I ЦАГ ҮЕ
-Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд буй энэ эгзэгтэй үед нийт хүн амын 50 орчим хувь нь оршин суудаг Улаанбаатар хотод ямар ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Миний бие нийслэлийн нийгмийн бодлогыг хариуцан ажиллаж байгаагийн хувьд эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг илүү шуурхай, хүртээмжтэй болгох чиглэлээр олон ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байна.
Хүн амын төвлөрөл, орон нутгийн зорчих хөдөлгөөн хамгийн ихтэй нийслэл хотын аюулгүй байдлыг хангахын тулд халдварын голомтоос ирсэн иргэдэд тусгаарлах байр бэлтгэх, халдваргүйжүүлэлт хийх, зорилтот бүлгийн иргэдийг эрсдлээс хамгаалах, мөн олон нийтийн хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр нөлөөллийн олон ажлуудыг хийж байгаа.
-Өндөр хөгжилтэй орнууд цар тахлын өмнө хүчин мөхөсдөж байна. Харин манай улс өдийг хүртэл дотооддоо халдваргүй байгаа. Үүнд ямар хүчин зүйлс хамгийн их нөлөөлсөн гэж та бодож байна вэ?
-Төр засгийн шийдвэр, төрийн албан хаагчдын хариуцлага, иргэдийн ухамсрын хүчээр вирусийн тархалтыг өнөөдрийг хүртэл бид дотооддоо алдаагүй. Гэхдээ өвчин хэлж ирдэггүй. Иймээс анхаарал, сэрэмжээ алдалгүй байх их чухал.
ДЭМБ-аас хувийн ариун цэврээ сайтар сахих, маск тогтмол зүүх, олон хүнтэй газраар явахгүй байх, гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаа. Энэ зөвлөмжийн дагуу иргэд маань хариуцлагатай, анхаарлаа сулруулахгүй байвал бид энэ вирусийн тархалтаас сэргийлж чадна. Хэн нэгний хэнэггүй байдал нэг хотыг төдийгүй дэлхийг ч цочроож болдгийг бид олон жишээнээс харлаа шүү дээ.
II НИЙСЛЭЛИЙН ЖЕНДЭР
-Нийслэлийн жендэрийн салбар хорооны даргын хувиар асуухад манайхан жендэр гэхээр эмэгтэйчүүдийн оролцоог өсгөх гэсэн явцуу утгаар л хүлээж авдаг. Жендэр, жендэрийн тэгш ба тэгш бус байдал гэж юуг хэлээд байна вэ?
-Жендэр гэдэг бол ерөнхий агуулгаараа хүйсийн ялгаатай байдлаас үл хамааран эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрх, тэгш оролцооны асуудлыг хэлээд байгаа юм. Энэ утгаараа эмэгтэйчүүдийн эрхийн асуудал зайлшгүй хөндөгддөг. Тиймээс аль нэг хүйсийг ялгалгүйгээр эрх тэгш хандахад жендэрийн бодлогын зорилго оршдог. Эрэгтэйчүүд ажилтай, орлоготой, эрүүл байвал эхчүүд, эмэгтэйчүүдийн маань нуруун дээр ирэх ачаа багасна шүү дээ.
-Нийслэлийн Жендерийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийг Та санаачлан батлуулсан. Ийм хөтөлбөртэй болсноор нийслэлийн хөгжлийн бодлого жендэрийн мэдрэмжтэй болох уу?
-Улаанбаатар хот өнөөг хүртэл жендэрийн талаар баримтлах бодлогогүй явж иржээ. Иймээс бодлогын баримт бичигтэй болгох ажлыг 2 жилийн өмнөөс эхлүүлсэн.
Намайг анх 2016 онд ажлаа авч байхад жендэрийн салбарт төсөв огт тусгадаггүй байсан. Иймээс олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр санхүүжилтийг нь шийдэн “Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлын дүн шинжилгээ” болон 9 дүүргийн жендэрийн нөхцөл байдлын судалгааг хийсэн.
Уг судалгааг үндэслэн Нийслэлийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийг боловсруулж сарын өмнө НИТХ-аар батлууллаа. Энэхүү дэд хөтөлбөр хэрэгжсэнээр нийслэлийн жендэрийн эрх тэгш байдалд нүдэнд харагдаж, гарт баригдахуйц өөрчлөлтүүд гарна.
-Бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжих бол? Та тус дэд хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх талаараа илүү тодорхой мэдээлэл өгөөч?
-Дэд хөтөлбөрийн хүрээнд 50 гаруй үйл ажиллагааг хоёр үе шаттайгаар 2025 он хүртэл хэрэгжүүлэх юм. Тус хөтөлбөрт жендэрийн хэвшмэл буруу ойлголтыг залруулан эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд ажил, ар гэрийн үүрэг хариуцлагыг хамтдаа үүрч, тэдний хүйснээс үл хамааран нийгэмд тэгш оролцоотой байх суурь ойлголтыг нэмэгдүүлэх талаар олон талын арга хэмжээ авахаар төлөвлөсөн.
Тухайлбал бид 9 дүүргийнхээ эрүүл мэндийн төвд эрэгтэйчүүдийн кабинет байгуулна. Өөрөөр хэлбэл эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн эрэлт хэрэгцээ, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх тоног төхөөрөмж, хүний нөөц бүхий кабинетыг байгуулах юм. Ийм кабинеттай болсноор эрчүүд маань эмнэлгээр үйлчлүүлэх, эрүүл мэндийн болоод сэтгэл санааны асуудлаараа эмч, сэтгэл зүйчид хандах цаашлаад халдварт болон халдварт бус өвчинд өртөх эрсдлийг бууруулах, дундаж наслалтыг уртасгах зорилт биелнэ гэж харж байгаа. Судалгаагаар эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээсээ бага насалдаг нь тогтоогдсон. Үүнийг бид бүгд мэдэж байгаа. Шалтгаан нь эрэгтэйчүүд эмнэлэгт хандаж, үйлчлүүлэхдээ хойрго байдагтай нь холбоотой болов уу.
Мөн эрэгтэйчүүдийн өвчлөлийн бус нас баралтын шалтгааныг амиа хорлолт тэргүүлж байна. Эрэгтэйчүүдэд маань сэтгэл зүйн үйлчилгээ дутагдалтай байна. Цаашид дүүргүүдийн бүх хороонд мэргэжлийн сэтгэл зүйч ажиллуулна.
Түүнчлэн сүүлийн 3 жилийн байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдаж, гэмтэж бэртсэн иргэдийн 86.6 хувь нь охид, эмэгтэйчүүд байна. Хүчирхийлэл үйлдэгчид эрэгтэйчүүд гэдгийг эдгээр тоо хэлж байна.
Хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалах тал дээр нийгэм даяараа сэрсэн гэж боддог. Одоо харин эсрэгээрээ хүчирхийлэгчид, хүчирхийлэл үйлдэх эрсдэлтэй хүмүүс рүү чиглэсэн соён гэгээрүүлэх ажлууд зохион байгуулах хэрэгтэй байна.
Нийслэлийн хэмжээнд архидан согтуурал нэмэгдэхэд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага бас нэмэгддэг талаар холбогдох хүмүүс хэлдэг. Гэр бүлийн хүчирхийллийн ихэнх тохиолдол согтуугаар үйлдэгддэг. Үүн дээр хот тусгайлан төлөвлөгөө гаргаж, үндсэн шалтгаан дээр нь ажиллахаар зорьж байна.
-Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо яагаад бага байна вэ? Үүнийг хэрхэн, яаж өөрчлөх вэ?
-Ажил, ар гэрийн тэнцвэрт байдал эмэгтэйчүүдийн карьерт чухал нөлөөтэй. Жендэрийн хэвшмэл буруу ойлголт манайд их байдаг. Хоол хийх, хүүхэд асрах гээд гэр бүлтэй холбоотой бүхий л ажлыг эмэгтэйчүүд маань хийдэг. Гэтэл өндөр хөгжилтэй орнуудад бол аав, ээжийнх нь оролцоог эрх зүйн орчинд тэгш хуваарилж өгсөн байдаг. Тухайлбал Швед, Канад зэрэг орнуудад улс төр дэх эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн харьцаа 50:50 байна. Мөн хүүхдээ асрах чөлөөг аав, ээжид нь адилхан өгдөг. Ингэснээр эмэгтэйчүүдийн карьерт хамгийн их нөлөөлдөг хүүхэд асрах чөлөөний хугацааг аав, ээжүүдэд хувааж өгч байгаа юм.
Бид энэ мэтчилэн дэлхийд шалгарсан туршлагыг нутагшуулан, бодлогын түвшинд хэрэгжүүлснээр жендэрийн хэвшмэл, буруу ойлголтыг уг үндсээр нь засах боломжтой.
-Та жендэрийн хэвшмэл ойлголт гэж яг юуг хэлэх талаар болон үүнээс үүдэн нийгэмд бодитоор илэрч буй сөрөг үзэгдлийн талаар хэлэхгүй юу?
-Жендэрийн тухай ярихаар эмэгтэйчүүд улс төрд квотоо нэмэгдүүлэх гэж байна, эмэгтэйчүүдийн эрх ашгийг эн тэргүүнд тавьж байна гэж зарим хүмүүс хардаг. Энэ бол өрөөсгөл ойлголт.
Хүмүүсийг эрэгтэй эсвэл эмэгтэй гэдгээс хамааран тэдэнд аливаа нэгэн асуудлаар илүү их үүрэг хариуцлага ногдуулж эхэлбэл энэ нь өөрөө жендэрийн хэвшмэл буюу буруу ойлголт болж эхэлдэг. Тухайлбал: Эмэгтэйчүүд өдөр бүр тогоо, шанагатай зууралдаж хоол хийх ёстой, хүүхдийн сурлага, хүмүүжил муу байвал ээжийнх нь буруу гэх ойлголтууд өргөн ажиглагддаг.
Түүнчлэн эр хүн уйлдаггүй, үг дуу цөөнтэй, амьдралыг авч явдаг, санхүүгийн асуудлыг ганцаараа шийдвэрлэх ёстой гэх ойлголтууд байдаг шүү дээ. Үүнээс шалтгаалан эрчүүд төдийлөн сэтгэл зүйн асуудлаа бусадтай зөвлөлдөхгүй, чимээгүй тэвчих хандлагатай болдог. Энэ нь тэдний ахуй амьдрал төдийгүй дундаж наслалт, эрүүл мэндэд хүртэл сөргөөр нөлөөлдөг. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс нийслэлийн хэмжээнд 8,2 жилээр бага байгаа. Энэ нь олон улсын жишгээс даруй 2 дахин их гэсэн үг. Эрэгтэйчүүдийн нас баралтын өвчлөлийн бус шалтгааны нэгдүгээрт амиа хорлолт, хоёрдугаарт архи, мансууруулах бодист хордох явдал орсон байна. Тэдний амиа хорлож буй шалтгааны дийлэнх хувийг сэтгэл гутрал эзэлж байгаа бөгөөд энэ нь жендэрийн хэвшмэл ойлголттой шууд хамааралтай.
III Нийгмийн салбарын бүтээн байгуулалт
-Нийслэлийн боловсролын салбарын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр ямар ажлууд хэрэгжүүлж байгаа вэ? Үр дүн нь гарч эхэлсэн болов уу?
-ЕБС болон сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтыг нэмэгдүүлэх нь бидний эн тэргүүний зорилт. Учир нь хүртээмжийн асуудлыг шийдсэний дараа чанарыг асуудлыг хөндөх нь илүү үр дүнтэй. Иймээс 2016 оноос эхлэн нийслэлд өмнө нь хийгдэж байгаагүй их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Нийслэл хотод 2016-2020 оны хооронд нийт 218 сургууль, цэцэрлэгийн барилга баригдаж ашиглалтад орсноор хүчин чадлыг 68255-аар нэмэгдүүлэх тооцоотой байна.
2016 онд сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт 72% байсныг ирэх хичээлийн жилд олон улсын жишигт нийцсэн 85%-д хүргэж, 2016 онд гурван ээлжээр 31 ерөнхий боловсролын сургууль хичээллэж байсныг 100 хувь хоёр ээлжид шилжүүлж чадлаа.
Түүнчлэн нийслэлийн боловсролын салбарын чанарын үзүүлэлт ахисан. Сүүлийн жилүүдэд төгсөх ангийнхны дунд “Амжилтын гараа” уралдааныг зохион байгуулсны үр дүнд ЭЕШ-ын үзүүлэлтээр УБ хот маань 2016 онд 9-р байранд байсныг өнгөрсөн жил 4-р байр хүртэл ахиуллаа. Мөн аймаг, дүүргүүдийг байр эзлүүлэхэд нийслэлийн гурван дүүрэг I, II, III дугаар байр эзэлсэн амжилт үзүүлээд байна.
-Хүүхдүүд телевиз болон цахим хэрэгслээр дамжуулан хичээллэж байна. Хичээлийн хоцрогдлоос сэргийлсэн ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?
-Сурагчдыг зайны сургалтад хамруулж байгаа. Гэвч анги удирдсан багш болон тухайн чиглэлийн хичээл заадаг багш нартайгаа сурагчид шууд холбогдож, нарийвчлан судлах боломж хомс зэрэг сул талууд байна. Үүнээс шалтгаалж хичээлийн хоцрогдол ихсэх эрсдэлтэй. Энэ асуудлыг шийдэхийн тулд багш сурагчид онлайнаар холбогдох боломжтой программуудыг судалж, нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад Google classroom, Moodle системүүдийг хэрэгжүүлэхээр судалж байна. Энэхүү системүүд нь компьютер, гар утасны аппликейшн хэлбэрээр багш сурагчдад хүрэх тул COVID19 вирусийн тархалттай хөл хорионы үед хэрэгжүүлэх хамгийн үр дүнтэй арга болоод байна. Дараа нь хичээл хэвийн байдлаар явагдаж эхэлсэн ч тус системийн ач холбогдол буурахгүй. Учир нь сурагчид ангидаа үзсэн хичээлийг гэртээ нөхөж судлах боломжтой. Мөн хичээл бүрийн номыг программд оруулснаар хүнд цүнх үүрэхгүй байх зэрэг олон давуу талуудтай.
Харин эцэг, эхчүүдийн хувьд хүүхдийнхээ хичээлийг шалгаж, багшийн үнэлгээг харж, зарим тохиолдолд онлайн хэлбэрээр ангийн хуралд оролцох боломж нөхцөл бүрдэж байгаа юм.
-Нийслэлийн боловсролын салбарт сургуулийн автобус зэрэг хэд хэдэн шинэлэг ажлууд хийгдсэн. Өөр онцлох ажлуудаасаа нэрлэвэл ?
-“Сургуулийн автобус” төсөл нь сурагчдыг гэр сургуулийн хооронд ирж очих аюулгүй байдлыг хангах, тухайн чиглэлд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор 2019 оноос хэрэгжиж эхэлсэн. Төслийн хүрээнд 33 чиглэлд 40 автобус нийт 7000 гаруй сурагчдад үйлчилж байна. Мөн сургуулийн автобусаар зорчиж буй хүүхдүүдийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс NFC чип бүхий бугуйвчийг тараасан. Энэ нь эцэг, эхчүүдэд хүүхдээ сургуулийн автобусанд суусан эсэх, байршлын талаар мэдээлэл авах боломжийг олгож байгаа юм.
-Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран “Төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх” төслийг 2018 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд 2021 он хүртэл нийслэлийн 20 сургууль, цэцэрлэгийн барилгад дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх ажлыг гүйцэтгэх юм. Өнөөдрийн байдлаар нийт 9 сургууль, цэцэрлэгийн барилгыг дулаалаад байна. Ингэснээр тус сургууль, цэцэрлэгийн багш нарын өвчлөл 74%, сурагчдын өвчлөл 48%-иар тус тус буурсан нь эм, эмнэлгийн хэрэгцээнд зарцуулах өрхийн төсвийг 65%-иар багасгаж байгаа юм. Дээрх хоёр төсөл нь нийслэлийн хувьд жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлтийн сайн жишээ болж байгаа юм.
-Нийслэлийн боловсролын салбарт бүтээн байгуулалт, өөрчлөлт, шинэчлэлтийн олон ажил хийгдэж байгаа юм байна. Харин эрүүл мэндийн салбарт хийгдэж буй ажлуудаасаа дурьдаач ?
-Эрүүл мэндийн салбарт 2016 оноос хойш 17 эмнэлгийн барилга баригдаж ашиглалтад ороод байна. Мөн дүүргүүдийн Эрүүл мэндийн төвүүдэд хими эмчилгээний болон мэс заслын тасгууд шинээр нээсэн. Цаашид тусламж, үйлчилгээний нэр төрлийг шат дараатай нэмэгдүүлнэ.
Мөн иргэдийн эмнэлэгт үзүүлэх давтамж бага байгаа гэсэн судалгаанд үндэслэн “Эрүүл иргэн” нэртэй үзлэг оношилгооны нэгдсэн аяныг санаачлан нийслэл даяар өрнүүллээ. Нарийн мэргэжлийн эмч нар хороо бүрт хүрч үйлчилж, 7-9 төрлийн эрт илрүүлгийн үзлэг оношилгоо хийсэн. Энэ аян 2 жил дараалан явагдсан. Нийслэлийнхээ бүх иргэдийг эрүүл болгоё гэж зорьсны хүчинд иргэд өөрсдийн эрүүл мэндийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болсон бөгөөд иргэдийн өвчлөлийн эрт илрүүлэг нэмэгдэж байна. “Эрүүл иргэн” аянд маань нийт 127,743 иргэн хамрагдаад байна. Энэ жил дахин зохион байгуулна.
IV Шижирбаатарын Анхмаа гэж хэн бэ?
-Одоо харин хувь хүний тань талаар ярилцлагаа үргэлжлүүлье. Таны боловсрол, төгссөн сургууль гээд?
-Хэл шинжлэлийн нэрт эрдэмтэн Чой.Лувсанжав багшийнхаа үүсгэн байгуулсан Хэл иргэншлийн дээд сургуулийг төгссөн. Их багшаараа нэгэн үе монгол судлал болон хэл бичиг заалгаж байснаараа үнэхээр бахархаж, баярлаж явдаг. Дараа нь МУИС-д хэл бичиг судлалаар магистрын зэрэг хамгаалж, Хятад, АНУ-д мэргэжил дээшлүүлсэн. Мөн эрхзүйч мэргэжлээр суралцсан. Одоо ч суралцсаар байна. Нийслэлийн хүний хөгжлийн индекс сэдвээр докторын зэрэг горилж байгаа.
-“Би хариуцлагатай аав ээж” аяныг та санаачлан эхлүүлсэн. Амьдрал дээр та хариуцлагатай ээж байж чаддаг уу?
-Хүүхэд хамгийн чухал нь гэсэн зарчмыг би баримталдаг. Мэдээж хүүхдийнхээ өмнө хариуцлагатай байхыг үргэлж хичээдэг. Энэ ч утгаараа хичнээн ажилтай байсан ч хүүхдүүдийнхээ өглөөний цайг бэлтгэхээс эхлээд орой унтах хүртэл нь анхаарлаа хандуулдаг. Хүүхэд өдөр бүр өөрчлөгдөн хөгжиж байдаг учраас тэдэнтэй ярилцаж, ойлголцох нь их чухал. Ер нь бол хүүхдүүдийнхээ насны онцлогт нь тохирсон аргуудыг хэрэглэдэг. Би ч нас насны хүүхдүүдтэй л дээ. /инээв/ Бага хүүтэйгээ хамт тоглохыг их хичээдэг. Харин дунд ангийн хүүтэйгээ хүсэл мөрөөдөл, мэргэжил сонголтын талаар ярилцдаг. Охинтойгоо бол амьдралын төлөвлөгөөны тухай илүү их ярилцдаг. Ер нь ээж, аавууд бид үр хүүхдэдээ аль болох зав гарган, цаг хугацааг үр дүнтэй зориулж байх хэрэгтэй байна. Бидний мөрөөдөж буй нийгмийг хүүхдүүд маань л бүтээнэ.
-Та ингэхэд хэдэн хүүхэдтэй вэ? Уран бэр үү, дархан бэр үү?
-Би хоёр хүү, нэг охинтой. Ер нь “Уран бэр”, “Дархан бэр” гэдэг хэлц хэдийгээр уламжлагдаж ирсэн ч жендэрийн хувьд ялгаварласан өнгө аястай санагддаг. /инээв/
Гурван хүү төрүүлбэл дархан бэр гэлцдэг. Төрүүлсэн хүүхдийн тоо эсвэл хүйснээс хамааран ээжүүдийг ялгаж, ангилах нь утгагүй шүү дээ. Хүүхдээ тээж төрүүлээд, өсгөн хүмүүжүүлж, насан туршдаа үрийнхээ өмнө хариуцлагатай амьдарна гэдэг амар зүйл биш ээ. Тийм ч учраас хүний амьдрал ижилхэн байдаггүйтэй адил ээж хүнийг ингэж дүгнэж, цоллож болохгүй гэж боддог.
-Эмэгтэй хүний хувьд өөртөө зориулах цаг хэр гардаг вэ?
-Бурхан хоногт 24 цагийг хүн бүрт адил өгдөг. Харин цагаа яаж зарцуулах нь тухайн хүний л асуудал. Цаг хугацааг удирдаж амьдарч чадвал, амьдралаа удирдаж байна гэсэн үг. Тийм ч учраас би цагийг маш нарийн төлөвлөдөг. Хүн бүр цагийн менежмент буюу цаг төлөвлөлт хийхдээ өөртөө зориулах цаг заавал гаргах хэрэгтэй. Үргэлж завгүй байдаг хүн бол цагаа төлөвлөж чаддаггүй гэсэн үг. Эртэч байж, өөрийгөө хөгжүүлж, дэлхий ертөнцийн мэдээ мэдээллийг сонирхон, судалж байх хэрэгтэй. Энэ нь аливаа асуудлыг шийдэхэд их чухал нөлөөтэй шүү.
-Бид ярилцлагаа уламжлалт нэг асуултаар төгсгөдөг. Таны хувьд “МОНГОЛ МӨРӨӨДӨЛ” гэж юуг хэлэх вэ?
-Монгол хүн бүрийг үндэсний өв соёлынхоо тээгч нь байгаасай гэж боддог. Монголчуудын бахархан дээдэлж, үл мартах, үр хойчдоо өвлүүлэн үлдээх учиртай зүйл бол үндэсний өв соёл юм. Тухайлбал Монгол бичигт монголчуудын хэл, сэтгэхүйн дархлаа оршдог. Хүн төрөлхтний соёлын санд цор ганц бүртгэгдсэн босоо бичиг үсэг болох монгол бичгээ хүн бүр мэддэг байх нь маш чухал. Миний хувьд өдөр тутмын тэмдэглэлээ Монгол бичгээр хөтөлж, гарын үсгээ бас монгол бичгээрээ зурж, монгол дархлаагаа тээж явахыг хичээдэг ээ.
Мөн монгол гэр, үндэсний хээ угалз гэх мэт зүйлс аажмаар мартагдаж, өөр улсын соёл болж хувираад байгаад их харамсдаг. Дэлхийн алдартай Gucci, Versace зэрэг брэндүүдийн загварт монголчуудын бүтээсэн алхан, үүлэн, усан хээнүүд ашиглагдаж байна. Тэд биднээс ямар ч зөвшөөрөл авалгүйгээр шинэ загваруудаа чимчихэж байна. Нэг талдаа бахархмаар ч нөгөө талдаа алдаж байгаа нь нэн харамсалтай. Тиймээс би сампин зангидах, зүү ороох урлалыг “ЮНЕСКО”-д бүртгүүлж албан ёсоор дэлхийн өв соёлд бүртгүүлнэ гэсэн мөрөөдөлтэй явдаг даа. Дэлхийд гайхагдаж, үндэсний бахархлыг төрүүлэх хүчтэй шийдэл гэж би харж байгаа. Монголчууд бид өв соёлоороо бахархан, түүнийг тээж, өвлүүлснээр илүү нэгдмэл болж, үндэсний дархлаа нэмэгдүүлж, зөв сайхан ирээдүйг бүтээнэ гэдэгт итгэж байна.
-Баярлалаа танд.
Улстөрч сэтгүүл 5 сарын шинэ дугаар хуулбарлахыг хориглоно.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин