Э.Мөнх-Эрдэнэ: Аялал жуулчлалын цогцолборуудын ажил дуусаагүй байхад эндүү ташаа мэдээлэл тарааж байгаад харамсаж байна
Ярилцлага
/
2020-08-12

Сүүлийн үед сошиал орчин, цахим сайтуудад хүчтэй давлагаалаад байгаа асуудал бол Хэнтий аймагт баригдаж буй түүхэн аялал жуулчлалын цогцолбор гэгдэх “Хүлэгбаатар Боорчи Андлалын өргөө”, “Их хуралдай орд” цогцолборын барилгын гүйцэтгэлийн асуудал юм. Шавар овоолго барьсан, төсвийн мөнгийг үр дүнгүй зарсан гэх мэт хардлагуудыг дагуулаад байгаа юм. Энэ талаар Хэнтий аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллаж байгаа Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга Б.Гантөгс нараас тодрууллаа.

Сурв: – Нийгмийн сүлжээгээр шуугиад байгаа Андлалын өргөөний талаар яриагаа эхэлье? Баригдаж дуусаад улсын комисс хүлээж авсан уу?

Б.Гантөгс: Улсын комисс ажиллах болоогүй байгаа. Барилга угсралтын ажил үргэлжилж байна. Хэнтий аймгийн Батноров сумын нутагт баригдаж буй тус аялал жуулчлалын цогцолборын барилга 2018 онд эхэлсэн. 2018-2019 онд нийт 1,9 тэрбум төгрөгийн улсын төсвөөр “Хос санаа” ХХК гүйцэтгэгчээр шалгарч барилга угсралтын ажлыг хийж эхэлсэн. Одоогоор барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна. Энэ онд улсын төсвийн 200 сая төгрөгөөр гадна цахилгааныг татсан. Цахилгааны ажлын хүрээнд 35/10 кВ дэд станц, 10/04 КТП,  5,4 км агаарын шугам татагдсан. Тус цогцолбор 20,8 метр урттай, өргөн нь 14,8 метр. Газрын төвшнөөс доош 4 метр нэг давхар, мэдээллийн болон хурлын танхимтай. Газрын төвшнөөс дээшээ 13 метр өндөртэй барилга юм.

Одоо боссон байгаа ажил дээр уран бүтээлийн ажил нэмэгдэж хийгдэнэ. Уран бүтээлийн ажил, гадна тохижилт, дотор заслын ажлыг хийж дуусгаж байж энэ ажил эцсийн ашиглалтад бүрэн орно.

Сурв: – Зураг төсвөөсөө буруу баригдсан уу?

Б.Гантөгс: Энэхүү Андлалын өргөө цогцолборын барилгын ажлын зохиогч нь “Классик Хаус” ХХК. Энэхүү барилгын ажил зураг төсвийнхөө дагуу гүйцэтгэгдэж байгаа. Бид ч энэ дагуу хяналтаа тогтмол тавьдаг. Зураг төсвөөс өөрчлөгдсөн зүйл байхгүй. Бүх зүйл ажлын зураг дээрээ туссаныхаа дагуу хийгдэж байгаа. Нөгөөтээгүүр тухайн цогцолбор бол бүхэлдээ уран бүтээлийн ажил юм. Тухайн ажил дуусаагүй байхад эндүү ташаа мэдээлэл тарааж байгаад харамсаж байна.

Сурв: – Биндэр суманд баригдаж буй барилгын хашаанаас эхлээд нэлээдгүй шүүмжлэл дагуулж байна?

Б.Гантөгс: Тэр бол барилгын ажилын түр хашаа. Монголын эзэнт гүрэн, Их Хуралдай Орд өргөө цогцолборын ажилд 2018-2019 онд улсын төсөвт тусгагдсан 1,9 тэрбум төгрөгийн барилгын ажилд “Мөнхийн Өргөө” ХХК шалгарсан. Барилга угсралтын ажлыг 90 хувьтай гүйцэтгээд байна. 2020-2021 онд уран бүтээлийн ажил эхэлсэн. Уран бүтээлийн ажлыг “Хангай цагаан чулуу” ХХК гүйцэтгэж байна. Зохиогч нь Хот төлөвлөлтийн хүрээлэн ХХК юм. Уран бүтээлийн ажил 60 хувьтай үргэлжилж байна. Бүрэн ашиглалтад ороогүй. Уран бүтээлийн ажлаас гадна,  гадна тохижилтын ажил хийгдэж энэ онд дуусах ёстой. Ингэж байж ашиглалтад орно. Барилгын хэмжээний хувьд 21 метрийн диаметртэй, хагас бөмбөрцөг хэлбэрийн “Монгол гэр” хэлбэртэй цогцолбор. Өндөр нь 11,8 метр, газрын түвшнээс доош 3,6 метр зоорийн давхартай. Түүндээ үйлчилгээний танхимтай. Нийт төлөвлөгдсөн 36*36 метрийн харьцаатай талбайд тохижилт хийгдэнэ. Энэхүү ажил бүрэн гүйцэд дуусаагүй, үргэлжилж байгаа ажил юм.

Сурв: – Их хуралдай орд өргөө, Андлалын өргөөний барилгыг энэ жил хүлээн авах уу?

Б.Гантөгс: Их хуралдай орд цогцолборын гүйцэтгэгчийн хувьд энэ жилдээ багтааж өгөхөөр график нь гараад мөрдөж ажиллаж байгаа. Уран бүтээлийнх нь ажил хувь 60 хувьтай үргэлжилж байгааг дээр хэлсэн. Уг нь өдийд графикийн дагуу 80 гаран хувьтай байх байсан боловч цар тахлын улмаас шалтгаалаад гадаадаас захиалж ирдэг нарийн хийц бүхий урлагийн бүтээлийн хийцүүд нь удааширч байсан. Өнөөдөр бол ямар нэгэн саадгүй гаднаас захиалгаа татчихсан асуудалгүй ажиллаж байна.

Сурв: – Та бүхэн ямар хяналт тавьдаг юм бэ?

Э.Мөнх-Эрдэнэ: Аймгийн ГХБХБГ нь аймгийн ЗДТГ-т ажлын явц, гүйцэтгэлүүдийн талаарх мэдээллийг 14 хоног бүр нь ирүүлдэг. Мэргэжлийн инженерүүд газар нь графикт хугацааны дагуу хяналт тавьж ирсэн. Дээрээс нь БОАЖЯ дээр өнгөрсөн жилийн 10, 12 дугаар сард хоёр удаагийн уулзалт хийсэн. Тухайн ажлаа бид зарим тохиолдолд сайжруулах талаар зөвшилцөж, цаг тухайд нь шуурхай гүйцэтгэх үүргийг өгч ирсэн. Барилга угсралтын ажил ч жигд явж байна.

Гүйцэтгэгч компаниуд энэ жил урлагийн бүтээлийнхээ ажлыг хийгээд явж байна. Нийгмийн сүлжээгээр үндэслэлгүй худлаа мэдээлэл явж байгаа. Мэргэжлийн байгууллагууд хяналтаа тавьж байгаа. Манай хэлтсээс тухайн ажлыг зураг төсвийнхөө дагуу, шаардлага хангасан материалаар үнийн дүндээ нийцсэн, цаг хугацаандаа явуулж байгаа гэсэн бодит мэдээллийг нийтэд өгөх үүднээс та бүхэнд хандсан юм. Сошиал орчинд тархаад байгаа зүйлс худлаа. Гүйцэтгэлийн ажил дутуу, ажил үргэлжилж байгаа. Цогцолборууд ашиглалтад ороогүй байгаа. Урлагийн бүтээл учраас  чимхлүүр нарийн ажил их гарч байна. Тиймээс зайлшгүй шат дараатай хийгдэх ажил гарч байна. Хадан хийцийн дотор цутгалт хийсэн болохоор өртөг өндөртэй гарах нь аргагүй юм.

Сурв: – Үүнээс гадна Хэнтий аймагт гурван томоохон цогцолборын ажил эхэлж байгаа? Ямар шатандаа явна вэ?

Э.Мөнх-Эрдэнэ:Монголын нууц товчоо түүхэн аялал жуулчлалын цогцолборын барилга энэ зун эхэлсэн. Нийт төсөвт өртөг нь 1,5 тэрбум төгрөгөөр батлагдсан. Энэ онд нэг тэрбум төгрөг улсын төсөвт суусан. Цогцолборын барилгын ажил эхлээд одоогоор газар шорооны, далангийн ажил хийгдэж, суурийн бетон бэлтгэлийн ажил явагдаж байна. Гүйцэтгэгч нь “Хасу Мегаватт” ХХК. Гүйцэтгэл одоогоор 20 шахам хувьтай явагдаж байна. 11,4 *11,4 метрийн харьцаатай талбайн суурин дээр 9 метр өндөртэй төмөр металл хийц бүхий түүхэн дурсгалын хөшөө баригдана.

“Шихихутаг- Нууц Товчоо” түүхэн аялал жуулчлалын цогцолборын нийт төсөв нь 1,5 тэрбум төгрөг. Энэ онд улсын төсөвт 1.150.000.000 төгрөг суусан. Гүйцэтгэгч нь LCB ХХК. Зураг төсвийг “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК зохиосон. Тус барилга нь 66,6 метрийн өргөнтэй хагас дугуйрсан хэлбэртэй 7,5 см-ийн зузаантай, 9 метрийн өндөртэй байгууламжийн урд 5 метрийн өндөртэй 2 тонн жинтэй хүрэл металь хөшөө байрлах юм. Тус барилгын ажлын гүйцэтгэл 60 хувьтай явж байна. 2021 онд дуусах гэрээтэй ажиллаж байна. Мэдээж энэ бүх цогцолборууд утга санаа агуулгынхаа хувьд уран бүтээл, урлагийн бүтээлийн төвшинд үнэлэгдэнэ. Тиймээс тухайн цогцолборуудын ажил дуусаагүй байхад яаран битгий үнэлэлт дүгнэлт өгөөсэй гэж хүсэж байна. Үндэслэлгүй, худлаа мэдээллийг нийгмийн сүлжээ, ихэнх хэвлэл мэдээллээр түгээж байгаа нь зориуд харлуулах оролдлого хийж байгаа гэсэн хардлагыг төрүүлж байна.

Сурв: – Дадал суманд эхэлсэн төслийн тухайд?

Э.Мөнх-Эрдэнэ: “Тэнгэрийн хаан” цогцолборын зохих шатны тендер шалгаруулалтын ажил удахгүй эхэлнэ. Үнэлгээний хороо нь удахгүй хуралдах гэж байна. Үргэлжлээд зураг төсвийн ажил нь хийгдээд 2021 онд барилгын ажил эхэлнэ. Энэ ажил төлөвлөгдсөн, ТЭЗҮ нь хийгдсэн. Барилгын ажлыг Олон улсад нээлттэйгээр, зураг төслийн ажлыг улсын хэмжээнд сонгон шалгаруулна. Азийн хөгжлийн банкны 19 сая ам.доллараар “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” төслийн хүрээнд тухайн ажил явагдана.

Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.7.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.