- 2020 оны хичээлийн жилээс эхлэн ӨМӨЗО-д Монгол бичигээр хичээл орох хориг тавьсан. Энэ тал дээр таны байр суурь ямар байна вэ?
- Эхлээд, хятад үндэстэн олноор суудаг зарим нутагт монгол хэл, бичгийн сургалтыг хорино гэх яриа байснаа одоо, Өвөр Монгол даяар хорьж байгаа юм байна. Тэнд ширүүн эсэргүүцэл өрнөж байгаа биз ээ. Өвөр монголчууд маань хатан зоригт, тууштай тэмцэгч ард түмэн дээ. Энэ бол зөвхөн Өвөр монголчуудын төдий асуудал биш, нийт монгол туургатны эрх ашгийг хөндөж байгаа ноцтой бодлого, үйлдэл.
Эндээс, үндэстний хэл бичиг гэдэг, улс төрийн хувьд ч, үндэстний оршил тогтнолын хувьд ч ямар их утга учиртай, агуу хүчин зүйл болохыг манайхан эндээс ч, олон улсын байдлаас ч харж ойлгож байгаа биз ээ.
Улс орнуудын харилцаа хөндийрч хүйтрэхэд юуны өмнө хэлний асуудал гарч ирдэг. Их л нөлөөтөй хүчин зүйл гэсэн үг ээ дээ. Ганц жишээ хэлэхэд л, орос хэлний хувьд Дундад Азийн орнууд, Балти хавийн орнууд, Украины хэрэгжүүлж буй бодлого, сүүлийн үед Беларуст гарч буй яриаг анзаарсан байх. Орос хэл, бичгийн сургалтыг хорьж, хэрэглээний орон зайгий нь үгүй болгож байна. Хятад улсад монгол хэл бичгийн сургалт, хэрэглээний орон зайг үгүй болгож байгаа нь монгол үндэстний оршлыг үгүй болгоход чиглэсэн, их гүрний дээрэнгүй үйлдэл.
Манай улс уг нь, дипломат ёсоор, харамслаа илэрхийлсэн бол зүйд нийцэх байлаа. Манай улс ч өөрөө монгол хэл бичгийн хувьд тун харгис бодлоготой улс л даа. Зөв бичих дүрмээ “яаж хэлнэ, тэгж бичнэ” гэдэг зарчмаар тогтоосон, цорын ганц улс шүү дээ. Хамаа намаагүй бичнэ гэсэн үг, тэгж бичиж ч байгаа. Бас, их сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтаас эх хэл бичгийн шалгалтаа хассан дэлхийн ганц улс. Энэ нь, ерөнхий боловсролд эх хэл бичиг хамаарахгүй гэдгээ зарлаж байгаа хэрэг.
- Энэ асуудал дээр Монголын хэл, уранзохиолын мэргэжилтнүүд нухацтай хандаж, цахим орчинд хүртэл энэ хоригыг эсэргүүцсэн яруу найрагчдын давалгаа явж байсан. Таны зүгээс өөрийн хэмжээнд хэрхэн эсэргүүцлээ илэрхийлж байна вэ?
- Ишш, цахим орчны давлагааг юуны эсэргүүцэл гэхэв дээ, та нар мэдэж байгаа. Тэрийг хэн харах юм, хэн тоох юм. Зарим нь, “Ши даргадаа (“даргадаа” нь ч юув дээ!) дуулгая, тэр маань мэдээгүй байгаа, доорх золигуудынх нь хийж байгаа ажил энэ тэр гэсэн ч байх шиг. Гарын үсэг цуглуулсан байх, гавьтай юм болоогүй л болов уу. Тэгсгээд унтарсан ч байж магад. Манайхан чинь тун хөөрүү хийрхүү улс. Сони нь дорхноо буурдаг улс. Харин, Хятадын Элчин сайдын яамны гадаа эсэргүүцлээ илэрхийлсэн бол дорвитой эсэргүүцэл болох байлаа. Тэгээд, тэнд цугларахаар шийдлээ гэхэд ер нь очих хүн байхгүй дээ. Өвөр монгол залуус маань, “бид тун хэцүү боллоо, Монгол улсын та нар маань энэ тэмцэл эсэргүүцлийг яаж дэмжиж байна даа” гэж асууж л байна.
Миний хувьд, монгол бичиг бол, монгол туургатныг хүчирхэг, өөрийн үзэл бодлоо хэлж чадах хэмжээнд хүртэл хүчирхэг болох цагийг иртэл, тэднийг холбож, үндэс угсаагаа мартуулахгүй өвлөөх хүчит, бодит цорын ганц хэрэгсэл гэж үздэгээ байнга бичдэг хүн. Олон ч жил бичсээр ирсэн. Өвөр монголчууд маань уншдаг л юм. Монгол хэл бичгийг зарим нутагт хорих яриа гарч эхлэхэд л “Өмнөд монголчууддаа хэлэх үг” гэж нийтлэл бичсэнийг маань, кирилээс хөрвүүлж түгээсэн гэж байсаан. Бичих бол яахав, хоосон сууснаас л арай дээр. Хойшид, тэдэнтэйгээ ярьж байгаад биетэй бодитой тустай ажил хийюү гэж бодож байна.
- Та түрүүн дурьдсан даа. ӨМӨЗО-ны залуус таны нийтлэлийг Монгол бичгээр хөрвүүлж нийтлэх тухай холбогдсон гэж. Тэгэхээр ӨМӨЗО-ны хэл, уранзохиолын мэргэжилтэнгүүдтэй хэр хамтарч ажилладаг вэ. Хамтарсан бүтээл туурвил гаргаж байсан уу?
- Тиймээ, би тэдэнд зориулсан нийтлэл бичьюү гээд сууж байна. Бид социализмын 70 жилд монгол бичгээ бараагий нь харахгүй байхад тэд маань сурч хэрэглэж, Монгол уламжлалаа таслалгүй тээж, өвлөөж ирсэн түүхэн гавьяат ард түмэн шүү дээ. Гэтэл тэдний маань Монгол бичгийг ч, Монгол хэлийг ч сургуульд хорьчихлоо. Хэл бичиг бол харилцааны хэрэглүүр. Хэлний оршин тогтнох ганц нөхцөл нь харилцаа юм. Гэтэл, энэ нөхцөлий нь үгүй болговол үхэл мөхөл гэсэн үг. Өвөр монголчуудад маань чухамдаа ийм аюул тулгарч байна. Бид боломжит бүх аргаар дэмжих ёстой.
- ӨМӨЗО-ны иргэд эх хэлнийхээ төлөө маш хүчтэй тэмцэж байгаа. Гэтэл Монголд Монгол хэл, бичгээ төдийлөн сайн мэддэгүй. Энэ тал дээр таны байр суурь. Энэ асуудал дээр Засгийн газар, БСШУЯ-ыг ямар бодлого хэрэгжүүлж ажилаасай гэж бодож байна.
- Би түрүүхэн цухас дурдсан, монгол хэл бичгийн талаарх манай төрийн бодлого тун харгис, гэж. Монгол хэл бичгийг нэгэн төрлийн хичээл, монгол урлаг соёлыг нэгэн төрлийн тайз дэлгэцийн урлаг л гэсэн хэмжээнд ойлгодог улс. Гэтэл, энэ бүгд маань нийлээд “Монгол суртал” гэдэг, түүхэн их цогц ухагдахуун юм. Бид уламжлалаасаа, оршил тогтнолын амин сүнс болсон хүчин зүйлээсээ маш хурдтай хагацаж байгаа ард түмэн. Ийм бодлогыг уйгагүй хэрэгжүүлсээр байна. Ямар нам эрх барьснаас үл хамаараад ийм л бодлого хэрэгжиж байна. Хэлж ярих нь сүржин гоёмсог өөр боловч, хэрэгцүүлж байгаа бодлого нь яг л ийм хэмжээнийх.
Манай улс бол, тун гүний улс. Уламжлал нь ч танин мэдэшгүй гүнийх. Энэ уламжлалын хүчинд л бид өдий хүртэл оршиж яваа юм. Хэрэв энэ уламжлалыг таслах бодлого хэрэгжвэл хүн цөөхөн манай улс дорхноо үгүй болно. Одоо, чухамдаа ийм л бодлого хэрэгжиж байна. Манай ард түмний сэтгэлгээ, үзэл бодол яг одоо цэгцгүй, үймэрсэн, хаос байдалд байна. Ийм ард түмэн үндэс уламжлал, эрх ашиг, тусгаар тогтнол гэгчийг ойлгож ухамсарлах чадвараа алддагийг түүх бидэнд заасаар л байдаг. Бид яг тийм болж байна. Бид тэмцэх чадвараа алдсан ард түмэн. Хэнд ч хамаагүй хөтлүүлээд хандсан зүгт нь даган гэлдэрч байна. Ийм үед ухуулж бичиж тэмцсэнээс, бодитой тэмцэл нь арай үр дүнтэй ч байж магад. Хүмүүс юм уншихаа больсон, дөжирсөн, үймэрсэн байдалтай болохоор, одоо ч ухуулж сэнхрүүлж бичнэ гэдэг, агаарт хоосон хашхирахтай л адил болжээ.
- Танд эх хэлээ магтсан, хайрлаж, хамгаалсан хичнээн бүтээл туурвил байдаг вэ. Зарим нэгээс нь сонордуулвал?
- Ер нь хүн цөөхөн улсын судлаачдад нэг онцлог байдаг юмаа. Яах аргагүй, олон сэдвээр ажиллахгүй бол болдоггүй юм. Хүн ихтэй улсын судлаачид ганц л сэдвээ насан туршдаа нухдаг бол бидэнд тэгэх боломж байдаггүй. Хүн хүрээгүй, хараа тусаагүй сэдэв маш их байгаад байдаг, тэгээд л яах аргагүй тийшээ гүн орохгүй юм гэхэд, гол асуудлы нь хөндөж, хойч үед сануулаад орхих нь их ээ их.
Би Монголынхоо хэл шинжлэлийн сэтгэлгээ, хэл найруулга хоёрыг л голлон судалж ирсэн шив дээ, ингэхээс ч өөр аргагүй юм, бас бус орсон бичсэн зүйл бишгүй бий. Эхнийх нь, судалгааны салбарынх, дараах нь сургалтын салбарынх. Аль аль нь, гарцаагүй л тодруулах сэдэв л дээ.
Бид чинь бүл цөөхүүлээ улс юм болохоор, судлаачийн сонирхлын сэдэв гэхээсээ илүү, эх оронд ямар судалгаа хэрэгтэй байна гэдгийг л тун зөв ойлгож, ухамсарлаж байх ёстой юм. Үүгээр, тэргүүлэх чиглэл, дэд чиглэлүүд тодорхойлогдох учиртай. Манайд бол, нийтийн эх хэл бичгийн боловсролын асуудал, ялангуяа зөв бичих дүрэм бага дунд ангийнханд амар хялбар, ойлгомжтой байж чадаж байна уу гэдгийг байнга анхаарч, хэрэв тиймгүй бол багш эрдэмтэдийн баг ажиллаж, шийдэж байх ёстой. Шалгуур нь тун ойлгомжтой: дүрмийн зөрчил туйлын бага байх. Энэ нь ойлгомжтой байна гэсэн үг, шинжлэх ухаанч байна гэсэн үг. Мөн, иргэдийн, эх хэл бичгийн чадварын асуудал байнга анхаарлын төвд байх ёстой. Энэ нь манай хэл бичгийн ухааны тэргүүлэх чиглэл байхаас аргагүй юм. Ер нь, түүхэн цаг үед шинжлэх ухааны аль нэгэн салбарын тэргүүн, дэд чиглэлүүд өөрчлөгдөж байдаг. Энэ цаг үед, хэл бичгийн салбарын гол анхаарах зүйл ийм байхаас аргагүй байна.
Би 2019 онд зөв бичих дүрмийг, мөн чанарт нь ноцтой халдахгүйгээр, хэрхэн хялбар ойлгомжтой болгох тухайд нэгэн товхимол хэвлүүлсэн. Олон жил бодож явсан санаагаа тусгасан юмсан, түүнийгээ улам сайжруулахыг бодсоор яваа. Уг дүрэм нь анхнаасаа шинжлэх ухаанч зарчмын бус юм болохоор, засахад хэцүү зүйл олон бий. Гэсэн ч, 70 гаран жил бичиж ирсэн, хүмүүсийн хараанд дассан бичлэгийн хэлбэрийг үндсээр нь өөрчилж, нийтийн дургүйцлийг төрүүлэхгүйн тулд, бас, хүндрэл бага байлгах үүднээс тун болгоомжтой, тэгэхдээ шинжлэх ухаанч зарчмыг шингээн бодож, боловсруулсаар байна. Манайх, энэ дүрмийг өөрчлөх нь гарцаагүй, цаг хугацааны л асуудал. Бичлэгийн ялгаа зөрчил маш бага байх тусам амар байна, хүүхдэд ойлгомжтой байна.
Бас нэг зүйл бол, 2025 оноос монгол бичгийг кирил бичигтэй хослон хэрэглэх хууль бий. Монгол бичгийн сургалтын хувьд, 90-өөд оны ноцтой алдааг давтахгүйгээр, маш бодолтой, адгаж хийрхэхгүйгээр, тун зөв аргаар явах учиртайг хэлээд юүхэв.
Ярилцсан: Г.Жавхлантгарьд
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин