Монгол Улсын төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзоригийн гэргий, сэтгүүлч Даваасүрэнгийн Ганмягмартай уулзаж хөөрөлдлөө.
Монгол Улсын төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзориг 1955 онд Булган аймгийн Могод суманд төржээ. Тэрээр 1975 онд Улаанбаатар хотноо Багш нарыг бэлтгэх сургуулийн дуу хөгжмийн ангийг, 1986 онд Уралын хөгжмийн дээд сургуулийн хөгжмийн зохиолчийн ангийг тус, тус төгссөн. Анхны багш нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров бөгөөд анхны уран бүтээл нь “Учран золгохын ерөөл” дуу байв. Урын сандаа 300 гаруй нийтийн болон найрал дуутай бөгөөд цөөхүүл болон найрал хөгжмийн 400 гаруй бүтээл туурвижээ. 1990 онд “Илдэн уулын цуурай” оратори нь Азийн шилдэг бүтээлийн жагсаалтад бичигдэж, ЮНЕСКО-гийн алтан санд бүртгэгдсэн байна. 1994 онд “Дууны хорвоо” бүтээл нь шилдэг бүтээлээр шалгарч “Морин хуур” уралдааны тэргүүн шагналыг хүртсэн. “Илдэн уулын цуурай”, “Тэмүүжин” дуурь, “Үүлэн цэнхэр хангай”, “Ус мөрөн олон чиг”, “Намрын дурсамж”, “Зүүдний говь”, “Учран золгохын ерөөл” бүтээлүүдээрээ 1996 онд Төрийн соёрхол хүртжээ.
-Хань тань Монголын их суут хөгжмийн зохиолч байсан. Та ханьтайгаа яаж танилцаж байв?
-Миний хань Монгол Улсын төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзориг. Ханьтайгаа танилцахын хувьд Монголын радиод байхад танилцаж байсан. Тухайн үед манай хүн залуу хөгжмийн зохиолч. Наяас ерээд оны үед шинэ уран бүтээлүүд нь гарчихсан. Би Монголын радиод концертын студид ажиллаж байсан. Тэр үед бүх л хөгжмийн зохиолчид Монголын радиогийн концертын студид дуугаа бичүүлдэг байлаа. Тухайн үед би Чинжигийг “Нутгийн ах минь” гэж хүндэлдэг байсан. Оюутан байхаасаа л “Намрын дурсамж”, “Үүлэн цэнхэр хангай”-г дуулдаг байж. 25дугаар суваг телевизэд ажиллаж байхад дотно танилцсан. Тэр үед “Дуу төрсөн түүх” гэдэг нэвтрүүлэг хийдэг байлаа. “Намрын дурсамж” дууны “Дуу төрсөн түүх” нэвтрүүлэг хийсэн. Хаврын сайхан улирал хаяанд ирчихсэн. Чинзориг “Бие тааруу, эмнэлэгт хэвтлээ” гэж сонсогдож байсан. Тэгтэл манай захирал З.Алтай “Тэр Чинзориг чинь танай нутаг биз дээ” гэж байна. “Тийм” гэсэн чинь “Цаадахын чинь бие муу, эмнэлэгт хэвтэж байгаа гэж байна. Чи эргэлтээр оч. Тэр хүний тухай нэвтрүүлэг хий” гэсэн. Тухайн үед манай хадам ээж ганц хүүдээ амин хайртай учраас утсаар ч яриулдаггүй байсан. Олон түмнээс хүүгээ харамлаж байгаа нь тэр. Тэгээд арайхийж холбоо барьж очиж уулзсан даа. Бие нь үнэхээр ядруухан байсан.
-Алдрын оргилд гарчихсан авьяасын тэнгэр хүүгээ ангир ээж нь алив бүхнээс харамлан халаглан хайрлаж байж дээ?
-Тэгээд тухайн үед нэвтрүүлэг хийхээр боллоо. Нэлээд хугацаа өнгөрсний дараа “Намрын дурсамж” нэвтрүүлгийг хийж илүү танилцсан. Энэ нэвтрүүлгийг хийхэд надад өөрийнхөө хамаг нандин гэсэн бичлэгүүдээ өгсөн. Хуурцгийг авчихаад би өөртөө ч итгэхгүй гар салгалж байсан. Энэ бол гайхамшиг шүү дээ. Хүн юманд амархан баярлаж, амархан зүйлд уярдаг юм байна гэдгийг тэр үед би өөрөөсөө харсан. “Нэвтрүүлэг нь яаж байна, би очих уу” гээд утсаар холбогдоно. Нэвтрүүлгийн эвлүүлэг хийхэд хүртэл хамт сууж байсан. Орой ажлаа тараад хамт алхдаг байлаа. Хамт алхаж байхдаа л “Өвдчих вий” гэж санаа тавьж явсаар байгаад дотноссон доо.
-Чинжиг өөрөөс чинь их олон ах байсан гэдэг байх аа?
-Бид хоёр чинь нэг л жилтэй улс шүү дээ.
-Шарав гуай өөрийг чинь танайхнаас гуйгаад ирэхэд Чинжиг өөртөө “Зуу татдаг нь манайд байна. Зурагтаар гардаг нь танайд байна” гэсэн онигоо зохиочихсон сууж байсан гэдэг үнэн үү?
-Тэр үнэн үнэн. Шарав ах гуйсан. Албан ёсоор хадаг тавьж бэр гуйлгана гэсэн нь үнэн. Бид хоёр адилхан жилтэй. Манай хүн чинь танилцаад л Дуурь (ДБЭТ) луу дагуулж ороод Булган (МУУГЗ Эрдэнэбулган) ахтай ч танилцуулсан. Би тэр үед их ичсэн. Дараа нь “Манай багш дээр очно” гээд Жанцанноров гуайнхыг зориход “Би ичээд байна” гэсэн. Тэр үед Чинжиг минь “Зүгээр ээ, чамаас залуу эхнэртэй” гэхэд нь санаа амраад Жанцанноров гуайнд очсон доо. (инээв. сур) Эрдэнэбулган ахтай уулзахад хэрэг хийчихсэн хүн шиг байсан. Тэр үед Булгаа ах бид хоёрыг хичнээн гоё хүлээж авсан гэж санана. Тухайн үед “Та хоёр ямар адилхан юм” гэж байсан. Бид хоёрыг “Муухай байна, боль” гэж байсан хүн нэг ч байхгүй. Бүгд л бид хоёрыг гоё хүлээж авч байсан. Тухайн үед Жанцанноров гуай нөхөрт маань “Чи битгий хүүхдийн амьдрал баллаад хаячихаарай. Эрүүл мэндээ бодно шүү, чи” гэж захиж байсан. Харамсалтай нь тэр минь бидэнтэйгээ тийм ч удаан хамт байж чадаагүй дээ.
-Монголын их суут хөгжмийн зохиолчийн үр садаас авьяас билгийн оч цахилж байна уу?
-Нэг охин маань коллежоо хөгжимчнөөр төгсчихлөө. Хичээлийнхээ хажуугаар нэг группт очоод тоглоод, дуулаад байгаа. Одоо бакалаврт сууж байна. Найзалж буй найзууд нь өөрийнх нь мэргэжлийн төрлийн хүмүүс. Нэг нь Дуурийн оркестрт сууж байна. Энэ хоёр маань хөгжмийг эхийн хэвлийд байхаасаа сонсож өссөн. Хөгжимтэй яах аргагүй холбоотой. Бид хоёрын хүсч мөрөөдсөнөөр аялгуун дунд өссөн. Бид хоёр их дуулдаг байсан. Надад зориулсан дуу ч бий. Манай нөхөр Баасанжав гуайгаар дуулуулна гэж байсан. Амьддаа бол утсаар л сонсож байснаас өөрөөр сонсож байгаагүй. Тэр дууг бид хоёр их дуулдаг байсан. Банхар Пүрэвжавын шүлэг “Дорноос хүрэх саран” гэдэг дуу.
-Тэр ямар дуу байна?
-“Дорноос хүрэх саран
Дотор арвилам туяатай
Домгийн гүнж шиг чи минь
Дуулах зүрхнээс уяатай”. Ингээд л бид хоёр дуулдаг байсан даа. Манай нөхөр гэрт хүн ирэхээр төгөлдөр хуураа тоглоод дуулж өгнө. “Чамд дууны жоохон юм байна” гэж намайгаа бас хөөрхөн өхөөрдөхөө мартахгүй ээ. Хэрвээ би Чинжигийгээ амьд мэнд байсан бол мундаг дуучин болчихсон байх байсан гэдэгт ер эргэлздэггүй шүү.
-Ай хөөрхий, хувь тавилан л юм даа. Дуучин заяанд хүргээгүй ч дууны хорвоог ойлгох тавиланд өргөжээ. Ингэхэд та аль нутгийн хүн бэ?
-Би Булган аймгийн Сайхан сумынх, манай нөхөр Могодынх. Могод сумаас төрийн шагналт яруу найрагч Санжжавын Оюун, яруу найрагч Оюунчимэг эгч хоёр байна. Би могодынхонтойгоо ойр байдаг.
-Хоёр охин чинь аавыгаа амьдрал дээр мэдэхгүй ч мэргэжлийн хөгжимчид болохоор зохиол бүтээлээр нь сайн мэднэ биз?
-Бид хоёр гэдсэнд байхаас нь л дуулдаг байсан. Хэвлийд байхаасаа л аавынхаа бүтээлийг сонсож байсан даа. Төрснөөсөө хойш би аавынх нь дууг үргэлж сонсгодог байлаа. Талийгаачийнхаа “Чингис хааны говь” цомгийг Солонгост хэвлүүлж ирээд хоёр охиндоо л их сонсгодог байв. Цөөхөн хувь хэвлэсэн хэдий ч маш чанартай сайхан цомог болсон. Ер нь манай хоёр охин хүн болж ирэхдээ л аялгуунд өлгийдүүлж ирсэн дээ. Долоо хоногийн дөрвөн өдөр би Хөгжим бүжгийн сургууль дээр өнждөг байсан. Тавдугаар ангид нь мэргэжлийн хичээл заахад эцэг, эх нь заавал суух ёстой. Би өөрөө л дагуулж явна. Ихэр хоёр маань Монгол Улсын консерваторийн сонгодог хөгжмийн ангиудад сурсан. Ч.Номинцэцэг маань утсан хөгжим (эрдүү хийл)-ийн анги төгсөөд үргэлжлүүлэн суралцсан. Ч.Сувданцэцэг маань төгөлдөр хуурын анги төгсөөд СУИС-ийн концертмейстрийн ангид суралцаж байгаа. Хүү Энхсайхан минь л хоёр дүүдээ аавын оронд аав болж өдий хүрсэн дээ. Хүүгийнхээ хүүхэд насыг үгүй хийчихсэн юм шиг сэтгэгдэл одоо ч төрж өрөвддөг шүү.
-Хүү одоо хаана байна?
-Энхсайхан маань Шведэд гэр бүлээрээ амьдарч байна. Сайхан ханьтай, сайн хадмуудтай учирсан. Хүний заяа төөрөг гэдэг цаанаасаа өгөгдөлтэй байдаг. Миний хүү сайхан эхнэртэй. Түрүүн нээрээ, манай Чинжиг сүй тавьсан тухай чи асуусан. Шарав ах, Мийгаа ах хоёр манай ахынд очиж хадаг тавьсан нь үнэн. Тэр нэг хошин үгийг Шагдарын Уянга зохиосон юм уу, арай Чинзориг өөрөө зохиогоогүй байх. Цоодол гуай тэрэнд их оролцсон. Одоо бодоход өөрсдөө л мөр мөр нэмсэн байх. Цэвээнлхаазал гэдэг залуу байсан даа. Завханых. Одоо хурандаа болчихсон. Эд нар чинь л алиална. Манай Чинзоригийг “Зурагтаар гардаг нь танайд байна. Зуу татдаг нь манайд байна” гэх мэтчилэн алиалдаг байсан. Хөгжмийн зохиолчдын онигооны номонд орчихсон байдаг юм гэсэн. Хороололд манай ахынд очиж хадаг тавихдаа сүүтэй, хадагтай очсон юм билээ. Манай хүргэн ах Хэнтийнх, Шарав ах Хэнтийнх тэгээд энэ хэд яриа хөөрөө болж сууцгаасан гэсэн. Чинзориг гэртээ тогтож ядан хүлээгээд л, би ажил дээрээ байсан. Манайх чинь 11 хүүхэдтэй айл, найм дахь нь би. Миний аав мундаг гоё монгол эр хүн байсан. Манай аав адуучин эр хүн байсан даа.
-Таны хань, төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн жаран насны ой хэдэн жилийн өмнө болж байсан. Аавыгаа тэнгэрийн оронд одоход зөрж ирсэн ихэр охид нь одоо өчнөөн том болцгоосон байлгүй?
-Талийгаачаасаа хойш зовлон, жаргалтай амьдралын харгуйг туулж л явна. Хүний хань гэдэг нэгэн биеийн хоёр тал. Хүний амьдрал дээр ч арга билиг тэнцвэртэй байх учиртай. Эхнэр, нөхөр хоёр ч гэр бүлээ авч явах, үр хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлэх үүрэгтэй. Гэвч, харамсалтай нь бид хоёр олон жил хамтдаа сайхан амьдарч чадаагүй. Талийгаач маань хоёр охиноо төрөхөөс нь арваадхан хоногийн өмнө өнгөрч, үхэл амьдрал хоёр солигдож байсан. Тэр айхтар хүнд үеийг бодвол цаг хугацаа олон жилийг ардаа үдэж. Талийгаачийг өнгөрөхөд надад үнэхээр хүнд хэцүү байсан. Дөнгөж төрчихсөн, нялх хоёр хүүхэдтэй. Бие тулгар эмнэлгээс гарч ирж, талийгаачийнхаа ажил явдлыг хийчихээд буцаад эмнэлэгт хэвтэж төрж байсан. Талийгаач маань намайг Нэгдүгээр төрөх эмнэлэгт өөрөө дагуулж очиж Үйлст эмчийн хяналтад оруулж байсан. Сайхан алтан гартай эмч, сувилагч нарын буянаар энх тунх төрж байлаа. Миний хоёр охиныг төрдөг өдөр ардын жүжигчин Д.Лувсаншарав гуай хөдөлмөрийн баатар цол авч байлаа.
-Чинжигийн найз нөхөд нь ирж байв уу?
-Хүнд үед хүний хамгийн ойр дотны нөхөд нь л байдаг юм байна лээ. Б.Шарав ах маань тэгэхэд дэргэд байлаа. Ханийн минь багш Жанцанноров гуай гүйж ирж байлаа. Академич Ж.Болдбаатар ахын гэргий яруу найрагч Оюунчимэг эгч ирж байсан. Жанцанноров гуай, Шарав ах хоёр бараг л нөхрийг минь орлож байгаа юм шиг орж ирээд эмч нартай уулзаж их өөриймсөг хандаж байсан. Баярлаад баршгүй дээ.
-Тэнгэрлиг их туурвигчийн бүтээлүүдийг олон түмэнд хүргэх гэж хичээнгүйлэн зүтгэж байгаад тань Монголын ард түмэн баярлаж явдаг даа?
-Түүнийгээ тэнгэрт одсоноос хойш олон олон жилийг ардаа үдлээ. Энэ хугацаанд талийгаачийнхаа уран бүтээлүүдийг дуугаргаж байх юмсан, бүтээлийг нь мөнхөд эгшиглүүлж байх юмсан гэсэн зорилгоор тоглолтуудыг тасралтгүй хийсэн. Тухайн үед дуулагдаагүй байсан дуунуудыг дуулуулчих гээд цэгцэлж ирлээ. Он өнгөрөх тусам ачаалал их л болоод байдаг юм байна. Ноднин жил талийгаачийн маань үеэл дүү нар нь Д.Содномдоржийн шүлэг “Учран золгохын ерөөл” дууных нь хөшөөг Булган аймгийн төвд Соёлын ордны төгсөгчдөд зориулсан цэцэрлэгт босгосон. “Дууны хорвоо” улсын уралдааныг гурав дахь удаагаа явууллаа. Болж өгвөл, таван жилийн давтамжтай тасалчихалгүй хийх юмсан гэсэн бодол байгаа. Дууны бүтээлүүдийг нь эмхлээд хэвлүүлсэн учраас 2015 оноос хойш хөгжмийн бүтээлүүдийг нь хэвлүүлэх ажилд орсон. “Илдэн уулсын цуурай” оротари, “Нэгдүгээр симфони”, “Ятгын концерт” зэрэг бүтээлүүдийг шивчихсэн байгаа. Оюутан ахуйдаа бичсэн прелюди зэрэг хөгжмийн зохиолуудыг шивүүлэхээр шилжүүлчихээд байгаа.
-Хөгжмийн бүтээлүүд нь тэгвэл удахгүй олон түмний хүртээл болох нь ээ?
-Одоогийн байдлаар хяналтын шатанд явж байна. Амьхандаа л ойрын үед хийчих юмсан гэж хичээх юм даа.
-25 дугаар суваг телевизэд ажиллаж байхдаа “Хорьдугаар зууны шилдэг дуунууд” нэвтрүүлгээс гадна олон нэвтрүүлэг хийдэг байв уу?
-Би урлаг соёлын нэвтрүүлгүүд ихэвчлэн хийдэг байсан даа. “Дуу төрсөн түүх”, “Мартахгүй” зэрэг нэвтрүүлгүүд байна. Миний хамгийн анх хийсэн нэвтрүүлэг гэвэл “Кино эхлэхийн өмнө” уран бүтээлчдийн уулзалт байна. Манай телевиз байгуулагдсаныхаа нэг жилийн ойг угтаад уран бүтээлийн уралдаан зарласан юм. Тэр уралдаанд зориулж инженер Жаргалсайхан эгч бид хоёр “Цогт тайж” уран сайхны киноны уран бүтээлчидтэй уулзаж, тухайн үедээ хөл хөдөлгөөн болж Дуурийн театраас “Учиртай гурван толгой” дуурийн ар талын хөшгийг авчирч, сэнс үлээлгэн тайзаа бэлдэж ярилцаж байсан. Тэр үед тайзаа гэрлээр л зоддог байлаа шүү дээ. Тэр нэвтрүүлэг уралдаанд түрүүлсэн. Намраас нь Авирмэд ах, Алтай ах эд нар “Энэ нэвтрүүлгийг цааш үргэлжлүүлж хийе” гэж шийдсэнээр “Кино эхлэхийн өмнө” нэвтрүүлэг маш олон жил явсан. Анхандаа би хөтөлж байлаа. Авирмэд ах хөтөлж байсан. Дараа нь “Нэгийг харьцах нэг”-ийн Оюунаа эгч, хааяа нэг “Мандухай цэцэн хатан” кинонд Алтжингийн дүрийг бүтээсэн жүжигчин Отгонтогос хөтөлж байсан даа. 25 дугаар сувагт ажиллаж байхдаа уран бүтээлчидтэй их ойр байлаа. Яруу найрагч, зохиолчдыг урьдаг “Өврийн дэвтэр” нэвтрүүлэг бэлтгэдэг байлаа. “Мартахгүй” гэж дурсамж нэвтрүүлэг хийнэ.
МЗЭ-ийн шагналт яруу найрагч Лхагвасүрэнгийн Батцэнгэл
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин