Бид энэ удаагийн ярилцлагаараа Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй уулзаж байна.
-Дэлхий нийтийг хамарсан коронавирусын цар тахал гараад нилээд удлаа. Монгол улсын хувьд хагас жил орчим өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлтэй байна. Энэ үед компани, аж ахуйн нэгжүүд санхүү, эдийн засгийн дарамтанд орж байна. Худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн хичнээн аж ахуйн нэгж байна, танай гаргасан судалгаан дээрээс харахад энэ байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа эдийн засаг санхүүгийн хувьд ямархуу байдалтай байна вэ?
-За баярлалаа. Коронавирустэй холбоотой онц нөхцөл байдал үндсэндээ долоон сар гаруй үргэлжилж байна. 1 сарын 27-оос эхэлсэн одоо найман сарын дунд болж байна. Одоо бол нийтээрээ коронавирусын нөхцөл байдлыг илүү бодитойгоор харцгааж байгаа байх. Тухайн үед өмнөх өмнөх жилүүдэд үүсч байсан вирусын асуудал гурван сар гаруй үргэлжлээд намждаг байсан бол энэ удаа тийм биш гэдгийг харж байна. Эдийн засгийн сэргэлт хэзээ вэ гэдэг асуултанд бид өмнө гурван сарын 23-нд танилцуулж байсан судалгаагаар Хятадын эдийн засаг хэзээ сэргэнэ түүнийг дагаад Монголын эдийн засаг сэргэчих боломжтой гэж байсан бол нөхцөл байдал маань өөр болчихлоо. Бид коронавирусын тархалтыг дотооддоо алдахгүй гэдэг утгаар хилийн хорио, цээр хяналт шалгалт өндөр хэмжээнд байна. Үүнтэй холбоотой дотоодод бизнесийнхээ үйл ажиллагааг зогсоосон, боомилсон, хязгаарласан нөхцөл байдалтай шийдвэр урт удаан хугацаанд үргэлжиллээ. Миний өмнө гурван удаагийн судалгааны дүн байна. Эхэндээ нийт аж ахуйн нэгжүүдийн 57%-д нь нөлөөлж байсан. Хаагаад, боогоод, зогсоогоод эхлэхээр сургууль соёл ажиллахгүй, үзвэр үйлчилгээний газар ажиллахгүй. Сарын дараа 67% болж өссөн. Хамгийн сүүлийн байдлаар 73%-д нөлөөлсөн. Арван аж ахуйн нэгжийн долоо нь үйл ажиллагаа нь маш хүнд болсон байна гэсэн үг шүү дээ. Хэвийн үйл ажиллагаатай салбар гэвэл цөөхөн. Хамгийн том нөлөө үзүүлж байгаа салбар бол аялал жуулчлалын салбар бүхэлдээ, хөнгөн үйлдвэрийн салбар болох арьс шир, ноос, ноолуурын салбар, зочид буудал, зоогийн газар, үзвэр үйлчилгээ тэр чигтээ уналтанд орсон. Хэдий нээсэн ч гэлээ хүмүүсийн идэвхи нь сэргэж өгөхгүй байна. Ард иргэд төлбөрөө төлсөн гээд байдаг, нөгөөдүүл нь онлайнаар хичээлээ явуулсан гээд байдаг. Гэвч үр дүн нь ямар байна. Боловсролын салбар болох цэцэрлэг, сургууль, их дээд сургуулийг дагаж бизнесийн маш том эргэлт байдаг байсан энэ боломж байхгүй болсон. Бичиг хэргийн маш олон бизнесээс эхлээд мөн тээвэр ложистикийн бизнес ачаа эргэлтээ дагаад зогсчихоод байна. Нефьт шатахууны бизнес, уул уурхай гээд нөлөөлөөгүй салбар цөөхөн. Мэдээлэл холбоо, барилга, хүнс хөдөө аж ахуйн салбар харьцангуй гайгүй байна. Хүнс, хөдөө аж ахуйн салбар энэ жил ургац гайгүй авахаар байна. Энд нэг санаа зовоож байгаа зүйл бол импортын хүнсний асуудал байна. Өргөн хэрэглээний цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тос гэдэг ч юм уу. Яагаад гэхээр дэлхий даяар ирэх оны нэгдүгээр улирал буюу ахиад хагас жилийн зайг харж байна. Тэгэхээр энэ хугацаанд хүнсний нөөцийг маш ихээр хийж байна. Жишээ нь хуучин манай аж ахуйн нэгжүүд өөрсдөө Вьетнам, Тайландаас өргөн хэрэглээний нөөцийг өөрсдийнхөө санхүүгийн нөөцөд тулгуурлаад татаж байсан бол одоо тэгэх боломжгүй болоод эхэллээ. Үнэ өсөж болзошгүй ч боллоо. Ингээд үзэхээр судалгаа, нөхцөл байдлыг харахад бүхэлдээ л хүнд байна. Аж ахуйн нэгжүүдэд сонгуулийн өмнө Засгийн газар долоон багц асуудлыг, Их хуралд арван багц асуудлыг оруулж ирсэн. Энэ дотроо хамгийн гол чухал нь болох аж ахуйн нэгжүүдийн эргэлтийн хөрөнгийн нэмэлт санхүүжилтийн асуудлыг бүрэн дүүрэн шийдээгүй. Иргэдийн хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн асуудлыг дуусгасан боловч аж ахуйн нэгжийн байгууллагуудынхыг бүрэн дүүрэн шийдэж чадаагүй. Энэ салбарт Монголбанк дорвитой мөнгөжүүлэх шаардлагатай байна гэдгийг нилээд хэлсэн боловч үүнийг хийгээгүй. Тэгэхээр одоо үүнийг хийхгүй бол үндсэндээ өөрийнхөө нөөц бололцоог хувийн хэвшлийнхэн бүрэн шавхаад дуусчихлаа. Жижиг компаниуд эхэндээ хүнд байна гэсэн бол сүүлрүүгээ дунд, одоо томоохон компаниуд гадаад, дотоодоос том том зээлтэй байгаа. Тэд нар нь хүндрээд эхэллээ. Гадны улс орнуудад авч байгаа эхний арга хэмжээ бол зээлтэй холбоотой аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлд богино хугацаанд шийдсэн. Манайд энэ тал дээр үнэндээ алдчихлаа. Тэгэхээр Монголбанктай хамтарч хамгийн сүүлд хийсэн судалгааны тайланд үүнийг дурдсан байгаа. Нийтдээ арван компаний зургаа нь эргэлтийн хөрөнгийн зээл нэмж өссөн байна. Энэ зургаагийн ердөө 25% нь авсан байна. Тэгэхээр бусад нь үйл ажиллагаагаа санхүүжүүлж чадаагүй байна гэсэн үг. Нийгмийн даатгалын шимтгэл бол тодорхой хэмжээнд зардлын дэмжлэг болж өгч чадаж байгаа. Гэхдээ энэ орлого өсөх үзүүлэлт биш шүү дээ. Сая зургаан сар бол бүхэлдээ сонгууль болсон. Хөдөө орон нутгаар ноолуурын мөнгө, хүүхдийн мөнгө зэрэг маш их хэмжээний халамжийн мөнгөний нийлүүлэлт явлаа. Энэ нь худалдааг богино хугацаанд дэмжсэн гэдэг судалгаа гарсан байгаа. Худалдааны менежерүүдийн индексээс үзэхэд зургаан сарын худалдааны индекс өссөн байгаа. Энэ бол магадгүй халамжийн мөнгөтэй холбоотой. Магадгүй байгаа онож байгаа ганц шийдвэр бол хүүхдийн мөнгө байж болох юм. Одоо аж ахуйн нэгжүүд рүүгээ бодитой дэмжлэг үзүүлэхгүй бол хүнд байна. Энэ долоо хоногийн сүүлээр шинээр байгуулагдсан засгийн газрын бүрэлдэхүүнтэй топ зуун аж ахуйн нэгж, дээрээс нь бүх салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл уулзалт хийнэ гэж байгаа. Энэ уулзалтаар ярих гол асуудал юу вэ гэхээр одоо бодитойгоор нүүрэлсэн эдийн засгийн хүндрэлийг хамт хэрхэн даван туулах вэ гэдэг асуудал. Хувийн хэвшил бол өөрсдөө гадна, дотноос мөнгө босгоод байж чадна энэ дээр нь төр баталгаа гаргах, дэмжлэг үзүүлэх, хууль эрх зүйн орчны гацааг арилгах, түргэн шуурхай шийдэх, цаг алдахгүй байх гэдэг ч юмуу ингээд хамтраад эдийн засгаа тэлэх дорвитой алхам хийе гэдгийг ярилцах чухал уулзалт болно гэж бодож байгаа. Эдийн засгаа босгохын тулд экспортыг маш их хэмжээгээр нэмэгдүүлэх, мөн гадны хөрөнгө оруулалтыг татаж бүтээн байгуулалтыг явуулах шаардлагатай. Ингэж л компаниуд ажил орлоготой байна, иргэд ажил орлоготой байна. Төр байнгын халамжаар асуудлыг шийдэх нь учир дутагдалтай гэдгийг бид бүгд ойлгож байгаа шүү дээ.
-Монгол улсын Ерөнхий сайд ард түмэндээ хандаж 2020 оны дөрвөн сард мэдэгдэл хийсэн. Тэгэхдээ үйл ажиллагаа нь доголдож байгаа аж ахуйн нэгжүүдэд Засгийн газраас санхүүгийн бус дэмжлэг олгоно гэдэг талаар ярьсан. Хичнээн аж ахуйн нэгж, хичнээн ажилтантай байхаас үл хамааран сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэгийг ажилтан тус бүр дээр олгоё гэсэн. Сая 8 сарын 2-нд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын албан сайт дээр гадны зээл тусламжийг аж ахуйн нэгж айл өрхүүд дээр хуваарилж байна гэсэн мэдээлэл орсон байна. Энэ мэдээн дотор үйл ажиллагаа нь доголдсон 6,9 мянган аж ахуйн нэгжийн 73-н мянган ажилтанд сар бүр 200 мянган төгрөг олголоо гэсэн байна. Энэ сар бүр олгож байгаа 200 мянган төгрөгийн дэмжлэг авч байгаа аж ахуйн нэгжүүд танай дээр мэдээллээ өгдөг үү, аваагүй хичнээн мянган аж ахуйн нэгж байна, энэ ажилчдад олгож буй 200 мянган төгрөгийн дэмжлэг аж ахуйн нэгждээ хэр тус нэмэр болж чадаж байна вэ? Энэ тал дээр та салбарын тэргүүний хувьд байр сууриа илэрхийлвэл?
-Энэ асуудал өөрөө анхнаасаа их маргаан дагуулсан. Шаардлага нь юу байсан бэ гэхээр борлуулалт нь буурсан, ажлын байраа хадгалсан гэдэг хоёр нөхцөл тавьсан. Тэгээд үүнийг яаж үнэлэх юм, Компанидаа өгөх юм уу, ажилтандаа өгөх юм уу гээд сүүлдээ ажилтандаа өгнө гээд. Тэгвэл бид энэ ажлын байрыг хадгалж үлдэж, энэ их зардал гаргаад, буцаагаад бидэнд ямар ч бодитой дэмжлэг ирэхгүй ийм нөхцөлд бид хичээх ямар шаардлага байна аа гэсэн зарчмын маргааныг дагуулсан асуудал болсон. Олголтын процесс нь сонгуулийн өмнө олгогдсон. Араасаа маш их гомдол дагуулсан. Танхим 21 аймагт салбартай. Бодитой шаардлага хангасан компани материал өгөхөд шийдэхгүй байна. Тэгсэн хэрнээ цаасан дээрх компаниуд зүгээр аваад байна гэдэг гомдол маш их гарсан. Бид үүний дагуу тухайн орон нутагт нь ажилласан байгаа. Бүхэлдээ энэ 6100 компанийг задалж гаргах хэрэгтэй. Бодит салбарт ажиллаж байгаа хүмүүст хүрэхгүй байна гэсэн шүүмжлэл өнөөдрийг хүртэл байгаа. Манайд цаасан дээр бүртгэлтэй 150 мянгаад аж ахуйн нэгж байдгаас алдаг оног тайлангаа өгдөг 90 мянган аж ахуйн нэгж түүнээс идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг 40 мянган гаруй аж ахуйн нэгж байна. Тэгвэл зургаан мянга нэг зуугаас цаана нь үлдэж байгаа нь ажлын байргүй, эсвэл ажлын байраа ихээр цомхтогсон болж таарах гээд байна. Тэгэхээр энэ шийдвэрийг анхнаасаа компани, аж ахуйн нэгжийг дэмжсэн шийдвэр биш цэвэр сонгуульд зориулагдлаа гэдгийг анхааруулж байсан. Яг л тийм л дүр зургийн дагуу болж өнгөрлөө. Тухайн үеийн авч хэрэгжүүлэхээр шийдсэн арван алхамаас хэд нь байгаа оносон бэ гэвэл их цөөхөн болчоод байна. Түр зуурын шинж чанартай, хэрэглээг дэмжих талдаа үйлчилсэн байна. Давхар сонгуулийн нөлөө орсон байна. Одоо 9 сарын 1-ээс аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа бодитойгоор жигдрээд ирэхээр хүндрэл гарч эхэлнэ.
- Монгол улсын Сангийн сайдын хэлснээр бол улсын төсөв 3,2 их наяд орчим төгрөгөөр тасарчихлаа гэсэн мэдээлэл байна. Түүнээс гадна УИХ-н ээлжит бус чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2020 оны улсын төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэнэ. Үүнээс гадна Засгийн газар тодорхой шийдвэрүүдийг авлаа. Халамжийн чанартай хүүхдийн мөнгийг он дуустал олгох, НДШ-ийг ахиад 10 хувиар бууруулж тэглэх, мөн бусад нэр төрлийн халамжуудыг хэвээр үргэлжлүүлэх зэрэг энэ шийдлүүд нь хэр зөв гарц гаргалгаа юм. Улсын төсөв дээр хэр ачаалал ирэх вэ, аж ахуйн нэгжүүд рүү чиглэсэн үйл ажиллагаан дээр танай зүгээс ямар гарц гаргалгаа байна гэж харж байна вэ?
-Улс орны эдийн засгийг ямар нэгэн байдлаар энэ хэвээр нь хадгалах, тэлэхийн тулд бидний хамгийн их анхаарах ёстой зүйл бол экспорт, гадны шууд хөрөнгө оруулалтыг татах. Үндсэн хуулийн шинэчилсэн нэмэлт өөрчлөлтөөр “Эдийн засаг хөгжлийн яам”-тай байх тухай асуудал хөндөгдсөн. Тэгээд эдийн засгийн хөгжлйин яамны Тэргүүн Шадар сайд гэсэн бүтэц бий болох юм байна гэж харж байсан. Бид эдийн засгийнхаа асуудлыг тэргүүн эгнээнд гаргаж тавихгүйгээр улс орны хөгжлийн тухай ярихад хүндрэлтэй. Тэгэхээр уул уурхайн тухай бол уул уурхайн экспортоо хэрхэн тэлэх юм, бидний зах зээл ойлгомжтой урд байна. Яаж ийшээгээ боломжтой эцсийн бүтээгдэхүүн боловсруулж нийлүүлэх, дараа нь бидэнд хийх ёстой маш олон төслүүд байна энэ дээр гадны хөрөнгө оруулалагчид танай засгийн газраас баталгаа гаргаад, идэвхитэй, шуурхай байх юм бол ажлыг яаралтай эхлүүлэх боломжтой. Нэг л болгоомжлуулах зүйл нь гадны хөрөнгө оруулалтыг Монголчууд хамгаалж чадаж байна уу, чадахгүй байна уу, энийг хэн ер нь сурталчилж ажилаад байна. Танхим энэ хоёр дээр өөрсдөө илүү санаачлагатай ажиллах ёстой гэж үзээд ажилаад явж байгаа. Монголд гаднаас хөрөнгө оруулагчдыг татах, тэдэнд сурталчилах, тэдэн руу шууд хандах зэрэг маш олон ажлыг зохион байгуулж эхэлж байна. Сүүлийн үеүүдэд Хятадаас Америк тэргүүтэй орнуудын хөрөнгө оруулалт гадагшлах процесс маш их явж байна. 2025 он гэхэд ойролцоогоор 10-аад мянган компани гарна гэсэн тооцоо байна. Тэгэхээр эдгээр компаниуд руу чиглэсэн таниулах, сурталчилах ажлыг эхлүүлэх шаардлагатай гээд энэ ажлыг эхлээд явж байгаа. Уг нь бол гадаадын хөрөнгө оруулалтын газар, экспортыг дэмжих газар гэж бие даасан газар байх ёстой. Энэ хоёрыг анхаарахгүйгээр ямар ч боломжгүй. Бид мэдээж хорио цээрийн нөхцөл байдлыг ойлгож байгаа. Гэхдээ дотооддоо хяналтаа тавьж чадаж байгаа нөхцөлд энэ худалдааны орчныг илүү хялбаршуулах, өөрчлөх, илүү уян хатан болгох шаардлага бий болж байгаа. Хамгийн их хямралд өртсөн хүмүүс бол жижиг худалдаачид буюу хуваариа хөдөлмөр эрхлэгчид болоод байгаа. Ковид өөрөө улс орнуудын эдийн засгийн моделийг бүхэлд нь өөр болгож байна. Цахим худалдаа манайд бүрэн дүүрэн нэвтэрч чадахгүй байсан бол ковидоос болоод манай улсад хурдацтай нэвтэрч байна. Энэ бас л нэг талын боломж, давуу тал. Монголын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болох гурил, мах махан бүтээгдэхүүнийг боломжийнхоо хэмжээнд экспортлох тухай ярих шаардлагатай болоод байна. ОХУ-д энэ жил ургац сайн байх төлөвтэй байна. Тэгэхээр тэндээс хямд будаа оруулж ирж бүтээгдэхүүн хийгээд Хятадын зах зээлд нийлүүлэх гэдэг бидэнд байгаа маш том боломж. 3 сая хүн дээр энэ гурилын үйлдвэрүүд өрсөлдөх биш нийлээд шинэ экспортын гарцыг бий болгох зайлшгүй шаардлагатай байна. Ингээд боломж, бололцоо их байгаа энэ тал дээр танхим өөрөө идэвхитэй санаачлаад явья, хоёрдугаарт төрийн зүгээс хувийн хэвшлээ дэмжээд, бодлогын урт хугацааны зээлийг экспортод зориулаад гаргаач ээ гэж хүсээд байгаа. Экспорт гэдэг долоо хоногт мөнгө нь орж ирдэг зүйл биш, хамгийн багадаа 3-аас 6 сарын удаан эргэлттэй байдаг. Энэ дээр цэвэр экспортыг дэмжих шийдвэр гаргавал эргээд долларын эх үүсвэр болно. Уул уурхайн салбарт Их хурлаас гаргасан нэг сайн шийдвэр бол алтны салбарыг дэмжих байсан. Харин хугацаа их алдаж байна. Арилжааны банкаар дамжуулна гэсэн нь одоо л эхнээсээ асуудал нь шийдэгдэж байна. Үүнийг зуны шинж чанар, улирлын нөхцөл байдлаа харгалзаад цаг алдалгүй шийдэж болох байсан. Ипотек ч гэсэн цаг алдалгүй шийдвэл 100 мянга гаруй ажилтантай барилгын салбарыг дэмжих боломжтой. Энд нэг зүйлийг хэлэхэд төсөвт бид анхнаасаа шүүмжлэлтэй хандсан. Маш их хэрэгтэй, хэрэггүй, үр ашигтай, ашиггүй соёлын төв, хөшөө дурсгалууд байна. Үүнийгээ болиод энэ мөнгөөрөө хямд эх үүсвэртэй аж ахуйн нэгжүүд рүү зээл гаргачихаач ээ, эсвэл зээлийн хүүгийн татаас өгөөч ээ. Тэгвэл аж нэгжүүд өөрсдөө үйл ажиллагаагаа дэмжээд яваад байх боломжтой гэж маш их ярьсан боловч хийгдээгүй. Өнөөдөр эхнээсээ ямар их маргаан дагуулж байгааг та бүхэн харж байгаа байх. Ноолуурын салбарт 500 тэрбум төгрөг гэдэг хөдөө аж ахуйн салбар дах түүхий эх бэлтгэлтэй нь, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэй нь бүрэн дэмжиж болох мөнгө байсан боловч юу болсон нь тодорхойгүй болж хувирсан. Хөгжлийн банкнаас ноолуур худалдан авахаар зээл авсан компаниудын ихэнхи нь салбарын бус компаниуд байсан. Үүнийг шалгах шаардлагатай. Энэ мэт яриад байвал болж бүтэхгүй олон асуудал байна. Энэ дээр л төр нь өөрийнхөө ажлыг хийдэг, хувийн хэвшил нь өөрсдийнхөө ажлыг хийдэг, ярилцаад ойлголцдог, зохицуулалтаа хийдэг энэ механизмаа тодорхой болгох хэрэгтэй байна. Энэ нь эцсийн дүндээ бие биенээ үгүйсгээд байгаа зүйл биш шүү дээ. Хамт урагшлаад явбал улс оронд маань л хэрэгтэй.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин