Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг баталсан. Энэ хүрээнд томоохон зургаан төсөл шат дараатай хэрэгжихээр тусгасны нэг нь Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх юм. Уг төслийн бэлтгэл, явц байдлын талаар Стратегийн төлөвлөлт, бодлогын газрын төслийн удирдагч Н.Бямбадоржоос тодрууллаа.
-Ил уурхайд авто тээвэр–конвейерын хосолсон систем нэвтрүүлэх төслийн шаардлага, нөхцөл хэрхэн бүрдсэн бэ?
-Монгол Улсын Засгийн газар сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг анх удаа тусгайлан авч үзэж, 2019 оны 6 дугаар сард 224 дүгээр тогтоол гаргасан. Энэхүү тогтоолын дагуу Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 262 дугаар тогтоолоор баталсан нь үйлдвэрийн газрын тогтвортой хөгжил, урт хугацааны бодлогыг тодорхойлсон чухал баримт бичиг болсон юм. Хөгжлийн үндсэн чиглэлийн хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ алсын хараа, эрхэм зорилго, хөгжлийн 5 бодлогоо нарийвчлан тодотгож, томоохон зургаан төсөл хэрэгжүүлэх ажил эхлээд байна. Эдгээр төслийг хэрэгжүүлсний үр дүнд 1000 гаруй ажлын байр шинээр бий болох боломжтой. Түүнээс гадна хүдэр боловсруулах хүчин чадлыг 35 сая тоннд хүргэх, хүдэр олборлолт, тээвэрлэлтийн өөрийн өртгийг 20 хүртэл хувиар, хүдэр боловсруулалтын өөрийн өртгийг 10 хүртэл хувиар тус тус бууруулж, жилд 20 орчим сая ам.долларын хэмнэлт гарна. Үйлдвэрийн ашигт ажиллагааны түвшин, өрсөлдөх чадвар ч дээшилнэ. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ цаашид урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцөл бүрдэх юм. Ил уурхайн уулын цул тээвэрлэлтэд мөчлөгт урсгалт тээврийн технологи буюу авто тээвэр – конвейерын хосолсон систем нэвтрүүлэх төсөл өнөөгийн нөхцөл байдалтай уялдаатай хойшлуулшгүй чухал ажил. Манай Ил уурхайн гүн 195 м байна. Цаашид +905 м хүртэл ашиглах тохиолдолд хүдэр олборлолт, уулын цул тээвэрлэлтийн зардал жилээс жилд өснө. Иймд Ерөнхий захирлын тушаалаар Ил уурхайн хөрсний тээвэрт мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэхийн тулд “түлхүүр гардуулах нөхцөл”-тэй тендерийг 2019 оны 11, 12-р сард хоёр удаа цахимаар зарласан.
-Компаниудын ирүүлсэн материалын иж бүрдэл хангагдаагүй учир хүчингүй болсон гэж дуулдсан. Одоо ажлын явц ямар байна?
-Тендер шалгаруулалтад FLSmidth компани ABB компанитай хамтарч, мөн Euro Khan LLC /Takraf GmbH/ компани, DMT GmbH компаниуд материалаа ирүүлсэн. Эдгээр компанийн ирүүлсэн материалын иж бүрдэл хангагдаагүй учир хүчингүй болсон нь үнэн. Компаниудын гомдол мэдүүлж байгаагаар цахим тендерийн серверийн саатлаас зарим материалууд бүрэн орж ирээгүй гэсэн нь бидэнд холбогдолгүй юм. Нэгэнт тендер хоёр удаа зарлагдаад хүчингүй болсон болохоор “Ил уурхайн хөрсний тээвэрт мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх” төслийн ажлыг гүйцэтгэж чадах туршлагатай, техник, хүн хүчний хувьд бололцоотой, санхүүгийн чадавхтай, өөрийн инженерингийн багтай үйлдвэрлэгч компаниудыг судалсан. Үүний үндсэн дээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шаардлагыг хангасан, хамгийн сайн үнэлэгдэх санал гаргасан хуулийн этгээдийг сонгон хэлэлцээ хийж, гэрээ байгуулахын тулд Ерөнхий захирлын 2020 оны А/36 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсгийн даргаар Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, нарийн бичгээр Ерөнхий уурхайчин П.Түвшинжаргал нар томилогдон ажиллаж байна. Одоогийн байдлаар хэд хэдэн компани танилцуулга хийх, төслийг хэрэгжүүлэх ажилд оролцохоор саналаа ирүүлсэн ч Covid-19 вирусын халдварын үед үүссэн нөхцөл байдлаас болоод энэ төслийн ажлыг хэрэгжүүлэх үйл явц тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байна.
-Баярлалаа.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин