Өглөөний сэргээш цуврал контент #12:
Ярилцлага
/
2020-03-19

Эрдэнэбаатарын ГАНЗОРИГ

Цагдаагийн академи, Удирдлагын академи, “Их засаг” Олон Улсын их сургууль

Мэргэжил:

Эрх зүйч-Дотоодын цэргийн ажилтан

Ажилласан туршлага:

2008-2013 онд Дотоодын цэргийн 805 дугаар ангид харуулын дарга, эргүүлийн офицер, харуул хамгаалалт хариуцсан офицер,

2013-2014 онд Орхон аймгийн Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбарын Харуул хамгаалалт, албаны бэлэн байдал эрхэлсэн орлогч,

2014 онд Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Тусгай хамгаалалтын хэлтсийн ахлах байцаагч,

2014-2018 онд Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн аж ахуйн офицер, Захиргааны удирдлагын тасгийн Хүний нөөц, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн,

2018 оноос одоог хүртэл Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбарын Харуул хамгаалалт, албаны бэлэн байдал эрхэлсэн орлогчоор томилогдон цагдаа, дотоодын цэргийн байгууллагад тасралтгүй 16 дахь жилдээ ажиллаж байна.

Мэргэжил дээшлүүлсэн байдал:

“Их засаг” Олон Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны магистраар суралцаж төгссөн.

Чин хүсэл:

Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, сурсан мэдсэнээ Эрдэнэт үйлдвэрийн төлөө зориулж яваа, хал үзэж, хат суусан эрэлхэг залуус олон бий. Э.Ганзориг хүчний байгууллагын алба хаагчидтай мөр зэрэгцэн алхаж, Улсын Онцгой объектыг сахин хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлсээр явна. Хугарч, нугаршгүй хатан зоригт Монгол эрчүүдийн төлөөлөл тэрээр эрхэлсэн ажилдаа эзэн байхыг чин сэтгэлээсээ эрхэмлэдэг нэгэн. Сүр жавхаат Монгол Улсынхаа тугийн дор тангараг өргөсөн түүнд Монгол цэргийн өдрийн мэндийг хүргэе.

-Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ? Өдөр бүр хэвшил болсон дадал бий юу?

-Өглөө сэрээд хамгийн түрүүнд гар утсаа шалгадаг. Өнгөрсөн шөнө тайван байсан эсэхийг мэдэхээр хоногийн жижүүрийн бүрэлдэхүүнээс нөхцөл байдлын мэдээгээ авдаг.

-Таны амьдралын сэргээш юу вэ, хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

-Миний амьдралын сэргээш бол гэр бүл, үр хүүхдүүдийн минь инээд хөөр. Ханийнхаа хэлсэн урмын үгсээс өдөр бүрийг өөдрөг өнгөрүүлэх эрч хүчийг авдаг.

-Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ?

-Дотоодын цэргийн байгууллага нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд улсын онц чухал объектуудыг хамгаалах, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийн таслан зогсоох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, осол аюул тохиолдсон үед эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, зарим объектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч ачаа тээшийг харгалзан хүргэх зэрэг үндсэн үүргийг хэрэгжүүлэн ажилладаг мэргэжлийн цэргийн байгууллага юм. Дотоодын цэрэг нь тайван цагт бие даасан үүрэг гүйцэтгэж, дайны үед зэвсэгт хүчний бүтцэд үүрэг гүйцэтгэдгээрээ бусад хууль, хүчний байгууллагаас онцлогтой. Би ийм л онцгой ажилд хариуцлага, сахилга баттай ажиллаж, улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлж яваа.

-Эрдэнэт үйлдвэр бол Улсын онцгой объект. Энэ утгаараа үйлдвэрийн найдвартай, тасралтгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангахад танай хамт олон ойрын үед ямар ажил дээр төвлөрч байна вэ?

-Дэлхийн улс орнуудад тархаад байгаа шинэ төрлийн “COVID-19” халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02-р сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоол гаргасантай холбогдуулан манай хамт олон Улсын онц чухал объект болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харуул хамгаалалт, салбарын алба ажиллагааг Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар хүч нэмэгдүүлсэн байдлаар зохион байгуулж, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Мөн Орхон аймаг дахь Цагдаагийн газар, Онцгой байдлын газар болон хамгаалуулагч байгууллагын удирдлагатай харилцан ажиллагааг зохион байгуулж, уялдаа холбоог дээшлүүлэхийн зэрэгцээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “COVID-19” өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

-Ажлыг илүү сайн хийхийн тулд өөртөө дадал болгож хэвшүүлсэн зүйлсээсээ хуваалцаач?

-Ажлыг сайн хийх нь цаг ашиглалттай салшгүй холбоотой гэж боддог. Тиймээс ч цагийн менежментдээ анхаарч ажлаа хийх ёстой цагт нь хийж, улс орон, нийгэм эдийн засгийн холбогдолтой мэдээ мэдээлэл тогтмол авахыг хичээдэг.

-Таны амьдралдаа сонссон хамгийн сайн зөвлөгөө?

-Амьдрах хугацаандаа бие биеэ хайрлаж, аливааг сайнаар бодож хийсэн ажил хамгийн сайн, хамгийн зөв.

-Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Эзэмшсэн мэргэжлээрээ өөрийн сурсан мэдсэнээ бататгаж, цаашид хөгжүүлэн 40 гаруй жилийн түүхтэй энэ сайхан үйлдвэрийнхээ хэвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн явж байгаадаа сэтгэл өндөр байна. Миний хувьд Эрдэнэт үйлдвэрийг улс орон, ард иргэдэд үр шимээ хангалттай өгсөн байгууллага гэж боддог.

-Мөрдөс нэгт алба хаагчдадаа баярын мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-Дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн, цагдаагийн байгууллагын хамт олон, Монгол Улсынхаа төлөө хүчин зүтгэхээр тангараг өргөсөн нийт алба хаагчдад, Монгол Улсад Зэвсэгт хүчний байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ой, Монгол цэргийн өдрийн мэндийг хүргэе.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.200.78)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.