Э.Содномжамц: Төрд ч, хувийн хэвшилд ч ажил хийхэд СЭТГЭЛ, ЗҮТГЭЛ хамгаас чухал
З.Батхуяг
Ярилцлага
/
2020-05-23

УИХ-ын сонгуулийн гуравдугаар тойрогт МАХН-аас нэр дэвшигч, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга асан Э.Содномжамцтай ярилцлаа.

Сайхан хаваржиж байна уу. Та аль нутаг усны хүн бэ. Өөрийгөө танилцуулаач?

Миний аав Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн. Ээж маань Баян-Овоо, Баацагаан сумдын зааг, Хөвшгийн тээг хэмээх газар төрсөн. Эрдэнэцогт сумд олон жил ажилласан. Би өөрөө Баянхонгор аймгийн Баян-Овоо сумд төрсөн. Эхнэр маань хотын хүн. Багш, эрх зүйч мэргэжилтэй. Таван хүүхэдтэй. Хоёр нь хувийн хэвшилд ажилладаг. Хоёр нь дунд сургуульд сурдаг. Нэг нь их сургуулийн оюутан.

Саяхан нутаг яваад ирлээ гэсэн хаваржаа хэр өнгөтэй байна вэ?

Говийн сумдаар бороо хур дутмаг ч хаваржаа сайхан, тохитой байна. Бороо хур ороод хангай дэлхий дэлгэнээд ирэхээр цаг сайхан болдог доо. Ер нь монголчууд маань их азтай, тайван сайхан үндэстэн шүү дээ.

Монгол улсын хөгжлийг хэрхэн харж байна вэ?

Зам харилцаа, барилга байгууламж гээд хөгжиж байна. Харин хүний хөгжлийн асуудалд нэлээд хоцорсон. Боловсролтой, зөв сэтгэлтэй хүн дутмаг байна.

Та олон жил төрийн албанд ажилласан гэлээ. Ямар салбараас ажлын гараагаа эхлүүлж байв?

Олон байгууллагад ажилласан. Сүүлээс нь танилцуулъя. Хамгийн сүүлд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байгаад өнгөрсөн оны 12 сарын 31-нд ажлаа өгсөн. Үүнээс өмнө Эрүүл мэндийн яаманд төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр, санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажилласан. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга, АШУҮИС-д санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга, санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан дэд захиралаар дөрвөн жил, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлан Газрын тосны газарт ерөнхий санхүүч, санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар, Эрүүл мэндийн яаманд, Газрын тосны хэрэг эрхлэх газарт, Цагдаагийн байгууллагын хангалт үйлчилгээний газарт мэргэжилтэн, туслах мэргэжилтэн зэргээр дандаа төрийн байгууллагад, санхүү, хөрөнгөтэй холбоотой хэлтэст ажилласан. Хойноос нь урагш нь хэлээд байгаа  учир нь төрийн албаны хамгийн бага албан тушаалд хоёр удаа ажилласан хүн. Одоогийн төрийн албаны тухай хуульд 2019 онд өөрчлөлт орж мэрит зарчим гэж хуульчлагдсан. Миний хувьд бол хамгийн бага ажлаас шатлан дэвшсээр байгаад Нийслэлийн Засаг даргын тамгын газрын даргаар сонгогдсон. Энэ бол төрийн жинхэнэ алба.

Төрийн албанд олон жил ажиллаж, баг хамт олон удирдаж байхдаа ямар зүйлд илүү анхаардаг байв. Яаж тэднийг нэгтгэж, хөдөлгөдөг байв?

Ажил хийхэд мэдлэг чадвар, дадлага туршлага чухал. Түүнээс гадна тухайн хувь хүний сэтгэл их чухал. Сэтгэлтэй хүн бол ямар ч ажлыг зөв зүйлийг нь олоод, бүтээгээд, чиглүүлээд явчихдаг. Хичнээн өндөр боловсролтой хүн байлаа гээд ажил явуулахад болохгүй шалтаг хайгаад хойш нь ухраадаг, цаг алддаг хүмүүсээс татгалзах ёстой. Энэ бол миний зарчим. Хийх хүн арга  олддог. Хийхгүй хүн шалтгаан тоочдог. Зөв сэтгэлтэй хүнд ажлыг даатгах нь дөхөмтэй байдаг. Бизнесийнхэн ч бас ийм зарчим баримталдаг юм байна.

Төр, улстөр хоёр юугаараа  ялгаатай юм бэ?

Төрийн үндсэн үүрэг нь ард иргэдэд үйлчлэх юм. Сүүлийн үед хүмүүс төрийг эрх мэдэл гэж хараад байна. Үүрэг хариуцлага гэдгээр нь харахгүй байна. Зөвхөн дээрээ биш, дунд, доод шатандаа ч тийм байна. Төрийн үйлчилгээг хүргэж л байгаа бол  иргэдэд ээлтэй, иргэдийн төлөө байх ёстой. Гарын үсэг зурах гэж тойроод зугтаачихдаг байдал байна. Төрийн албыг орлого олох боломж гэж хараад байна. Ийм учраас олон бизнесмэн улс төр рүү орж байна. Эдгээрийг ялгах ёстой. Үнэхээр ард иргэдэд туслах гэж улстөр лүү орж байна уу, эсвэл хувийн бизнесээ тэлэхээр, өргөжүүлэх, давуу байдал үүсгэхээр орж байна уу гэдгийг таних хэрэгтэй. Ард иргэд маш их зээлтэй. Төрийн албан хаагчийн 80 орчим хувь нь зээлтэй. Зээл авна гэдэг бол орлогогүй байна гэсэн үг. Засгийн газар маш их өртэй. Урт хугацааны зээл нь бага мэт боловч ханшийн өөрчлөлт гэж хүчтэй зүйл байгаа. Ханшаа төр оролцож зөв барих ёстой.  Монгол улсын эдийн засаг сууриараа буруу яваад байна.

Төрд зайлшгүй засах ёстой гажуудал нь юу вэ?

Нэлээд өргөн хүрээний асуулт байна. Би төрд 22 жил ажилласан. Сайжирч байгаа. Түүнийг үгүйсгэж болохгүй. Засах сайжруулаах зүйл олон байгаа. Ядаж л төрд ажиллаж байгаа хүмүүсийг ёс зүйтэй болгох ёстой. Төрийн албыг орлого олох боломж, буруу аргаар мөнгө олох боломж гэж харж болохгүй. Ёс зүйгүй байгаа учраас буруу аргаар ашиглаж байна.

Та ажил, амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?

Өөрт ноогдсон ажлаа илүү сайн хийчих юмсан гэж л бодсон. Дарга болъё гэж нэг удаа бодож байгаагүй. Одооны зарим залуучуудыг харж байхад хэтэрхий залуугаараа дарга болж байна. Ажлыг багаас нь хийгээгүй хүмүүс шууд дээшээ гараад ирэх нь тийм ч зохимжтой биш. Ажлын туршлага бага байгаа. Алдаа оноо гаргаж, эрсдэл хийж байна. Буруу зөрүү шийдвэр гаргаж байна. Хэтэрхий хурдтай ажиллах гэж байгаад алдаа гаргачихав уу даа гэдэг зүйл ажиглагддаг. Энэ бол төрийн албанд байж болохгүй буруу жишиг.

Иргэдийн төрдөө итгэх итгэх, хандлага, ёс зүй ч бас дутмаг санагддаг. Та үүнд ямар бодолтой явдаг вэ?

Иргэдийн хамгийн том алдаа бол өөрсдөө идэвхгүй байна. Нөгөө талаар сонгогдох эрхийг хязгаарладаг. Үндсэн хуулиар олгосон эрхийг нь хязгаарласан тогтолцоо. Үндсэн зарчимтай зөрчилдсөн.

Тэр хэр хурдтай хүн бэ?

Маргаашийн ажлыг ч гэсэн өнөөдөрт нь багтааж хийхийг эрмэлздэг. Энэ бол төрийн албанд ажиллаж байхдаа баримталсан миний бас нэг зарчим.

УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ МАХН-аас авчихлаа. Юуг өөрчлөх ёстой гэж үзэж байна вэ?

Мэдээж тодорхой зүйл бий. Гэхдээ одоо хариулах нь хууль зөрчсөн үйлдэл болох учраас түр азная. Зургаадугаар сарын 02-ноос хойш бол болно. Төрийн албанд ажиллаж байсан хүний хувьд хуулиа дээдэлж, хэрэгжүүлж үлгэрлэх ёстой.

Дэлхий нийтийг цочроосон цар тахалтай манай улс бас нүүр тулчихаад байна. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан хүний хувьд өнөөгийн авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд ямар дүгнэлт өгөх вэ?

Би дүгнэлт өгөх эрхтэй хүн биш. Монгол улсын Засаг төр, эрүүл мэндийн яам энэ цар тахлын эсрэг маш сайн ажиллаж байгааг онцлох нь зөв. Дэлхийн жишиг болохоор ажиллаж байгаа. Харин иргэд өөрсдөө хариуцлагатай байж, гараа угааж, амны хаалтаа тогтмол зүүж, бусдыг аюулаас хамгаалж чадна. Монголын ард түмэн бас төр засагтаа талархах ёстой.

Шударга ёс гэж юуг хэлэх вэ?

Хууль бүх хүнд тэгш үйлчлэхийг л шударга ёс гэж ойлгодог.

Шударга хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?

Зөв, зарчимтай, ёс зүйтэй хуулийг яг хэрэгжүүлдэг хүнийг хэлэх байх.

Та хэр шударга хүн бэ?

Бүх зүйлд зөөлөн, аядуу байж болохгүй. Ажлын төлөө, зарчмын дагуу ширүүхэн дуугарах үе бий. Хатуу шаардлага тавьдаг. Нийслэлийн Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байхдаа Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахаар Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд бүх ажилчдыг гэр хороололд гаргаж, хяналтаар ажиллуулсан. Энэ алхмыг хийхэд яах аргагүй зарчим барьж, зангараг заахаас өөр арга байгаагүй. Тэгж шахаж ажилласны үр дүнд утаа багассан. Нийслэлийн харьяа байгууллагад 10400 орчим хүн ажилладаг. Тэднийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, гэр хороололд ажилуулснаар бид утаагүй болсон. Зарим хүмүүс тэр үед Засаг даргын тамгын газарт ажиллаад байна уу, нүүрсний компанид ажиллаад байна уу гэж шүүмжилж ярьж байсан. Нийтийн сайн сайхны төлөө бид хүрз бариад газар ухах ч ёстой. Хууль яриад шударга ёсыг ч тогтоодог байх хэрэгтэй. Ажлын төлөө бол хатуу байна. Ядарсан иргэд, хүмүүст аятай харьцаж, сонсдог байх ёстой.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.71.213)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.