Г.Түвшинжаргал: Ажилчин залуучдын ээлжийн сургууль бол БОЛОВСРОЛЫН ХОЦРОГДЛЫГ НӨХДӨГ цор ганц сургууль
З.Батхуяг
Ярилцлага
/
2020-03-08

Монголчууд олон зүйлээр дэлхийд үлгэр жишээ. Үүний нэг нь бүх иргэдээ боловсролд тэгш хамруулсан явдал. Харин ардчилал, зах зээлийн нийгэм хөгжихтэй зэрэгцээд хүний эрхийн асуудал яригдаж, эрдэм ном сурахгүй ч байж болох ойлголт бий болсон юм. Тэр ахархан бодлын уршгаар боловсролоос завсардах зарим тохиолдол бий болсон юм. Бичиг үсэг сураагүй, завсардсан боловсролтой иргэдээ ч Монголын төр мартаагүй. Тэдний дутуу эзэмшсэн тэр мэдлэгийг нөхөж олгох зорилготой нэгэн сургуулийг байгуулж байсан өдгөө 40 жил болжээ. Боловсролын тэгш хамрагдалтыг бий болгох зорилготой “Ажилчин залуучуудын ээлжийн сургууль”ийн захирал Г.Түвшинжаргалтай ярилцлаа.

Төрийн мэргэн бодлогын ачаар монголчууд бид бүгд суурь боловсролыг үнэ төлбөргүй эзэмших болсон. Харин сургуульд сураагүй болон бага ангийн боловсрол эзэмшсэн, сурч байгаад завсардсан сурагчид, иргэдийн мэдлэгийг нөхөж олгодог улсдаа ганц сургууль байдаг нь танай “Ажилчин залуучуудын ээлжийн сургууль” шүү дээ. Анх хэдэн онд байгуулагдаж байв энэ тухай ярилцлагаа эхэлье.

-1960-д онд манай улсад аж үйлдвэрийн салбар хөгжиж эхэлсэн үед тухайн үеийн хүүхдүүд наймдугаар анги төгсөөд ажилчин анги болж үйлдвэрт илгээлтээр очдог байсан. Хэдийгээр суурь боловсрол эзэмшсэн ч бүрэн дунд боловсрол хараахан эзэмшээгүй залуучууддаа зориулан уг сургуулийг тухайн үедээ ЕБС-уудын дэргэд оройн анги нээж ажилчны ройануудад байгуулсан. Одоогийн Хан-Уул болон Сүхбаатар дүүргүүдэд нэг хоёрдугаар салбартайгаар үүсэн гэж тооцвол өнөө жил 40 жилийнх нь ой тохиож байна. Социализмын үед үйлдвэрт ажиллаж байсан, гадагшаа томилолтоор явах гэж байгаа хүмүүс манай сургуульд сурч төгссөн хоцрогдсон боловсролоо нөхөж эзэмшээд дараа шатны сургуульд явдаг байсан. Дараа нь ардчилал зах зээл гарсаны дараа сургууль засвардалт их байх үед хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлыг нөхдөг ийм онцлогтой сургууль юм. Суурь болон бүрэн дунд боловсролыг нөхөж эзэмших боломжтойгоороо бусад ЕБС-с онцлогтой юм.

40 жилийн тэгш ой нь энэ онд тохиож байгаа юм байна. Энэ хугацаанд хичнээн мянган төгсөгчтэй болсон байна вэ?

10.000 гаруй төгсөгч манай сургуулиас ажил, амьдралын замаа олсон байдаг юм билээ. Манай сургуульд сурч байсан хүмүүс өмнө нь дараа шатны их дээд сургуульд суралцахын тулд төгсдөг байсан бол сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн талбараас ирдэг болсон. Өөрөөр хэлбэл ажил хийхийн тулд заавал манайд сурч, суурь болон бүрэн дундын гэрчилгээ авахыг зорьдог болсон. Энэ бол давуу тал юм.

Албан ёсоор бие даасан сургалтын үйл ажиллагаа явуулаад 40 жил болж байгаа юм байна. Танай сургуулийг төгссөн гавьяатууд, нийгэм соёлын зүтгэлтэн, алдартан манлайлагчид олон бий биз дээ.

Манай сургуулийг төгссөн алдар хүндтэй олон хүн бий. Төр түшилцэж байгаа хүн ч байна. Хөдөлмөрийн баатар, Гавьяатууд, спортын мастерууд зөндөө бий. Тухайлбал, Үндэсний бөхийн дархан аварга, Гавьяат тамирчин А.Сүхбат, улсын гарьд Б.Гантогтох, Хөдөлмөрийн баатар оёдолчин Н.Дугуйцагаан, спортын мастер Б.Дуламсүрэн, З.Дулмаа, Т.Зоригтбаатар, И.Даваажаргал, П.Лхамдэгд, Б.Эрдэнэцэцэг, Б.Мөнхтуяа, Б.Даштүдэв нарыг дурдаж болох юм. Сүүлийн үед уулын спортоор хичээллэд буй Тунгалагтуяа гээд залуучууд олон бий.

Ажил хийдэг хүмүүс суралцаж суурь боловсролоо нөхөж авдаг болсон гэлээ. Тэгвэл бас мэргэжлийн боловсролын чиглэлээр сургалтын хөтөлбөртэй гэсэн үг үү?

Үгүй. Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрөөр хичээллэдэг. Суралцагчид маань ийм хүсэлт гаргадаг учраас цаашдаа мэргэжлийн боловсролыг хослуулж болох юм байна гэж тооцсон. Чадамжийн гэрчилгээ олгодог сургалтыг бас нэвтрүүлэх боломж байгаа эсэхийг судлаж байгаа.

Хэдэн ч насны хүн суралцах боломжтой биз дээ?      

14 наснаас дээш бол хэдэн ч насны хүн суралцах боломжтой. Тухайн элсэгч хэддүгээр ангийн мэдлэгтэй байна гэдгээс нь хамаарч хичээл заана. Хоцрогдлыг нэг жилийн дотор арилгаад есдүгээр ангийн хичээлээс нь 12 дугаар анги төгстөл нь  өдрийн, танхимын сургалт явагдана. Нэг хүндрэлтэй асуудал байдаг. Тэр нь насанд хүрсэн хүмүүс суралцдаг учраас хичээлийн таван цаг тогтмол сууж чаддаггүй. Мэдээж хүний амьдрал хойно янз бүрийн тайлбар тавина. Тасална. Ар гэр, үр хүүхэд гээд хичээлд суухаасаа суухгүй нь элбэг. Энэ асуудлыг шийлдэх гарц нь оройн ангиар хичээллэх хөтөлбөр. Манай багш нар ийм хөтөлбөр боловсруулчихаад Боловсролын яаманд хүргүүлсэн. Өмнө нь оройгоор хичээллэж байсан учраас ийм хөтөлбөр нь батлагдчихвал чухал байна. Түүнчлэн эчнээ хөтөлбөр байж болно.

Танай сургуульд суралцагчдийн ахмад нь хэдэн настай байна вэ?

14 наснаас дээш насны иргэд, хүүхдүүд боловсролын мэдлэг авдаг. Яг одоо суралцаж байгаа сурагчдын хамгийн ахмад нь 42 настай хүн бий. Долоон бүлгийн 128 суралцагч байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд Эмэгтэйчүүдийн хорих ангид хоёр бүлэг хичээллүүлдэг. Тухайн суралцагч маань хэр мэдлэгтэй байгааг нь тогтоогоод яг хоцрогдсон хэсгээс нь хичээлийг нөхөж заадаг. Нэг жилийн дотор хоцрогдсон хичээлийн нөхөөд есдүгээр ангийн хичээлийн хөтөлбөрөөр сургалтаа үргэлжлүүлж 12 дугаар анги төгсөхөд суурь боловсролын гэрчилгээ олгодог. Манай сургууль хамрагддаг суралцагчдын дийлэнх нь эмзэг бүлгийн, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Тэд маань нийгмийн ухааны болон байгалийн ухааны хичээлүүдэд илүү сонирхолтой байдаг учраас ирэх хичээлийн жилээс энэ чиглэлийн гүнзгийрүүлсэн сургалтыг олгохоор зорьж байгаа. Түүнчлэн технологи болон хөдөлмөрийн хичээл, мэдээлэл зүйн хичээлүүд дээр суурилсан мэргэшүүлэх, чадамжийн гэрчилгээ олгох сургалтыг нэвтрүүлнэ.

Хичнээн багш ажилтантай, хаана үйл ажиллагаа явулудаг юм бэ?

Нийт долоон бүлгийн 128 сурагчид 28 багш ажилтантайгаар 35 дугаар сургуулийн хуучин байранд үйл ажиллагаагаа явуулж байна. 2011 оноос хойш есөн жил болж байна. Өмнө нь Солонгосын Элчингийн тэр хавьд байсан. Тэндээсээ нүүгээд 25-р сургуулийн хоёр давхарт байсан. Одоо бол энд суурьшаад 9 жил болж байна. Ахмадууд бол багшийн дээдийн хажуугийн улаан дүнзэн байшин гэдгээр нь сайн таних юм билээ.

Өөрийн гэсэн хичээлийн байргүй гэж ойлголоо... Салбар яам, харьяа дүүрэг, хотын захиргаанд хандаж байв уу?

Мэдээж өөрийн гэсэн сургалтын байр, дотуур байртай болох шаардлага байгаа. 2016 онд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутагт баригдах “СЭЛБЭ” дэд төвийн зураг төслийг гаргахдаа манай сургуулийн мэргэжлийн сургалтын байгууллагатай нэгтгэн ахлах сургууль хэлбэрээр үйл ажиллагааг өргөтгөхөөр тусгасан байдаг. Гэвч одоог хүртэл шийдэгдсэн юм алга. Газар чөлөөлөлт хөрөнгө мөнгөний асуудал нь шийдэгдээгүй улмаас гацсан байгаа. Гэхдээ удахгүй шийдэгдэх байх гэдэгт итгэлтэй байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.248.105)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.