Г.Төгсбаатар: Бид Монгол-БНХАУ-ыг холбох шилэн гүүр эдийн засаг, бизнесийн ELMONGOL платформыг 2014 онд нэвтрүүлсэн
Г.Золбаяр
Ярилцлага
/
2020-03-27

-Төгсбаатар гэж хэн бэ. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Төгсбаатар гэдэг. Би Өвөрмонголын жижиг тосгонд төрсөн. Ажил амьдралын гараа маань хөдөө нутгаас эхэлсэн. Улмаар БНХАУ-ын нийслэл Бээжин хотод 10 гаруй жил амьдарсан. Манай компани нь компьютер тоглоом зохион бүтээдэг 2500 гаруй ажилтантай том байгууллага. Би компьютер тоглоомын графикчаар ажиллаж байсан.

Нийслэл Бээжин хотод өөрийн байр суурь ажил, амжилтыг олж чадсан ч гэр бүлтэй болж миний ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдөж, хүүхдээ эх хэл соёлоо сургах, Монгол аж ахуй, соёлтой ойр өсгөх ёстой гэсэн бодол төрж нутагтаа ирсэн юм.

2013 онд охиноо Монгол үндэсний цэцэрлэгт суралцуулсан боловч хэлний орчин, сургалтын чанар санасан хэмжээнд хүрээгүй. Монгол хэл сурах орчин хязгаарлагдмал, Хятад хэл соёл давамгайлснаас болж цэвэр монгол хэлээр сурах боломж тун тааруу байсан. Ийнхүү 2015 онд Монгол улсад ирсэн юм. Одоо охин Энхжин маань “Шинэ-Монгол-Хармафүжи” сургуулийн хоёрдугаар ангид, хүү Энхнайдан Булган аймгийн Гурванбулаг сумын Солонго цэцэрлэгт суралцаж байна. Бид хүүхдээ Монгол хүн болгохын төлөө, Монгол ёс заншлаа мэдэрч өсгөхийн төлөө Улаанбаатарт гэр бүлээрээ ирсэн. Зорилго минь биелж Монгол хэл соёлоо эзэмшиж баяр хөөрөөр дүүрэн байхыг харах нь эцэг, эх болсны жаргал юм даа. /инээв/

-Таны удирддаг “Хянганы зам” ХХК Монгол бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд нэвтрүүлэх гүүр болж байгаа. Цаашдын алсын хараа?

-Манай компани 2013 онд байгуулагдсан. Бидний зорилго Монгол брэнд, Монгол гэсэн тодотголтой зүйлийг БНХАУ-ын зах зээлд экспортлох, цаашлаад БНХАУ-аас барилгын материал нийлүүлэх явдал. Харин компанийн амин сүнс болох “ELMONGOL” олон улсын бизнес мэдээллийн хөтөч платформ маань 2014 онд үүсгэн байгуулагдсан. Энэ платформ Монголчуудад зориулагдсан мэдээллийн хөтөч сайт юм. Учир нь БНХАУ-д дэлхийн нийтэд хэрэглэгддэг сошиал сүлжээг хорьдог учир хүмүүс вичат сүлжээг ашиглан “ELMONGOL” олон улсын бизнес мэдээллийн хөтөч платформ руу нэвтэрч Эрээн хот цаашлаад БНХАУ-ын бүхий л хот руу арилжаа наймаа судлах, түншлэлийн холбоо тогтоох, гээсэн бичиг баримт, эд зүйлээ олох, байр түрээслэх, бараа худалдах, хүссэн ажлын байр олох, туршлага солилцох гэх мэт үйлчилгээг цаг алдалгүй авч байгаа.

Мөн БНХАУ-тай холбосон eltuan.com сайт руу зочлоод үзээрэй гэж зөвлөмөөр байна. Би ч бас “ELMONGOL” олон улсын бизнес мэдээллийн хөтөч платформоос Монгол улсад юуны түрүүнд БНХАУ-аас юуг нэвтрүүлэх нь чухал вэ гэдгийг судлаад эхний байдлаар барилгын материал нийлүүлэх шаардлагатайг ойлгосон. Тэр бүр Монголоос орж ирсэн хүмүүс хамгийн түрүүнд Эрээнд ирж ямар хүнтэй яаж, хэрхэн холбогдохоо мэддэггүйгээс болж чанаргүй бараа худалдан авах нь түгээмэл явдал. Энэ нь эргээд бизнесийн ажилтанд сөрөг нөлөө үзүүлдэг. Иймд олон улсын стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нийлүүлэх зорилгоор барилгын материалын үйлдвэрээ 2015 онд Эрээн хотод үүсгэн байгуулсан юм.

 

-Эрэлт байгаа нь ойлгомжтой. Харин танайх нийлүүлэлт хэр хэмжээнд хийж чадах вэ?

-Манай үйлдвэр олон улсын стандартыг хангасан 2500 м2 талбайд нэг өдрийн дотор эмульс 50тн , чулуун эмульс 60тн, цагаан замаск 100тн хэмжээгээр тус тус үйлдвэрлэх хүчин чадалтай. Хамгийн чанартай барааг импортлох, ашиг бус чанарыг мөрдөхийг голчилдог. Мөн БНХАУ-аас гадаад руу хамгийн бага зардлаар барилгын материал үйлдвэрлэх, нийлүүлэх арга замыг судалж 20 гаруй жил ажилласан туршлагатай.

2015 оноос хойш хувь хүн аж ахуйн нэгжтэй хамтарч олон төслүүд, тендерийг амжилттай хэрэгжүүлсээр ирлээ.

 

-Таныг Өвөрмонголдоо боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулсан гэж бас дуулсан. Салбар салбарт шинэчлэл хийдэг бүтээлч хүн санагдлаа?

-Би Монгол хэл соёлоо хадгалж үлдэхийн тулд 2018 онд Өвөрмонголын хамгийн анхны, хамгийн том “А,Э,И” Монгол цэцэрлэгийг үүсгэн байгуулж ажиллуулж байна. Энэ миний үүрэг, хамгийн том мөрөөдөл минь байсан юм. “Оюуны брэнд”-ийг дэлхийн тавцанд таниулах зорилготой цэвэр Монголоор хичээллэх цэцэрлэг маань анх 150 гаруй хүүхэд хүлээн авах хүчин чадалтай үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол нэг жилийн дотор 450 хүүхэд хүлээж авах чадалтай салбар цэцэрлэг үүсгэж хүрээгээ улам тэлсээр байна. Бид Монголын оюун ухааны академитай хамтарч “Хурд” спорт өрөлтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Монгол улсаас шилдэг багш, мэргэжилтнүүдийг урьж туршлага солилцон ажиллаж байна.

-Цаг гаргаж бидэнтэй ярилцсанд танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.85.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.