З.Бауыржан: Осолд өртөхөөс УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ нь чухал
З.Батхуяг
Ярилцлага
/
2020-04-25

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2020” арга хэмжээ үргэлжилж буй. Үүнтэй холбоотойгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ХАБЭА-н хэлтсийн дарга З.Бауыржантай ярилцлаа.

-“ХАБЭА-н сарын аян-2020” арга хэмжээтэй холбогдуулан танай яамнаас ямар ажлууд зохион байгуулж байна вэ?

-“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян” 8 дахь жилдээ Монгол Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна. Харин олон улсын Хөдөлмөрийн байгууллага 2003 оноос хойш дэлхийн хэмжээнд тогтмол зохион байгуулж хэвшил болсон. Энэ жилийн хувьд “COVID-19” цар тахлаас үүдэн олон нийтийг хамарсан арга хэмжээнүүд цуцлагдсан. Гэсэн хэдий ч олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээллийг хүргэж байгаа. Мөн “COVID-19” цар тахалтай холбоотой Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/80 дугаар тоот тушаалаар зөвлөмж гаргасан. Энэхүү тушаалаар халдвараас сэргийлэх ажилтнаа хамгаалах, эрүүл аюулгүй орчныг бий болгох, удирдлага зохион байгуулалтаар хангах зөвлөмж гарсан. Энэхүү зөвлөмж нь ажилтнуудын дунд ажлын байрны ариун цэврийг хангах, зайлшгүй зохион байгуулах шаардлагатай уулзалт хурал, томилолтыг зөв зохистой зохион байгуулахад чиглэх юм. Түүнчлэн дөрөвдүгээр сард урин дулаан цаг ирж бүтээн байгуулалтын ажил эхэлдэг. Ялангуяа уул уурхай, барилгын салбар. Үүнийг дагаад улсын хэмжээнд үйлдвэрлэлийн ослын тоо нэмэгдэх хандлагатай байдаг. Энэ жилийн эхний улирлын байдлаар 107 осол бүртгэгдэж 7 хүн нас барсан гэх албан мэдээлэл байна. Тиймээс хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүхэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд өндөр ач холбогдол өгч, анхаарлаа хандуулах хэрэгтэй байгаа юм. Ерөнхийдөө аж ахуйн нэгжүүд бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэхдээ бэлтгэл муу хангагдсан байдаг. Тухайлбал, стандартын бус хувцас хэрэглэлгүй байх, цэвэрлэгээний ажил хийж байгаад хүний амь нас эрсдсэн харамсалтай хэргүүд гардаг. Тиймээс цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цахим сүлжээ, гарын авлага, зурагт хуудас, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээллийг тогтмол өгөөд явж байна. Ер нь дэлхийн нийтийн чиг хандлага нь осол гарсны дараа бус ослоос урьдчилан сэргийлэхэд чиглэгдэж  байна. Бид ч бас үүний дагуу гол ажлуудаа зохион байгуулаад явж байна.

-Аж ахуйн нэгж байгууллагууд нь ажилчиддаа стандартын тусгай хамгаалах хувцас хэрэгслээр хангаагүйн улмаас үйлдвэрлэлийн осол гарах тохиолдол олон. Тусгай хамгаалах, хувцас хэрэгслийг нэг стандартад болгох боломж бий юу?  

-Аж ахуйн нэгж байгууллагууд янз бүрийн ажлын болон тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл хэрэглэж байна. Зарим нь стандартын бус байхад зарим нь олон улсын стандартдаа нийцсэн байх жишээний. Энэ нь тухайн байгууллагын санхүүжилтээс хамаарч байгаа байх. Нэг зүйлийг тодотгож хэлэхэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Барилга хот байгуулалтын яам, МХЕГ Япон улсын “Жайка” байгууллагатай хамтраад ажлын болон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг тестлэх лаборатори байгуулах ажлыг хийж байна. Энэхүү лаборатори нь аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг стандартын дагуу байна уу гэдгийг шалгаж үзэх юм. Монгол улсад одоогийн байдлаар тийм хэмжээний лаборатори байхгүй. Лабораторийг 2021 он гэхэд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна.

-Монгол улсын хэмжээнд хамгийн их осол, аваар гарч буй ямар салбар байна вэ?

-Тоон судалгаа мэдээллийг харж байхад уул уурхай, барилгын салбарт ослыг тоо нэмэгдэж байна. Гэвч сүүлийн үед төрийн болон үйлчилгээний байгууллагын салбарт ослын тоо нэмэгдэх хандлагатай байна. Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын 86 хувь нь 1-9 ажилтантай байна. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд гарсан ослын тоо 3-5 хувийг эзэлж байна. Тиймээс 1-9 хүртэлх ажилтантай жижиг дунд үйлдвэр, хувиараа хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг анхаарах цаг нь болсон. Энэ чиглэлд мөн тодорхой ажлууд хийгдэж байгаа.

-Орон нутагт гарсан үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулах явдал цөөнгүй байдаг. Үүнд ямар хариуцлага тооцдог вэ?

-Бүтээн байгуулалтын ажлууд ерөнхийдөө Улаанбаатарт хотод өрнөж байна. Тиймээс ослын тоо их харагддаг ч орон нутагт бүртгэлгүй ослыг тоо маш их байдаг. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүн гэрээсээ гараад ажилд очих, буцах зам болоод ажлын байрны ослууд нь үйлдвэрлэлийн осолд бүртгэгддэг гэдгийг мэдэхгүйгээсээ болж асуудал үүсдэг. Үүнээс үүдэн ослыг нуун дарагдуулах тохиолдол олон байдаг. Зөрчлийн тухай хуулинд ослыг нуун дарагдуулсан хуулийн этгээдийг 4000 нэгжтэй тэнцэх, ХАБЭА-н тусгай хамгаалах хэрэгслээр хангаагүй, хууль дүрэм журмаа мөрдөөгүй хуулийн этгээдийг 3000 нэгжтэй тэнцэх торгууль ногдуулж байгаа. Харин одоо Зөрчлийн тухай хуулийн хариуцлагыг улам нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллана гэж харж байгаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.47.177)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.