, худалдааны төвүүд зохиомол хомстол үүсгэх үзэгдэл ажиглагдаж байна. Ийм асуудал гараад ирэхээр гурилын нөөц байх ёстой юм байна гэсэн асуудал яригдсан учраас бид холбогдох тооцоо судалгааг гаргасан. Энэ нөхцөл байдал хэр хугацаанд үргэлжлэхийг мэдэхгүй. Магадгүй бүх улс хилээ хаачихвал дотооддоо байгаа гурилын нөөцөөрөө даван туулна шүү дээ.

Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс гарсан зөвлөмж, чиглэлийн дагуу буудай оруулж ирэх сонгон шалгаруулалтыг гурилын үйлдвэрүүдэд зарласан. 

Энэ нь ХХААХҮЯ болон улсын төсвөөс мөнгийг нь гаргаад зарлаж байгаа тендер биш. Үүнийг тендер гэж ойлгож байгаа нь буруу. Дахин хэлье төсвөөс нэг ч төгрөг гарахгүй. Тухайн гурилын үйлдвэрүүд өөрсдөдөө хэрэгтэй улаан буудайныхаа хэмжээг хэлж, хүсэлтээ ирүүлэхээр бид тэрийг нь олгож, тухайн үйлдвэр өөрсдийн хөрөнгөөр буудайгаа оруулж ирнэ гэсэн үг. Буудайг нэмж импортлох асуудал нь гурилын үйлдвэрүүдийн өөрийн хөрөнгөөр хийгдэх үйл ажиллагаа юм.

- Импортоор оруулж ирэхэд чанар асуудал яригдана. Чанар хангаж чадна гэдэгт ямар батлагаа өгөх вэ? Чанар муутай улаан буудай худалдан авснаар газар тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 2,000 гаруй иргэн, аж ахуйн нэгж, тариаланч ирэх хавар улаан буудай тариалах шаардлагагүй болж, дампуурч, үүд хаалгаа барихад хүрнэ гэж тариаланчид үзэж байгаа.

- Тийм ээ, чанарын асуудал л яригдах нь зөв. Хүнсний улаан буудай өөрийн гэсэн стандарттай ба стандартын шаардлага хангасан улаан буудайгаар гурил үйлдвэрлэдэг. Стандартын дагуу хүнсний улаан буудай I, II, III, IV гэсэн ангилалтай.

ОХУ-аас импорт хийж буй тохиолдолд ч бай, дотоодын тариаланчдаас авсан буудайг гурил үйлдвэрлэлд нийлүүлэхэд ч бай адилхан мэргэжлийн байгууллагууд хяналтаа тавиад хэддүгээр ангиллыг хангаж байгаа талаар нь дүгнэлт бичиж хилээр оруулдаг. Үйлдвэрүүд ч гэсэн өөрсдийн лабораторитой. Гадуур яриад байгаа шиг гахайн тэжээлээр гурил үйлдвэрлэдэггүй. Тэр тэжээлээс нь гурил гарахгүй.

- Манайд нийт хэчнээн гурилын үйлдвэр байна вэ?

- Ойролцоогоор 40 гаруй үйлдвэр бий. Үүнээс өдөр тутам тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг 20 орчим гурилын үйлдвэр байна.

- Импортоор оруулах хугацааг нь хэдий хүртэл гэж тогтсон бэ?

- Гуравдугаар сарын 1-нээс зургаадугаар сарын 30-ны хооронд оруулна.

- Цаашид дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадах бололцоо байгаа юу?

- Бид хангасаар ирсэн. Цаашид ч хангах нөөц бололцоо байгаа. Үүнд тариаланчид маань ч  хариуцлагатай байх ёстой.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.181.69)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.