Д.Мөнхжаргал: Бид Монгол хүнээ бэлтгэж чадаж байна уу гэдгээ эргэж харах цаг болсон
Ярилцлага
/
2020-07-30

-Та гэр бүл, нутаг усныхаа тухай уншигчдад танилцуулаач. Таныг өнөөдрийн хувь хүн болж төлөвшихөд эцэг, эх тань хэрхэн нөлөөлсөн бэ?

-Би Говь-Алтай аймгийн Халиун суманд төрж өссөн. Л.Түдэв гуай, Г.Лодойхүү баатар гээд олон нэртэй хүмүүс манай нутгаас төрж гарснаар их бахархаж явдаг юм. Би 11 хүүхэдтэй айлын ес дэхь охин. Аав маань Монгол улсын ШБOС-ын хэд хэдэн удаагийн шагналт хүн байлаа. ХАА, МАА-г механикжуулах чиглэлээр олон шинэ бүтээл, оновчтой санал гаргаж, аймаг сумдуудад барьж өгдөг байсан, Халиун сумын бүтээн байгуулалтанд гар бие оролцож, бүх сантехникийн холболтууд, усан оргилуур гэх мэт инженерчлэлийн зүйлийг хийдэг байсан. Аав ээж маань хүний төлөө ажиллаж, амьдарч байсан гэж би боддог. Хувь хүний хүмүүжилд гэр бүл хамгийн чухал нөлөөтэй. Аав минь нутаг усандаа нэг ч хүнтэй ам муруйдаггүй, хүн бүрт тусалдаг хүн байсан. Маяа ахаа яах вэ гээд л олон хүмүүс орж ирнэ. Хэн ч байсан, шөнө ч хамаагүй босоод л явна. Аавын минь хувьд муу хүн гэж байдаггүй гэдгийг би олж харсан. Миний хувьд ч гэсэн хүн бүр л өөрийн давуу талтай, сайн хүмүүс байдаг гэж ойлгодог. Хэний хүүхэд вэ гээд хүмүүс асуухаар Дашням Маяагийн охин гэж хэлэхэд Өө тиймүү гээд хүмүүсийн нүд сэргэж байдаг. Энэ бол миний аавын мөнхөд бидэнд өвлүүлсэн том өв хөрөнгө. Хүн ингэж л амьдрах ёстой гэдгийг аав минь үргэлж сургасаар байдаг.


-Аавын тань талаар сонсоход сайхан байна. Та өөрөө ямар ээж байгаа талаараа болон өөрийнхөө гэр бүлийг танилцуулна уу?

- Гэр бүлийн аз жаргалыг эмэгтэй хүн л удирддаг гэж би боддог. Аливаа асуудлыг сэтгэл хөдлөл багатай, зөв өөдрөг ухаанаар шийдэж, бүх зүйлийг сэтгэлдээ нийцүүлэх гэж хичээхгүйгээр хайртай хүнээ байгаагаар нь хүлээн авч, хариу нэхэхгүйгээр хайрлах чухал. Гэр бүл гэдэг бол алхам дутамд асар их ухаан шаардаж байдаг. Гэр бүл ямар байхыг, хүүхдүүд ямар хүмүүжилтэй болохыг ээж хүн л тодорхойлдог. Би 4 хүүхэдтэй. Манай нөхрийг Эрдэмдэлгэр гэдэг. Баянхонгор аймгийн уугуул, Цэргийн их сургууль төгссөн офицер хүн. Одоогоор Мастер Пресс ХХК-ийн захирал, Жаргалан цогцолбор сургуулийн Гүйцэтгэх захирал ажилтай. Том хүү маань энэ жил 12-р анги төгсөж байгаа. Гэр бүл төлөвлөлтийг 4,5 жилээр хийсэн болохоор бага охин маань одоо 3 настай. / инээв/ Би хүүхдүүдээ ном их уншдаг, оёдог нэхдэг, хадаас алх барьчихдаг юм юмтай байгаасай гэж хүсдэг. Тиймээс багаас нь зурагтай ном авч ярилцдаг. Сэтгэхүйн олон номнуудыг нас насанд нь авч өгч ажиллуулдаг. Ямар нэгэн байдлаар хүүхдүүддээ цаг гаргах ёстой гэж боддог. Дунд охин минь төгөлдөр хуурын улсын уралдааны аварга. Охиныхоо төгөлдөр хуур тоглохыг сонсож, охидын халуун яриа өрнүүлэх дуртай.


- Гэр бүлийн хүмүүжлээс гадна хувь хүн болж төлөвшихөд боловсрол чухал үүрэгтэй. Таны хувьд хаана, ямар боловсрол эзэмшсэн бэ?

-Эргээд бодоод үзэхэд би багш хэмээх мэргэжлийг эзэмшихэд нийт 11 жилийг зарцуулжээ. Анх наймдугаар анги төгсөөд дөрвөн жил Багшийн сургуульд суралцсан. Үүний дараа Гадаад хэлний дээд сургуульд англи хэлний багш мэргэжлээр дөрвөн жил сурсан. Төгсмөгцөө МОНЦАМЭ агентлагт орчуулагч, редактороор ажиллаж байгаад Монгол улсын Багшийн Их сургуульд боловсролын удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Хожим нь БНСУ-ын “Duksung Women’s University” их сургуульд сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр суралцаад ирсэн. Мөн Австрали болон Кембриджийн сургалтанд мэргэжил дээшлүүлж байлаа.


-“Жаргалан” бүрэн дунд сургууль 2006 онд байгуулагдаж байсан шүү дээ. Тэр үед та яагаад сургууль байгуулахаар шийдсэн юм бэ?

-Би оюутан байхдаа дулааны цахилгаан станцын дарга болон инженерүүдэд зориулсан мэргэжлийн англи хэлний хичээл заадаг байсан. Тэр үед бүх хүн англи хэл сурахыг хүсдэг байсан ч багш боловсон хүчин дутмаг байсан. Тиймээс англи хэл сурах хүсэлтэй хүүхэд залуучуудад зориулан сургалтын төв нээн ажиллуулж байх хугацаанд олон эцэг эх, хүүхдүүд сургууль байгуулах хүсэлт тавьсан. Би нэгэнт хүмүүст боловсрол олгох ариун үйлсэд нэгдэж, багш гэх хүндтэй алдрыг зүүсэн учир аль болох олон хүнд өөрийн чаддаг, мэддэг зүйлээ зааж сургах ёстой юм байна гэдгээ ойлгож 10 жилийн өмнө “Жаргалан” сургуулийг үүсгэн байгуулж байв. Нөгөө талаар 1990 оноос хойш боловсролоос хүмүүжил гэдэг зүйл салж явсан. Тиймээс бүрэн дунд боловсролд дутагдаад байсан хувь хүний хөгжил, хүн чанарын боловсролыг илүү чухалчлан сургадаг жишиг сургууль болохоор зорьж ажиллаж байна.


-Өнгөрсөн 10 жилийг эргээд харахад та анх сургуулиа үүсгэн байгуулсан зорилгоо биелүүлж чадаж байна гэж бодож байна уу?
-2007 оноос манай сургууль анхны сурагчдаа төгсгөж эхэлсэн. Төгсөгчдийнхөө цаашдын боловсрол, ажил мэргэжлийн амжилтуудаас харвал бид зорилгоо сайн биелүүлж байгаа гэж боддог шүү. Учир нь манай сургуулиас төгсөж гарсан сурагчид оюутан болоод ангидаа хамгийн нэр хүндтэй, шилдгүүд нь болж чаддаг. Үүнээс гадна бусдыг хүндэлж, аливаад сэтгэл зүрхнээсээ ханддаг хүмүүн болж төлөвшсөн нь илэрхий харагддаг. Бидний ахмад үе шиг эх орныхоо төлөө өөрийн эрх
ашгийг умартан хоёргүй сэтгэлээр зүтгэдэг, аливаа зүйлийг хийхдээ 100 хувь сэтгэл гарган ажилладаг жинхэнэ Монгол иргэдийг бэлтгэн гаргахад манай сургуулийн гол зорилго оршдог. Томоохон байгууллагуудад амжилттай ажиллаж, урлагийн чиглэлээр нэрээ өндөрт өргөж яваа төгсөгчид олон бий. Тэднийг амжилттай ажиллаж, сайхан амьдарч явааг нь харах бүрт анх энэ бүхнийг эхлүүлсэн зорилго маань биелэлээ олж буйн гэрч гэж бахархдаг даа.


-Та жинхэнэ Монгол иргэн гэж ярилаа. Таны ярьж буйгаар Монголд төрж, өссөн хүн бүхэн жинхэнэ Монгол иргэн болж төлөвшиж чадахгүй гэж үү?

-Өнөө үед даяаршлын нөлөөгөөр дэлхийн улс орнуудын иргэд хил хязгааргүй мэт хоорондоо харилцах боломжтой болсон. Үүний дүнд улс үндэстэн бүр соёл, уламжлалаа харийн соёлоос хамгаалах зайлшгүй шаардлага тулгараад байна. Тиймээс монгол хүүхдүүдийг багаас нь Монгол үндэстний үнэт зүйлс, үнэлэмжийг ойлгуулж, үнэ цэнийг нь мэдрүүлж, жинхэнэ Монгол иргэн болж төлөвшүүлэх нь чухал. Гэтэл манайд энэ төрлийн мэдлэг олгох сургалтын хөтөлбөр хангалттай биш байна. Энэ орон зайг нөхөх зорилгоор манай сургууль сурагчдадаа “Монгол Улсын үндэсний тодотголууд” гэдэг хичээл ордог. Монгол гэх үндэстнийг тодорхойлох бүх зүйлийг багаас нь хүүхдүүдэд зааж сургахаас гадна түүгээрээ бахархаж, омогшиж чаддаг үзлийн төлөвшүүлэх нь чухал. Гэхдээ үүнийг зөвхөн нэг сургуульд төдийгүй нийслэл, улс нийтийн боловсролын системд бодлогын төвшинд тусгах зайлшгүй шаардлагатай юм. Тэгж байж бид харь орнуудын соёлын довтолгооноос Монгол соёл, уламжлалаа хамгаалж чадах ирээдүйн иргэдийг бэлтгэнэ.


-Тэгвэл жинхэнэ Монгол хүнийг бүр багаас нь бэлтгэх хэрэгтэй байх нь ээ?

-Өнөөдөр 18, 20 нас хүрсэн хүнийг төлөвшүүлж, Монгол хүн болгоно гэдэг хэцүү. Тэр ч бүү хэл зургаан нас хүрчихсэн хүүхдийг төлөвшүүлнэ гэвэл бас оройтсон хэрэг болно. Тиймээс бид сургуулийн өмнөх боловсролд маш их анхаарах хэрэгтэй болж байгаа юм. “Жаргалан” сургуулийн харьяа Баянзүрх, Баянгол дүүргүүд дэх дөрвөн цэцэрлэгийн салбарууддаа бид илүү анхаарч ажиллаж байна. Өндөр хөгжилтэй орнуудад сургуулийн өмнөх боловсролыг чухалчилж, хамгийн их хөрөнгө зарцуулдаг. Ингэснээр ирээдүйд маш сайн бэлтгэгдсэн, чадварлаг, оюунлаг, өөртөө итгэлтэй боловсон хүчнийг бэлтгэж, дараагийн боловсролын бүх үе шатуудын суурь нь чанартай тавигдаж байна гэсэн үг. Тиймээс 0-5 насны хооронд тэр хүүхэд хэрхэн өргөн сэтгэхүйтэй байх нь тодорхойлогдож, сургууль тэр хэмжээгээр нь өндөр мэдлэг боловсрол олгодог гэсэн үг. Сургуулийн өмнөх боловсролд хийх шинэчлэл их байна.


-Та энэ олон жил боловсролын салбарт ажиллахдаа маш олон хүүхэд, эцэг эхчүүд гээд энгийн ард иргэдийн төлөөлөлтэй холбоотой амьдарч байна. Таныг Боловсролын салбарыг төлөөлүүлэн МАН-аас сонгосон гэж ойлгож болох уу?

-Тиймээ, боловсролын бодлого, төлөвлөлт тогтвортой байх ёстой. Нэг нам гарлаа гээд сайдууд өөрчлөгдөх тоолонд хөтөлбөр солигдох нь маш том алдаа болно. Нөгөө талаас боловсролын үр дүнг иргэдийнх нь сайн сайхан байдлаас харж болдог. Бид Монгол хүнээ бэлтгэж чадаж байна уу гэдгээ эргэж харах цаг болсон байна. Гадны боловсролын хэлбэр, загвар, агуулга, технологийг хэтэрхий их хөөцөлдвөл Монгол хүн бэлтгэхэд өрөөсгөл хандлага бий болно. Манай нам боловсон хүчний бодлого сайтай, анхан шатнаас нь шат дараалан бэлтгэдэг. Жишээлбэл ЗХУ-д цахилгааны инженерээр төгссөн хүн эхлээд дагалдан хийдэг. Боловсролын бүх шатанд ажиллаж, амжилттай гаргаж байгаа учир боловсролын салбарын хөгжилд дэвшил авчирч чадах хүн гэж итгэл хүлээлгэсэн болов уу гэж бодож байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.87.113)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.