Чингэлтэй дүүргийн Засаг дарга Нацагдоржийн Батсүмбэрэлтэй ярилцлаа. Тэрбээр сар шинийн өмнөхөн тус дүүргийн Засаг даргаар томилогдсон. Өмнө нь энэ дүүргийн Засаг даргын орлогч, ДИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд энэ алба түүнд шинэ ажил биш юм. Ингээд хоёр сар гаруйн хугацаанд түүнийг ямар зүйлийг шинэчилж, юуг амжуулсаныг нь хамтдаа сонирхъё.
Дүүргийн Засаг дарга бол тухайн дүүргийнхээ өдөр тутмын ажлыг хариуцдаг чухал алба. Ажил нь жигдэрч, эмх цэгцэндээ оров уу. Дүүргийг мэдэх хүний хувьд өөрийнхөө хийх ажлыг аль чиглэлээс эхлүүлэв?
Миний хувьд өмнө нь энэ дүүргийн орлогч дарга, ДИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан учраас хаана ямар асуудал байна, түүнийг яаж шийдэх вэ гэдэг гарц гаргалгаа, шийдлийг олоход амархан байна. Чингэлтэй дүүрэг бол бусад дүүргүүдийг бодвол бүтээн байгуулалт сайтай, Улаанбаатар хотын хоймор дүүрэг. Мэдээж төрийн хууль ёс, залгамж чанарын дагуу хийгдэж байсан ажил, төслүүдийг хурдасгах шаардлага үүсэж байна. Онцгойлон анхаарч байгаа салбар бол Газрын асуудал. Засаг даргын хувьд ажлын хэсэг байгуулж, энэ чиглэлд нэлээд анхаарлаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд зөвхөн газартай холбоотой 941 гомдол хүсэлт, өргөдлийг тамгын газрын нэг түшмэл ширээнийхээ нүдэнд хав дарчихсан зөрчил илэрсэн. Боддоо тангараг өргөсөн, төрийн түшмэл хүн 1000 орчим иргэний газар өмчлөх, хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээж авчихаад шийдэлгүй ширээнийхээ нүдэнд нуучихсан байна. Энэ мэт хууль зөрчсөн, иргэдийг хохироосон буруутай үйл ажиллагаа явагдсан байгааг илрүүлсэн. Ямартай ч онцгой анхаарч, шуурхай шийдвэрлэж, иргэний эрхийг хангаж байна.
Үндсэндээ 1000 орчим хүний газар өмчлөх, сунгуулах эрхийг гацаасан байна. Зөрчлийг илрүүлээд, иргэдийн өргөдөл, хүсэлт ёсоор шийдсэн биз дээ?
Өнөөгийн байдлаар 314 иргэний газрын маргааныг шийдэж, эрхийг нь сунгаж, өмчлөл олгосон. 153 иргэний шилжих эрхийг хангаж, 153 иргэний гэрчилгээг сунгасан.
Иргэдээ хохироохоос гадна бусдад дамлан зарсан байж болзошгүй ноцтой үйлдэл ч байгаа тухай та өмнө нь нэгэн ярилцлагадаа тодотгосон байсан. Үнэхээр Хан-Уул дүүргийн газрын албаныхан танай дүүргийн газрыг зарсан нь батлагдсан уу?
Намайг ажил авах үеэр Хан-Уул дүүргийн газрын албаны даргыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн тухай мэдээ гарсан. Тэдний худалдаж гэж байсан газар нь Чингэлтэй дүүргийн газар болж таарсан. Энэ дагуу Дүүргийн Засаг даргын хувьд Цагдаагийн даргадаа чиглэл өгч шалгуулсан. Манай дүүргийн нутаг дэвсгэрт байдаг “Марс” худалдааны төвийн газрыг Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн зогсоолын газартай нийлүүлж зарах гэж байсан юм билээ.
Аливаа улс үндэстний оршин тогтнох үндэс нь газар нутаг, хүн ард. Ийм учраас газрын асуудалд анхаарах нь зүйн хэрэг. Гэтэл дэлхий нийтийг цочроосон цар тахал нэлээд эрчимтэй тархаж, манай улсад ч ороод ирсэн шүү дээ. Хүний эрүүл мэнд хамгаас чухаг. Таны хувьд эрүүл мэндийн чиглэлд ямар бодлого баримтлаж байна вэ? Эмнэлэг эрүүл мэндийн байгууллагын барилга, ор, хамгаалах хэрэгсэл, хангамж ер нь ямар байгаа бол?
Чухал асуулт байна. Дэлхий нийт түгшүүрийн байдалтай болж, манай улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, бүх нийтээрээ энэ өвчний эсрэг тэмцэж байна. Мэдээж төр засгаас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн дагуу халдваргүйжүүлэлт, ариутгал, урьдчилан сэргийлэх арга хэмжээг иргэн бүр дагаж байгаад талархаж буйгаа илэрхийлье. Манай дүүргийн хувьд өнгөрсөн жилүүдэд эрүүл мэндийн салбартаа тусгайлан анхаарсан. Хэдэн хэдэн өрхийн эмнэлгийг шинээр барьж, хүчин чадлыг нь нэмэгдүүлсэн. 14-р хороонд шинэ өрхийн эмнэлгийн эрүүл мэндийн төв баригдаж ашиглалтад ороход бэлэн болсон. Цаашдаа дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн төвийг шинэчлэх ажил хийнэ. Зориулалтын бус барилга байгууламжид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг, эмч ажилчид нь хэл ам таталдаг, авлига хээл хахууль нэхдэг гээд зөрчил шүүмжлэл иргэдээс ирдэг. Цаг тухай бүрд нь асуудлыг шийдээд, үнэхээр алдаа гаргасан байвал хариуцлага тооцоод явна. Үе шаттайгаар анхаарна гэсэн төлөвлөгөө бий.
Дүүргийн онцгой комиссын даргын хувьд хороодоороо ажиллаж байгаа харагдсан. Коронавирусийн халдвар тархах эрсдэлтэй, эгзэгтэй үед иргэд хэт тайвшрах, маск зүүхээс залхах хандлага ажиглагдаж байна. Хороодоороо ажиллахдаа мэдээж иргэдтэйгээ уулзаж байгаа байх. Танай дүүргийн иргэд, оршин суугчдын хувьд ямар байна вэ?
УОК, НОК-ийн гаргасан шийдвэр, чиглэлийн дагуу дүүргийн онцгой комисс ажилладаг. Харьцангүй анхаарал сэрэмжтэй, өөрийгөө болон бусдыг аюулт өвчнөөс хамгаалах сэтгэлтэй байна. Амны хаалтаа заавар зөвлөмжийн дагуу зүүж, гараа ариутгаж, бусадтай зайнаас харьцаж байна. Манай дүүргийн Тамгын газар бусад төрийн байгууллагуудтайгаа хамтарч шуурхай штаб байгуулагдаад, 24 цагаар ажиллаж, бүх мэдээллийг авч, заавар зөвлөгөөг өгч байна. Дүүргийн Засаг даргын хувьд бүх хороогоор орж байгаа. Амралтын өдөр бүр явдаг. Манай дүүргийн 19 хорооны 13 нь гэр хороолол, 6 байшин, орон сууцны хороолол. Нийт 160 орчин мянган иргэнтэй, хөгжил цэцэглэлт өндөртэй, залуу дүүрэг. НИТХ-ын төлөөлөгчийн хувьд нийслэлийн байгууллагуудтай хамтарч, дүүргийн ажлаа хурдасгах чиглэлд анхаар байгаа.
Улс, нийслэлээс хэрэгжүүлж байгаа томоохон төслүүд дандаа Чингэлтэй дүүргээс эхэлдэг онцлогтой. Энэ хэрээрээ бүтээн байгуулалт их хийгдэж, өнгө нэмдэг шиг санагддаг. Одоо ч зарим төслүүд хэрэгжиж байгаа. Үр дүн нь ямар байна даа, тэгээд?
Дэд бүтцийн хувьд үсрэнгүй хөгжсөн дүүрэг нь танайх. Есөн дүүргээс хамгийн их замтай, бүтэн гэрэлтүүлэг, камержуулалттай нь Чингэлтэй дүүрэг. Гэхдээ чанар муу гэх шүүмжлэл иргэдээс ирэх юм билээ. Та анхаарна биз дээ?
Газар нутгаа бусдад булаалгахгүй байх, бусад дүүргээс хөгжлөөрөө ялгарах, иргэдийн ая тухтай орчинг бий болгохын нэг баталгаа нь зам талбай, гэрэлтүүлэг мөн. Энэ бодлогын хүрээнд бол манай дүүрэг сайн ажилласан. Чингэлтэй дүүрэг замаараа, гэрэлтүүлэг, камержуулалтаараа хангалттай сайн болсон. Гэвч яг ачир дээрээ тулахаар чанаргүй замтай, эвдэрсэн, сэтэрсэн, өвлийн цас, зуны борооны ус даахгүй, халтиргаа гулааны тооцоолол хийгээгүйгээс болж эвдрэл гэмтэл үүсдэг. Гаднаа гяланцаг, дотроо паланцаг л гэсэн үг. Уг нь бүрэн гэрэлтүүлэгтэй ч зарим нь асдаггүй, бүрэн камержуулалттай 100 гаруй нь ажиллахгүй байх жишээтэй. Наанаа бол гоё хөгжилтэй ч цаанаа асуудалтай л байна. Энэ мэт ажлын гүйцэтгэл, чанар, тендерийг шалгаж үзэх шаардлага үүсэж байгаа.
Та маш богино хугацаанд дүүрэг удирдах эрхтэй боллоо. Гэтэл шийдэх, хийх ёстой ажил хуримтлагджээ гэлээ. Амжих болов уу... хийлээ шийдлээ гэхэд байгаа онох уу?
Хийж бүтээх, өөрчилж шинэчилмээр ажил хуримтлагдсан байна. Гэвч хэрэгжүүлэх эрх мэдэл, хугацаа тун богино. Өмнөх удирдлагууд минь асуудлаа удааж байхаар зориглоод шийдчих л хэрэгтэй байсан. Ер нь тэгээд төвөөсөө алслагдсан бодлоготой, ганц хоёр хүний эрх мэдлээс хамааралтай дүүрэг байж болохгүй. Энэ дүүрэг төрийн тогтолцооны нэг эд эс нь. Зарим хууль бус шийдвэрүүдийг цэгцэлж болох юм байна. Ийм зүйлийг шийдэхийн тулд л ажиллана. Үр дүнгээ ч өгч байна. Боддоо. Нэг түшмэлийн ширээний нүдэнд 1000 орчим иргэний газрын асуудал түгжигдсэн байна. Гэтэл өөрийн албан тушаалаа ашиглаад төрсөн ах, эгчдээ газар аваад өгчихсөн байдаг. Кадастр давхардуулаад газар олгочихсон байх жишээтэй.
Ийм зөрчил гаргасан түшмэлийг тэгээд чөлөөлж, хариуцлага тооцсон биз дээ?
Засаг дарга нь шууд чөлөөлж, томилдог эрх байхгүй учраас холбогдох хүмүүст нь үүрэг, чиглэл өгчихсөн байгаа. Хуулийн дагуу явагдах байх. Бүтээн байгуулалт сайн хийгдсэн гэж баярлах зуур ийм муу муухай, увиагүй үйлдэл бас байж.
Засаг дарга чөлөөлж, томилох хуулийн хязгаартай нь үнэн. Гэхдээ өөрийн багаа бол бүрдүүлсэн биз дээ. Тодорхой хэмжээний өөрчлөлт орсон байх, тийм үү?
Тэтгэвэр тээ гарах нас нь болсон, төрд олон жил ажилласан зарим хүмүүсийг хуулийн дагуу чөлөөлсөн. Төрийн албыг бэхжүүлэх, залуу үеийг дэмжих, бэлтгэх зорилгоор сул орон тоонд залуучуудыг нөхөж авсан.
Иргэдээс танд хандсан гомдол санал, өргөдөл ирж байна уу?
Тухайлбал...?
Газрын албаны мэргэжилтэн түшмэл 941 иргэний газрын асуудлыг шийдвэрлэлгүй, хүнд суртал гаргаж, шүүгээндээ хоёр жил нуучихсан байхад дүүргийн дотоод хяналт, аудитын газар шалгаагүй л байна. Энэ бол үүргээ гүйцэтгээгүйн баталгаа. Ахиад нэг жишээ дурдъя. Хог цэвэрлэх үйлчилгээ үзүүлдэг хоёр аж ахуй нэг манай дүүрэгт байна. Энэ хоёрын нэгэнд нь 2015 онд шалгалт орсон, нөгөөд нь огт шалгалт хийгдээгүй байх жишээтэй. Төрийн алба ийм байх ёстой юу. Ийм хандлагатай төрийг иргэд нь шүүмжлэлгүй яахав дээ.
Танд иргэдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах нь чухал уу, төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх нь чухал уу?
Хамгийн нэгдүгээрт иргэний эрхийг хамгаалах ёстой. Мэдээж төрийн хууль журмыг хэрэгжүүлэх нь ажил байдалтай минь холбоотой үүрэг гэж боддог.
Тэгвэл дүүргийн Засаг даргын хувьд Урт цагааны түрээслэгч нарын асуудалд хэрхэн анхаарч байна вэ. Тэдэнтэй уулзсан уу?
Энэ бол нийтийн эрх ашгийн асуудал. Тэр түрээслэгч нарыг нийтийн эрх ашгийн төлөө бус гэж үзнэ. Тэд бол нэг хэсэг хүмүүс. Нийт иргэдэд хамааралтай нь “УРТ ЦАГААНЫ БАРИЛГА”. Стандартад нийцэхгүй, хэзээ ч нурж мэдэх барилгад үйл ажиллагаа явуулах нь тэдний амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй байсан учраас хотын захиргаанаас шийдвэр гаргаж нураасан гэж ойлгож байгаа. Төрийн бодлогын хувьд бол энэ зөв шийдвэр. Тийм ч учраас Чингэлтэй дүүрэг “Урт цагаан”-д байрлаж байсан спорт цогцолбороо нүүлгэсэн. Тэнд ажил үйлчилгээ явуулдаг байсан иргэд түрээсийн үйлчилгээгээ бусдад дамжуулдаг байсан тухай ч мэргэжлийн байгууллагаас мэдээлсэн. Үнэхээр тийм зүйл байсан бол иргэдийн эрхийг зөрчиж, хохироож байна л гэсэн үг. Иргэдийг хохироохын эсрэг л байна. Дүүргийн удирдлагын хувьд нийслэлийн холбогдох байгууллагын хүмүүстэй уулзаж Урт цагаан худалдаа үйлчилгээ явуулж байсан иргэдийг шинэ барилга даа нэн тэргүүнд оруулж, өмнөх түрээсээр нь ажиллуулаарай гэдэг шаардлага тавьсан. Нийслэлийн өмчийн газраас тэдгээр иргэдийг анхаарч, шинэ барилга баригдтал нь түр ажлын байраар хангасан юм билээ. Өөрөөр хэлбэл Урт цагааныг буулгаад шинэ байр ашиглалтад ортол тэднийг ажлын байртай болгосон юм билээ.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин