УИХ-ын гишүүн асан Д.Батцогтыг “Ярилцах танхим” буландаа урьж ярилцлаа.
-2020 оны УИХ-ын сонгуулийг томсгосон мажоритар тогтолцоогоор явуулахаар болсон. Өмнө нь Монгол Улс энэ тогтолцоогоор 1992 болон 2008 онд УИХ-ын сонгуулиа хийсэн байдаг. Манай улсын хувьд цоо шинэ хувилбар биш. Харин та үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Улс төрийн намуудын төлөвшлийг харвал пропорциональ тогтолцоо руу шилжих нь зөв. Монгол Улс сүүлийн 30 жил холимог, мажоритар, пропорциональ тогтолцоогоор УИХ-ын сонгуулийг зохион байгуулж ирсэн. Гэхдээ ихэвчлэн том, жижиг мажоритараар сонгуулиа хийсэн байдаг. Миний хувьд томсгосон мажоритар тогтолцоо нь жижиг 76 тойргоос хувь илүү дээр гэж харж байгаа. Томсгосон хувилбарт шилжихээр улс орны хөгжилд илүүтэй анхаарал хандуулна. Мөн мөнгөний хүчин зүйл багасдаг. Өөрөөр хэлбэл, томсгосон тойрогт мөнгө тараах зүйл үгүй болно. Энэ талаараа бол миний хувьд дэвшил гэж харж байгаа. Тиймээс МАН-ынхан мэдрэмжтэй хандаж, хуулиа өөрчилсөн болов уу. Жижиг мажоритар тогтолцооны сул тал нь улс төрийн аль нэг нам жаахан илүү байхад сонгогчид шууд дагадаг талтай. Энэ бол маш олон удаагийн сонгуулиар нотлогдсон. Өнгөрсөн сонгуулиудаас харж болно. Тэгэхээр жижиг мажоритар тогтолцоогоор сонгуулиа явуулахад нэг нам хэт олон суудал авах нь ямар их хор уршигтай вэ гэдгийг хэлээд байгаа юм. Хамгийн ойрын жишээ гэхэд 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээс харж болно. Үүнийгээ ч нотлоод өгсөн шүү дээ. Хуучин коммунизмын үед байсан сахилга бат, дэг журамтай МАН биш болсон. МАН илүү ардчилагдсан. Тиймээс хэт олонхи суудал авахдаа фракцуудын өрсөлдөөн, эрх мэдлийн төлөөх тэмцэл нь өнгөрсөн дөрвөн жилд улс орны хөгжлийг туйлдуулсан шүү дээ. Тэд намаа ч, төрөө ч самарсан.
-2020 онд аль нэг нам хэт олонхи болохгүй. Олон намын тогтолцоотой, сөрөг хүчний үүрэг роль өндөртэй парламент бүрдэх байх гэж судлаачид дүгнэсэн байна билээ. Та үүнтэй санал нийлэх үү?
-2020 оны сонгуулиар аль нэг нам хэт олонхи болох магадлал тун бага. Ер нь хэт олонхи болох нь ч буруу юм байна. Ялсан нам нь арай олон суудалтай. Сөрөг хүчин нь хүчтэй байж, асар өндөр хяналт тавиад ажиллах нь улс орны хэтийн зорилгод хэрэгтэй.
-Сонгуулийн тогтолцооны хувьд ахиц дэвшил гарчээ. Улс төрийн намуудын үзэл баримтлал, бодлого нь шинэчлэгдсэн байна. Одоо нэр дэвшигч нарт тавих шаардлага, босгыг хэрхэн өндөрсгөх вэ. Үүнд намууд ямар бодлого баримталж ажиллаж байна вэ?
-Өнгөрсөн 30 жилд улс төрийн намуудын нэр хүнд унасан нь төлөвшилтэй шууд холбоотой. Мөн зөв улстөрчдөө таньж, мэдэж, дэмжиж чадаагүйгээс их хамааралтай. Ер нь сонгуулийн аль ч тогтолцоо байсан хүнээс хамааралтай. Тухайн хүний суурь хүмүүжил, төлөвшил, эрдэм боловсрол зэргээс хамаарах юм. Тэгэхээр нэн тэргүүнд намууд зөв сэтгэл зүрхтэй, шуналгүй, шударга хүнээ аль болох дэмжих, дэвшүүлэх ёстой. Намуудын хувьд ч үүнд ахиц, дэвшил гарч байна.
-АН-ын хувьд өнгөрсөн хугацаанд өөрчлөлт, шинэчлэлийг нэлээд хийсэн. Боловсон хүчний бодлогод багагүй анхаарлаа?
-Тийм ээ. Өнгөрсөн хугацаанд өөрчлөлт, шинэчлэлийг хийлээ. Бид гишүүд суурьтай нам болсон. Гишүүд суурьтай нам гэхээр бүх түвшний албан тушаалтнуудаа сонгодог болсон. Ингэснээр намын гишүүдийн шүүлтүүрээр тухайн хүн УИХ-д нэр дэвших боломжтой болж байгаа. УИХ-д нэр дэвшилтийн 70-аад хувь нь шинэ хүмүүсийг дэмжих бодлого барьж байгаа. Туршлагатай, хуучин улстөрчдөөс 30 хувийг нь бүрдүүлж байна. Ямар нэгэн байдлаар авлигын хэрэгт холбогдож, намын нэр хүндийг унагасан улстөрчдийг дэвшүүлэхгүй байхаар ажиллаж байна. Энэ бол асар том дэвшил. Түүнчлэн МАН дотор ч гэсэн ийм бодлогыг баримтлах хандлага ажиглагдаж байгаа. Цаашид улс төрийн намууд ч гэсэн нэр цэвэр, шинэ үеэ гаргаж ирэх зүй ёсны шаардлага бий. Үүнийг дагаад намуудын боловсон хүчний бодлого өөрчлөгдөх ёстой.
-Улс төрийн намууд гэхээр дарга болохыг мөрөөддөг хүмүүсийн нэгдэл биш гэдгийг ойлгуулахын тулд ямар алхам хийх ёстой юм бэ. Улс төрийн намыг хүмүүс ихэвчлэн албан тушаалд хүрэхийн тулд ашиглах замаар сонгодог байдал манайд бий болсон?
-АН-ын хувьд үзэл баримтлалын шинэчлэлээ Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн. Тэгэхээр намын гишүүд өөрийнхөө итгэл үнэмшил, үнэт зүйл дээр нэгдэж чаддаг байх ёстой юм. Энэ шинэчлэлт, өөрчлөлтийн ажлыг ийм зорилгоор эхлүүлсэн. Тухайлбал, АН баруун төвийн үзэл баримтлалтай нам гэдгээ зарласан. Тэгвэл манай намд гишүүнээр элсэх бол социал демократ үзэлтэй хүн байж болохгүй. Өөрөөр хэлбэл, баруун төвийн үзэл баримтлал болон түүний төлөө нэгдэж, ажиллаж чаддаг хүн намд элсэх хэрэгтэй. Өмнө нь 70 жил улс орон даяар асар том сүлжээг бий болгосон МАН-ыг тэр чигээр нь, яг энэ бүтэцтэй нь хамт үлдээсэн. МАН-ыг ялахын тулд яг адилхан гишүүнчлэлийн хойноос хөөцөлддөг бүтцийг хийж байж, ялна. Тиймээс улс төрийн бүх нам ийм бүтэцтэй явж ирсэн. Тухайлбал, гишүүн элсүүлж, тоог нь нэмж байвал итгэл үнэмшил болон үзэл баримтлал сонин биш байсан. Үүний хор уршгаар өнгөрсөн 30 жилийн хугацаанд улс төрийн намууд төрийн алба горилогчдын баг байлаа. Том намуудад элсэж, хэсэг бүлгээрээ фракц үүсгэж, төрийн албанаас зуурдаг тогтолцоо бий болсон юм. Одоо цаг үе өөрчлөгдсөн. Ажил, албан тушаалын хэрүүлээс илүүтэй бодлогоор уралддаг суурь шинэчлэлийг АН амжилттай тавьж чадсан.
-АН шинэчлэл нэрийн дор хэд хэдэн хүнийг намаасаа хөөсөн. Тухайлбал, Сангийн сайд асан С.Баярцогт, УИХ-ын гишүүн Ж.Батзандан гэх мэт хүмүүсийг нэрлэж болно. Энэ нь их цэвэрлэгээ байв уу эсвэл хэн нэгний үзэмжээр асуудалд хандсан уу?
-Тухайн намаас нэр дэвшиж, албан тушаал, эрх мэдэлд хүрчихээд авлига, булхай луйвар гэх мэт элдэв янзын хэрэгт холбогддог тохиолдол цөөнгүй бий. Ийм нөхцөлд намын бодлогоор шахдаг, хөөдөг арга хэмжээ байх ёстой. Энэ бол зөв жишиг шүү дээ. Цаашид улстөрчид юу болдог, болдоггүй тухай мэдэж авах хэрэгтэй. Авлигачдын толгойг илдэг байдлыг халах ёстой юм. Ер нь Монгол Улс хуулийн засаглалыг бий болгохыг зорьж байгаа бол намууд дотроо дүрмийн засаглалыг бий болгох шаардлагатай. Намын үндсэн дүрэм яах гэж гардаг билээ. Энэ дүрмээ биелүүлэхгүй бол нам гэж байгаад хэрэггүй шүү дээ. МАН-ын хувьд ч гэсэн гишүүдийнх нь талаас илүү хувь нь төрийн тусгай сангуудыг цөлмөж, жирийн иргэдийн боломжийг хулгайлсан. Тиймээс булхай луйвар, авлигад холбогдсон гишүүддээ хариуцлага тооцож, нэр дэвшүүлэхгүй байх хэрэгтэй. Цаашилбал, хариуцлага тооцож намаас хөөх хүртэл арга хэмжээ авах ёстой. Ингэж байж МАН цэвэршинэ. Түүнээс биш цөөн хэдэн хүнд хариуцлага тооцох нэрийдлээр халхавч хийж, туг тахиж болохгүй.
-2016 оны парламентыг “шившиг”-ийн хэмээн нэрлэсэн. Өөрсдөө ч хүлээн зөвшөөрсөн. Магадгүй өнгөрсөн жилийн хугацаанд байсан парламентуудаас хамгийн үнэ хүнд муутай УИХ байх?
-Үнэн шүү дээ. Төр засгийг яаж туйлдуулж болдог вэ гэдгийг өнгөрсөн дөрвөн жилд харуулсан. Улс төрийн намыг хэрхэн дампууруулж болдог вэ гэдгийг ч мөн харууллаа. Дотоод зөрчилдөөн, албан тушаал, эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн нь намаа хуваахад хүргэсэн. Хэдийгээр гадна талаасаа эв нэгдэлтэй харагдах гэж хичээж байгаа ч олны нүднээс нуух аргагүй байна. Тиймээс МАН дотроо нэгмөсөн идээ бээр, булхай луйвраа илчлээд явах ёстой. Харин үүнийгээ гүйцэд хийх хэрэгтэй. Мөн энэ онд МАН ялалт байгуулж болохгүй. Ялагдал хүлээгээд намаа цэвэрлээд, шинэчлэх шаардлагатай. Хэрвээ ялалт байгуулах юм бол МАН ялзарсан чигээрээ дуусна.
-2020 онд намуудын мөрийн хөтөлбөрт хэрхэн өөрчлөлт, шинэчлэлт орох вэ. Хэт их биелэгдэшгүй амлалтаас илүү улс орны хөгжлийн төлөөх үзэл бодлын уралдаан руу чиглэнэ гэж байгаа шүү дээ?
-Намууд ялах, УИХ-д сонгогдохын тулд юу дуртайгаа амладаг. Ийм байж огт болохгүй. Тэгэхээр ард түмний хүсэл зорилгод таалагдах гэхээс илүүтэй улс оронд хэрэгтэй бодлогыг гаргаж байж, өрсөлдөнө. Түүнээс хүний бүх анхдагч хэрэгцээг үнэгүй болох бодлогыг барьж болохгүй. Хэрвээ ийм амлалт, ийм бодлоготой бол тухайн улс орон оршин тогтнох эсэх нь хүртэл эргэлзээтэй. Тиймээс энэ онд намууд улс орноо хөгжүүлэх мөрийн хөтөлбөр бодлогын төлөөх уралдааныг бий болгоосой. Манай намын хувьд мөрийн хөтөлбөрөө ард түмнээрээ хэлэлцүүлж, намынхаа гишүүдийнхээ санаа бодлыг тусгаж, улс орны хөгжлийг тодорхойлох бодлогыг гаргаж ирэхийн тулд ажиллаж байна. Хариуцлагагүй мөрийн хөтөлбөр, элдэв янзын амлалтыг улстөрийн намууд амлахгүй байх ёстой. Сонгогч иргэд чинь итгэж, саналаа өгөхгүй байх ёстой юм.
-Томсгосон мажоритар тогтолцоогоор 2008 оны УИХ-ын сонгуулийг хийсэн. Иргэд сонгогчид дүнг эсэргүүцэж, жагсаал зохион байгуулсан шүү дээ. Тиймээс долдугаар сарын 1-ний түүхт хар өдрийг дахин давтахвийдээ гэсэн болгоомжлол байна?
-Энэ бол саналаа буруу тоолсонтой холбоотой. Өөрөөр хэлбэл, тухайн үед гар тооллого байсан шүү дээ. Тэр үед Дорж гэдэг саналыг улаан цайм Дондог болгож тоолсон нь асуудал дагуулсан. Өөрөөр хэлбэл, хүний хүчин орсон учраас маргаан дагуулж, нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэсэн. Миний хувьд хар машин гарч ирснээс хойш сонгуулийн дараах элдэв маргаан эрс багассан. Би хар машинд итгэдэг. Машин тоолж байгаа учраас хүний хүчин орох асуудал байхгүй. Машины программ зэргийг өөрчилж, янзлахгүй бол 2020 оны сонгууль маргаан дагуулахгүй байх. Элдэв будлиан гарахгүй биз дээ.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин