УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтэй нам эсвлийнхэн аудитын байгууллагад мөрийн хөтөлбөрөө шалгуулахаар өгсөн. МАН, АН, МАХН тэргүүтэй улс төрийн гол тоглогч намуудын мөрийн хөтөлбөрийг хууль зөрчсөн, амлалт өгсөн гэж дүгнэсэн бол “Зон олны нам” тэргүүтэй зургаан намын мөрийн хөтөлбөр дэмжигдсэн юм. Энэ талаар “Зон олны нам”-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Эрдэнийн Одбаяртай ярилцлаа.
-УИХ-ын ээлжит сонгуульд оролцох сонирхол, хүсэлтэй улс төрийн нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө Аудитын байгууллагад шалгуулсан ч байр, цалин амласан хүчтэй намуудын мөрийн хөтөлбөр бүдэрч харин танай намын мөрийн хөтөлбөр дэмжигджээ. Баяр хүргэе. Ямар агуулгатай мөрийн хөтөлбөр боловсруулсан юм бэ?
Уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Зон олны нам бол монгол улсын хамгийн анхны цахим нам гэдгээрээ онцлогтой. 2020 оны УИХ-ын сонгууль бол бидний хувьд анхны улс төрийн сонгууль гэдгээрээ онцлогтой. Манай нам “ЭЭЖ” гэх товчлол бүхий хөтөлбөрийг тооцоо, судалгааны үндэслэл дээр Монголын нийгэмд нэн тэргүүнд анхаарах эмэгтэйчүүдйин эрх, жендерийн тэгш байдлын асуудлыг хөндөж, шийдэх арга замтай нь хослуулан боловсруулсан. Энэ асуудлыг аль ч нам тусад нь хөндөж ярьж байгаагүй. Ах намуудын мөрийн хөтөлбөр бол дандаа уриа, лоозон, хий хоосон амлалт байдаг. Манай намынх хэрэгжих боломжтой, зөв асуудал гэдгээрээ ялгаатай юм. Манай намын дүрэмд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх гэсэн зорилт бий. Бид үүнийг л хэрэгжүүлнэ. Аль болох эмэгтэйчүүдийг улс төрд орох замыг нь нээх ёстой.
Шинэ намууд 2020 оны сонгуульд хүч тэнцвэргүй тулаанд орох нь. Танай нам 2016 онд үүсэн байгуулагдсанаасаа хойш нийгэмд танигдах ямар зүйл хийв?
Өнгөрсөн бүх сонгуульд улс төрийн намууд дандаа нэр дэвшигчдээ онцолдог байсан. Институциа бэхжүүлэлгүй орхичихсон, иргэдэд улс төрийн боловсрол олгодоггүй байсаар ирсэн. Иргэд улс төрийн боловролгүй учраас хууртаж, зүй бус нөхдийг УИХ-д сонгосон. Гажуудал нь ердөө энэ. Зон олны нам энэ гажуудлыг засахын тулд байгуулагдсан цагаасаа эхлэн намаа бэхжүүлэх, иргэдэд зориулсан улс төрийн боловсрол олгох чиглэлээр дагнан ажилласан. Дөрвөн жилийн хугацаанд хийсэн гол ажил маань энэ. Уг нь засаг төр бодлогоор энэ асуудалд анхаарах ёстой ч 30 жил энэ ажлыг хийгээгүй.
Дөрвөн жилийн хугацаанд хичнээн мянган иргэн улс төрийн боловсролтой болсон байна вэ?
