Агаарын бохирдлын асуудлын эсрэг хийж хэрэгжүүлсэн ажил болон хөрсний бохирдол, хог хаягдлын асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр ажиллаж буй талаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга, НИТХ-ын тэргүүлэгч Ч. Гантулгатай ярилцлаа.
-Монгол Улсын Засгийн газар, Улаанбаатар хотын захиргаа, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо зэрэг төрийн байгууллагуудын оновчтой шийдвэр, иргэдийн дэмжлэг оролцоотойгоор УТААГ бууруулж чадлаа. Одоо харьцангуй урин цаг ирж, байгалийнхаа шалгаралаар утаагүй улирал ирж байна. Хийж хэрэгжүүлсэн ажлаа ерөнхийд нь дүгнэж хэлхэв хэдэн хувьтай гэж бодож байна вэ?
Энэ удаагийн ЗГ 2018 оны хоёрдугаар сарын 28-нд 12-р тогтоолоо гаргаж 2019 оны тавдугаар сарын 15-наас түүхий нүүрс түлэхийг хориглосон шийдвэр гаргасан. Түүхий нүүрсийг хорисноор орлох бүтээгдэхүүнийг бий болгох, гэр хорооллын айл өрхийг дулаан хангамжаар хангах шийдлүүдийг олох хэрэгтэй болсон. Үүний хүрээнд жил гаруй хугацаанд шинэ үйлдвэрлэлийг бий болгож сайжруулсан түлшийг нөөцөлж, иргэдэд түгээж ажиллаа. Ингээд түүхий нүүрсийг түлэхээ больж сайжруулсан түлшээр 2019-2020 оны өвлийг давсан. Дараа дараагийн жилүүдэд сайжруулсан түлш болон түлштэй холбоотой ажлуудыг улам сайжруулж үргэлжлүүлэн ажиллана. Бид дараагийн хоёроос гурван жилд агаарын бохирдлыг 70-80 хувь бууруулах төлөвлөгөө боловсруулаад ажиллаж байна. Ганц сайжруулсан түлшээр агаарын бохирдол шийдэгдэхгүй. Автомашинаас гарч буй хорт утаа, нийтийн тээврийн хорт утаа, цахилгаан станцуудын яндангаас гарч буй утаа, хөрсний бохирдол зэргээс болж мөн агаар бохирддог. Энэ хэмжээгээрээ эрүүл ахуйн байдал хангагдахгүй байна гэсэн үг. Ингээд харахаар агаарын бохирдол гэдэг маш том цогц зүйл юм. Агаарын бохирдлын 80 хувийг бүрдүүлж буй түүхий нүүрсийг хориж орлох бүтээгдэхүүн гаргаснаар өөрчлөлтийг авчирсан. Одоо хөрсний бохирдолыг шийдэх хэрэгтэй
-Хөрсний бохирдлыг бууруулах тал дээр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо ямар ажлыг хийхээр зорьж байна вэ?
Монгол улсад, ялангуяа хот суурин газар хөрсний бохирдлын асуудлыг дорвитой хөндөн ярьж хангалттай судалгаа хийж байгаагүй. Агаарын бохирдлыг бууруулсан шиг хөрсний бохирдлыг бууруулах, таслан зогсоох ажлуудыг хийж эхлээд байна. 2019 онд хөрсний бохирдолын талаар судалгаа хийсэн. Судалгаанд түшиглэн хөрсний бохирдлыг нарийвчлан судлах, хөрсний бохирдлын эх үүсвэрүүдийг ангилах шаардлага гарч байгаа. Энэ ажлууд хийгдээд эхэлсэн. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн 190 гаруй мянган жорлонгийн шинэчлэлийн ажлыг энэ жилээс иргэдийн оролцоотойгоор хийж эхэлсэн. Энэ жилдээ багтаж 300 мянган айлын жорлонг шинэчлэхээр төлөвлөж байна. Шинэ жорлонгуудыг нэг юм уу хоёр жилдээ соруулдаг байдлаар зохицуулна. Энэ ажлын хүрээнд Герман улсаас соруулсан бохирыг ангилдаг, цааш нь үйлдвэрлэж хатаагаад шатааж боловсруулдаг үйлдвэр нэгийг туршилтаар авсан. Тавдугаар сард ашиглалтад оруулж ажиллахаар төлөвлөж байна. Ингэснээр иргэд ая тухтай орчинд амьдарч эрүүл мэндээ хамгаална, агаар хөрсний бохирдолгүй болно, олон зуун мянган жорлонгийн нүхийг шинэчлэснээр хөрсөө хамгаална гэсэн гурван том давуу талтай. Энэ ажлыг Чингэлтэй дүүргийн 8, 9-р хороонд эхний ээлжинд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Бид 2020-2025 оны хооронд 190 мянган жорлонгийн шинэчлэлийг нэн яаралтай хийж, хогийг ангилан хаях төвүүдийг бий болгон ажиллахгүй бол хөрсний бохирдолыг бууруулж чадахгүй.
-“Жорлонгоо өөрчилье” гэсэн төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Энэ ажлууд хэр үр дүнтэй байна вэ? хамтран ажиллаж байна вэ?
Иргэний нийгмийн байгууллагууд гадаадын байгууллагуудтай хамтран энэ чиглэлийн зээл, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ нь маш сайшаалтай хэрэг. Гэхдээ үүнийг хэрэгжүүлж буй байгууллагууд улс орон даяар, нийслэлийн хэмжээнд энэ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж барахгүй, нөөцийн хувьд ч хангалтгүй. Тийм учир энэ асуудалд төрийн бодлого, оролцоо зайлшгүй хэрэгтэй. Энэ жилд 300 мянган айлын жорлонг шинэчлэнэ. Дараа дараагийн жилүүдэд жилд 10-20 мянган айлын жорлонг шинэчлээд явах төлөвлөгөөтэй байна.
-Хог ангилан ялгах үйлдвэр барина гэж байна. Энэ хэзээ хэрэгжиж, ажил хэрэг болох вэ?
Нийслэлийн хэмжээнд болон Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2020 оны ажлын төлөвлөгөөнд томоохон хогны үйлдвэрийн асуудал ороогүй. Энэ асуудал ЗГ болон нийслэлээр дамжиж байж хэрэгжих ёстой. Үйлдвэр байгуулахад багагүй зардал мөнгө орно. Энэ үйлдвэрийг барихаас өмнө хогийг ангилан хаях соёлыг суулгаж системийг бий болгох хэрэгтэй. Тэгж байж хог хаягдлыг шатаах үйлдвэртэй болно. Одоо бидний нүдэнд харагдаж буй хог хаягдлуудыг зөөврийн шатаадаг зуухаар шатаахаас өөр аргагүй. Ингэж байж бид нэг хэсэгтээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ. Бидний энэ жилийн ажлын төлөвлөгөөнд энэ зүйл тусгагдсан. Жорлонгийн асуудал болон хог хаягдлыг шатаах зуух, эх үүсвэр дээр нь ангилан хаях ажлууд төлөвлөгдсөн учир энэ жилдээ заавал хийгдэнэ.
-
14 цаг 25 мин
-
14 цаг 36 мин
-
20 цаг 19 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин