Б.Баасандорж: Иргэдийн цагийг хэмнэсэн ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭГ манай байгууллага нэвтрүүлж чадсан
З.Батхуяг
Ярилцлага
/
2020-06-18

УИХ-аар Улсын бүртгэлийн багц дөрвөн хууль батлагдаж 2018 оны 11 сарын 01-ний өдрөөс эхлэн улс орон даяар мөрдөгдөж эхэлсэн. Мөн Улсын бүртгэлийн байгууллагыг шинээр байгуулсан зэрэг олон шинэчлэлүүд энэ салбарт хийгдсэн юм. Эдгээр хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж байгаа талаар болон тус байгууллагаас шинээр нэвтрүүлж буй үйлчилгээний талаар  “Улсын бүртгэгчийн өдөр”-г тохиолдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга Б.Баасандоржтой ярилцлаа.

Монгол улсын нийт хүн амын албан ёсны бүртгэл, тооцоог танай байгууллага хариуцдаг. Үндсэндээ бол монгол хүний түүхэн архив гэж ойлгож болно. 2018 онд бие даасан статустай боллоо, дөрвөн багц хуулиа шинэчлэн батлуулсан. Хуулийн хэрэгжилт, иргэдийн идэвх оролцоо, ажлын ачаалал ямар байна вэ?

Өмнө нь Оюуны өмч, улсын бүртгэлийн газар гэж байгаад татан буугдаад Улсын бүртгэлийн Ерөнхий газар нь 2018 оны зургаадугаар сарын 18-нд Засгийн газрын 273 дугаар тогтоолоор шинээр байгуулагдсан. Тусгай чиг үүргийн таван байгууллагын нэг. Хоёрдугаарт энэ салбарт хууль эрх зүйн хувьд баталгаатай болж, дөрвөн хууль шинэчлэгдсэн. Манайх бол хуулийг хэрэгжүүлэгч байгууллага. Энэ утгаараа иргэдэд үзүүлдэг төрийн, бүртгэл, лавлагааны үйлчилгээг илүү хөнгөвчилж, түргэн шуурхай болгосон гэж дүгнэж байгаа. Иргэнийг төрснөөс эхлээд нийт 136 төрлийн үйлчилгээг  үзүүлдэг, иргэдийн зарим мэдээллийг төрд дамжуулдаг бүх үйлдэл хялбар боллоо. Энэ талаас нь дүгнэвэл бидний үйл ажиллагаа илүү хялбар болж, иргэдэд үзүүлдэг үйлчилгээнүүд хурдаслаа. Хууль сайн хэрэгжиж байна гэж хувьдаа дүгнэж байгаа. Хамгийн эхлээд хууль эрх зүйн орчныг сайжруулахад онцгойлон анхаарсан. Үүний дараа иргэдэд, төрийн байгууллагуудад үзүүлдэг үйлчилгээгээ цахимд шилжүүлж, техник, технологийн шийдлийг нэвтрүүлэхийг зорьсон. Тухайлбал burtgel.mn  цахим сайтыг ажиллуулж, 23 төрлийн мэдээллийг иргэнд шууд онлайн хэлбэрээр олгодог болсон. Иргэн хаанаас ч гэсэн интернетээр цахим үнэмлэхээ захиалдаг болгосон. Төлбөр төлөлтийг хялбар шийдэж, гэрэгэ коск машинаар болон НӨАТ-ын баримтаар төлбөрөө төлөх боломжийг олгосон. Хариуцлага, хурдыг бий болгож, хүнд суртал, иргэдийг гомдлыг барагдуулж чадсан. Түүнчлэн төрийн болон бусад байгууллагууд улсын бүртгэлийн байгууллагатай дундын мэдээллийн сан үүсгэн иргэдэд нэг цонхоор үйлчилгээ үзүүлэх, үл хөдлөх эд хөрөнгө нь нэгж талбарын дугаарт үндэслэх, бүртгэлийн үйлчилгээ үзүүлэхэд мэдээлэл нийлүүлэгч этгээдийг тодорхой болгосон гэх мэт иргэн, хуулийн этгээдэд бүртгэлийн үйлчилгээ үзүүлэхэд хялбар, түргэн шуурхай байхад ихээхэн ач холбогдолтой заалтууд багц дөрвөн хуульд тусгалаа олсон.

“Нэг иргэн–Нэг бүртгэл” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ ажлын хэрэгжилт ямар шатандаа явж байна вэ?

 

Монгол Улсын Засгийн газраас 2018 онд “Нэг иргэн–Нэг бүртгэл” үндэсний хөтөлбөрийг баталсан. Энэ нь манай байгууллагын зүгээс иргэд, аж ахуйн нэгжүүд болон бусад төрийн байгууллагуудад түргэн шуурхай, хүнд сурталгүй цахим орон зайг ашиглан үйлчилгээ үзүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн. Манай хамт олон богино хугацаанд маш олон ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Монгол Улсад 590 орчим хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Эдгээр хуулийн 300 гаруй нь салбарын бүртгэлтэй холбоотой байдаг. Жишээлбэл, татвар, гааль, нийгмийн халамж, авто тээврийн бүртгэл гэх мэт. Эдгээр төрөлжсөн бүртгэл нь гагцхүү суурь бүртгэлдээ үндэслэнэ шүү гэдгийг хуульчилж өгсөн. Улсын бүртгэлийн ерөнхий газар бүртгэлтэй 150 сая орчим хуудас эх нотлох баримтыг цахим хэлбэрт шилжүүлсэн гэж  дээр хэлсэн. Үүнийг задлаж үзвэл 3.3 сая иргэний, 1.1 сая эд хөрөнгийн, 198 мянган хуулийн этгээдийн мэдээлэл хадгалагдаж байгаа юм. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр Тагнуулын ерөнхий газар болон Мэдээлэл харилцаа холбоо, технологийн газартай хамтран ажилладаг. 130 гаруй төрлийн улсын бүртгэлийн цахим лавлагаа, мэдээллийг “Үндэсний дата төв” УТҮГазрын төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системд тухай бүр шинэчлэн байршуулдаг бөгөөд төрийн болон бусад байгууллага тус системээр дамжуулан үйл ажиллагаандаа ашигладаг.

Цахим шилжилт, технологийн дэвшлийг ашигласнаар иргэнд ямар давуу талтай байна вэ?

Нэгдүгээрт иргэдийг цагийг хэмнэнэ. Хоёрдугаарт төрийн байгууллагын хүнд суртлыг хална. Гуравдугаарт харилцан ашигтай, найдвартай,  үнэн зөв мэдээллийг шуурхай хүргэдэг сайн жишгийг нэвтрүүлэх юм. 150 сая хуудас цаасан эх нотлохыг мэдээллийн сандаа нэвтрүүлсэн. 110 терабайт цахим архивтай болсон. Ганцхан манай улс гэлтгүй дэлхий нийт цахим шилжилтэд давалгаалж байна. Бид энэ хөгжлөөс хоцрох ёсгүй. Засгийн газраас цахим шилжилтэд бэлтгэх том ажлын хэсэг байгуулагдаж, хөтөлбөр боловсруулж байгаа. Нэг жишээ дурдахад манай байгууллагад 70 гаруй сервер ажилладаг. Ихэнх нь ашиглалтын хугацаа дууссан нөхцөл байдалтай байгаа. Үүнийг шинэчлэхийн тулд салбар яамдтай уулзаж ярилцаж байгаа. Тодорхой үр дүнд хүрэх байх. Үүнээс чухал нэг зүйл бол техник технологийн салбарт мэргэшсэн боловсон хүчин. Манайд чадвартай сайн залуучууд олон байна Нөгөөтүүр дата баазын аюулгүй байдалд онцгой анхаарах хэрэгтэй. 2018 оноос “Азийн хөгжлийн банк”-тай хамтран төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ төслийн нэг том зорилго нь аймгийн төвөөс алслагдсан сум, сууринг улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбосноор сум, суурингийн иргэнд бүртгэлийн үйлчилгээг үзүүлэх. 2018 оны зургадугаар сард зөвхөн 21 аймгийн төв, есөн сум, 108 хороо нэгдсэн сүлжээнд холбогдсон байсан бол төсөл хэрэгжснээр өнөөдөр 270 гаруй сум, 171 хороо бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбогдоод байна.

Бүртгэл мэдээллийн том салбарт нийт хичнээн мянган хүн ажиллаж байна вэ. Ажиллах орчин, байр савны асуудал нэлээд дутмаг юм шиг анзаарагддаг...?

Улсын хэмжээнд 1200 гаруй албан хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Байр сууцны хувьд үнэхээр асуудалтай. 21 аймгаас дөнгөж тав нь л өөрийн гэсэн барилгад шилжсэн бол бусад нь тухайн бүс нутгийнхаа төрийн захиргааны байранд шахцалдаад байж байгаа. Ерөнхий газрын хувьд ч мөн байр, барилга байгууламжийн хувьд асуудалтай. 1970 онд ашиглалтад орсон, хуучин, стандарт бус байранд үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол улсын 3,2 сая иргэний цаасан эх баримт, 1,1 сая үл хөдлөхийн баримт, 190 мянган аж ахуй нэгжийн цаасан эх нотлохууд стандартын бус архивт хадгалагдаж байгаад санаа зовнидог.

Яагаад стандарт бус байранд хадгалж байдаг юм бэ? Норох, ядаж л хэрэгтэй материалууд алдагдах эрсдэлтэй шүү дээ.

Манай байгууллагын архивын байр нь 1970 онд ашиглалтад орсон, цэргийн ангийн гуанзны зориулалттай барилга. 1990- оны дундуур манай салбар энэ байранд орсон юм билээ. 2016 онд МХЕГ, 2018 онд Архивын Ерөнхий газраас акт тогтоочихсон хуучин барилга юм. 2020 оны төсөвт олон улсын стандартад нийцсэн, зориулалтын архив, үйлчилгээний заал, офиссын барилгын цогцолбор барих төсвийг тусгасан. Ажил эхэлсэн. Удахгүй бид олон улсын стандартад нийцсэн архивын цогцолбор барилгатай болно.

Иргэдэд үзүүлдэг төрийн үйлчилгээг илүү хялбар болгож байгаа нь сайн. Гэхдээ иргэдээ хэрхэн мэдлэгтэй, мэдээлэлтэй болгох вэ?

Төрийн аль ч байгууллагын гол үүрэг нь иргэдээ мэдээлэлжүүлэх. Манай байгууллагын зүгээс иргэдээ мэдээлэлжүүлэх зорилгоор тухайн иргэний цахим үнэмлэх болон, гадаад паспортын мэдээллийг гар утсаар нь дамжуулан хүргэдэг шинэ үйлчилгээг нэвтрүүлэхээр болоод байна. Иргэд маргааш гадагшаа явах байж өнөөдөр л гадаад паспортынхоо хүчинтэй хугацаа дууссаныг мэддэг. Ийм байдал нь иргэдийн хэнэггүй, тоомжиргүй зан, эсвэл завгүй байдлаас үүдэлтэй. Гэвч манай байгууллага тэр хүнд иж бүрэн үйлчилгээ үзүүлж, мэдээлэлжүүлэх ёстой. Манайх үйлчилгээний байгууллага. Иргэнээ мэдээлэлжүүлэх  шинэ үйлчилгээг манайх нээх гэж байгаа. Тэр нь иргэдийнхээ гар утасруу “Таны гадаад паспортын хугацаа дуусахад гурван сарын хугацаа үлдсэн байна. Та ирж гадаад паспортаа сунгуулаарай. Мөн таны иргэний үнэмлэхний хүчинтэй хугацаа дуусахад 10 хоног үлдлээ. Та 16 нас хүрлээ. 30 хоногийн дотор ирж иргэний үнэмлэхээ авна уу” гэсэн мэдээллийг хүргэхээр болсон. Зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй бүх төрлийн үйлчилгээнд хамаарч байгаа. Нэг талдаа иргэний үүрэг хариуцлага боловч нөгөө талдаа төр үйлчилгээний байгууллага учраас иргэндээ энэ мэдээллийг хүргэж, сануулдаг байх хэрэгтэй. Энэ нь тун удахгүй үйлчилж эхэлнэ.

Бусад орны иргэд нэг л бүртгэлтэй байдаг. Манай улсын нэг иргэнд цахим поспарт, гадаад паспорт, жолооны үнэмлэх, эрүүл мэндийн дугаар, татварын гээд 10 гаруй бүртгэл, дугаар байх юм. Энэ бүгдийг нэгтгээд нэг дугаартай болгож болох уу?

Маш чухал асуулт. Яг энэ асуудлыг судалж, илүү оновчтой байх хувилбарыг судалж байгаа.  Иргэний үнэмлэхний загварыг шинэчлэхээр ажиллаж байгаа. Иргэд маань маш олон бичиг баримттай байдаг. Иргэдийн дунд судалгаа явуулахад нэг иргэнд 10 гаруй бичиг баримт байна гэсэн. Бид үүнийг хэрхэн шийдэх вэ” гэдэг талаас нь судалж үзээд “Монгол Улсын иргэн нэг л дугаартай байна” гэсэн шийдэлд хүрсэн. Ингээд улсын бүртгэлийн 12 оронтой дугаар байдаг. Энэ дугаарыг удахгүй хэрэглээнд оруулах гэж байна. Хэрвээ энэ хууль журам батлагдах юм бол Монгол Улсын иргэн нэг л дугаартай болно гэсэн үг. Тэр дугаар дээр бүх бичиг баримтын мэдээлэл багтана. Дэлхийн бусад оронд ч гэсэн иргэн бүр нь нэг л дугаартай байдаг. Манайх энэ чиглэлрүү орох гэж байна. Манай байгууллагаас иргэдийнхээ мэдээллийг цэгцэлж, хялбаршуулж байгаа нэг шинэ ажил нь энэ. Үүнийг 2020 ондоо багтааж хэрэгжүүлнэ.

Удахгүй сонгууль болно. Сонгууль болгоноор нэг асуудал гарч ирдэг. Тэр нь иргэний оршин суугаа хаяг, регистрийн дугаар давхцах гэх мэт асуудал гарч ирдэг. Энэ тал дээр хэрхэн ажиллах вэ?

-Манай байгууллага сонгуульд голлох үүрэг гүйцэтгэдэг. Сонгуулийн тухай хуулийн 10 зүйлд заасан 90 гаруй төрлийн ажиллагааг бид хийдэг. Олон удаа давхцдаг асуудлыг нэгтгэж улсын бүртгэлийн газраас иргэний шилжилт хөдөлгөөнийг нарийвчилж өгсөн. Дээрээс нь сонгуультай холбоотой янз бүрийн маргаан гардаг. Тэр нь олон хүчин зүйлээс үүдэлтэй байдаг. Жишээ нь Монгол Улсад адилхан овог, нэртэй 2100 гаруй иргэн байгаа. Нэр давхацсан нучир  сонгууль өгөхөөр маргаан үүсдэг. Мөн сонгуультай холбоотой хамгийн гол цэгцлэх нэг асуудал нь хаягийн асуудал байдаг. Манай байгууллага иргэний улсын бүртгэл дээрээ иргэний хаягийн бүртгэлийг хийдэг. Монгол Улсын хэмжээний хаягийн асуудлыг холбогдох байгууллагууд хаягийн сан үүсгэж бий болгодог. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд хаягийн асуудлыг кадастрын зураг дээр суурилж цэгцлэх ёстой байдаг. Хаягжилтын тухай хууль 2013 онд батлагдсан. Тухайн онд Засгийн газраас журам гарсан. Энэ журмын дагуу 21 аймагт хаягжилтын асуудал хийсэн. Харин нийслэл хотод энэ журмын дагуу хаягжилтын асуудлыг хараахан хийгээгүй. Тийм учраас хаягийн шинэчлэлийн асуудлыг хийх хэрэгтэй. Энэ асуудлаас болж маргаан үүсдэг. Сонгогчийн нэрийн жагсаалттай холбоотой маргаан гарах эрсдэлтэй. Тэгэхээр холбогдох төрийн байгууллагууд хаягийн асуудлыг маш хурдан шийдэх хэрэгтэй. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд заасны дагуу энэ оны хоёрдугаар сарын 1-нээс иргэний шилжилт хөдөлгөөнийг түр хугацаанд зогсоогоод байна. 2012, 2016 оны сонгуулиар “царцааны нүүдэл” гэж нэрлэгддэг сонгогч шилжих хөдөлгөөн маш их байсан. Харин энэ удаагийн хуулиар үүнийг хязгаарласан. Тодруулбал, өмнөх хуулиудад сонгогч шилжилтэд ямар субъект хамаардаг вэ гэдгийг тодорхой заагаагүй байсан.Ингэснээр дурын иргэн сонгогч шилжилтэд хамрагдаж байсан бөгөөд үүнтэй холбоотой иргэдээс өргөдөл, гомдол маш их гарсан судалгаа байдаг. Шинэ хуулиар сонгогч шилжилтэд сонгуулийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан, мэдээллийн технологийн багийн гишүүн, даамал, санал авах болон сонгуулийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа цагдаагийн алба хаагч хамаарч байгаа юм. Мөн нэр дэвшигч болон түүний менежер, шадар туслагч шилжиж болно гэж тодорхой хуульчилж өгсөн. Энэ шилжилтээ санал авах өдрөөс 14 хоногийн өмнө хийлгэнэ. Ийм нарийвчилсан заалтууд орсон учир энэ жил шилжилт хөдөлгөөн болон сонгогч шилжихтэй холбоотой маргаантай асуудал бага гарна гэж харж байна.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн насны иргэдийн мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд цахим хуудсандаа байршуулсан. Сонгуулийн насны хэчнээн иргэн байна вэ?

Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлийн санд 3.3 сая иргэн бүртгэлтэй байдаг. Үүнээс сонгогч буюу 18-аас дээш насны 2.1 сая орчим иргэн бий. Энэ тоо санал авах өдөр хүртэл өөрчлөгдөнө. Үүнээс 18-24 насны 324 мянга орчим, 25-44 насны нэг сая гаруй, 45-аас дээш насны 748 мянга орчим иргэн байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-д заасны дагуу  сонгогчийн холбогдох мэдээллийг энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн Улсын бүртгэлийн байгууллага өөрийн цахим хуудсанд байршуулсан. Иргэд www.burtgel.gov.mn цахим хаягаар орж, зааврын дагуу мэдээллээ шалгах боломжтой. Ийм асуудал байвал өөрийн гэрийн хаяг дээр нь танихгүй хүн байгаа эсэхийг шалгаж, манайд гомдол гаргаад асуудлаа шийдвэрлүүлэх ёстой. Хэрэв сонгогчийн мэдээлэл зөрүүтэй бол улсын бүртгэлийн байгууллагын нэгжид, хэсгийн хороонд ажиллаж байгаа итгэмжлэгдсэн ажилтанд өөрийн биеэр хүсэлтээ гарган шийдвэрлүүлэх боломжтой.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.242.160)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.