Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Ц.Чулуунбаатараас цөөн асуултад хариулт авлаа.
Он гарсаар ой, хээрийн түймрийн хэчнээн тохиолдол бүртгэгдэв. Нийт хэд орчим га талбай шатаж, хэр хохирол учирсан бэ?
Он гарсаар Дорнод, Булган, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр зургаан удаа гараад байна. 3 дугаар сарын 22-нд Дорнод аймгийн Булган суманд хээрийн түймэр гарч 320 га газар түймэрт өртсөн. Энэ түймрийг бүрэн унтраасан. Мөн Булган аймгийн Сэлэнгэ суманд ой, хээрийн түймэр гарч 13 га талбай шатлаа. Түймрийн улмаас шатсан талбайг сарын хугацаанд тодорхойлдог. Түймрийн хор, хохирлыг тооцон гаргахдаа Засгийн газрын 2013 оны 106 дугаар тогтоолын дагуу түймэр гарсан орон нутгийн удирдлага, онцгой байдлын газраас тусгай комисс томилон ажиллаж, хохирлыг тогтооно.
Эдгээр түймрийн шалтгааныг тогтоов уу?
Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн тухайд хил дамнан орж ирсэн. Дээр хэлсэнчлэн түймрийн шалтгаан, нөхцөл, хохирлыг тусгай комисс, тодорхой хугацаанд шалгаж тогтоодог. Ерөнхийдөө гуравдугаар сард аянга, цахилгаан гэх мэт байгалийн үзэгдлүүд байдаггүй учир 3 дугаар сард гарсан ой, хээрийн түймэр ихэвчлэн хүний буруутай үйл ажиллагаанаас хамааралтай.
Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал ой, хээрийн түймэр олон гарав уу?
Манай орны хувьд энэ жил ойн бүс нутагт харьцангуй чийгшилтэй байгаа. Тиймээс харьцангуй хожуу буюу гуравдугаар сард хаврын эхний түймэр бүртгэгджээ. 2019 онд хоёрдугаар сарын дунд үед хаврын эхний түймэр гарч байсан. Гэвч тайвширч болохгүй дөрөв, тавдугаар сард ой, хээрийн түймэр гарах өндөр эрсдэлтэй тул орон нутгийн удирдлагууд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, иргэд сонор сэрэмжтэй, хариуцлагатай байх хэрэгтэй.
БОАЖЯ-наас ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэ?
Улсын онцгой комиссын 2020 оны 01 дүгээр албан даалгавар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын энэ сарын 09-ний өдрийн “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах тухай” А/162 дугаар тушаалын холбогдох байгууллага, орон нутгийн удирдлага, хэлтэстэй бүхий л чиглэлээр хамтран ажиллаж байна. Ойд зорчих иргэн, ойн бүсэд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагатай хариуцлагын гэрээ байгуулан ажиллах, эргүүл, шалгалтыг эрчимжүүлэхийг бүх шатны дарга нарт үүрэг болгосон.
Түймрийн ихэнх шалтгаан иргэдийн буруутай үйл ажиллагаанаас хамаардаг. Иргэд, аж ахуй нэгж юуг анхаарах хэрэгтэй вэ?
Урьдчилан сэргийлэх арга хэмжээнд иргэн бүрийн оролцоо чухал. Тиймээс хаврын хуурайшилтай үед халуун нурмыг ил задгай асгахгүй байх, гэр, малын хашаа саравчинд хамгаалах шороон зурвас татах, хөдөө, хээр явахдаа татсан тамхины иш, шүдэнзийг бүрэн унтраах, хуванцар сав, шил, шилэн бүтээгдэхүүнийг ой хээрт хаяхгүй байх, амралт зугаалга аяллаар явахдаа ил гал түлэхгүй байх хэрэгтэй. Харин аж ахуйн нэгжүүд хөдөлмөр, хамгааллын аюулгүй байдлыг ханган ажиллах нь чухал. Мөн түймрийн тухай мэдээлэл авсан тохиолдолд өөрийн хүч хэрэгслээр унтраах, холбогдох байгууллага, албан тушаалтанд шуурхай мэдэгдэх үүрэгтэй.
“Үндэсний шуудан” сонин
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин