У.Сувдсүрэн: Иргэдийг ГАЗРАА ӨМЧИЛЖ АВ гээд бид хаалгыг нь тогшоод, нохойд хөөгдөөд явдаг
З.Батхуяг
Ярилцлага
/
2020-03-31

Газар өмчлөлийн асуудлаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газар өмчлөлийн хэлтсийн дарга У.Сувдсүрэнтэй ярилцлаа.


Монгол улсын иргэн бүр 0.07 га газар эзэмших эрхтэй. Энэ хуулийн хэрэгжилт нийслэлд хэр хэгжиж байна вэ?

Газрын тухай хууль хэвээрээ үйлчилж байгаа. Засаг даргын захирамжийн дагуу суурьшлын бүсийн гаднах бүсэд газар ашиглах, эзэмших, өмчлөхийг хориглосон. Суурьшлын бүс дотор газар өмчлөх ажил хуулийн дагуу хэрэгжиж байна. Зөвхөн ахуйн зориулалттай газрыг дүүргийн газрын алба жил жилийнхээ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаад явдаг. Дүүргийн газрын албанаас олгосон цэгүүдэд дээр бид шаардлагатай хяналт шалгалт хийж газар өмчлөлийг баталгаажуулдаг.

 

Ямар төрлийн хяналт шалгалтууд хийгддэг вэ?

Дандаа эзэмших гэрчилгээтэй, газрын маргаангүй хүмүүст газар өмчилж өгч байгаа. Өмчлөхийн тулд дүүргийн газрын албандаа  хүсэлтээ өгнө. Дүүргийн газар үүнийг судлаж үзээд манай дээр авч ирж комиссийн хурлаар оруулна. Шугам сүлжээ  хаагуур байна,  Нйислэлийн бүтээн байгуулалтын газартай давхацсан эсэх, бусдын орц гарц хаасан асуудал байна уу гэх зэрэг зөрчил байгаа эсэхийг дүүргийн ажилчид бидэнд дүрстэй танилцуулгаар авч ирж танилцуулдаг. Үүний дагуу ажлын хэсэг хуралдаж үзээд газар өмчилхөд асуудалгүй гэдгийг тодорхой болгосон хойно тухайн хүний хүсэлтийг захирамжийн төсөлд оруулж захиргааны тамгын газрын хуулийн хэлтэст материалаа шалгуулдаг. Хууль эрх зүйн талаасаа янз янзын хүмүүс байдаг. Тухайлбал: Өвлөж авсан хүмүүс байна, шүүхийн шийдвэрээр ямар нэгэн зүйл нь хүчингүй болж байгаа хүмүүс байна гэх зэрэг тэрний хууль зүйн талаас нь засаг даргын тамгын газар шалгаж үзнэ. За ингээд материал дутуу бол нэмж материал бүрдүүлнэ. Хурлаас шугам сүлжээний газраас тодруулга ав гэсэн бол тэрийг нь хэлээд тодорхой хугацаа өгөөд явуулдаг.

 

Энэ жилийн газар өмчлөлийн ажил хэдэн хувьтай байна вэ?

Өмчлүүлэх төлөвлөгөө гэж бас байгаа. Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөө бид иргэдийн хурлаар 12 сард батлуулсан байгаа. Энэ жил 2115 иргэнд газар өмчлүүлнэ гэсэн төлөвлөгөө батлагдсан. Жил жилд бид төвөвлөгөөгөө батлуулаад, дүүргийн газрын албадаас ирүүлсэн саналыг үзээд шугам сүлжээ ерөнхий төлөвлөгөөтэй давхцуулж хараад иргэдийн хуралд оруулж батлуулдаг.

 

Эдгээр шалгалтуудыг хийж газрыг өмчлөхөд хэдий хэр хугацаа шаардагддаг вэ?

Энэ хяналт шалгалт гэдгийг хүмүүс хүнд суртал гэдэгтэй хольж ойлгодог. Ингэж хянаж шалгаж гаргадаггүй бол бөөн газрын маргаан үүснэ. Бид хууль зүйн хүрээнд л юмаа явуулах ёстой. Хянаж шалгах зүйлсээ заавал шалгана. Хүнд суртал гэгдэхээс айж хөнгөн хандаж  хийсвэр зүйл хийж болохгүй.

 

Та бид хоёр өмчлөх ажлын явцыг ярилцлаа. Гэвч газрын нөөц хүрэлцээ Улаанбаатарт хэр байна вэ? Газар сонгох гэхээр ихэвлэн олгогдсон байдаг. 

Нийслэлд газрын нөөц хомс. Тиймээс хөдөө орон нутаг, төрсөн нутагтаа газар эзэмшиж өмчилж  болно. Нийслэлд газар өмчлөөгүй тухай тодорхойлолтыг нэг цэгийн үйлчилгээнээс аваад тухайн төрсөн газраа эсвэл би энэ нутагт одоо ийм юм хийгээд ингэж амьдрах гэсийн гээд авч болно. Аймаг аймаг өөрсдийн гэсэн төлөвлөгөөгөө гаргаад ажилладаг. Өөрсдийнхөө иргэдийн хурлаар батлуулдаг. Хөдөө орон нутагт нийслэлийн иргэд газар өмчлөх нь чөлөөтэй.

 

Газар давхардаж олгох асуудал нилээдгүй гардаг. Ийм тохиолдол үнэхээр байна уу?

Иргэнд газар олгох ажлыг бол дүүрэг нь шийддэг. Иргэн нэг л удаа газраа үнэ төлбөргүй өмчлөх эрхтэй. Нэг удаа өмчлөөд авчихсан бол таны эрх ингээд дууссан. Харин хувь хүнээс болон улсаас худалдаж авах тухай яригдана гэсэн үг.

 

Өмчлөх төлөвлөгөөнд орсон газруудаас хэдэн хувь нь биелэгдэж байна?

Хүмүүс газрын албаны сайтаас хэрэгтэй мэдээллээ авч байх шаардлагатай. Бид хүмүүст хэрэгтэй мэдээллийг тараах материал, видео шторк хэлбэрээр хүргэж ажилладаг. Дүүрэг дүүргийнхээ газрын албан дээр очоод эсвэл интернэтээр авч үзэх боломжтой. Жил бүр гурван сарын хугацаанд газар өмчлөлийн аяныг зохион байгуулдаг. Хороо, гудам бүрээр орж,  гэрийнх нь хаалгыг нь тогшоод “газраа өмчил” гэж гуйгаад нохойнд уруулах шахам, хөөгдөөд явдаг. 2017 онд 5 сарын хугацаатайгаар энэ аяныг зохион байгуулж байсан. Хэсгийн ахлагч, зохион байгуулагч нартай хамтран ажиллаж худаг, хүүхдийн сургууль цэцэрлэгүүдээр тараах материалаа нааж, телевизээр байнга л реклам явуулдаг. Хууль өөрчлөгдөөгүй, харин 10 жилээр сунгачихсан байгаа.

 

Зуслангийн бүсийн газар өмчлөл хэр байна вэ?

Иргэд зуслангийн газраа 2016 оноос хойш өмчилсөн. Нийтийн халуун ус болон авто машины зогсоол, нийтийн бие засах газар, хогийн цэг  байсан газрууд дээр айлууд буучихсан тул ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах хэрэгтэй болсон. Өөрөөр хэлбэл Зам, дэд бүтцийн асуудлыг эргэн харах ёстой гэсэн үг.  Ой хамгаалалтын бүс, усны эх, өндөр хүчдэлийн хамгаалалтын бүс зэрэг газруудыг өмчлөх боломжгүй.

Х.Ариунболор

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.234.50)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.