Улс төрийн нам байгуулагдаад 100 жил, олон намын тогтолцоо бий болоод 30 жил болж байгаа. 30 жил мартагдсан энэ том асуудлыг бид хийх гэж үзлээ. Бүх иргэдийг хамруулах боломж хомс. Цөөн хүмүүст зориулсан сургалт, уулзалт, төсөл хэрэгжүүлсэн. Хий хоосон амлалт, мөрөөдлийн зүйл манай иргэд дасчихаж. Тийм ч амархан өөрчлөгдөхгүй юм. Иргэдийг улс төрийн боловсролтой болгоход ахиад 30 жил хэрэгтэй ч байж магад. Улс төр сонирхогч залуучууд, судлаачдыг сайн дураар хамруулсан. Намын дэргэд МЭДЛЭГ, ОНОЛЫН нэгдлээс иргэдэд зориулсан “МОН” гэсэн улстөрийн боловсролын асуудлыг хөндсөн ном гаргах гэж байгаа.
Танайд УИХ-д өрсөлдөх, нэр дэвших боловсон хүчин хангалттай бий юу?
76 хүн дэвшүүлнэ. Манай намаас боловсролтой, нэр цэвэр хүмүүс дэвшинэ. Нэг зүйлийг зориуд онцлъё. Бид нийгэм, төрийн албаны дунд шатныхан болох, эмч, багш, сэтгүүлч зэрэг яг амьдрал дунд байгаа хүмүүсийг шийдвэр гаргах түвшинд хүрэхэд нь бодлогоор дэмжье гэдэг үзэл баримтлалтай. Улс төрийн намын гол зорилго бол төрийн эрхэнд гарч, бодлого тодорхойлох. Бид энэ зорилгод хүрэхийн тулд явж байгаа. Ялах ч болно. Ялахын тулд л бусадтай өрсөлддөг шүү дээ. Манайхаас ямар хүн дэвших нь удахгүй тодорхой болно. Хүчирхэг залуучууд олон бий. Тактикийн бодлого явагдаж байгаа. Манайх нэр дэвшигчдээсээ дотооддоо шалгалт авна. Тэнцсэн, шаардлага хангасан хүнээ илгээнэ. Зон олны намаас нэр дэвших хүмүүс бүгд улс төрийн, эдийн засгийн шалгалт өгнө. Тэгэхгүй бол ард түмний амны бай болно шүү дээ. Мэдлэггүй, чадваргүй хүн дэвшүүлэх нь мөнгөтэй байхаасаа долоон дор. Манай намын гол уриа бол “МЭДЛЭГ ЯЛНА” гэсэн байгаа. Тэгэхээр мэдлэгтэй хүнээ илгээнэ.
АН бол нэр дэвшигчдээсээ дэнчингийн мөнгө татна гэдгээ зарлачихсан. МАН төрийн мөнгөөр сонгуульдана. Харин танайх санхүүгийн эх үүсвэрээ яаж босгох гэж байгаа юм. Нэг ширхэг тараах материалд хүртэл мөнгө зардаг шүү дээ. Танай намын гол санхүүжүүлэгч нь хэн юм бэ?
Намын санхүүжилт гишүүдийн хандив, татвар, гишүүдийн оролцоогоор бүрддэг. Манай намын нэг давуу тал нь технологийн шийдлийг бүрэн ашиглаж байгаад оршдог. Бусад намууд нийслэл, дүүрэг, аймаг, сум, баг бүрт тусгай үүртэй, байртай, даргатай, гишүүдтэй. Тэр болгоны хэмжээгээр их мөнгө зарж байгаа. Харин манайх бүх зүйл цахимаар, гар утсаар, онлайнаар явагддаг учраас илүү зүйлд зарлага гаргах хэрэггүй гэдгийг бусдад үлгэрлэж чадаж байна. Цаг хугацаа, орон зайг товчилж, хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх зарчмаар ажилладаг учраас мөнгө үрэх шаардлагагүй. Нэр дэвшигчид бол сонгуулийн хуулийн дагуу хандив тусламжаа авна. Бид багийн тоглолтыг яаж хийдгийг харуулна. Манай намынхан УИХ-д гарахаараа бодлого боловсруулж, хууль батлаж, түүнийгээ хэрэгжүүлэхийг л шаардана. Түүнээс биш хувиасаа бэлэг тарааж, зам тавьж, барилга барьж, хүүхдийн тоглоомын талбай хийхгүй. Хувийн тоглолт ямар ч шаардлагагүй. Аж ахуйн ажлыг чинь төрийн байгууллага нь хуулийнхаа дагуу хийнэ шүү дээ.
Яг хичнээн мянган гишүүнтэй болж байна вэ?
Анх 2016 оны 12 сарын 06-нд буюу Их монгол улс байгуулагдсан түүхэн он тооллыг билгэдэж тус өдөр хуралдаанаа хийж байгуулагдсан. “Монгол туургат төв холбоо” зэрэг хэд хэдэн ТББ-д нэгдэж байгуулсан түүхтэй. 2200 гишүүнтэй. 20 гаруй мянган дэмжигчтэй. Зарим нөхдүүд нам нам дамжаад явдаг. АН-аас гараагүй байж МАН-д элсэж, тэгсэнээ МАХН-ын дэмжигч байх шиг. Манай намд тийм хүн байхгүй. Бүх гишүүдийн мэдээлэл цахимд шилжсэн. Улс төрийн нам бол бурхан биш. Нам чухал биш. Бодлого л чухал. Монголд улс төрийн 100 нам байсан ч болно. Гол нь бодлого, институци зөв, баталгаатай байх ёстой. Зөвхөн хотын иргэдэд үйлчилдэг, аль эсвэ нэг дүүргийн иргэдийн нам ч байж болно. Гагцхүү зорилго, зорилт, үзэл баримтлал нь тодорхой л бай.
Танай нам нэр дэвшигчдийнхээ боловсролд илүү анхаарна гэсэн. Таны хувьд яг мэргэжил боловсролтой хүн бэ?
Би Улаанбаатар хотод төрж өссөн, Баянхошууны гэр хорооллын хүүхэд. Бага болон их дээд сургуулиа энд дүүргэсэн. Дараа нь Бээжинд сурч байсан. Багш мэргэжилтэй. Ахиад ч сурч байна. Улс төр судлал чиглэлээр сонирхдог. Зон олны намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилладаг. Удирдах зөвлийн 10 гаруй гишүүд намынхаа өдөр тутмын ажлыг амжуулдаг.
Танай намын дарга хэн гэж хүн байдаг юм бэ?
Намын дарга Гомбосүрэнгийн Эрдэнэтөгс, намын дэргэдэх Мэдлэг онолын нэгдлийн дарга нь М.Чимэдтогтох гэж бий.
Олонх улстөрчийн хүүхдүүд аав, ээжийнхээ намын гишүүн болдог. Гэтэл та ааваасаа тусдаа нам байгуулаад тэргүүлж яваа. Тэгэхээр АН-ын эсвэл МАН-ын үзэл баримтлал танд нийцэхгүй байна гэсэн үг үү. Эсвэл албаар ааваасаа зөрөв үү?
Миний үзэл бодолд энэ намуудынх таарахгүй байна. Мөн улстөрчийн хүүхдүүд заавал залгамжилж авах шаардлага байхгүй. Шинэ зуунд хэн аль намд байх нь тийм чухал биш. Аав хүү хоёр өөр өөр намд байх нь ардчилал. Ардчилал бол ардчилсан нам биш.
Танай намын санхүүжүүлэгч нь С.Эрдэнэ дарга учраас АН-ын захиалгаар хөдөлдөг гэсэн яриа бас байдаг шүү дээ. Ер нь аавтайгаа улстөрийн намын талаар ярилцаж, зөвлөлдөж байв уу?
Тийм зүйл байхгүй. Улс төр бол шинжлэх ухаан. Аав нь хүүдээ улс төр заана гэж байхгүй. Тусдаа бие даасан байгууллага. Миний ажил алба, амин хувийн зүйл ааваас тусдаа байдаг. Зон олны нам аль нэг улстөрчөөс санхүүжилт авдаггүй. Өөрийн үзэл бодолдоо л үнэнч бай.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин