Хуучин ЗХУ-ын цэргийн ангиуд байсан газруудаас 30 нэр төрлийн 3,308 ширхэг сум, галт хэрэгсэл илрүүлж, устгалд орууллаа
З.Батхуяг
Ярилцлага
/
2020-06-20

ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Тэсэрч, дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлэг Дорнод аймгийн Хэрлэн, Баянтүмэн сумдад ажиллаж, их хэмжээний галт хэрэгсэл илрүүлэн аюулгүй болголоо. Энэ талаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Тэсэрч, дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлгийн дарга, ахлах дэслэгч П.Батжаргалаас тодруулсан юм.

-Дорнод аймгаас тэсэрч дэлбэрэх их хэмжээний сум, галт хэрэгсэл илрүүлсэн гэсэн. Энэ тухай тодруулахгүй юу?

-ЗХЖШ-ын даргын тушаалаар ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын мэргэжилтэн, дэд хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Тэсэрч, дэлбэрэх зүйлсийн хайгуул устгалын бүлэг 2020 оны тавдугаар сарын 25-31-ний өдрүүдэд Дорнод аймгийн Хэрлэн болон Баянтүмэн сумдад ажиллаж, 30 нэр төрлийн 3,308 ширхэг сум, галт хэрэгсэл илрүүлж, устгалд орууллаа.

Тодруулбал, Хэрлэн сумын 3, 5, 8 дугаар багууд, Баянтүмэн сумын нутаг дэвсгэрээс 12.7 болон 14.5 мм хуяг нэвтлэгч, шатаагч сум, 23 мм (ВОФ) задран дэлбэрэх сумны хошуу, 37мм болон 57 мм зенитийн хуягт нэвтлэгч, шатаагч сум, 73 мм (ПГ-15) цоргих ажиллагаатай сум, 82 мм миномёт (ВОФ-832), 120 мм (ВОФ-843) задран дэлбэрэх мина, 100 мм (УОФ-412) задран дэлбэрэх сум, 40 мм (ПГ-7В), 73 мм (ПГ-15), 73 мм (ПГ-9) буудалт, тийрэлтэт артиллерийн зэвсэглэл (БМ-21)-ийн 122 мм задран дэлбэрэх сум, пуужингийн гарааны цэнэг, (ФАБ-50) онгоцны бөмбөг зэрэг 30 гаруй нэр төрлийн тэсэрч дэлбэрэх аюултай галт хэрэгслийг ирүүлж, аюулгүй болгосон. Ингэхдээ хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг чанд мөрдөж ажилласан.

-Хуучин ЗХУ-ын цэргийн ангиуд байсантай холбоотойгоор тэсэрч, дэлбэрэх аюултай галт хэрэгслүүд илэрсэн гэсэн үг үү?

-Тийм ээ. Дорнод аймгийн төв Хэрлэн сум, Баянтүмэн сумдад хуучин ЗХУ-ын цэргийн нэгтгэл, ангиуд байрлаж байсан суурин газрууд болон хээрийн сургуулилт явагдаж байсан талбайд тэсрэх дэлбэрэх зүйлсийг эрэн хайх, устгах ажлыг зохион байгуулсан.

-Тухайн бүс орчмын иргэдэд сэрэмжлүүлэг хүргэсэн үү?

-Орон нутгийн иргэд тэр дундаа малчдад тухайн районы орчмоос тэсэрч дэлбэрч болзошгүй галт хэрэгсэл таарвал хөндөж оролдохгүйгээр цагдаагийн байгууллагад яаралтай мэдээлэхийг онцгойлон анхаарууллаа. Дорнод аймгийн Засаг даргын зүгээс ч гэсэн орон нутгийн иргэдтэй уулзаж, сэрэмжлүүлэг өгсөн. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.123.162)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.