Г.Мөнхбаатар: Айлын хойморт очих, хүмүүс насаараа шүтэх энэ зургийг аль болох САЙН, САЙХАН сэтгэлээр зурна
Ярилцлага
/
2020-07-09
Энэ удаагийн ярилцлагаараа “Хөх бичиг” бичиг соёлын академийн тэргүүн зураач, яруу найрагч Г.Мөнхбаатартай ярилцлаа

- Та хүмүүст "Морины Мо" гэдгээрээ танигдсан. Анх хэзээнээс уран зураг сонирхож эхлэв. Яагаад заавал морь зурдаг юм бэ. Энэ асуултаар яриагаа эхэлье?

- Хэзээнээс зурсан бэ гэдэгт одоо өдийг хүртэл сайн уран бүтээл туурьвих хүртэлээ анх харандаа барьсан цагаасаа бэлтгэлээ хийж байсан байх. Тэгэхээр би анх харандаа барьсан цагаасаа л урлагт хөл тавьсан гэж боддог. Тэрнээс одоо их сургууль төгсөх ч юм уу, нэг юм сурсанаараа мэргэжлийн болчихлоо гэж тийм байдлаар ханддаггүй. Адууны зураг тэр дундаа хурдан морины зурагны тухайд бас л тэр харандаа барьсан үеэсээ жижиг цаас, жижиг харандаа бариад л, тэр цаасан дээрээ байнга морины толгой, морь мал зурж явдаг тийм хүүхэд байсан юм билээ. Яахав оюутан болж ирээд дундуур нь өчнөөн хөрөг янз бүрийн төрлөөр оролдсон. Тэгээд өөрийн мэдэлгүй явсаар байгаад өөрийн өссөн орчин, өөрөө адуу маланд хайртай болохоороо болохоороо яалт ч үгүй хурдан морины зурган дээр тогтсон доо.

- Энэ өрөөнд байгаа, байхгүй морины зураг бүгд л өөр, өөрийн түүхтэй байх. Таны хамгийн хайрладаг зураг. Хурдан хүлэг?

- За ёстой ийм асуултанд хариулж байгаагүй юм байна. Хүн өөрийн үр хүүхдэд хайртай байдаг шиг бүтээл болгондоо л хайртай. Сэтгэл зүрх, цаг хугацаа, хүч хөдөлмөр шингээж бүтээдэг. Юу гэж хариулмаар юм бэ дээ. Онцлоод байхаас илүү зарим нь маш их цаг хугацаа орох, зарим нь маш хурдан бүтэх янз янзын шалтагтай. “Магнай халиун” гэж их хурдан азарга байсан. Тэгээд тэр эндсэн. Тэр азаргыг л би их олон зурсан даа. Дөрөв таван удаа бүтээлд минь орсон байдаг.

- Морины зураг зурах нь бусад зурагнуудаас юу нь өөр байдаг, юун дээр түлхүү анхаарч зурдаг юм бэ?

- Ер нь зураач нар  ярьдаг. Хүний хөрөг, хурдан морь хоёрыг зураад сурчихвал бусад амьтай, амьгүй зүйлийг асуудалгүй зурна гэж. Тэр дундаа жирийн нэг адуу биш хурдан адуу гэдэг нь өөр. Эзэн нь өдөр шөнөгүй морио хараад, ажиглаад энэ нь тиймдээ, тэр нь иймдээ гээд цээжинд нь бүр андахгүй болчихсон ийм адуу илүү хүч шаардагдана гэсэн үг. Жирийн адууг бодвол шал өөр шинж, яс гээд илүү судалгаа шаардана, олон төрлийн фото зургийн харна, өөрийг нь очиж үзнэ. Адуу болгон өөр. Ер нь хүний хөрөг шиг адууны хөрөг л гэсэн үг.

- Аль үед  мэргэжлээрээ бахархдаг вэ?

- Ер нь уран бүтээлч заяанд төрнө гэдэг чинь өөрөө их том хувьзаяа шүү дээ. Их олон үйлийн шалтаг. Сайн, муу үйлийн шалтгаар хүн гоо төрхтэй төрөх  үү, үзэмж муутай төрөх юм уу, ухаан хомс уу, эсвэл цэцэн мэргэн ухаантай юу гэдэг нь их хувьзаяа юм байна л даа. Хүний хувь заяанд төрнө гэдэг нь өөрөө маш ховор хувьзаяа. Тэр том хувьзаяанд ороод ахиад тусдаа авьяастай байна гэдэг нь өөрөө бахархам. Миний хамгийн том бахархал бол хаясан чихрийн цаас, уусан коффе, бийр арчиж байгаа цаасыг хаяхдаа энд хаягдаж хог болж байгаа цаасыг ч би бийрнийхээ үзүүрээр олсон. Тэгэхээр бахархалтай. Нэг ч алт ухаж, худлаа ярьж, хулгай хийж аваагүй. Унаж байгаа машинаа хүртэл тэр зургааа зарж авсан шүү дээ гэж бодхоор мэргэжлээрээ бахархдаг. Ер нь тэгээд мэргэжлээрээ бахархах зүйл мундахгүй л дээ.

- Монголд ном бичдэг хүн номоо худалдаалж, зураач хүн зургаа худалдаалж амьдрах боломж хэр байдаг юм.

- Энэ нийгэм уран бүтээлч хүнд маш сайхан ээлтэй нийгэм. Дэлхий хавтгай болсон гэж ярьдаг. Эрхэм таны хийсэн супер уран бүтээл үнэхээр дэлхийн хүмүүсийн таашаалд хүрэх юм бол чи энэ урландаа сууж байгаад таван минутын дотор дэлхийг тойрно. Тэгэхээр амьдархад маш том боломж байгаа. Өөрөө хүчтэй байх хэрэгтэй.

- Та үзэсгэлэн гаргаж байсан уу?

- Гаргаж байсан. “Сувдан хөлс” гээд хурдан морины бие даасан үзэсгэлэн гаргаж байсан. Хойтон жил “сувдан хөлс”2 үзэсгэлэнгээ гаргах гээд бэлтгэл ажилтай явж байна.

- Гарандаа авьяастай хүн болгон энэ сайхан хурдан хүлгүүдийг зурж чаддаг уу. Илүү шүтлэг талаас нь асууж байна л даа?

- Зөв зөв хурдан морины уран бүтээлийн хувьд шүтээн зураг гэдэг юм уу тэр тал руу орно. Яагаад гэвэл айл гэрийн хойморт очно. Тэгээд хүмүүс юу гэж билэгшээдэг вэ гэхээр муу өвөг дээдсийн минь буянзаяа ирж байна. Тэдний буянаар морь малаа сайхан айрагдаж, түрүүлүүллээ. Тэгэхээр энэ шүтээн зураг, айлын хойморт очих, хүмүүс насаараа шүтэх энэ зургийг аль болох сайн, сайхан сэтгэлээр зурна. Хүний хоймроо тавих гэж байгаа юмыг хар сэтгэлгүй хийчих юмсан гэж боддог.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.165.192)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.