Баяжуулах үйлдвэрт оны эхний хагас жилд эрчим хүчний чиглэлээр хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын талаар Эрчим зүйн албаны дарга Ц.Намжилдоржоос тодрууллаа.
-Хөрөнгө оруулалтаар ямар ажлууд хийгдэх вэ?
-Эрчим хүчний чиглэлийн хөрөнгө оруулалтаар томоохон гурван ажил хийнэ. Эдгээр нь 2019 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгаж, тендерт шалгарсан, ихэнх тоног төхөөрөмж нь нийлүүлэгдсэн ажил юм. Одоо бид угсралтын ажилд бэлтгэж байна. Хамгийн эхэнд Нунтаглан баяжуулах хэсгийн есөн том тээрмийн зөөлөн асаалтын төхөөрөмж солино. Украйн улсад үйлдвэрлэсэн, 2000 онд суурилагдаж, 20 жил ажилласан төхөөрөмж хуучирсан. Үйлдвэрлэгч нь ажиллахаа больж, сэлбэггүй болсон. Цаашид тээрмийн хэвийн ажиллагааг хангах шаардлагад нийцэхээргүй болсон тул солих шийдвэр гаргасан. Дөрөвдүгээр сард төхөөрөмж нийлүүлэгдэнэ.
-Шинээр тавигдах зөөлөн асаалтын төхөөрөмж ямар онцлогтой вэ?
-ABB фирмийн орчин үеийн бүрэн автоматажсан 6 кВольт, 4 мВт давтамжийн хувиргагч юм. Үүнийг ашиглан тээрмийг зөөлөн залгахаас гадна, зөөлөн зогсоох нэмэлт функцтэй. Аливаа тээрмийг зогсоохдоо хүдрээ хоосолдог. Одоо манай практикт тээрмийг 40 минутаас дээш хугацаагаар, үндсэн хурдаар нь эргүүлж зогсоодог. Хүдэр багассан үед тээрэм дэх шаар болон хуягийн хооронд маш их хэмжээний үрэлт, цохилт болж, шаар хагарах, хуяг элэгдэх, гэмтэх нь элбэг. Хүдэр багасахын хэрээр тээрмийн эргэлтийг удаашруулах замаар зөөлөн зогсоосноор шаар, хуягийн гэмтэл буурч, эдийн засгийн ихээхэн үр ашиг гарна гэж бид тооцож байна.
-Хийн үлээгүүрийн машин суурилуулна гэсэн. Энэ талаараа...?
- Нунтаглан баяжуулах хэсгийн баяжуулалтын машинуудыг баяжуулах процесст шаардлагатай агаараар хангадаг хийн үлээгүүрийн машиныг солихоор бэлтгэж байна. Өмнөх машины агаар шахах хүчин чадал нь минутад 400м3 бол одоо 800м3 болж нэмэгдлээ. Франц улсад үйлдвэрлэсэн, орчин үеийн хийн үлээгүүрийн машиныг суурилуулснаар цахилгаан эрчим хүч хэмнэхээс гадна баяжуулах процессыг агаараар хангах нөөц ихсэх давуу талтай. Өнгөрсөн жил яг ийм хийн үлээгүүрийн машин суурилуулсан нь амжилттай ажиллаж байна.
-Гурав дахь ажил нь юу вэ?
-Нунтаглан баяжуулах хэсгийн есөн тээрмийг зөөлөн асаах үед сэлгэн залгадаг давтамжийн секцийг бүрэн солихоор төлөвлөж байна. Үүнийг суурилуулж эхэлсэн. Өмнөх секц 20 жил ажиллачихлаа. Техник гацах, тээрэм залгах үед цаг хугацаа алдах, контакт алдсанаас асаалт амжилтгүй болох зэрэг доголдол гарч байгаа болохоор бид сольж байна. Ингэхдээ схемийг өөрчилж байгаа. Найман тээрэм өөр, өөрийн цахилгааны секцээс тэжээгддэг схемээр ажиллаж байгаа. Өмнө нь зөвхөн нэгдүгээр секцээс зөөлөн асаалтын төхөөрөмжөөр тээрмийн сүлжээг залгадаг байсан. Өөр секц дээрх өндөр хүчдэлийн системтэй харьцаж залгагддаг учраас энэ системд хөдөлгүүрийг шилжүүлэх үед алдаа гарах магадлал байсан. Иймээс аваар ослоос урьдчилан сэргийлэх үүднээс нэмэлт тоноглол тавьж байгаа юм. Энэ нь тухайн тээрмийн хөдөлгүүр өөрийн тэжээгддэг секцээсээ залгагдаж байгаагаараа найдвартай, дэвшилтэт ажил юм.
Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин