Д.Ганбаатар: Сонгогчоос хамгийн багадаа 200 орчим мэдээллийг судалгаагаар авч болно
Г.Золбаяр
Ярилцлага
/
2020-03-18
2020 оны сонгуулийн жил нэр дэвшигчид, сонгуульд ажиллах баг хамт олон, улс төр сонирхогчдод өгөөжтэй нэгэн бүтээл мэндэллээ. “Сонгуулийн стратеги төлөвлөгөө” ном та бүхний олон асуултанд хариулт өгөх нь. Нээлтээ хийхээсээ өмнө олны анхаарлыг татсан тус номыг бүтээгч нь ШУТИС Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн дэд захирал,доктор /Ph.D/ Д.Ганбаатар юм. Түүний сүүлийн таван жилийн судалгааны үр дүн ном болон амилжээ. Эрхэм доктортой, сонгууль, сонгогчид, манай улс төр, нийгмийн талаар гэхчлэн өргөн хүрээтэй сэдвээр яриа өрнүүллээ.

-Сонгуулийн стратеги төлөвлөгөө ном олны анхаарлыг ихэд татаж байна. Номын тухай товч танилцуулахгүй юу?

-Монгол Улсад 1992 оноос хойш УИХ-ын долоон удаагийн сонгууль болсон байна. Статистикаас харахад сонгуульд өрсөлдөгч, нэр дэвшигчдийн тоо байнга нэмэгдсээр ирлээ. Мөн орон нутгийн сонгууль ч өргөн хүрээтэй болдог болж. Үүнтэй холбоотойгоор “сонгуулийн стратеги” гэсэн нэр томъёо ихээр ашиглагдаж байна. Сонгуулийн стратегийг төлөвлөх  арга зүйн талаарх ойлголт ч хүмүүст хэрэгтэй болж байна. Иймд энэ номонд сонгуулийн стратегийн үе шатыг тодорхойлон гаргалаа. Нөгөө талаар нэр дэвшигчид болон сонгуулийн штабт ажиллаж байгаа хүмүүсийг мэргэжлийн чиг баримжаатай болоход туслах, сонгуулийн компанит ажлын үед тулгардаг олон асуудлуудад хариулт өгөх зорилгоор энэхүү номыг бичсэн.

-“Сонгуулийн стратеги төлөвлөгөө” ном таны хэдэн жилийн судалгааны ажил вэ?

-Стратегийн менежментийн талаар судлаад 15 гаруй жил болж байна. Яг сонгуулийн стратегийн талаар сүүлийн 5 жил судалж, 3 жилийн судалгааны үр дүнд энэхүү номоо бичиж гаргаж байна.

-Таны ном нийгмийн аль давхаргынханд зориулагдсан ном бэ? Өнөөгийн нийгэмд сонгуулийн боловсрол хүн нэг бүрт чухал хэрэгцээтэй юу?

- Сонгуульд нэр дэвшигч, сонгуулийн компанит ажлын удирдагч нарт зориулагдсан гэж ойлгож болно. Гэхдээ тухайн сонгуулийн компанит ажилд оролцож буй бүх хүнд хамааралтай ном л доо. Сонгуулийн талаар Монголд олон ном гарсан байдаг. Гэхдээ энэ номыг арай мэргэжлийн, ахисан түвшинд бичихийг зорьсон гэж ойлгож болно.

-Та төрийн шагнал “Алтангадас одон”-оор энгэрээ мялаажээ. Энэ шагналыг хүртэх болсон таны ажлын гол амжилт юу байсан гэж та харж байна вэ?

- Би багшлаад 20 гаруй жил болж байна. ШУТИС-ийн КтМС-ийг “Бизнесийн удирдлага” мэргэжлээр төгсөж, мөн энэ чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. Судалгааны ажлын гол чиглэл бол стратегийн менежмент, маркетингийн стратеги юм. Би Монголд маркетингийн стратегиар эрдмийн зэрэг хамгаалсан цөөхөн эрдэмтдийн нэг. Мөн манай сургуулийг төгссөн миний олон шавь нар Монголын томоохон бизнесийн байгууллага, компаниудад удирдах болон гүйцэтгэх албан тушаал хашиж амжилттай ажиллаж байна. Надад хүртээсэн төрийн шагнал нь миний сургалт, эрдэм судлалын ажил, төгсгөсөн шавь нарын амжилт, маркетингйн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр зэргийг үнэлсэн гэж бодож байна.

-Та номтой их ойр шадар, ном бүтээгч хүн. Харин хэр сайн уншигч вэ?

-Энэ ном маань миний 4 дэх ном. Монголын анхны “Стратегийн менежмент” сурах бичгийг сургуулийнхаа эрдэмтэдтэй хамтарч бичсэн. 2016 онд “Орчин үеийн бизнес”, хамгийн сүүлд докторын ажлаа эмхэтгэн “Маркетингийн стратеги боловрсуулах арга зүйн асуудал” ном гаргасан. Ер нь бол багш хүн манлайлагч байх ёстой. Иймээс мэргэжлийн болон бусад олон ном уншдаг даа. 

-Аливаа томоохон их сургуулийн багш нар нэг мэдэхэд өөрсдөө улс төрд хөл тавьсан байдаг. Бас ч чанартай улс төрч болдог юм шиг санагддаг. Багш хүнд улс төрч ойр мэргэжил юм болов уу?

-Би улс төрч биш. Цэвэр стратегич хүн. Гэхдээ сонгуулийн туршлагаас харахад улс төрч болон стратегич хамтарч сонгуульд оролцсноор илүү үр дүн гарсан байдаг. Манай сонгуулийн өмнөх туршлагуудыг судалж байхад улс төрчид нь илүү давамгай байдлаар оролцдог. Гэхдээ одоо бол энэ хоёр хамтарч байж л амжилт олох ёстой болоод байна. Манай ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургууль (хуучнаар КтМС) бизнесийн удирдлага чиглэлээр Монгол улсад анхны мэргэжилтнүүдийг бэлтгэж төгсгөсөн, туршлагатай. Энэ чиглэлд тэргүүлдэгийн хувьд улс төрд өрсөлдөж байгаа, түүнийг сонирхож судалж байгаа хүмүүст стратегийн ойлголтыг нь сонгуультай холбож өгье гэж энэхүү номыг бүтээсэн. Хувь хүний хувьд улс төрд орох талаар бодол сонирхол байхгүй. Улс төрд орсон олон багш, эрдэмтэд байдаг. Тэр бол хувь хүний сонирхол, сонголт байх.

-Та ямар нэг нам, улс төрчийн сонгуулийн стратеги дээр хамтарч ажиллаж байв уу?

-Өмнө нь бол мэдээж бизнесийн стратеги төлөвлөгөө, маркетингийн стратеги төлөвлөгөө, компанит ажлыг удирдаж оролцдог байлаа. Харин 2016 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн бие даагчтай хамтарч ажилласан. Харамсалтай нь тэр сонгуулиар амжилт олоогүй. Дараа нь юунаас болж ийм үр дүн гарав, хаана алдаа гаргав гэдэг дээр нэлээд судалгаа шинжилгээ, харьцуулалт хийсэн. Олон ч ном уншсан. Гэхдээ тэндээс үнэхээр асуултуудынхаа гарц, хариултыг хангалттай олоогүй. Гэхдээ сонгуулийн стратегийг төлөвлөх зайлшгүй шаардлагатай юм байна гэдгийг олж харсан. Тэгээд л сонгуулийн компанит ажилд тулгардаг асуудлуудад хариулт өгөх зорилгоор номоо бичих сэдэл төрсөн юм.

-Таны номон дээр хүмүүс санал бодлоо хэрхэн илэрхийлж байна. Хамгийн сэтгэлд тод үлдсэн шүүмж. Шүүмж гэдэг нь муулах гэсэн үг биш. Сайн талыг нь харахыг хэлдэг гэж ойлгож байна?

-Номоо бичихээс өмнө хэд хэдэн улс төрч, бизнесийн стратегийн мэргэжлийн хүмүүстэй уулзаж ярилцсан. Ер нь бол ганцхан улс төр талаас нь харахаас илүү өөр харах олон өнцөг байгааг онцолмоор байна. Сонгуулийн стратеги, сонины стратеги, компаний стратеги, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн стратеги гээд стратегийн  төрөл ямар ч байж болно. Ер нь бол  Монголын сонгуулийн стратегийг Монгол хүмүүсийн онцлог, зан төлөв дээр л  тулгуурлаж боловсруулах нь чухал. Манайх хэтэрхий гадны зүйлийг дууриах, хуулбарлах байдалтай байдаг. Ер нь бол тухайн хөрсөн дээр буух талыг нь л онцолж харахыг би чухалчилж байгаа. Тэгэхээр яалт ч үгүй тухайн хөрсөнд хамгийн тохиромжтой хувилбарыг л сонгох юм. Ерөнхийдөө өөрийнхөө туршлага, мэдлэг дээр тулгуурлаж бичсэн ном л доо. Номын судалгааны явцад хэд хэдэн гадаад ном уншиж, гадны туршлагаас судалсан боловч яг тэр гадны зүйлийг байгаагаар нь оруулахаас зайлсхийсэн. Хэтэрхий гадны менежментээр явснаас болж өөрийн гэсэн өвөрмөц онцлог шинжүүд алдагдах байдал үүсдэг. Шүүмжлэгчдээс ч гэсэн Монгол хүний онцлог, давуу тал, Монголын нөхцөлд ойрхон байх талаар шүүмж, санаа оноог голдуу авсан.

-Энэ сонгуулийг залуучуудын сонгууль болно гэж ярьж байна. Сонгуулийн стратегийн талаар ном бичсэн хүний хувьд та ямар таамаг төлөвтэй байна вэ? 

-Стратегичид бол тухайн бизнесийн байгууллага эсвэл нэр дэвшигчдэд хэрхэн яаж ялах арга замыг заадаг. Ямар нэг өрсөлдөөнд ялалт байгуулахад маш олон стратегиас сонголт хийх ёстой. Тэр оновчтой стратегийг судалгаа шинжилгээ, өмнөх туршлага дээр тулгуурлаж сонгон гэсэн үг л дээ. Үндэсний бөх дээр гэхэд л 360 гаруй мэх байдаг гэж сонссон. Үүнтэй адилхан сонгуульд ч гэсэн ялалт, амжилт олохын тулд хийх тэр хэдэн зуун мэхээс аль оновчтой, тохиромжтойг нь сонгох юм. Ингэхдээ мэдээж стратегийг дураараа сонгохгүй л дээ. Олон жилийн судалгаа шинжилгээ, харьцуулалт дээр тулгуурлаж байж сонголтыг хийнэ. Уран цэцэн яриатай нэг нь очоод таны сонгуулийн стратегийг хийгээд өгье гэж хэлээд л болчихдог юм биш. Олон жилийн судалгаа ажиглалт, стратеги төлөвлөгөөний дагуу ялалт, амжилт ирдэг. Мэргэжлийн зүйлийг нь судлаагүй байж таамгаар хэлэх нь тэр олон мэхээс нүдээ аниж байгаад сонгож байгаатай ялгаагүй. Сонгуульд өрсөлдөх гэж байгаа бол эхлээд өөрийнхөө зорилтот стратегийг зайлшгүй гаргах ёстой. Магадгүй хувь хүний таамгаар энэ сонгууль ийм болно, тэгнэ гэж хэлж болох ч тэр бол оновчтой зүйл биш. Зөв менежмент, судалгаа, зөв стратеги боловсруулж чадвал УИХ-ын 76 гишүүнийг нэг намаас бүрдүүлж болох боломж ч байж болно. Судалгаа хамгийн чухал гэдгийг дэлхий нийтэд Дональд Трампын сонгуулийн ялалт харуулж чадлаа шүү дээ, өнгөрсөн туршлагаас харахад. Хиллари Клинтоныг ялна гэж суурь судалгаан дээр тодорхой болчихсон байсан. Гэхдээ Трампын баг стратегийн хувилбаруудыг сайн дэвшүүлж, мануверын стратегийг зөв гаргаж чадсан гэж судлаачид стратегичид үздэг. Манайд бол таамгаар эсвэл тойрон хүрээлэгчдийнхээ итгэл үнэмшил ятгалгаар “Хүмүүс танд сайн байгаа, нааштай байгаа” гэсэн хандлагад итгэснээс болж алддаг. Нэр дэвшигчдийн тойрон хүрээлэгчид, хамтарч байгаа баг суурь судалгаа, стратегийг маш сайн хийх хэрэгтэй. Зүгээр нэг хүний аман яриа, сэтгэл хөөрлийн шийдвэр 100 хувиас 1 хувь рүү ч оруулдаг тохиолдол бий. Судлаач стартегич хүн аливаа зүйлийг харанхуйгаар, таамгаар хэлдэггүй, хийдэггүй. Үнэхээр сонгуульд амжилттай оролцъё гэж байгаа бол суурь судалгаагаа л сайн хийх хэрэгтэй.

-Монгол сонгогчдын зан төлвийн онцлогийг та тодорхойлохгүй юу?

-Монгол хүний ерөнхий зан төлөв, хувь хүний хэв маягийн онцлогийг хувирамтгай гэж үздэг. Монголчуудын зан чанарт улаан фэн, улаан фанат гэсэн ойлголт байдаггүй. Яагаад гэхээр Монгол хүн өнөөдөр цас орлоо гэхэд түүнд зохицих, маргааш нар гарлаа гэхэд түүнд дасан зохицож байдаг. Байгаль, цаг уурын онцлог, амьдарч байгаа орчин нөхцөлтэй дасан зохицож байдагтай нь зан чанар нь бас холбогддог. Монголчууд нам, нам бус гэж ярьдаг ч энэ шийдвэр, үзэл нь байсхийгээд хувирч өөрчлөгдөж байдаг. Судалгаанаас харахад ердөө 3-хан хувь нь үнэнч байдлаа хадгалж байдаг. Үлдсэн 97 хувь нь нөхцөл байдлыг дагаад зан төлөв нь хувирч өөрчлөгдөж байдаг.

-Ийм хувирамтгай сонгогчдод таалагдахын тулд яах ёстой вэ?

-Энэ чинь мөн л яавал таалагдах вэ? гэсэн асуултад хариулах стратеги сонголт гэж ойлгож болно. Тойргийн сонгогчид өөр өөрийн гэсэн зан төлвийн онцлогтой. Хотын сонгогч гэхэд өөрийн гэсэн онцлог зан төлөвтэй. Орон нутгийн тойргийн сонгогч бас өөр. Тэгэхээр заавал тухайн тойргийн сонгогчдын дунд судалгаа хийсний үндсэн дээр хариулт нь гарч ирнэ. Харамсалтай нь сонгогчдын зан төлвийн талаарх судалгаа байдаггүй. Улсаас ч гэсэн энэ тал дээр судалгаа хийх төсөв хөрөнгө гаргаж байгаагүй. Маш их хөрөнгө мөнгө судалгаанд зарцуулдаг учраас хувь хүн, хувийн байгууллага бие даан хийхэд хүндрэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл Булган аймагт нэр дэвших гэж байгаа бол Булганчууд юу хүсэж байна, тэдэнд ямар асуудал байна гэх мэтчилэн судалгаа зайлшгүй хэрэгтэй. Ер нь бол хамгийн эхний ээлжинд өөрийнхөө талаарх эерэг, сөрөг мэдээллийг харьцуулан судлах хэрэгтэй. Хүмүүс таныг эерэгээр хүлээж авч байна уу, эсвэл таагүй байдлаар авч байна уу гэдгийг мэдэхийн тулд судалгааг чиглүүлнэ. Сонгогчийн судалгаа ерөнхийдөө хувь хүний нарийвчилсан судалгаагаар эхэлдэг гэж ойлгож болно. Уг судалгааг тухайн хүний нас, хүйс гээд ерөнхий мэдээллээс гадна амьдралын хэв маяг, амьжиргааны түвшин гээд нарийвчилсан байдлаар хийдэг. Жишээлбэл: Тухайн сонгогч зурагт үздэг гэхэд л ямар нэвтрүүлгийг, аль сувгаар, хэдэн цагийн үед үздэг гэх зэргээр нарийн судалдаг. Сонгогчоос хамгийн багадаа 200 орчим мэдээллийг судалгаагаар авч болно.

-Сонгуулийн стратеги дээр нэр дэвшигч юу хийх ёстой вэ. Хамгийн түрүүлж юунаас эхлэх ёстой вэ?

- Зохиогчийн зүгээс зургаан үе шатыг бүтээлдээ санал болгосон. Ер нь  бол нэр дэвшигч сонгуулийн компанит ажлыг 6 сарын өмнөөс төлөвлөсөн байдаг. Өнөөдрийн хувьд бол ойртсон л байна. Бүр туллаа гэхэд л 3-4 сарын өмнөөс төлөвлөх ёстой. Өнгөрсөн сонгуулиудад бүр цаг нь тулгаж сонгуулийн маркетинг хийдэг байж. Мэдээж энэ нь нэр дэвших шийдвэр гаргахтай холбоотой л доо. Энэ байдал сүүлийн үед харьцангуй сайжирч байна. 4-5 сарын өмнө сонгуулийн тандалт судалгаагаа явуулж байна. Дээр дурдсан 6 үе шатны хамгийн эхний шатанд өөрийнхөө талаар ерөнхий төлөв байдлаа судалчих хэрэгтэй. Миний рейтинг ямар түвшинд байна, сонгогчид намайг хэр мэддэг, хэрхэн хүлээж авч байна, эерэг хандлагатай байна уу, сөрөг байна уу гэх мэтээр өөрийнхөө талаар судлах хэрэгтэй. Манайд ихэвчлэн энэ судалгааг хийхгүй эргэн тойрон, найз нөхдийнхөө санал, зөвөлгөөгөөр шууд нэр дэвшсэнээс болоод маш их санхүүгийн хохирол, зардалд унадаг. Наад захын жишээ нэг нөхөр бизнесээ амжилттай хийгээд явж байтал найзууд нь “Санхүүгийн эрх чөлөөнд хүрчихлээ, одоо улс төрд хүч үзэх хэрэгтэй ш дээ. Ийм мундаг амжилтад хүрсэн юм чинь одоо өөр салбарт ялалт байгуулна” гэх мэтээр ятгаснаас эргэн тойрны нөлөөнд автаж сэтгэл хөдлөлөөр шууд сонгуульд орох жишээтэй. Дараа нь сонгогчдын суурь судалгаа байна. Суурь судалгаа хийхдээ мэдээллээ маш зөв цуглуулах хэрэгтэй. Гуравдугаарт, стратеги боловсруулах, сонгох энэ бол гол түлхүүр. Дөрөвт төлөвлөгөө боловсруулах. Төлөвлөгөөг дагаад хөтөлбөр гарч ирдэг. Хөтөлбөр нь төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх механизм юм л даа. Тав дахь үе шат нь хэрэгжүүлэлт хийнэ. Хэрэгжүүлэлтийг хийхийн өмнө бүтцээ зөв тодорхойлох ёстой. Гадны сонгуулийн сайн төлөвлөгөөг харж байхад хэрэгжүүлэлт дээр алдаад ялагдсан байдаг. Манайд ихэвчлэн төлөвлөгөөг муу боловсруулснаас алдаад байх шиг байдал анзаарагддаг. Зургаад нь хяналтын систем чухал. Ямар үр дүнд хүрч байгааг хянана гэсэн үг. Хэрвээ зорьсон үр дүнд хүрээгүй бол юунаас болов, хэрхэн засах вэ? гэсэн шийдвэрийг гаргана.

-Улс төрч гэж яг ямар хүнийг хэлэх вэ. Таны хувийн дүгнэлт?

-Би стратегич хүн. Тиймээс улс төрчдийг ийм тийм байх ёстой гэж дүгнэх боломжгүй. Манайд сайн улс төрчид олон байдаг. Мэдээж бас муу ч бий. Би бол стратеги, маркетингийн чиглэлээр хамтран ажилладаг. Хамгийн гол нь цаашид хэрхэн улс орныг удирдаж авч явахаа зөв тодорхойлдог байх шаардлагатай энэ ч мөн улс орныг хөгжүүлэх стратегийг зөв сонгоноо гэсэн үг.

-Тэгвэл таны улс төрчидтэй сонгуулийн үеэр хамтарч ажиллах ханш хэд вэ?

-Сонгуулийн ажлыг удирдах, зөвлөх эсвэл сургах гээд олон талаар хамтран ажилладаг.  Мэдээж яг удирдахад олон хүнийг зэрэг удирдах боломжгүй. Нэг намын хүмүүсийг ч юм уу эсвэл өөр тойрогт байгаа нэр дэвшигч нарыг бол зэрэг удирдаж болно. Ер нь бол гол 1-2 нэр дэвшигчтэй ажиллах нь ийм үед илүү үр дүнтэй гэж хардаг. Харин зөвлөхийн хэмжээнд ажиллавал 2-3 хүнтэй хамтарч ажиллаж болдог. Иймээс цар хүрээ, хамтран ажиллах чиглэл гэх мэт олон асуудлаас хамааран ажлын хөлс нь өөр өөр байдаг учраас яг тэд гэж хэлэх боломжгүй.

Баярлалаа.

УЛСТӨРЧ СЭТГҮҮЛ 03 САР

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.206.25)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.