Д.Мөнх-Эрдэнэ: Энэ жилийн сонгууль намыг биш хүнийг сонгоно
З.Батхуяг
Ярилцлага
/
2020-05-30

УИХ-ын 3дугаар тойрогт бие даан нэр дэвшиж буй “Жийп сервис” компанийн захирал Даваагийн Мөнх-Эрдэнэтэй уулзаж ярилцлаа.

-УИХ-ын 3дугаар тойрог буюу Баянхонгор аймагт бие даан нэр дэвшихээр болсонд баяр хүргэе. Баянхонгор аймагт АН, МАН-аас нэр дэвшигчид л ялж УИХ-ын гишүүн болж байснаас бие даагч хүн төр түшилцэхээр сонгогдож байгаагүй санагдах юм. Яагаад бие дааж нэр дэвших болов?

-Баярлалаа. Энэ удаагийн сонгууль хүнээ харсан сонгууль болно гэж иргэд, олон түмэн ярьж байна. АН, МАН хоёр нам ний нуугүй хэлэхэд ээлжилж төр бариад, төрийн хоёр багана болон гучин жил явлаа. Гучин жил болоод өнөөдөр нөхцөл байдал ямар байгааг иргэд сайн мэдэж байгаа. Монгол Улс маань парламентын засаглалтай, Засгийн газраа олонх болсон нам нь бүрдүүлдэг хуулийн засаглалтай орон. Миний яриад байгаа гол юм маань нам ерөөсөө шинэчлэгдэхгүй байгаа юм. Нам шинэчлэгдэхгүй болохоор намын халхавчин дор хонины арьс нөмөрсөн чононууд гэдэг шиг боловсон хүчний бодлого алдагдчихсан яваад л учир нь байгаа юм. Ардчилсан Үндсэн хууль батлагдаад өнөөдөр гучин жил болж байна. Үндсэн хуулинд хүний эрх, тэгш боломжууд байх ёстойг зүйлчлэн заасан. Тэгш боломжууд алдагдсан.

-Үндсэн хуулийн иргэн бүрийн тэгш боломж яаж алдагдсан гэж?

-Их, дээд сургууль дүүргэсэн оюутан залуус маань ажилд оръё гэхэд танил талгүй, нам дагаагүй л бол ажлын байртай болно гэдэг хэцүү болсон. Төрийн албаынхан түрүүчээсээ тэтгэвэрт гардаг ч шинэ цус сэлбэлт хийгддэг гэдэг ч оюунлаг, чадвартай залуус төрийн албанд орж ирдэггүйг орон нутгийн иргэд бүгд мэдэж байгаа. Аймаг, сум, орон нутагт засаглаж байгаа байдал ямар байна, төрийн яам тамгын газарт засаглаж байгаа байдал ямар байна гэхээр намын сонгуульд нь явсан, намд нь цүнхийг нь барьж зүтгэсэн хүн л орж ирдэг дүр зураг харагдаад байна шүү дээ. Эрх мэдэлтний хамаатан садан л биш бол өөдөө гарахаа байсан. Ийм л тогтолцоогоор гучин жил явж ирлээ. Үүнийг иргэд бүгд л эсэргүүцэж байгаа. Төрийн алба шилэн тогтолцоотой болоосой гэж та бид хүсэж байгаа. Үндсэн хуульд иргэд эрх тэгш байдалд байх ёстой гэж заасны дагуу төрийн албаны шалгалтаа өгөөд тэнцсэн бол ажлын байраар хангагдах ёстой. Тэгэхэд хууль угсаа залгамжлах маягаар өвлөгдөж байна. Аав нь сайд бол хүү нь дарга, аав нь гишүүн бол хүүхдүүд нь яамдад газар, хэлтсийн дарга болдог жишиг тогтсон. Төрийн албанд иймэрхүү зүй бус үзэгдэл газар авснаар хүнд суртал бий болдог. Ийм нөхөд “Би халагдахгүй, албан тушаал өгсөх нь тодорхой” гэх болсноор төрийн албаны хүнд суртал улам нэмэгдэж байна. Төрийн хүнд суртлыг боловсон хүчний ийм алдаатай бодлого бий болгочихсон. Энэ бүхнийг ил тод, шилэн болгохыг иргэд хүсэж байна. Энэ зүй бус үзэгдэлтэй тэмцэхийн тулд нам харгалзахгүйгээр бие дааж нэр дэвшиж байна даа. Иргэд эцсийн сонголтыг хийнэ. Намын халхавчин дор болох болохгүй хүмүүс дэвшээд байгаа. Хоёр намын царай ЖДҮ-чин, концессчин, тендерчин, тэр битгий хэл шүүхээр ял авахад бэлэн болчихсон гэмт хэрэгт холбогдсон хүмүүс хүртэл дэвшиж байна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон сошиалаар цацагдаад байна.

-Та өөрийн үзэл бодлоо дээдэлж Ардчилсан намаасаа гараад нэрээ дэвшүүлэв үү?

-Намын жирийн гишүүдэд буруу байхгүй. Намыг харлуулж байгаа удирдах төвшний хэдэн дарга нар хуйвалдааныг бий болгосон учраас миний бие намын жирийн гишүүдийн дэмжлэгтэйгээр бие даан нэр дэвшиж байгаа. МАН бол миний өвөө, эмээ нарын нам. АН бол ах эгч нартайгаа нийлж, үзэл бодлоороо нэгдэж байсан нам. Энэ удаагийн сонгууль бол нам гэдэг хатуу гишүүнчлэлээр явахгүй хүнээ харах түүхэн эгзэгтэй мөч. Сонголтыг Баянхонгор нутгийнхан маань эцсийн дүнд хийх байх. Сонголт хийхдээ надтай үзэл бодол нэг байгаа, зөвийг харж байгаа иргэд сонгогчид олон учраас бие дааж нэр дэвшиж байгаа. Тэд маань намайг дэмжих байх. 

-УИХ-д сонгогдлоо гэж бодоход ганцаараа хэцүү биш үү?

-“Ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй” гэж үг бий. Улс төр маань тэртэй тэргүй парламентын засаглалтай. Тэр зарчмаараа явж л таараа. Төрд иргэдийнхээ үгийг хүргэж, хуульд тусгуулах л миний зорилго.

-Баянхонгор аймгийн хэмжээнд “Хонгорын хурд” уяачдын холбооны тэргүүнээр ажиллахдаа нэлээд зүйл хийж хэрэгжүүлсэн байх шүү?

-Манай өвөг дээдэс олдсон боломжийг олонтойгоо хуваалцаж ирсэн, нэгэндээ илүүчилж амьдрах дуртай ард түмэн. Би нэг компани байгуулан олон хүнийг ажлын байраар хангаад ирсэн хүн. Нутаг орны үндэсний өв соёл, монгол наадмын чимэг болсон уяачдын холбоог удирдаж нэлээд олон жил ажиллалаа. Уяачдынхаа дуу хоолой болж тэднийхээ эрх ашгийг нийгэмд таниулахын тулд тодорхой хугацаанд хүчин зүтгэсэн. Баянхонгор аймгийн Хөгжлийн төлөө санг үүсгэн байгуулж ажилласан. “Баянхонгорынхон хоорондоо эвтэй байя. Нам харгалзахгүй үзэл бодлоороо нэгддэг байя” гэж уриалсан маань ч олон түмэнд хүрсэн. Сонгууль бол ганц сарын үзэл бодлын уралдаан шүү дээ. Сонгуулийн маргааш нутаг орон, аймаг, улсын хөгжилд гар гараа атгалцан зүтгэх ёстой гэж уриалсан маань ч үр дүнгээ өгсөн. Эв нэгдэлтэй байна гэдэг Баянхонгорын хөгжлийн хамгийн гол тулгуур. Онц сурдаг мөртлөө төлбөрийн боломжгүй хүүхдийн сургуулийн төлбөрийг олгодог байя, өвдсөн зовсондоо тусалчихдаг байя, амжилт үзүүлсэн нэгнээ урамшуулдаг байя, хамтраад бизнесээ хийдэг байя гэсэн зарчмаар Хөгжлийн санг байгуулж тодорхой хэмжээний нэлээд ажлыг хийлээ. Нутаг оронд маань намайг “Жийп сервис”-ийн гэж компаниар минь дууддаг. Зарим нь “Хонгорын хурд” уяачдын холбооны тэргүүн, зарим нь Хөгжлийн төлөө сангийн Мөнх-Эрдэнэ гэж дууддаг. Хөгжлийн сан маань орчин үеийн нутгийн зөвлөлийг шинэ бүтэц хэлбэрт оруулсан юм. Энэ байгууллагаа үүсгэн байгуулж таван жил удирдан ажиллаад дараагийн залуустаа шилжүүлж өгсөн. Энэ байгууллагын удирдлага ротацийн зарчмаар шинэчлэгдээд явж байгаа.

-Олон ч төрийн бус байгууллагыг тэргүүлж ажиллажээ. Одоо ачааны хүндийг үүрэх цаг ирсэн гэж сэтгэл шулуудав уу?

-Төрийн бус байгууллагуудыг байгуулж салбар салбарт хангалттай ажиллалаа. Нас дөч хүрлээ. “Дөч хүрсэн эр, дөрвөө дарсан ат” гэж өвөг дээдэс маань ярьдаг байх аа. Иймээс нутгийн зон олны эрмэлзэл хүслийн дагуу эх нутгийнхаа төлөө, эх орныхоо төлөө үзсэн мэдсэн туршлагаа хуваалцах цаг ирлээ. Аливаа нэгэн хууль амьдрал дээрээс л урган гардаг. Хуульд саналаа тусгая, зөв хандлагаар хэрэгжүүлье, хуулийг хэрэгжүүлж хяналт тавья гэж УИХ-д орохоор нэрээ дэвшүүлж байна. УИХ-д сүүлийн үед залуус ажилтай болох гэж, мөнгөтэй болох гэж, баян болох гэж, дарга болох гэж орж байна. Өнөөдөр хэн нэгэндээ гоё харагдах гэж дарга сэнтийд дурлан худлаа далдаганах хэв маяг Монголын ард түмний амьдралд огтхон ч хэрэггүй байна. “Би мөнгөтэй хүн” гэж цээжээ дэлдэхийн тулд УИХ-д орж байна. Үнэхээр тийм их мөнгөтэй юм бол бизнесээ хийгээд яв л даа. УИХ-д хууль санаачлах, хууль хэрэгжүүлэх, хуульд хяналт тавих мэдлэгтэй, амьдралын туршлагатай үе үеийн төлөөлөр орж үгээ хэлж, үнэнийг өмгөөлөх учиртай. Янз бүрийн хэв маяг үзүүлээд байдаггүй, бүх юмны хий хор нь гарчихсан лектор, лидер мундаг залуус орох ёстой. Улстөр бол бодлогын бөгөөд үзэл санааны мэтгэлцээн.

-Бие даан нэр дэвших эрх олж авахын тулд гарын үсэг цуглуулж нутгаараа яваад ирсэн. Хүмүүс өөрт чинь ямар хүсэлт тавьж байна?

-Иргэд өнөөдөр ажлын байр л маш их хүсэж байна. Баян тарган биш жигд сайхан амьдрахыг хүсэж байна. Харамсалтай нь ажилгүйдлээс шалтгаалж ядуурал их байна. Ядуурал ажлын байр нэмэгдсэнээр л багасах ёстой. Орон нутагт хийж хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтад нутаг орны залуус өөрсдөө гар бие оролцож байж орлого нэмэгдэнэ. Харамсалтай  нь өнөөдөр аль ч аймагт бүтээн байгуулалтын ажлыг дарга цэргээрээ, намын хуйвалдаанаар авчихаж байна. Нутаг орны залуучууд гар бие оролцлоо гэхэд боолын хөдөлмөр эрхэлж, цалин гэж шүлс төдий зүйл авч байна. Уг нь тэр сайхан залуус нэгдээд нэг компани байгуулаад барилгын туслан гүйцэтгэгч хийвэл ашиг орлого олж болно. Ашиг орлого олбол дуртай хувцас хунараа авахаас өгсүүлээд дуртай орон байранд орж болно. Ингэж байж ядуурал багасна. Харамсалтай нь ийм боломж олгохгүй байна. Ийм боломж нээгдээсэй гэж ард иргэд хүсэж байгаа. Би ч тийм хүсэлтэй байна.

-Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт алтны уурхайн асуудал хурцаар тавигддаг даа?

-Хариуцлагагүй уул уурхай алга болоосой гэж бодож байгаа. Голын гольдролыг өөрчилж байна. Нэг алтны уурхайн эзнийг баяжуулахын тулд нийтийн дундах малын сайхан бэлчээр, голын ай савыг устгаж байгаа. Байдрагийн гол дагуу битүү алт ухаж байгаа. Сул шороо үүсэж, элсний нүүдэл бий боллоо. Байгаль дэлхий ч хуурайшилтаас болоод бороо хураа хайрлахаа байлаа. Миний хувьд байгаль маань онгон дагшнаараа байж, ногоон аялал жуулчлалд түшиглэсэн хөгжил цэцэглэлт бий болоосой гэж мөрөөдөж явдаг. Голын ай сав дагуухь алтны уурхайнуудыг бүгдийг хаах хэрэгтэй. Харин гар аргаар алт олборлох хүмүүсийг дэмжих хэрэгтэй. Техникээр ой мод, гол усыг сүйтгэж байгаа компаниуд нөхөн сэргээлт хийдэггүй. Гар аргаар олбордож байгаа хүмүүс бол ухсан нүхээ ядаж булчихаж байна. Бичил уурхайнуудыг бол дэмжих учиртай. Иргэд нийлж нэгдэж бичил уурхай байгуулан орчин үеийн технологийг нэвтрүүлэхийг би дэмждэг. Ой мод, ногоон бэлчээртэй газрын лицензийг мөнгөтэй хүмүүс авилга өгч алт ухдаг нь шүүх сэргийлэх, хуулийн байгууллагаар тогтоогдсон. Нутаг орныг бусниулж буй ийм мафижсан улстай хуулийн хүрээнд хууль хэрэгжүүлэх үүднээс тэмцэж ажиллах ёстой.

-МАН, АН-ын зургаан нэр дэвшигч тодорсон байгаа. Өрсөлдөгч нартаа юу хэлмээр байна?

-Хоёр намаас гурав гурван нэр дэвшигч тодорсон байгаа. УИХ-д гурван удаа гарсан, нэг удаа суусан туршлагатай ах нар маань нэр дэвшсэн. Эмэгтэйчүүдийн төлөөлөл дэвшлээ. Монгол хүний бэлгэшээлээр бүгдэд нь амжилт хүсэж байгаа. Хамгийн гол нь бид бүгд бодлогоороо мэтгэлцэж зөв өрсөлдөцгөөх учиртай. Зөв өрсөлдөхийг уриалж байна. Олон улсын сонгуулийн жишгийн дагуу бодлогын мэтгэлцээнд хамтран оролцъё, сонгуулийнхаа сурталчилгааг хамтран оролцъё. 

-“Сайн хүний үр, сүүт гүүний унага” гэдэг. Та аав ээж, сургууль соёл, ажил мэргэжлийнхээ талаар танилцуулаач?

-Монголчууд дэлхийд гарахаараа бүгд Монгол гэж омогшдог. Монголдоо нутаг орноороо овоглодог. Нутгаараа бахархдаг. Миний хувьд Баянхонгор аймагт 1980 онд төрсөн. 1998 онд дунд сургуулиа дүүргэж, Компьютер техник менежментийн сургуулийг төгссөн. Төгсөөд мөнгө олохын тулд БНСУ-д хар ажил хийхээр явлаа. Тэндээс ирээд “Жийп сервис” компаниа байгуулсан. Төрж өсөж, тоглож торнисон Хонгор нутгийнхаа ариун цагаан эрч буянаар өдий зэрэгтэй яваадаа баярлаж л явна. Аав Даваа, ээж Дорждулам хоёр маань жирийн нэг жолооч мэргэжилтэй хүмүүс. Баянхонгор аймгийн 18дугаар баазад ажилладаг байсан хүмүүс. Аав сүүлд эмийн сангийн жолоочоор ажиллаж байлаа. Жолооч нарын хүүхдүүд сурагчдын амралтаар аавтайгаа тээвэрт явсаар ажил сурдаг. Машин янзална, аавдаа түлхүүрийг нь ойртуулж өгдөг. Би тийм л нэг аавын хүү. Манай аавын аав лам, ээжийн аав Жаргал гэж автобаазын МАХН-ын дарга хүн байсан.

Л.Батцэнгэл

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.200.47)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.