-Монголын соён гэгээрлийн үйлсэд цаг наргүй зүтгэж яваа боловсрол гэж үнэт эдлэлтэй, хүчтэй эмэгтэйн ар гэрийн хүн юу хийдэг, ямар хүн дааж явдаг юм бол. Гэр бүлийнхээ хүний тухай хуваалцаач.
-Баярлалаа. Таны асуусан асуулт чинь том нийгмийн зүтгэлтэн, алдар, хүндтэй хүнээс асууж байгаа асуулт шиг санагдаж байна. Миний хувьд шавь нартаа үнэлэгдсэн сайн багш байсан. Ажилдаа сэтгэл зүрхээ зориулсан, туршлага, мэдлэг чадвараа боловсролын салбарын бодлогын төвшинд хүргэх зорилготой ажиллаж байгаа зүтгэлтэй л эмэгтэй гэж өөрийгөө хэлмээр байна. Миний хань хуульч мэргэжилтэй, морьтой цагдаа байх үеэс эхлэн цагдаа, хуулийн байгууллагад тасралтгүй ажилласан. Харин сүүлийн жилүүдэд улс төрийн ажил хийж МАН-ын хяналтын хорооны гишүүн, дэд дарга, даргын албыг хашсан. МАН-ын шинэчлэл, ялангуяа бүх шатны намын байгууллагын ажлын зохион байгуулалт, дүрэм журмыг шинэчлэх, уялдаа холбоог сайжруулах ажлыг хийж ирсэн. Одоогоор эрдэм номын ажлаа дуусгаад хамгаалах ажил нь үлдээд байгаа. Зан байдал, үг яриа нь товч тодорхой, шулуухан зантай, хүнд тусархаг хүн л дээ. Үр хүүхэд бидэндээ сайн аав, түшигтэй хань. Манай хүний хобби аялах, хоол хийх, ууланд авирах дуртай. Бид хоёр ууланд аялах, ширээний теннис тоглох, спорт зааланд чөлөөт цагаа өнгөрөөх дуртай.
-Таны ажил тасралтгүй үргэлжилж цаг зав муутай, бичиг цаасны ажил, сургалт семинар зохион байгуулах гээд мундахгүй. Ар гэрийнхэндээ хэр их цаг, зав гаргадаг вэ?
- Би гурван хүүхэдтэй. Том хүү Б.Анхбаяр Шанхайн Фуданы их сургуульд олон улсын худалдааны эдийн засагч мэргэжлээр төгсөж ирээд УМХЕГ, стратегийн хүрээлэнд ажиллаж байгаад Тайваны их сургуульд олон улсын харилцаагаар магистр хамгаалаж ШУТИС-д багшаар ажиллаж байсан. Одоо олон улсын харилцааны хүрээлэнд судлаач хийдэг. Удахгүй Бээжингийн их сургуульд докторт суралцахаар энэ намар явна. Хоёр дахь хүү Б.Санчир БНХАУ-ын Чанчун хотын Зүүн хойд багшийн их сургуульд хэл шинжлэлээр сурч, дараа нь тагнуулын академи дүүргээд НМХГ-т ажиллаж байгаад ШУТИС-ийн Дулааны инженерийн ангид суралцан энэ жил төгсөж байна. Охин Б.Биндэрьяа Шанхайн олон улсын харилцааны сургуульд “Олон улсын улс төрч” мэргэжлээр төгссөн. Одоо боловсрол судлалын магистрт сурч байна. Бид аль болох өөрсдийнх нь асуудалд оролцохгүйг хичээдэг. Тэгэхээр хүний хөгжлийн гол суурь нь гэр бүлийн орчин, аав ээжийн хоорондоо харилцах харилцаа хандлага, тэдний биесээ хүндэтгэж хайрласан зүрх сэтгэлийн боловсрол хүүхдэд суурь хүмүүжил нь болдог. Өөрөөр хэлбэл тухайн айлд хэвшил болсон эерэг зөөлөн харилцааны соёл хүүхдийн насан туршид нь дагаж мөрдөх хүмүүжлийн суурь болдог. Иймд эхлээд хүмүүжүүлж, дараа нь сургана.
-Олон жил боловсролын салбарт удирдах алба хашсан таныг салбарынхан тань “Мэдлэгтэй хадагтай” гэх юм билээ. Та өөрийнхөө тухай манай уншигчдад танилцуулаач!
-Баярлалаа. Мэдлэгтэй гэхээсээ илүү туршлагатай гэвэл илүү ойр байх болов уу. Би физик, математикийн багш мэргэжилтэй. Дорнод аймгийн Гурванзагал сумын ЕБС, Чойбалсан хотын I, II 10 жилийн сургуульд багшилж байсан. Есдүгээр ангиас нь физикийн сонгоны анги даан авч дөрвөн анги төгсгөсөн. Олон шавьтай. Дорнодынхондоо "Физикийн Ж.Болормаа" гэсэн нэртэй. 1995 онд Улаанбаатар хотод шилжин ирээд ажлын гараагаа МАН-ын Удирдах зөвлөлд улс төрийн ажилтан, УИХ-ын МАН-ын бүлэгт Боловсролын асуудал хариуцсан референт, Нийгмийн Ардчилал Эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал, УИХ-ын гишүүний орон тооны ажилтан зэрэг ажлуудыг хийж, 1999-2013 он хүртэл Нийслэлийн боловсролын газрын дэд даргын албыг хашиж байсан. 2013 онд Багшийн хөгжил имидж төвийн зөвлөх, 2016-2017 онд Боловсролын Магадлан Итгэмжлэлийн дэд дарга, 2017 онд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, 2019 оноос Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирлаар тус тус ажиллаж байна.
-Та монгол боловсролын өв соёлын талаар ямар бодолтой байдаг вэ. Бид амьдралын явцад хүүхдээ хүмүүжүүлдэг байсан шүү дээ!
-Монголчууд эрдэм боловсролд суралцахыг гэр бүлд суурилсан арга ухаан, соёл болгон төлөвшүүлж, амьдралынхаа явцад сургаж, өөрсдийн мэдлэгээ, өв түүх үлгэр домог, ахуйгаараа үр хүүхдэдээ үлгэрлэж байсан нь гэрийн сургууль, монгол боловсролын суурь үндэс нь байсан. Хүүхдийг төлөвшүүлэхдээ хүний эсрэг чиглэсэн, хүний нэр хүндийг хохироосон зүйл гаргахгүй байхад сургахдаа зүйр үгээр ойлгуулж “Хүний муу нь хүнээ дайрдаг, хүрзний муу нь чулуу дайрдаг” гэж сургаж ямагт хүнлэг энэрэнгүй байх зарчмыг баримталж ирсэн. Бас хүний нэр төрийг дээдэлж өөрийн сайн талыг мэдрүүлэх зарчим баримталж “Нэр хугарахаар яс хугар, нэрээ барахаар насаа бар” гэх мэтээр хүн байхын утга учрыг нэр төртэй нь шууд холбож үздэг байсан. Монголчууд хүүхдээ 3-4 насанд нь хурга тугал хариулах, 6-7 насанд нь аргал түлээ түүх, 15-16 насанд нь хөвгүүдийг мал аж ахуйн аргад сургах, охидыг оёж хатгах, сүү цагаан идээ боловсруулах зэрэг гэр ахуйн хөдөлмөрт сургаж ирсэн. “Хүнийг хүмүүжүүлж хүн болгоно” гэдэг арга ухаанаа хүн бүрийн онцлогт тохируулан ялгавартай хандах хэрэгтэй гэсэн зарчим баримтлан “Хүн бүр адилгүй, хүлэг бүр жороогүй” гэж илэрхийлсэн байдаг.
-21 дүгээр зуунд багш, эцэг эхчүүд сэтгэлгээгээ өөрчилж, шинэ зуунд шаардагдах мэдлэг, чадварыг хурдан эзэмших шаардлага үүсэж байна. Энэ талаар таны бодол.
-21 дүгээр зуунд амьдралын чанарт өөрчлөлт гарч байна. Тэгэхээр бид өөрсдөөсөө "Технологийн боломжийг ашиглах ур чадвартай байна уу, үгүй юу" гэсэн асуулт гарч ирнэ. Өнөөдрийн ур чадвар маргаашийн ажлын байранд тохирохгүй цаг үе ирж байна. Ажлын байр хиймэл оюун ухаанд шилжиж байна. Жишээ нь, үйлдвэр үйлчилгээний газар, аж үйлдвэрүүд, хөдөө аж ахуйн салбар, мөн нийгмийн харилцааны ихэнх салбар ЦАХИМ боллоо. Цаашлаад, одоо байгаа долоон сая орчим ажлын байр үгүй болж, 26 сая ажлын байр шинээр бий болон, 850 сая хүн зайлшгүй шинэ ур чадварт суралцах шаардлагатай байна гэсэн судалгаа байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын тайланд ингэж дурдсан. Иймд ирээдүйн ажил эрхлэлт, хүнд шаардлагатай ур чадварыг хүүхдэдээ бий болгох явдал бидний өмнө тулгараад байна. Багш, эцэг эх бид боловсролын салбарын өөрчлөлт, дэлхийн боловсролын чиг хандлагатай хамт өөрчлөгдөх хэрэгтэй болоод байна.
-Шинэ цагийн хүүхдийн онцлог өөр болсон гэж эрдэмтэд ярьж байна. Ийм нөхцөлд эцэг эхчүүд хүүхэдтэйгээ яаж харьцах вэ?
-Одоогийн хүүхдүүд мэдрэмжээрээ хандах нь илүү хөгжсөн. Тархи нь орон зай дүрслэлээр сэтгэж, үгээр ярьсан сэдвийг ч зурган дүрслэлээр ойлгож чадна. Баруун тархи нь илүү сэргэг байгаа нь урлагийн мэдрэмжээ дүрслэх сэтгэлгээ нь хөгжсөн, хүний бодол санаан дахь зурган дүрсийг мэдэрч унших чадвартай. Тэгэхээр өнөөдөр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн чанартай боловсролыг Монголдоо, гэр бүлийнхээ дэргэд эзэмших орчин нөхцлийг бүрдүүлж, олон улсын хөтөлбөрийг заах чадвартай монгол багш бэлтгэх хэрэгтэй. Хүүхдээр сонирхолтой зүйлийг нь хийлгэж хүнээс илүү байлгах сэтгэгдэл төрүүлэхгүй байх, өргөмжлөл, медаль, дарга, шилдэг байдлыг их тодруулахгүй, бие биетэй нь өрсөлдүүлэхгүй байх хэрэгтэй. Хүүхэд заавал мундаг байх албагүй. Хүүхдийг шахахгүй, том хүн шиг ярилцаж нээлттэй байх, хүүхдийг аясаар нь энгийн амьдралд ойрхон зүйлээр гурван наснаас нь дуртай зүйлд нь чиглүүлдэг, худлаа хэлэхгүй, үнэн зөв шударга байх, эцэг эхчүүд цагийг хүүхэдтэйгээ өнгөрүүлэх, усанд сэлэх, ууланд авирах, сонирхлынх нь дагуу хамт байж хүнтэй мэндлэх, харилцах, сайн үйл хийх, хогийн саванд хог хаях, амьтан ургамал хайрлах, ном унших, гарцаар гарахыг зааж өгөх, мөнгөтэй харьцахад сургах гэх мэтээр амьдралын хэв маягийг нь энгийн хэлбэрээр хүүхдэд харилцаа хандлагыг зөв төлөвшүүлэх хэрэгтэй.
-Сүүлийн үед эцэг эхчүүд хүүхдийн хүмүүжилд онцгой анхаарч, түүнчлэн ухаалаг утас хэрэглэхээс зайлсхийсэн жишээ олон байна. Энэ хэр зөв бол?
-Хүүхдүүд эцэг эхтэйгээ харилцахыг маш их хүсдэг. Тэврүүлэхийг, үнсүүлэхийг, тэдэнтэй нээлттэй харилцаж байхыг эцэг эхчүүдээсээ хүсдэг. Бага насандаа авч байсан тэр мэдрэмжийг авч байхыг хүсдэг. Гэтэл эцэг эхчүүд нь үр хүүхдийнхээ материаллаг хэрэгцээг хангахын тулд хөдөлмөрлөж хүүхдүүддээ цаг зав гаргаж чаддаггүй. Хэрэгтэй зүйлийг нь авч өгөөд орхидог. Хүүхдийн төлөвшил эцэг эхээс ихээхэн шалтгаална. Хүүхдээ "Гар утсанд донтож байна. Чи байнга утсаа маажиж байх юм, гар утас хэрэглэхээ боль" гэж зэмлэчихээд, өөрөө нүдэн дээр нь утсаа оролдож байвал хүүхдэдээ ямар ч үлгэр дуурайл болохгүй байна гэсэн үг. Тэгэхээр та хүүхдээ ямар байлгамаар байна өөрөө яг тийм л байх ёстой. Хүн бүрийн араншин, төрөлхийн өгөгдөл өөр, хоорондоо ялгаатай. Хүүхэд гэр бүлийн орчноос болж томчуудаас илүү стресст ордог. Хүүхэд нэгэнт буруу зүйл хийсэн бол шийтгэнэ гэхээсээ илүү ойлгуулж, зөвөөр тайлбарлах хэрэгтэй.
-Баярлалаа.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин