Баялаг түгээгчдийг дэмжих зорилго бүхий төслийн хүрээнд бид хувиараа хөдөлмөр эрхэлдэг олон хөдөлмөрчдийг дэмжин энэхүү буландаа урьж оролцуулдаг. Энэ удаагийн зочноор хэдий нас өндөр болсон ч зүгээр суулгүй ямааны сам болон аргалын савар хийдэг уйгагүй хөдөлмөрч 74 настай нэгэн эрхэмтэй ярилцлаа.
Танд энэ өдрийн мэнд хүргье. Сайхан хаваржиж байна уу. Би танай гэрийг олох гэж их л хол алхаж энэ хүрлээ. Та өглөө оройдоо тогтмол ингэж явдаг уу?
Тэгнээ хүү минь. Энэ хэдийгээ хийх гэж материаландаа явна. Материалаа нэг газраас авахгүй шүү дээ. Шар хадны эцэс , 22-ын товчоо, барилгын материалын дэлгүүр гээд л... Цахилгаан станцуудын хог ухаж хэрэглэж болохоорыг нь авна.
Алхаа гишгээ гэж залуу хүнээс дутах юм алга. Та залуудаа юу хийдэг байсан бэ?
Би Дундговь аймгийн хүн. Одоо хотод суурин байдаг, тэтгэврийн хөгшин, гарын доор ойр зуурын юм хийгээд, ач, зээ нараа хардаг. Миний мэргэжил алт мөнгөний дархан боловч би хилийн ба дотоодын цэргийн ахлах цолтой Дундговь аймгийн цагдаагийн хэлтэст ажиллаж байгаад сүүлдээ аймгийн соёлын ордон гэж байхад тэнд нярав хийж байсан. Тэгээд тэтгэвэрт гарсан. Анх хотод орж ирээд өндөг зарж үзлээ онцгүй ээ, хар цай чанаж үзлээ бас явдаггүй шүү.
Цэргийн алба хаана хаасан бэ. Та гурван жилийн цэрэг байх тийм үү...
Тийм ээ. Би гурван жил цэргийн албаа 1970 онд Ганц худгийн хорих ангид гурван жил ажиллаж хаасан.
Энэ аргалын савар сам хийх ажлыг та хэзээнээс хийж эхэлсэн юм бэ?
Ер нь бол өөрийн хэрэгцээндээ их хийдэг байлаа. Манай говийнхон чинь аргал их түүдэг тийм учраас аргалын саврыг бол хийдэг байсан. Монголд ардчилсан хувьсгал гараад би тэр үед цомхотголд өртөж таарсан. Тэрнээс хойш би ер нь энэ хоёрыгоо хийдэг хэрэг гээд хийж эхэлсэн. Одоо миний савар, сам хоёрыг аваагүй аймаг, сум гэж бараг байхгүй дээ.
Хөөх тийм үү... Тэгэхээр захиалгаар хийдэг гэсэн үг үү, эсвэл зах дээр зардаг юм уу?
Би Нарантуул зах дээр байнга өгдөг хэд хэдэн хүнтэй. Өчигдөр 25-ыг аваачиж өгсөн. Одоо дөчин самны захиалгатай сууж байна. Яах вэ болж л байна. Ажил хүнийг голохоос хүн ажлыг голох учиргүй гэдэг үг бий дээ. Миний энэ хийж байгааг үнэлэх газар гэж бараг байхгүй юм. Би “Чингэлтэйд үйлдвэрлэв” гэдэг газар очоод энэ хэдийгээ өгөх гэсэн боловч үнэтэй байна гээд аваагүй. Зарим дэлгүүрүүд нь зарагдаж дуусахаар нь мөнгөө аваарай гэх юм. Хийсэн хэдийгээ тэнд аваачиж тавьчихаад дараагийн хэдийгээ ямар мөнгөөрөө хийх болж байна.
Та нэгийг нь хэдэн төгрөгөөр зардаг бэ?
Аргалын савар 15000, ямааны самаа 8000 төгрөгөөр өгдөг. Нарантуул захын худалдаачид таны бүтээлийг аваад зарах их урамтай байдаг гэдэг л юм. Би ер нь хүнд юм хийж өгөхдөө аятайхан,цэвэрхэн боломжийн, эдэлгээ сайтай хийчих юмсан гэж бодож хийдэг. Худалдаж авсан хүнд энэ хариугүй муу юм гэж хэлүүлэхээргүй л хийх юмсан гэж боддог. Зун хүүхдүүдтэйгээ хөдөөгөөр аялаж явахдаа бас хэдийг аваад явсан. Манай хөдөөнийхөн бол дуртай авна. Тэд нар чинь хот хүрээ газар руу тэр болгон яваад байхгүй болохоор бэлэн аваад ирсэн бүтээгдэхүүнийг дуртай авна. Зарим айлууд нь ааруул, айраг цагаагаар сольж авна шүү дээ.
Таны хүүхдүүд хийж байгаа зүйлийг чинь хэр дэмждэг вэ. Хэдэн хүүхэдтэй вэ?
Би арван сайхан хүүхэдтэй. Долоон охин гурван хүү. Бүгд тусдаа гарцгаасан, хүүхдүүд нь зөндөө том болцгоосон байна. Манай хүүхдүүд аавынхаа урлалыг дэмжинээ. Нэг хүргэн маань энэ аргалын савар, ямааны самыг хийдэг юм. Би хэдий юмханаар юм хийгээд яваа ч ядрах, чадал дутах үе бий. Тэр үед хүүхдүүд маань туслана. Охин маань орой гар хөл барьж өгнө. Хүн зүгээр суух л буруу.
Таны мөрөөдөл биелсэн үү?
Би өөрийнхөө хийе гэснийг хийж ирсэн. Ганц хүсдэг юм хүүхдүүд минь л сайн сайхан яваасай гэж боддог байлаа. Одоо бүгд сайхан явааг нь хараад сэтгэл тэнэгэр, сайхан байна.
Хүүхдүүддээ юуг илүү чухалчилж захидаг вэ?
Хүнтэй зөв, сайхан мэндэлж, олонтойгоо нөхөрлөж, аливаа зүйлд сэтгэлээ шингээн, чанартай хийж байгаарай гэж захидаг
Сайхан яриа дэлгэж, хийж бүтээсэн зүйлээ танилцуулсан танд баярлалаа.
Зүгээрээ хүү минь. Танай хамт олонд ажлын амжилт хүсье.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин